
Одоогоос 99 жилийн тэртээ буюу 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр бидний Монголчууд Манж гүрний дарлалаас салж, бие даан тусгаар тогтнож, эртний түүхт төр улсаа СЭРГЭЭН ТУНХАГЛАЖ буйгаа дэлхий дахинд албан ёсоор зарласан билээ.
Туурга тусгаар Улс болохын төлөөх тэмцэлд нэгэн дуугаар эвлэлдэн нэгдэж боссон монголчууд Монгол Улсын эзэн хаанаар VIII Богд Жавзандамбыг өргөмжилж оройн дээд шүтээнээ болгосон билээ.
“Монгол хүн гэж хэлэхийн тулд монголын төлөө цохилох зүрхтэй байх хэрэгтэй”-г гүнээ ойлгосон Халх дөрвөн аймаг 98 хошуу төдийгүй Өвөр монголын 6 чуулган 49 хошууны 35 нь Богдын засгийн газарт дагаар орж Тусгаар тогтнолоо уухайлан түрж байсан түүхтэй.
Энэхүү үйл явдлыг анхааралтай ажиглаж байсан гадаадын хэвлэлүүд хэрхэн мэдээлснийг сонирхвол,
Оросын Петербургийн “Речь” сонинд:
-Өнөөдөр Монгол оронд тэмдэглэлт баяр ёслол болж байна. Монголын хутагтыг хаан ширээнд сонгон өргөмжилснөөр Манж Чин улсаас Монголын хараат байсан үе нэгэнт эцэс боллоо хэмээсэн бол,
Манжуурын “Харбинский вестник” сонин 1912 оны нэгдүгээр сарын 1-ний дугаартаа:
-Хутагт хаан ширээнд залран суух ёслолд их олон хар шар монголчууд цугларч баяр баясгалантай байдлын дунд боллоо гэж тэмдэглэсэн бол,
Английн “Таймс” сонинд:
-Ази тивд Монгол улс шинээр төрж гарсан буюу бүр нарийвчлан яривал сэргэн мандсан нь бодит явдал боллоо хэмээн бичиж байжээ.
Манжаас Монголыг эзэрхсэн 220 гаруй жилийн түмэн зовлон, мянган гашуун дарлалыг устгаж Туурга тусгаар Улс юугаан Сэргээн мандуулсандаа хэмжээлшгүй ихээр баярлаж хөөрсөн тэр үеийн монголчууд
Зуун лангийн жороо луусыг
Жуузан дундаа хөлөглөнөө хө
Зураг болсон Богд ламыгаа
Зонховын ширээнд залнаа хө хэмээн дуулж байсан гэдэг.


