Saturday, August 28, 2010

Торомгор дархад бүсгүйд

Хэнд, юуны учир энэ аязыг зориулсныг
Хүлээн авагч эзэн нь өөрөө мэдэж байгаа!


Saturday, August 7, 2010

Мэрилин Монро буюу “Сүүлчийн дагина”


Одоогоос 49 жилийн тэртээ буюу 1962 оны 8 дугаар сарын 5-ны өдөр “Мэрилин Монро золгүй байдлаар нас барав” гэсэн нэгэн мэдээ Холливудыг донсолгож эгшин зуур дэлхий даяар тархсан гэдэг. Барууны сэтгүүлчид түүнийг “Сүүлчийн дагина” хэмээн нэрлэж байсан түүхтэй.

Хорвоод дөнгөж 36-хан жил амьдарсан боловч алдрын тавцанд баттай зогсож, ХХ зууны хамгийн сайхан бүсгүйгээр тодорч байсан түүний тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл сонирхсон эрхмүүд дараах бичлэгтэй танилцаж болох юм.

http://soronzon.blogspot.com/2008/07/blog-post_290.html


Wednesday, August 4, 2010

“Хөдөөгийн баясгалан” киноны дууг хэн, хэрхэн дуулав?



Өнөөдөр нетээр тэнэж яваад сонин юм олж үзлээ.
“Хөдөөгийн баясгалан” киноны аятай адил дууг Германчууд дуулжээ” гэсэн мэдээ “Өнөөдөр” сонины сайт дээр байх юм. “Хөдөөгийн баясгалан” киноны аятай адил дууг 1985 онд байгуулагдсан "Wind" гэх нэртэй германы хамтлаг дуулжээ” гээд мөнөөх хамтлагийн дуулсан клипийг хавсаргасан байна.

Саваагүйтэн сонирхож youtube-рүү орж үзлээ. Тэнд хэд хэдэн хувилбар байнаа. Бүгдийг нь л үзлээ. “Тунгалаг тамир” роман дээр Цахиур Төмөр “Ээдрээтэй утасны үзүүрийг барьсан хүн тавихгүйг л хичээдэг юм даа” гэж хэлж байдгийг санаад бүүр цааш нь төнхөж үзмээр санагдав. Амарч байгаагийн хэрэг юу билээ дээ.

Уг нь би л “зуны сарыг зургаа юм шиг эндүүрч” яваад мэдээгүй болохоос биш цахим ертөнцөөр сүүлийн үед энэ тухай бишгүй л шуугисан юм байна. Гэвч андуудын бичсэнээс арай өөр өнцгөөс нь харж бичихийг оролдов.



Юуны өмнө кино найруулагч Г.Жигжидсүрэн гуайн “Монгол киноны нэвтэрхий толь” номыг сөхөж харлаа. Дээрх киног Г.Бат-Очирын зохиолоор Д.Жигжид гуай 1974 онд найруулжээ./239 тал/

Киноны дууны үгийг С.Дашдондов, хөгжмийг Г.Бирваа бичсэн гэжээ./473 тал/ Энд Жийгээ ах бяцхан алдсан бололтой. Учир нь энэ киноны дууны шүлгийг ардын уран зохиолч С.Дашдооров гуай бичсэн бөгөөд миний бие түүний сайтаас давхар шалгасан болно.

Түүнчлэн өөрийн номын санд байгаа хуучны нэгэн номыг сөхөж үзэх хэрэгтэй боллоо. Нэр нь “Монгол киноны дуунууд”. Уг номын 23-24 дүгээр талд Г.Бирваа, С.Дашдооров “Хөдөөгийн баясгалан” киноны дуу гээд нот, үгийг нь давхар хэвлэсэн байх юм. Гэвч бас нэг юм байнаа. Нэр дурьдсан хоёр номон дээрх дууны үг бага сага зөрөөтэй юм гээч. Тэр ч байтугай Баяраа агсан киноны дууг гуравдугаар бадгаас нь буюу намраар эхлээд өвлөөр удаалаад хавраар дуусгаж дуулсан байх юм. Харин
Нарлаг зуны цэцэг нь өнгөлөг
Найрсаг олны сэтгэл тунгалаг
Өлгий нутгийн минь налгар хөндийд
Өрнүүн ажлын амжилт арвин
гэсэн бадгийг нь орхиж дуулсан болохыг энэхэн хэдэн мөрийг тэрлүүлж суухдаа л анзаарлаа.

