Monday, September 27, 2010

Зава Дамдины зургийн эрэлд


“Дүрслэх урлагийн музейд шинэ үзэсгэлэн гарчээ. Өөрийн чинь сонирхоод байсан Зава Дамдины гэр музей хүртэл ирсэн байна. Ирж үзээч” гэж эртээр дүү маань утасдаж байна. Зэр зэвсэгээ агсаж аваад /зургийн аппарат л даа/ морины хурдаар давхиад очлоо.

Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн соёл урлагийн өдрүүдийн хүрээнд аймгийн музейн сан хөмрөгөөс дээжлэн авчирсан үзмэрүүдийг тэнд дэлгэжээ. Хүрэл зэвсгийн эдлэл, морин хуур, мөнгөн тоногтой эмээл, төрөл бүрийн тагш, хул, бурхан тахил, уран зураг, домбо саахуу, мөнгөн аяга, хөөрөг даалин, хэт хутга, хазаар ташуур, тулга тогоо, шавар ваар, шатрын сийлбэр гм. говийн дархчуудын урласан юм юм л байна.

Найман зуу гаруй үзмэрийн дотроос миний сонирхлыг нэг л зүйл гойд татсан нь Зава Дамдины гэр музей байлаа. “Зава Дамдин” хэмээн алдаршсан Халхын Их Хүрээний номч гавж Лувсандамдины /1867-1937/ гэрэл зураг байдаг бол олоод үзчих санаатай нэлээд олон жил эрэл сурал болж байгаа юмаа, би.

“Хорчойнжүн” буюу “Хойт зүгийн монголын оронд Бурханы номын ёсон гарсан домог өлзийт номын лавайн яруу дуун” хэмээх түүхийн зохиол, түүний тайлбар “Алтан дэвтэр”-ийг зохиогч Зава Дамдины тухай бурхан болооч Ш.Чулуунбаатар ламтан анх надад ярьж өгсөн билээ. Дээдийн оронд заларсан ламтанаас сонирхолтой хууч яриа сонссон тэр цагаас хойш “Зава Дамдины гэрэл зураг хаа нэгэн газар хадгалагдан байдаг бол үзэх юмсан” гэж хорхойсох болсон. Тэр цагаас хойш уулзаж учирсан номын мэргэдээс асууж сурсан минь олоон.

-Дуун хөрвүүлэгч, сэтгүүлч Ж.Нэргүй ахаар уламжлуулан Гандантэгчинлэн хийдийн хамба Ш.Чойжамц гуайгаас асуулгасан боловч “Зава Дамдины гэрэл зураг гэж байдаггүй юмаа” гэх хариу авсан.

-Мөн л Ж.Нэргүй ахыгаа амарчлан бурханч лам Л.Пүрэвбатаас асуулгасан боловч бас л тийм хариу сонссон.

-Монгол мэргэдийн тухай өгүүлсэн “Огторгуйн цагаан гарди” хэмээх номынхоо II дэвтэрт Зава Дамдин гавжийг “Их Монголын түүхийн тэргэн замыг заагч” хэмээн чухам л онож нэрлэсэн Л.Хүрэлбаатар доктортой энэ оны хавар уулзахдаа асуусан боловч бас л бүтэл муутай хариу сонсож билээ.

-Варшавын их сургуулийн Дорно дахины судлалын тэнхимийн багш, Р.Бямбаа ламтанг энэ зун нутагтаа ирээд байхад нь уулзсан юм. “Монголчуудын төвд хэлээр туурвисан, монгол хэлэнд орчуулсан ном зүйн бүртгэл” бүтээлийн III боть хэвлүүлсэн ламтан бас л олж үзээгүй гэх юм.

-“Алтангэрэл” судрыг шинэ үсэг дээр буулган, ТВ-ээр тайлбарлан яриад байсан Дашчойлон хийдийн гавж Гантөмөртэй энэ оны зун “Интерном”-д хийсэн номын хурим дээр нь уулзаад асуусан боловч бас л “тийм зураг байдаггүй” гэх.

