Sunday, March 22, 2009

Сансрын орлон нисэгч


Өнөөдөр монгол хүн сансарт ниссэн түүхэн баярт өдөр. Одоогоос 28 жилийн тэртээ сансрын нисэгч Ж.Гүррагчаа, В.Жанибеков нар “Союз-39” хөлгөөр сансарт нисч монгол түмэн найман настай балчраас наян настай буурал хүртэл баясан цэнгэлийн манлай эдлэж байсан билээ.
Хүн бүхэн сансрын нисэгч Ж.Гүррагчаатай уулзаж гар барих, зураг хөргөө татуулах гэж хошуурч, хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байсан үе бий. Одоо ч гэсэн монголчууд маань хөгшин залуугүй сансрын ганц нисэгчээ хүндлэн дээдлэж сүйд болдог. Би харин яагаад ч юм бэ сансрын орлон нисэгч байсан М.Ганзориг гуайтай уулзахыг тун их хүсч байж билээ. Магадгүй энэ нь давсан бөхөө бахдахын зэрэгцээ унасныг нь өрөвддөг, түмний эхээс гадна баян ходоод болсоныг нь өхөөрдөн дэмждэг монгол сэтгэлгээтэй минь холбоотой байж мэдэх юм. Монгол хүн сансарт ниссэнээс хойш олон жилийн дараа, тодруулбал М.Ганзориг гуайг ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн захирал болсноос нь хойш танилцах аз тохиож билээ.

Уулзаж ярилцахад уриалгахан зантай тэрээр сонирхолтой олон зүйлийн тухай хуучласан бөгөөд тэр болгоныг энд оруулахаас түдгэлзлээ. Харин сонирхуулахад мань эр сансрын сэдэвтэй тэмдгээс гадна наклейка/наалт цаас/ цуглуулдаг тухайгаа ярьж гадаадад болсон хуралд оролцоод ирснээ хуучлан тус хурлын эмблемтэй наклейка хоёр ширхэгийг бэлэглэж билээ. Сейфэн дээрээ маш олон тийм наклейка наажээ. Элдэв хурал зөвлөгөөн, симпозиум, тэмдэглэлт ой, дурсгалт баяр, түүхэн газруудын зурагтай, элдэв өнгө будаг, дизайнтай тэдгээр цаас нь бас л нэг хөөрхөн донжтой хобби юм гээч. Тэгээд надад сонин болгож сейфээ онгойлгон үзүүлвэл дотор талд нь Горбатко, Ляхов, Жанибеков нарын гарын үсгийг фломастераар зуруулсан харагдана.
-Би энэ сейфэндээ их хайртай. Хүнд өгдөггүй юм. Хаа явсан газраа л аваад явдаг. Монголд надаас өөр хэнд ийм ховор сонин дурсгалтай эд байх вэ дээ, тийм үү? гээд инээж билээ. Мөн гадаадын олон орноос ирсэн захидал үзүүлсэн. Голцуу л зураг, гарын үсгээ явуулаач гэсэн хүсэлт ирдэг аж. Зарим нь бүр буцах зардал болох нэг долларыг нь хүртэл хийгээд ирүүлдэг гэнэ.

Дараа нь миний хүссэний дагуу манай орон сансраас хэрхэн харагддаг болохыг төвийнхөө лабораторид оруулж компьютер дээр үзүүлэв. Сансраас Хэнтийн гурван гол, Улаанбаатар хот түүний дотроос Сүхбаатарын хөшөө, нэгдүгээр цахилгаан станц хэрхэн харагддаг болохыг онцлон сонирхуулсан. Намайг явахад өөрийнхөө бичиж хэвлүүлсэн “Марташгүй долоо хоног” номынхоо дотор нүүрэнд дурсгалын үг бичээд бэлэглэж билээ.

Өчигдөр МН-25 ТВ-ийн “Би” нэвтрүүлгээр Гүррагчаа баатрын ярихыг сонсвол, түүний долоо хоног сансарт нисч гүйцэтгэсэн ажлын үр дүнг Ганзориг гуай гурван жил судлан шинжилж тайланг нь гаргасан гэнэ.
Яг адилхан нислэгийн программаар дасгал сургууль хамтран хийж зэрэг бэлтгэгдээд хамгийн сүүлчийн торгон мөчид “чи орлон нисэгчээр газарт үлдэж ажиллах болно” гэсэн тушаал сонсоод Ганзориг гуайн сэтгэл санаа ямар болсон болоо гэж би байн байн бодож сууна.
Мань эр уг нь мэдлэг боловсрол, бэлтгэл сургууль юм юмаараа Гүррагчаа баатраас илүү гарна уу гэхээс биш дутахааргүй хүн байсан гэдэг. Гэвч “малчин ардын хүүхдийг сансарт нисгэнэ” гэсэн тухайн үеийн МАХН-ын Төв Хорооны бодлого шийдвэр энэ хүний хувь заяанд нөлөөлж, азын тэнгэр нүүрээ буруулсан гэх юм билээ. Үнэн худлыг хэн мэдлээ, бусдаас дуулж сонсож байсан маань л энэ.

