Saturday, May 9, 2009

Ялалтын баяр-бидний баяр


Өнөөдөр Ялалтын баярын өдөр.

Дэлхийн II дайнд фашистын Германыг ялсны 64 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Дэлхий нийтээрээ өргөн хүндэтгэлтэй тэмдэглэдэг энэ өдөр монголчууд бидэнд хамаатай юу? Ялалтын баяр нь бас бидний баярын өдөр мөн үү? Энэ асуултад хариулахын тулд түүхийн шарласан хуудсыг эргэн нэг сөхөж харцгаая.

1941 оны 6 дугаар сарын 22

Энэ өдөр фашистын Герман улс ЗХУ-ын эсрэг халдан довтолсон юм. Үүнтэй холбогдуулан МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлөөс тогтоол гаргажээ. Уг тогтоолд БНМАУ-аас ЗХУ-тай байгуулсан гэрээндээ үнэнч байхаа батлаад, зохих тусламжийг үзүүлэхээ амлаж, Монголын бүх ард түмэнд хандан улсынхаа аж ахуй, батлан хамгаалах хэргийг хөгжүүлэхэд бүх хүчээ дайчлан ажиллахыг уриалжээ.

1941 оны 6 дугаар сарын 23

ЗХУ-д фашистын Герман довтолсонтой холбогдуулан Улаанбаатар хотын төв өргөн чөлөөнд хотын бүх ажилчид, албан хаагчид ба ард олныг хамарсан цуглаан болжээ.

1941 оны 7 дугаар сар

Зөвлөлтийн Улаан армид явуулах бэлэг ба тус орны батлан хамгаалах фронтод хөрөнгө хуримтлуулах бүх ард түмний хөдөлгөөн өрнөжээ.

1941 оны 9 дүгээр сар

Сайд нарын Зөвлөлийн дэргэд Зөвлөлтийн Улаан армид туслах төв комисс байгуулагджээ.

1941 оны 11 дүгээр сар

ЗХУ-ын Улаан армид Монголын ард түмнээс илгээсэн бэлгийн анхны цувааг хүргүүлэв. Дайны үед ийм цувааг нийт 8 удаа хүргэжээ.

1942 оны 1 дүгээр сар

БНМАУ-ын Бага Хурлын 25 дугаар чуулганаас “Хувьсгалт Монгол” танкийн цуваа байгуулж Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийн талаар нам, засгийн удирдагчид И.Сталинд цахилгаан утас илгээж, уг цувааг байгуулахад зориулан ард түмний хүч хөдөлмөрөөр хуримтлуулсан 30 кг шижир алт, 100 мянган америк доллар, 2,5 сая бие төгрөг шилжүүлснээ мэдэгдэж, фашистын зандалчдыг бут ниргэх нийтийн үйлсэд Монголын ард түмний оруулж буй хувь нэмэр болгон хүлээн авахыг хүсчээ.

1943 оны 3 дугаар сар

БНМАУ-ын Бага Хурлын 26 дугаар чуулганаас “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг Монголын ард түмний хөрөнгөөр байгуулж, Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргажээ. Богино хугацаанд хэрэгцээтэй хэмжээний хөрөнгө хуримтлуулж, “Монгол ард” гэсэн бичигтэй “Ла-5” сөнөөгч 12 шинэ онгоцыг 1943 оны 9 дүгээр сарын 25-нд сөнөөгч онгоцны 322 дугаар дивизийн 2 дугаар хороонд шилжүүлжээ

Дайны жилүүдэд Монголын ард түмний хуримтлуулсан 65 сая төгрөгийн хөрөнгөөр бүтсэн, нийтдээ 600 гаруй галт тэрэгний 8 цуваа бэлгийг биечлэн хүргэж гардуулсны дотор Улаан армид 500 мянган агт морьд бэлэглэсэн ба худалдсан гэдэг. Ганцхан жишээ дурьдахад, Увс аймгийн Наранбулаг сумын иргэн Бадам хувиасаа 10 мянган төгрөг, 1600 хонь, 6 тэмээ, 94 морь Улаан армид бэлэглэсэн тул олон түмнээс түүнд ”фронт Бадам” нэр хайрлаж байсан түүхтэй.

Дэлхийн II дайны хүнд хэцүү үед ЗХУ-ын холбоотон болон тэмцэж байсан Монголчууд бид Ялалтын баяр тэмдэглэх бүрэн эрхтэй улс аа. Тэр ч байтугай дайны гал дундуур туучиж, дарийн утаа үнэрлэсэн монгол дайчид өнөө ч амьд сэрүүн байна. Түүхэн баярт өдрийг ойртуулахад өөрийн гэсэн тодорхой хувь нэмрээ оруулсан ард түмэн, ахмад үедээ гүн хүндэтгэл илэрхийлж,

Ялалтын баярын мэнд хүргье!

5 comments:

peakfinder said...

Орчин үед оросуудын дэлхийн хоёрдугаар дайнд оруулсан хувь нэмрийг үгүйсгэх багасгах гэсэн хандлага харагдаад сэтгэл эмзэглэж явдаг. Мэдээж коммунистууд удирдаж байсан гэвч орос орны жирийн иргэдийн амссан зовлон, алдсан амь дайнд оролцсон өөр хэний ч үзэж харсанаас илүү болов уу.

Ганаа_бж said...

Mongolchuud maani hezeenii l tusch saihan setgeltei ard tumen baisan ni end haragdaj baina. Dain ehellee, margaash ni jiriin irged maani tuslah geed bujignaj baisan baina shuu.

Soronzon said...

peakfinder said...
Таньтай санал нэг байна.Тийм ч учраас би энэ бичлэгийг блогтоо оруулсан билээ.

Ганаад:
Харин тийм.
Гэнэт нэг онигоо санаанд ороод ирлээ. Ярих уу? яах вэ?

Ганаа_бж said...

Hehe, tegeech dee, huleej baina shuu.

Soronzon said...

Дэлхийн II дайны үед хөдөө хязгаар нутагт юм гэнэ. Фронтод бэлэг илгээх нэгэн цуглааны үеэр хөдөөний малчин өвгөн,
-Ялж яваа Сталин хүүд зориулан 2 морь, ялагдаж байгаа Гитлер хүүд 1 морь бэлэглэе гэж хэлээд буруутан дээлээ толгой дээгүүрээ нөмөрсөн юм гэдэг.

Хэдийгээр энэ нь онигоо боловч монгол хүний сэтгэхүйн онцлогийг сүрхий онож гаргасан мэт ээ...