Зава Дамдиныг бурханчлан зурсан хөргийг нь зураач Цэрэндорж бүтээснийг Л.Хүрэлбаатар гуай “Огторгуйн цагаан гарди” номынхоо II дэвтэрт оруулсан байдагсан.

Сая Дүрслэх урлагийн музейд “залран” ирсэн Дундговийн музейн үзмэрт зураач Цэрэндоржийн бүтээсэн дээрх хөргийг залжээ. Музейн захирал М.Бямбажавын ярихыг сонсвол, Зава Дамдин гавж гэрэл зургаа авахуулах дургүй хүн байсан гэх бөгөөд хожим зураач Цэрэндорж гуай шавь нарынх нь хууч ярианаас ургуулан хөрөг зургийг нь бүтээн үзүүлэхэд багштай нь гайхалтай адилхан болж хэмээн баясаж байсан гэнэ.

Хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр тоонот бүрийн өрхийг харанхуйлж, үүдийг тэмтчин байсан тэртээх аймшигт 1937 он. Бурхан болсон ламтаны шарилыг нутагт нь аваачиж хөдөөлүүлэхээр шавь нар нь тэмээн тэргэнд ачаалан хөдлөж байхад Дотоод Яамны ногоон малгайтнууд номч мэргэн гавжийг баривчлан хорих “Ордер” өвөртлөн очиж байсан гэдэг. Золоор хувьтай буянтай хувраг маань хурмастын орныг зорин одсон нь юутай завшаан бэ?

Би одоо болтол яагаад ч юм бэ “Хаа нэгэн газар гэрэл зураг нь хадгалагдаж байх ёстой” гэж итгээд байдаг юм. Тэгж бодох хэд хэдэн шалтгаан үндэслэл надад бий л дээ. Гэвч батлагдаж нотлогдоогүй тэр бүх бодлоо энд дэлгэн тавихаас зайлсхийв...

Үзэсгэлэнгийн танхимын босго даваагүй байхад л айргийн үнэр хан хийж байсан юм. Харамсалтай нь музейн танхимыг гурвантаа тойроод ч тэр сайхан айргийн үнэр хаанаас ханхалсаар байгаагийн учрыг эс олж билээ. Түүн лүгээ нэгэн адил “Зава Дамдины гэрэл зураг байх ёстой” гэх итгэл үнэмшил сэтгэлийн мухраас гарахгүй эргэлдэвч, хаана хэнд хадгалагдан байхын учрыг хэлж эс мэдэв.

Monday, September 13, 2010

Тэнгэр огторгуйн тийшээ...


-Хэзээ нэгэн цагт, хаа нэгэн газраас харь гаригийнхан гарч ирээд
“Бидэнтэй хамт явах уу” гэвэл би эргэлзэлгүй явнаа.

-Юуууу? Тэгээд бид хоёр яах юм бэ?
Чи охин бид хоёрт хайргүй юм уу?
Ижийгээ, эгч дүүсээ, эх орноо санахгүй гэж үү?
Эх дэлхийгээсээ холын холд явах гэж юунд нь тэгтлээ дурлаав?

-Мэдэхгүй ээ. Гэхдээ би хэзээ нэгэн цагт “тэндээс” ирсэн ч юм бил үү, хэн мэдлээ. Тэгээд л би “төрсөн гэрлүүгээ” буцах гэж тэгтлээ тэмүүлдэг ч байж мэднэ шүү дээ...

/Эхнэр бид хоёрын ярианаас/

Wednesday, September 1, 2010

Бяцхан гүнж минь сурагч боллоо


Миний бяцхан гүнж өнөөдөр сурагч боллоо.
“Алтан навчис хийслээ дээ
Аяны шувууд буцлаа даа
Есөн сарын нэгэн боллоо
Хүссэн өдөр ирлээ дээ” гээд олон хоногийн өмнөөс дуулж бэлдээд байсан нь бодит байдал дээр биелэлээ олох нь энэ.

