Monday, August 11, 2008

"Хувьсгалын эсэргүү" Цэвээн Жамсранов


Нэрт эрдэмтэн Жамсрангийн Цэвээн ардын аман зохиол, бичмэл ном судар цуглуулагч байлаа. Петербургийн их сургуулийн оюутан байх цагаасаа монгол ардын үлгэр тууль, ерөөл магтаал, оньсого, бөөгийн дуудлага зэрэг аман зохиол уйгагүй цуглуулж, ном туурвин эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулж байсан эрдэмтэн судлаач хүн. Нэрт монголч эрдэмтэн Б.Я.Владимирцовын саналаар олон сайхан үлгэр цуглуулж түмний сонорт хүргэсэн Ж.Цэвээнд Оросын газар зүйн нийгэмлэгийн шагнал олгож байсан түүх буй.

Богд хаант засгийн үед Гадаад явдлын яаманд соёл эрхэлсэн туслах түшмэл, “Шинэ толь”, “Нийслэл Хүрээний сонин бичиг” сэтгүүлийн эрхлэгч, Ардын засгийн үед Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Ардыг гэгээрүүлэх яамны зөвлөх түшмэл зэрэг алба хашиж, К.Марксын “Капитал”, Ж.Боккачиогийн “Декамерон”, Ж.Верний “Арван таван наст капитан” зэрэг олон зохиолыг монгол хэлнээ орчуулж явсан энэ гүүш 1929 онд “баруунтан” хэмээгдэн МАХН-аас хөөгдөж явсан “эсэргүүн” толгой.

Хожим Шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэн гишүүн, Ленинград дахь ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахиныг судлах хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийж яваад 1937 онд улс төрийн хилс хэргээр баривчлагдан хэлмэгдсэн гашуун хувь заяатай энэ эрдэмтний цуглуулсан ном судар ч бас хэлмэгдсэн түүхтэй. Монголын хоёр ч төрд хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж явсан түүнийг хэлмэгдэн баригдсаны дараа ар гэрт нь үлдсэн ном судар, бичиг зохиол, цуглуулсан аман зохиолын дээж бичгийг ах дүү нар нь айл айл дамжуулан нуун далдалж байсан хэдий ч айдас хүйдэс, хардлага сэрдлэгэ нөмөрсөн он жилүүдийн хүчинд автан устгахаас өөр замгүй болжээ. Их эрдэмтний цуглуулсан ном судрын өвийг гурван шөнө шатаагаад бараагүй гэдэг. Судар ном, шаштир түүхээ шатааж, сэхээтэн мэргэдээ хэлмэгдүүлсэн мөн ч бурангуй цаг үе байж дээ.

2 comments:

Anonymous said...

sain bnauu..moroor chini javaad orood irlee..sonirxol tataad..shine blog baina..amjilt xusii..sonirxoltoi bichleg bna..ene xajuud tavisan 2 nomiig ooroo gargasan uu? tiim bol..ix setgegdel toruullee..amjilt xysii..;-)

Soronzon said...

Алтайн уулст:
-Зочилсонд талархлаа. Блог хөтлөгчийн хувьд шинэ цэргээ би. Одоо л дөнгөж сэтгэгдэл бичиж сурах гэж байна. Ямар сайндаа өөрийн чинь блогт 1 сэтгэгдлийг хэд дахин бичсэн байж мэднэ.
-Өнгөрсөн жил миний бичиж хэвлүүлсэн номууд. Одоо бас 2 ном гаргах гээд л дуншаад байна. Хэвлүүлэхээрээ блогтоо тавьж та бүхний хүртээл болгоно оо.
-Өөрийн чинь блогт олон удаа зочилсон доо. Аялалын зурагнууд чинь сайхан сэтгэгдэл төрүүлдэг юм.
Амжилт хүсье. Аяны тань харгуй дардан байх болтугай.