Sunday, September 28, 2008

Хүн бүхэн ДОНОР байя


Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэдэх Эрхтэн шилжүүлэн суулгах багийн эмч нар саяхан Монголын анагаах ухааны түүхэнд тэмдэглэгдэн үлдэх мэс заслыг амжилттай хийлээ. Анх удаа амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгаснаар хоёр ч хүнд амьдрал хайрлав. Хоёрын хоёр хүнд амьдралыг нь өгсөн талийгаач донор бүсгүйн ар гэрийнхний хүнлэг сайхан сэтгэл монголчууд бидэнд өөрийн эрхгүй ухаарал эргэцүүлэл авчирч байна.

Цэл залуу 26-хан насандаа автын ослоор хорвоог орхисон бүсгүй хөхүүл хүүхэдтэй байсан гэхээр эмгэнэн харамсаад ч барахгүй. Хорвоогийн гашууныг яалтай билээ хэмээн санахад энэ дэлхийгээс явахдаа өвчин зовлонд шаналсан хоёрын хоёр хүнд амьдрал хайрласныг нь бодохоор бурхны оронд очоо доо гэж лавтай итгэн сууна.

Ингээд бодоход донор гэж ямар ач буянтай хүмүүс юм бэ. Үхэл амьдралын заагт буй нэгэнд маань донорууд л халуун цусаа, эрхтнээ өгч амьдралд эргүүлэн авчирдаг. Бид чинь тэднийгээ жилдээ ганц тохиох донорын өдрөөр нь л гэнэт санасан мэт сурталчилдагаас биш өөр бусад үед ажин түжин, ингэх л ёстой юм шиг санадаггүй билүү. Таны хэзээ ч анзаарч харж байгаагүй тэр л хүн нэгэн өдөр Таны амийг аврах ачтан гэдгийг санаж явах сэтгэл бидэнд харин дутагдаж байж мэднэ. Та ч бас нэгтээ хэн нэгний амийг аврах ч юм билүү, хэн мэдлээ. Уг нь хүн бүр донор гэдэг. Нэг, хоёр, гуравдугаар бүлгийн цустай байсан ч, эс ширхэг эд эрхтэн бүхэнд амьдрал тэтгэгч гайхамшигт чанар буйгаас энэ. Тиймээс хүн бүхэн донор юм.

Манай улсад 2000 онд батлагдсан Донорын тухай хуульд, эд эрхтний дутагдалд орсон хүмүүс эрхтэн шилжүүлэн суулгахдаа эцэг эх, төрөл төрөгсөд, цусан төрлийн ахан дүүсээсээ амьд донор авч болно гэсэн заалт байдгийн ёсоор алтан гарт эмч нар 26 хүнд бөөр шилжүүлэн суулгаад байгаа билээ. Гэхдээ эдгээр мэс заслыг хийхдээ эцэг эх, ах дүүсийнх нь бөөрийг авч суулгасан. Харин амьгүй донороос шилжүүлэн суулгасан нь дээр дурдсанчлан анхных. Мөн Донорын тухай хуульд, тархины үхлээр үхсэн хүмүүсээс ар гэрийнхнийх нь зөвшөөрөлтэйгээр эд эрхтнийг нь авч болно гэж хуульчилжээ. Хууль эрх зүйн орчин нэгэнт бүрдсэн бас сайн эмч нарын баг хийж чадахаа нэгэнт баталсан болохоор одоо монголчууд бидний ухамсар болоод сэтгэл зүйгээс их зүйл шалтгаалах нь ээ. Ийм учраас л хүн бүхэн донор байж чадна гэж хэлээд буй хэрэг.

Өдгөө дэлхийн анагаах ухааны салбар эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийхдээ амьгүй донороос эрхтэн авах бодлого барьж байгаа юм байна. Учир нь хүн бүхэн донор хэмээх хүнлэг сэтгэлийн ухамсар даяаршиж байгаа гэсэн үг. Тухайлбал, АНУ-ын хүн амын 50 хувь нь донор аж. Америкчууд жолооны үнэмлэх дээрээ “эрхтний донор” хэмээн тэмдэглүүлсэн байдаг. Хэрэв тэр хүн аваар осолд орж нас барлаа гэхэд эрүүл эрхтнийг нь донор болгоно гэсэн үг. Эндээс харьцуулахад бид ч бас нэгийг бодох цаг болжээ. Дэндүү хэнэггүй зантай монголчууд маань цусны бүлгээ ч мэддэггүй. Урьд нь улаан паспорттой байхад цусны бүлгээ тэмдэглүүлэхийг эмч нар зөвлөдөг байсан. Харин одоо бол жолооны үнэмлэх дээр л цусны бүлгээ тэмдэглүүлж байгаа. Уг нь иргэний үнэмлэх дээр цусны бүлгээ тэмдэглүүлэх нь зөв юм. Энэ нь олон талын ач холбогдолтой. Гэтэл иргэний үнэмлэх авахдаа бөглөдөг ХААТР маягт дээр ч цусны бүлгийн тодорхойлолт байдаггүй шүү дээ. Ингээд бодоход монголчууд бид өөрсдийгөө хайрладаггүй молхи хүмүүс юм уу даа.

