Tuesday, March 31, 2009

Ичиг Ичиг


Аяа бас, буян хураасангүй насжсан хөгшид ичиг
Аяа бас, сэтгэлээ зассангүй гангалагч залуучууд ичиг
Аяа бас, номыг сэтгэлтэйгээ нийлүүлээгүй мэргэд ичиг
Аяа бас, албатаа алаглагч ноёд ичиг

Аяа бас, аавыгаа өргөхгүй, эрийг өргөгч охид ичиг
Аяа бас, төрийг цуугиулагч түшмэд ичиг
Аяа бас, номыг үл суран элдвийг сурагч банди нар ичиг
Аяа бас, бясалгалыг пад хэмээн бархирагч Егөзөри нар ичиг

Аяа бас, өдөр хийдэд, шөнө айл хэсэгч хуврагууд ичиг,
Аяа бас, ил сүжиглээд далдуур идэгч шавь нар ичиг
Аяа бас, тустай сэтгэлийг бодохгүй өртөг бодогч эмч нар ичиг
Аяа бас, өөрийн гэмийг үзэхгүй бусдын гэмийг гаргагч хэрсүүчид ичиг

Аяа бас, нүд нь царай харавч сэтгэл нь бөгсөнд эргэгч охид ичиг
Аяа бас, өдөр бусдыг сургаад шөнө өөрөө цалгардагч номч нар ичиг
Аяа бас, эрхтэн дутуу гэлэнгүүд ичиг
Аяа бас, өөрөө айл хэсэж ирээд эхнэрээ шаргаагч эрчүүд ичиг

Аяа бас, эрчүүдийн үгэнд орохгүй бусадтай ханилагч эхнэрүүд ичиг
Аяа бас, энэ гэмүүд надад буй бол олны дундаас ганцаар би ичиг
Аяа бас, хэрэв бусад их багад буй бол хэн ч болов тэр ичиг ичиг
Аргаа бүү барагтун! Ай хөөрхийнүүд минь ээ!

Говийн догшин ноён хутагт
Дулдуйтын Данзанравжаа

Жич: Ноён хутагтын энэ шүлгийг яг одоо уншин суугаа тэр хүнд зориулав. Хэнд хаяглан илгээснийг минь уншин суугаа тэр эрхэм өөрөө мэдэж байгаа!

3 comments:

Anonymous said...

Ичиг ичигүүдийн дийлэнх нь 2-р сувагтай холбоотой юм байна.

Олхонууд Д.Лхагвасүрэн said...

Үнэхээр Үнэн... Хэдэн зуун жилийн өмнө байж яг одоо шиг, Тэгэхээр бид одоо ч гэсэн хэдэн зууны өмнөх шиг хүн хэвээрээ. юу ч өөрчлөгдсөнгүй Аяа бас ичиг ичиг

kakadu said...

Бид бүгдээрээ ичиг ичиг. Биеийн таашаал, бөгсний жаргал бултаараа ичиг ичиг. Ийм дүр төрхтэй энэ ертөнц тэр чигээрээ ичиг ичиг.