Монгол улсын шашин төрийг хослон баригч YIII Богд Жавзандамба олон талын сонирхолтой, элдэв сонин хачин зүйл цуглуулдаг хүн байсан тухай түүхийн ном зохиол болон гэгээнтэнтэй уулзаж байсан гадаад дотоодын хүмүүсийн дурсамж намтарт тэмдэглэн өгүүлсэн нь цөөнгүй. Түүний Шаравпэлжээлин сүмд/ногоон ордон/ үнэт шаазан эдлэл, уран зураг, баримал, Чингис хааны үеийн зэр зэвсгийн ховор нандин цуглуулга болон төрөл бүрийн микроскоп, барометр, янз бүрийн дэнлүү, унадаг дугуй, мотоцикль, автомашин зэрэг эд өлгийн зүйл байсныг 1910 онд нүдээр үзсэн хурандаа В.Л.Попов тэргүүтэй Оросын худалдааны экспедицийн төлөөлөгчид тэмдэглэсэн байдаг. Хутагт тэдэнд нэг том өрөө эзэлсэн цагны цуглуулгаа бас сонирхуулсан ажээ. Энд дэлхийн газрын зураг, хуанлийн тоо, нар, сар, долоон гаригтай, мөн зааны толгой, муурын нүдтэй, дөшин дээр төмөр балбах зэрэг нарийн механизмаар хөдөлдөг дорно дахины гар хийцийн элдэв сонин цагнаас авахуулаад Европ, Америкийн ханын босоо цаг болон Герман хийцийн чанар сайтай , өндөр үнэтэй асар олон тооны цаг байсан байна.
No comments:
Post a Comment