Ямар ч байсан сансрын 101 дэх иргэн монгол хүн болж, сансрын уудамд хүнээ илгээсэн 10 дахь улс болж байсан бахархам түүхтэй билээ бид. Тиймээс энэ сайхан түүхэн өдөр Ж.Гүррагчаа баатартаа баярын мэнд хүргэхийн хамт сансрын орлон нисэгчээр ажиллаж хатуу хүндийг хамт үүрэлцсэн М.Ганзориг танд чин сэтгэлийн угаас баярын мэндчилгээ илгээж байна.
Монгол хүн сансарт ниссэн энэ баярт өдрийн алдар хүндийг хуваалцах хүний нэг нь гарцаа байхгүй Та билээ.

10 comments:

Galbadrakh said...
This comment has been removed by a blog administrator.
Oogii said...

Сайн байна уу та. Дулаан "гэртээ" сайхан яриа дэлгэн, ерөөл тавин угтдаг танд баярлалаа.
Хангуг нутаг идээшихэд хялбар, хүн олон нь элгэмсэг дотно сайхан байнаа. Хэл сурах гэж үзэж тарж үсэрч наалдаад завгүй гүйжийнэ. Магистар эхлэтэл хэлээ сурах гээд нүд цавчих завгүй байнаа. Гэхдээ цаг л гарвал баярлаад хамгийн түрүүн нээн дэлгэдэг блогуудын нэг таных юм даа.

badrangui said...
This comment has been removed by a blog administrator.
Ганзо нь said...

Сайн байна уу Та? Миний амьдаагийн тухай сайхан бичлэг бичжээ.

Э. Баярсайхан said...

Уг нь Гүррагчаа нь орлогч байсан гэнэ лээ. Тиймдээ ч Ганзориг ниснэ гэдэгтээ итгэлтэй байсан ба илүү догдолж байсан гэсэн. Тэгээд явахын өмнө шалгалт авахад, зүрх нь илүү хурдан цохилж байсан гэсэн. Харин Гүррагчаа тайван байж таараад л шийдэгдсэн гэнэ лээ. Миний сонссон ийм л хувилбар байна.

ganga said...

сайн уу,
Харамсалтай нь Монголд зав чөлөөний боломж зөрсөөр уулзалдалгүй өнгөрөв. inet.mn байгаа эртний хааны агь маягийн зураг арай өөрийн чинь хөрөг биш биз? хэхэ

Малчны хүүхэд гэдэг сонголт ортой байж болох юм. Дипломатын сургуульд бас нэг үе баахан малчны хүүхэд очоод, авир үйлдлээрээ багш нараа гайхшралд оруулж байсан гэсэн.

Ганаа_бж said...

Sain uu.
Andiin blogt unuudur neg tuhalj baina. Saihan bichleguud oruuljee.

Mongol hun sansart nissen ter negen udshiig budeghen ch setgeldee teej yavdag. Hojim ni Gurragchaa guid zahidal bichij, gariin usegtei zurgiig ni huleej avaad nandignan hadgalj bilee. /Harin odoo ter zurag maani haa baigaa yum, buu med :p/
Sansrin nisgegchdee jinhene, orlon nisgegch gej yalgalgui 2-uulang ni hundelj yavdag aa.

Soronzon andiin bichleguud uneheer setgel hudlum, baharhmaar saihan baidag shuu. Yag l soronzon shig tataad baidag yum, hehe.
Daraagiin sonirholtoi tuuhiig huleej baiya.

ITISMOVIE said...

Бага байхад Пуужин энэтэр хийгээд л сүр тэмдэглэдэг байлаа.

Soronzon said...

Бадрангуйд:
Намайг уучлаарай. Та миний мөрддөг зарчмыг зөрчсөн тул би сэтгэгдлийг тань устгасан шүү. Зөв ойлгоорой.

Оогийд:
Хамгийн түрүүнд хэл сайн сураарай. Агаа нь наана чинь харлаж байхдаа мөнгө хураасан болохоос эрдэм "хурааж" чадаагүйдээ харамсдаг юм шүү.

Ганзод:
Виз нь гарсан уу? Хэзээ явах гэж байна?

Э.Баярсайханд:
Болох л хувилбар байна. Мартсанаас нөгөө буриад зураачийн зургуудийг үзсэн шүү, хө. Сайхан зургууд байна лээ. Танд баярлалаа.

Soronzon said...

Гангад:
Харин тийм. Таньтай уулзаж чадалгүй явуулсандаа одоо болтол амаа барьж сууна даа, би.
Гэхдээ миний бодож санаж яваа зүйлс бага багаар ч болов биелж, урагшилж байгааг та харж байгаа биз дээ?/алхам алхамаар.../

Ганаад:
Намайг энэ блог ертөнцөд хөл тавихад алга, сэтгэлээ дэвсэж угтсан тоотой хэдэн хүний нэг нь та шүү дээ, багш аа...

ITISMOVIE:
:-)