Saturday, May 8, 2010

“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө”


...Монгол Улсаас ЗСБНХУ-д олгож байсан эдийн засаг, санхүүгийн тусламж нь мөнгө, өвлийн хувцас, хүнсний бараа, мал, худалдаж авсан танкийн цуваа, нисэх онгоцны эскадрилаас бүрдэж байв.
Монгол Улсад зөвлөлтийн армид туслах фонд байгуулав. 1941 оны аравдугаар сард Монголын хөдөлмөрчдөөс өвлийн 15 мянган иж бүрэн хувцас, 1,8 сая гаруй төгрөгийн үнэтэй гурван мянгаад илгээмж ачсан цуваа илгээв. ЗСБНХУ-ын улсын банк руу 587 мянган төгрөг бэлнээр гуйвуулжээ. Энэ нь Октябрийн хувьсгалын 24 жилийн ойд зориулсан тусламжийн эхний цуваа байв.
1943 оны дөрөвдүгээр сар гэхэд Монголоос 25,3 сая гаруй төгрөгийн үнэтэй хүнсний бараа, хувцас ачсан найман цуваа илгээжээ. 1945 оны эхээр ЗСБНХУ руу бэлэг ачсан 127 вагоноос бүрдсэн цуваа илгээсэн байна.

...Монгол Улсын Засгийн газар монголын ард түмний өмнөөс Внешторгбанканд 2,5 сая төгрөг, 100 мянган америк доллар, 300 кг алт гуйвуулжээ. Энэ мөнгөөр Т-34 гэдэг 32 танк, Т-70 гэдэг 21 танкаас бүрдсэн танкийн цуваа худалдаж авч, Монголын засгийн газрын төлөөлөгчид шилжүүлэн өгчээ. 1942 оны эцэс гэхэд Москва мужийн Наро-Фоминскийн районд 53 танк ( Т-34 танк 32, Т-70 танк 21) хүргэжээ.

...Дайны турш Монголоос ЗСБНХУ-д 500 мянга гаруй агт морь нийлүүлсэн нь улсын бүх адууны 10 хувь байв.

...1943 онд Монгол Улсын бага хурал, Засгийн газрын шийдвэрээр нисэх онгоцны «Монгол ард» эскадриль худалдаж авах хөрөнгө хуримтлуулах ажил зохион байгуулав. 1943 оны долдугаар сард ЗСБНХУ-ын Сангийн ардын комиссариатын дансанд хоёр сая төгрөг гуйвуулжээ. 1943 оны наймдугаар сарын 18-нд Сталин Улаан армийн дайчдад дорвитой тусламж үзүүлж байгаад нь Монгол Улсын Засгийн газар болон маршал Чойбалсанд талархал илэрхийлсэн байна.

1943 оны есдүгээр сарын 25-нд Смоленск мужийн Вязовая өртөөний хээрийн нисэх буудалд сөнөөгч нисэх онгоцны 322 дугаар дивизийн гвардийн хоёрдугаар хороонд «Монгол ард» эскадрилийг хүлээлгэн өгөх ёслол болов. Монгол Улс бас танкийн цуваа, эскадрилийнхныг дайн дуустал эд материал, хүнсээр хангах үүрэг хүлээв.
Танкийн «Хувьсгалт Монгол» бригад, байлдааны нисэх онгоцны «Монгол ард» эскадриль гитлерчүүдтэй хийсэн олон тулалдаанд оролцож, дайныг Берлиний дэргэд дуусгасан юм.

...1941-1945 онд Монгол Улсын Засгийн газар Улаан армид туслах фондын хэрэгцээнд хөрөнгө хуримтлуулах зорилгоор нийтдээ 80 сая төгрөгийн үнэтэй «Улсын батлан хамгаалалт» нэртэй улсын тусгай хонжворт сугалааг дөрвөн удаа гаргажээ. Хүмүүс хувийн хадгаламжаасаа тусламжийн фондод хандивласаар байв.

Монгол Улс зэвсэгт хүчнээ бэхжүүлэх нь тусламжийн өөр нэг чиглэл байв. Цэргийн тоо байнга нэмэгдэж, дайны эцэс гэхэд гурав дахин нэмэгдэж, Монгол Улс улсын төсвийнхөө зарлагийн 48,5 хувийг армид зарцуулж байлаа. Монгол Улсын зэвсэгт хүчнийг Квантуны армийг тогтоон барих нэмэлт хүчин зүйл гэж үзэж байв. Энэ нь дайны турш өөрийн нутагт байрлах эрхийг Монгол Улсаас олгосон зөвлөлтийн 17 дугаар армийн цэрэгт нэмэлт хүч болж байлаа. Монгол Улсын Засгийн газар дайны жилүүдэд ЗСБНХУ-аас бараа импортлохоо эрс багасгаж, хөнгөн үйлдвэрийн зарим төрлийн барааг өөрсдөө үйлдвэрлэх болсноор зөвлөлтийн эдийн засагт ямар нэг байдлаар хөнгөлөлт үзүүлж байв.

Монгол Улсын Сангийн сайд асан, эдийн засгийн ухааны доктор Д.Моломжамц

...АНУ, Британийн зэрэгцээ Сталины бас нэг холбоотон нь Монгол байсан гэдгийг заримдаа мартдаг. Энэ холбоотон ач холбогдлоороо Америкаас дутахгүй байв гэвэл шоолж инээх гэж яарсны хэрэггүй. Монгол олон хоньтой. Хонины нэхий бол дулаан хувцас хийдэг стратегийн бүтээгдэхүүн. Энэхүү стратегийн бүтээгдэхүүн байлдааны зарим үед танк, их буунаас ч илүү үнэлэгддэг байлаа. Нэхий байх эсэх нь ялах ялагдахыг ч тодорхойлдог үе бий. Монголтой холбоотой болсноор Сталин энэ бүтээгдэхүүнээр хангагдаж байсан юм.

Оросын цэргийн тагнуулч, түүхч В.А.Суворов

1 comment:

Я.Баяраа said...

teglee ch gesen

malchid ni tariachiddaa munhud urtei bh yostoi yum geseen