Олж авсан баримт:
-“Хөдөөгийн баясгалан” киног 1974 онд Монголд бүтээсэн.
-Германы "Wind" хамтлаг 1985 онд байгуулагдсан.




Эцэст нь,
“Хөдөөгийн баясгалан” киноны дууг хэн, хэрхэн дуулсан тухай харьцуулан шинжих эрхийг Та бүхний мэргэн оюунд даатган үлдээлээ.

Эх сурвалж:
http://www.mongolnews.mn
http://www.youtube.com
http://dashdoorov.com
http://legion.blogmn.net
Г.Жигжидсүрэн, Д.Цэцэг-Монгол киноны нэвтэрхий толь. УБ. 2005 он
Монгол киноны дуунууд. МХЗХ-ны нотны хэвлэл. 1985 он

Tuesday, August 3, 2010

Бадмарсан зул


Өдөр зурагт хараад хэвтэж байтал МҮОНТ-ээр гарч байгаа “ХХ зуун жил түүхийн хуудаснаа” цувралын ээлжит дугаар гарч байнаа. Сэтгүүлч Ц.Оюундарийн ярихыг сонсвол өнөөдөр буюу 8 дугаар сарын 3-н их учир жанцантай өдөр юм байна. Одоогоос 51 жилийн өмнөх энэ өдөр Москвагийн кино фестивальд найруулагч Д.Жигжидийн “Ардын элч” кино оролцож, жүжигчин П.Цэвэлсүрэн эмэгтэй хүний шилдэг дүрийн мөнгөн шагналыг хүртэж байсан гэнэ.

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, Монгол улсын гавьяат жүжигчин энэ хүн манай дуурийн урлагийн томоохон төлөөлөгчийн нэг байсан гэдэг. “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, “Евгений Онегин” дуурийн Татьяна, “Игорь ван”-гийн Ярославна зэрэг олон дуурийн гол дүрд тоглож, Дуурь бүжгийн театрын гоцлол дуучин байсан түүний тухай зохиолч Х.Зандраабайдий гуай “Заяа дутуу бурхад” зохиолдоо тун нарийн “зурсан” санагддаг юм.

“Наанаа зөөлөн юм шиг боловч цаанаа хатуу сэтгэлтэй говийн бор хүүхэн” гэж хөгжмийн зохиолч Д.Жанчив гуай чухам юуны учир тодорхойлон хэлснийг уг номноос уншиж, П.Цэвэлсүрэн хэмээх энэ хүний тухай ямар ч гэсэн өөрийн гэсэн төсөөлөлтэй, зөөлөн дулаан сэтгэгдэлтэй хоцорсон билээ.

Хожим түүнийг бурхан болсоных нь дараа мөн л Х.Зандраабайдий гуай “Утга зохиол урлаг” сонинд “Бадмарсан зул” нэртэй гэгээн дурсамж бичсэнийг уншаад Монголын нэгэн сайхан уран бүтээлч, сайн хань, бүсгүй заяа түшсэн ховорхон нэгэн хүмүүн нартаас дэндүү эрт, дэндүү харамсалтай буцсанд гомдолтой хоцорч билээ.

…Амьдралд сайн хүн муугаасаа илүү хохирдог юм шиг санагддаг. Түүний нэг жишээ нь Цэвэлсүрэн. Тэрбээр сайн хүн учраас сайн хүнтэй учирдаг. Тэр чанараараа үр хүүхдээр өнөр, эд юмаар элбэг, эрүүл саруул сайхан амь зууж байдаг билээ. Харамсалтай нь энэ бүхэнд нь атаархсан юм шиг гай дайрдаг байжээ…гэж зохиолч Х.Зандраабайдий гуай “Заяа дутуу бурхад” зохиолдоо бичсэн байдагсан.

Monday, August 2, 2010

Янагийн учрал



Саяхан амралтанд явахдаа хэдэн ном авч явсны нэг нь Авгаржин Ж.Баяржаргалын “Наян нэгэн мөнгөн шөнө”.
Салхин сарны явдал, загас наадуулахуйн ариун үйлийн тухай өгүүлсэн түүний зарим нэг шүлгийг блогтоо залж байна. Таалалд тань нийцэх болтугай.