Анагаах ухааны доктор, Эрхтэн шилжүүлэн суулгах багийн эмч Л.Жамбалжавын хэлснээр, манай улсад жил бүр 300 гаруй хүн зөвхөн ослоор нас бардаг бөгөөд тэдний 200 гаруй нь тархины гэмтлээр хорвоог орхидог гэнэ. Гадаадын оронд өндөр үнээр бөөр шилжүүлэн суулгах мэс засалд ордог байсан монголчууд өнөөдөр эх орондоо дэлхийн жишигтэй харьцуулахад хавьгүй хямд өртгөөр эмчлүүлж байгаа нь үнэлж баршгүй боломж. Тус багийнхан удахгүй элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж эхэлнэ гэдгээ ч хэлсэн. Цөөн хүн амтай монголчуудын хувьд донорын олдоц гол бэрхшээл. Харин амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгасан мэс засал бидний харааг арай өөр зүгт хандуулахыг ухаарууллаа. Хүн бүхэн донор байх ухамсартай болгоход эрүүл мэндийн салбарынхнаас гадна төр засгийн дэмжлэг ч чухал юм. Жишээлбэл эдийн засгийн мөнгөн урамшууллыг хуульчлан тогтоож өгөх нь зүй ёсны хэлбэр байж ч мэднэ. Хятадын их сэтгэгч Күнз “Хүнлэг байх эсэх нь зөвхөн биднээс, өөрсдөөс маань л хамаарна” гэж хэлжээ. Ирж буцдаг энэ л амьдралд бид өрөөлд туслах хүнлэг сэтгэлтэй байж чадвал буян гэгч тэр биз ээ.

Жич: Энэхүү материалыг Л.Эрдэнэмаа хэмээх сэтгүүлч бүсгүй бичсэн бөгөөд түүний зөвшөөрснөөр блог дээрээ хуулан тавьж байгаа болно. “Хүн бүхэн донор байя” гэсэн түүний уриалгыг би сэтгэл зүрхээрээ бүрэн дэмжиж байгаа юм. Ардчиллын дууч, сэтгүүлч С.Цогтсайхан агсан арваад жилийн өмнө мөн ийм утга санаа бүхий өгүүлэл бичиж байсныг санаж байна. Бас БНСУ-д монгол сүмийн пастор хийдэг дүү маань авралын зар түгээхээр явахдаа ийм утгатай гэрээслэл хийж байсныг нь мэдэх юм байна.

Хэрвээ SORONZON миний бие,
Бурханаас хайрласан тоотой насаа гүйцээлгүй зуурдаар өөд болвол
эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтэй хүмүүст зориулан
миний эд эрхтнийг авч ашиглахыг би сайн дураараа зөвшөөрч байна.

6 comments:

Galaa said...

Сайхан санаачлага байна.Хүнд хэрэгтэй энэ үйлсийг үнэхээр ажил болгохын тулд хууль тогтоох байгууллага,санаачлагч нарт санал болгоод нийтийн хөдөлгөөн бий болговол буянтай ажил болно доо.

Altai mountains... said...

naadax chini ug ni mash zov zuil shuu...minii medexeer end...( germand ) tiim donor unemlextei xymyys ter bichgee urgel j avch yavdag..genetiin osoloor nas barlaa gexed turgenii emch nar xaraad shuud emneleg ruu tsag aldalgui yavuuldag..uchir ni donor xyleedeg xymyysiin jagsaalt mash urt baidag bolohoor..yamar neg baidlaar donor erxtnii teeverlelt neg gazraas nogoo ruu taslagdsan toxiold irgen byr yaraltai tuslax uuregtei geed....tiimees donor bolj xynd tuslax zugeer gej bi boddog..bas l neg ix zuil ..SAIXAN BICHLEG BNA..

Soronzon said...

Галаад:
Таны санал сэтгэгдлийг би сэтгүүлч бүсгүйд уламжилсан. Баярлалаа гэж хэлүүлсэн шүү.
Алтайн уулст:
"Сайтар буян больё гэвэл
Сайныг үргэлж тэтгэ" гэдэг болохоор би энэ сэтгүүлчийн бичсэнийг дэмжсэн юм.
Та ч бас сайн үйлсийг дэмжиж байгаа юм байна шүү дээ, буян болог ээ.

blue fire said...

zuv shuu, US d joloonii unemleh deer ni zurhen temdeg bdag. Ene ni yamar negen osold orood amiig avrah bolomgui tohioldold hend ch ali heregtei erhtnee uguhud belen gesen temdeg. Bi ch bas boddog yum yalanguya eruul hun nasan uud bolj bgaa bol sain duraaraa gereeslel bicheed erhtnee ugch busdiin amiig avarna gedeg saihan zuil shuu gej. Bi uuruu neg udaa zusaa uguh gej yavaad zuu ni ch taarahgui, jijig zuugeer oligtoi ch zus garaagui he he. nice blog

Soronzon said...

Зочилсонд тань талархаж байна аа.
Хүсвэл дуртай үедээ орж ирж байгаарай.

Anonymous said...

bi gants eruul baigaa zurhee hen negend ugch amidral beleglehdee taatai bh bolno....herwee tanii medeh hen negen zurhee daran shalj suugaa bol nadtai holbogdooroi..........