“Охины минь амьдралд тэмдэглэлтэй энэ өдөр туйлын хариуцлагатай байнаа” гэж хөмсгөө зангидан, их л ажил хэрэгч байдлаар ээж, охин хоёрт ам өчиг өгсөн юмаа, би. “Аав нь түрүүлж босоод цайг нь бэлдчихье, тэгээд та хоёрыгоо сэрээнэ ээ” гээд гар утасныхаа сэрүүлгийг 06.30-д тавиад унтсан хүн. Гэтэл харин өнөө муу гар утасны сэрүүлэг нь дуугардаггүй байна шүү. “Би л эрт сэрсэн юм байхдаа” гэсэн юм бодоод ханын цаг руу хяламхийвэл, цаг аль хэдийнээ 07.10 болж байдаг байгаа. Сургууль дээр нь “07.30-аас нээлтийн арга хэмжээтэй, 08.00-аас хичээл эхэлнэ” гэсэн зарлал байсныг харсан тул “Түгшүүр” команд зарлалаа. Тэгээд түүнээс хойших бүх үйл явдал яг л киноны хальсийг хурдлуулан эргүүлсэн мэт гялалзаж өглөө дөө.

Хальт мөлт нүүр гарын угаалт, хам хум өглөөний цай, сахлаа хусаагүй аав, сандарч тэвдсэн ээж, нойроо харамлан “сургуульд орохгүй, би унтмаар байна” гэх эрх охин, галзуу юм шиг шогших бид гурав, зохион байгуулалт муутай хичээлийн шинэ жилийн нээлт, нуршуу үг хөврүүлэн “илтгэл тавих” сургуулийн захирал, нууцхан бухимдаж цагаа хялалзах эцэг эхчүүд, хандив тусламж өгч гялалгайснаа рекламдах УИХ-ын эрхэм гишүүн, байн байн тасалдан исгэрч ёнгинох микрофон, цэцгэнд бялуурсан багш нар, цүнхэндээ түүртэх бага ангийнхан, тараад хаа нэг тийшээ явж шоудахаа ярих ахлах ангийнхан, хөөцөлдөн гүйлдэх дунд ангийнхан, халтуур хийн амжуулах гэрэл зурагчин, “харьяаллын бус ч гэлээ хандив өргөөд хүүхдээ оруулья” хэмээн захирлын өрөөний үүд сахих эцэг эх, үдийн цайны боов, тараг зөөж гүйлдэх багш, сурагчид, өгзөг барьсан юбкатай, өвөр энгэр нь түнтийсэн залуухан багш бүсгүйг “өрөөнд ороод ирээрэй” гээд нүд ирмэх эрэгтэй багш...бас тэгээд төлөвлөөгүй гэнэтийн ажил, бачим яаруу уулзалт, баяр хөөр, хэн нэгний гомдол юу юу ч болоод өнгөрөв дөө, өнөөдөр чинь...

“Одоо миний охин сургуулийн сурагч том хүн болсон учир аавтайгаа унтаад яахав. Өнөөдрөөс эхлэн ганцаараа унтаж бай” гэсэн чинь гүнж маань “Би одоо дөнгөж 6 настай. Ирэх жил 7 настай болохоороо ганцаараа унтаж байя” гэнэ. Муу аав нь яахав дээ “Буруу дуулаагүй бол үгүй гэдэггүй” хүн, бушуухан шиг ороо засаад охиноо хэвтүүлээд авлаа. Ирэх жил хоёрдугаар ангид ортол нь охинтойгоо унтахаас биш, ккк. Хөөрхий муу ээж нь л жаахан янз муутай байна, одоо би яах вэ дээ, тээ?

За тэгээд өнөөдөр болсон бас бус үйл явдлын тухай бичнэ гэхээр аавын нүд анилдаад л. Аав гуай бас сургуульд орсон охин шигээ л ядарч байна. Эртхэн шиг охиныхоо хажуугаар орж унтах минь...


Р.S. Xачиртай талх, хар кофе, ундаа, нарийн боов хийж түнтийлгэсэн үүргэвч барьсан аав, Үнсгэлжингийн зурагтай цүнх үүрсэн бяцхан охин хоёр аль нэг сургуулийн дэргэд Тантай тааралдах вий. Тэр чинь бид хоёр байгаа юм шүү!