Гантогоогийн зунаар цэцээглэсэн
Зүм хангайн чимэг


...Том хусны цайвар дүрсийг ажихуй
Томоотой хүүхэн мөнгөн чимгээрээ оролдоод
Тонгойж суугаад хуримын ерөөл сонсох шиг
/Ч.Лхамсүрэнгийн шүлгээс/

Сар, нарны солбилцолд цэцэглэгч
Төгөлдөр эх минь
Салхин алс нугад
Эгшиглэн дуулагч шанз минь.
Надаар урсагч
Урин борооны дусалхан минь.
Насаар арвидан гийгүүлэгч
Чинад сансрын туяа минь.
Нүднээ үл үзэгдэгч
Гэрэлт тарнийн урсгал минь.
Нүүдэл дөтлөгч
Шинэ харгуйд тохиох учралт минь.
Нуурын хүйсэнд дэгдэн хөвөгч
Хас зүст ургамал минь
Нууцлаг оддыг хэлхэн наадагч
Үүлэн сондор минь
Гэгээн өдрүүдэд нүцэглэгч
Дун хусхан минь
Гэнэн шувууд цэнгүүлэгч
Ажин түжин нуур минь

1992.04.30


Уран цэцэрлэгт Энхмааг хайрлахуй дор
Ган тайлж хур буув


Хар зэгстэй
Ягаан цөөрөм
Хан хурмастаас
Хур тосном
Сүж тэнгэрийн хэвлийнээс
Сүүн бороо урсав
Усны гүнд жараахай сэрж
Урагш шаламгай сэлэв.
Аяншиж гандсан
Цэцгийн нүд
Алтан туяа үзэлгүй
Нэн уджээ.

1995.08.14

Цээгийгээ сэтгэлдээ бөөцийлж ашид
бурхан мэт санаж явнам


Чамайг өөр хүнд өгнө гэдэг санаанд үл багтам аймаар юм
/Хаалган завсар орхисон зурвас/

...Энх жаргаланг чин хүсэмжлэн
Энд дахин дахин ирмээр
Цагийн ямагт дааман хаалга нээлттэй
Цагаан сүмд гүн мэхийн ормоор
Аршааны хос бумбанаас
Амныхаа цангааг үргэлж тайл юу
Биес, сэтгэлийн төвгийг ариусгаж
Бишрэлт Лянхуан дэлбээнд хүж хатга юу
Юутай анхилуун үнэр түгнэм

1993 он

Хонгормаагийн яриаг сонсох зуур
нүдийг нь үнэрлэж билээ


Халх эрийн зандан цээжинд бүсгүй хүн хярах
Чонын үхэл мэт.
/Ц.Бавуудоржийн шүлгээс/

Аймагч орон далайн биеэр
Алтан загас дураар хөвнөм
Уужуу мандалд нь долгиос үүсгэн
Умраас хар салхийг хүснэм
Хар салхи ч адган дэгдлээ
Хаан догшрол уснаа үүсэв
Давалгаас эгшнээ хүрхрээд амирлахуй
Дайчин улбаа мэлтийн хоцров
Сонь буураагүй бяцхан загасны
Солонгорч норсон хайрс үзэгдэв
Сар, далай, загас...цөмөөр нялхарч
Сая л анир гүм болжээ

1992.05 сар

Катерина Режанатай Ауара мөрний дагуу
хийсэн шинэ аялал


Тэр нуурын зэгс
Алтан шаргал өнгөтэй
Тэмтэрч имэрч үзэхүй
Ариг ягаан аниртай
Хар хунгийн сүрэг
Хаяа засан чуулдаг
Халх нутгийн шувуу
Хааяа энд ирдэг
...Энэ л усны хөвөө
Элгэн хүрэн зүстэй
Эрхий дарам зайд
Алгуу улаан хавцалтай
Чийгт хавцлын зулайд
Чихэлдсэн өвс ороолдоно
Өрнийн үүлс ч найрсаг
Өдөржин, шөнөжин бороотой

1995.11-р сар