Tuesday, September 16, 2008

"Би Сүндэв жанжны хилчин цэрэг"

Өнөөдөр Монголын хилчдийн баярын өдөр. Эх орныхоо торгон хилийг нүд цавчилгүй харж хамгаалж явсан үе үеийн дайчин цэрэг эрс өнөөдөр оны нөхдөө, алба хаасан хилийн застав, отрядаа, дарга захирагч нараа дурсан ярьж, дуулан суугаа гэдэгт би итгэж байна.
“Монгол улсын хил дээр тайван байна” хэмээн эх орондоо илтгэхийн тулд халуунд халж, хүйтэнд хөрж, исгэрэх сум, ирт мэсний өөдөөс ч эрслэн босдог дархан хилийн дайчин эрсийн тухай бахархан бичмээр байна.
Монгол улсын хил хамгаалах байгууллагын 75 жилийн ойг тохиолдуулан нийт хилчин байлдагч, дарга офицер, бэлтгэл ахмад дайчин эрсдээ баярын мэнд хүргэхийн ялдамд та бүхний танил дотно нэгэн хүний тухай дурсан өгүүлье.
Энэ хүн бол 40 шахам жилийн турш Монгол улсын хил хамгаалах байгууллагад ажиллахдаа дэслэгчээс хошууч генерал, заставын даргаас Хил Хамгаалах Ерөнхий Газрын дарга, Хилийн цэргийн командлагч хүртэлх зам туулсан генерал Паламын Сүндэв билээ.
Дархан хилийн дайчин хилчид баяраа тэмдэглэж буй энэ өдөр генерал маань гадаад улсад эх орноо төлөөлөн дипломат алба хашиж суугаа. Таны команд дор торгон хилээ манаж явсан он оны цэрэг эрсийн чинь өмнөөс дуртгалын торгон жолоог атгаж, дурсан санаж дуульюу гэсэн юмаа би.

Нэг. 2004 оны хавар Хил Хамгаалах Ерөнхий Газрын дарга, хошууч генерал П.Сүндэв, тус газрын хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Л.Цэдэн, хошууч Б.Нармандах нарын хамт эх орны торгон хилээр явах завшаан таарч билээ. Говь-Алтай, Ховд аймгийн хилийн хоёр отряд, арваад заставаар орж, ажил байдалтай нь танилцахын зэрэгцээ Хилийн цэргийн командлагчийн дүр төрхийг ойроос харж, хэлсэн үгийг нь тэмдэглэж явлаа.
Харахад хатуу ширүүн байрын энэ генералын хэлэх дуртай үг нь “Миний хэдэн муу бор цэрэг” гэх. “Дотуур байрны хүүхэд, шинэ цэрэг хоёр адилхан байдаг юм шүү. Гэр орноосоо хол яваа энэ хэдэн бор цэргийг минь хайрлаж халамжилж байгаарай” хэмээн уулзсан офицер болгондоо байнга захих тэрбээр зарим заставын цэргүүдэд нормын бээлийг нь хугацаанд нь тавьж олгоогүй Үенчийн отрядын арын албаны даргын толгойг нь хяргах шахсан шүү. Сонины сурвалжлагч намайг байгаагүй бол түүнийг таван салаа боовоор шагнах ч байсан юм бил үү, хэн мэдлээ.
Орсон застав болгоны цэргүүдээс ерөнхий мэдлэгийн болон улс төрийн шалгалт ёс мэт авна. Ховд, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгаас цэрэгт татагдсан голцуу л дөрөв, наймдугаар ангийн боловсролтой, хөдөө хонь мал хариулж байгаад сургууль завсардсан, зарим нь бичиг үсэг үл мэдэх цэргүүд нь генералын шалгалтанд харин ч нэг “хөлслүүлнэ дээ”. Ажийн бор ааруул шиг хэдэн цэрэг нь түүний адармаатай асуултад хариулах гэж нусаа татаад зогсож байхыг харахад ч бас горьгүй дээ. Мань эр бол харин юу ч болоогүй юм шиг “...Мөөн мөн, тийм үү?” гээд л нэг их том алаг нүд эргэлдүүлээд зогсох юм билээ. Тэнд л би анх энэ генералын аливаа хүнийг хөөрхөн явуулж үг алдуулах дуртай, хөгжөөнтэй наргианч зантай болохыг нь мэдсэн билээ.
“Алба албаараа, амь амиараа байна шүү. Ядуу ч гэсэн албаа бүү худалд” хэмээн отряд, заставын дарга нартаа хатуурхаж ширүүлэх мөртлөө Алтайн отрядын соёлын төвд болсон уулзалт дээр нэгэн жаахан цэрэгт хачин сайхан бүлээн дулаан үг хэлж олон хүнийг уйлуулж орхисон доо. Гуравхан настайдаа эцэг эхээсээ өнчирч асрах сургуулиар гэр хийн эрийн цээнд хүрсэн Т.Наранбаатар хүүг хилийн цэрэг “ивгээлдээ” багтаан “Хилчин” хамтлагтаа хөгжимчнөөр авсан юм байна. Тэр жил Алтайн отрядын соёлын төвийн эрхлэгчээр томилогдон очсон түүнийг генерал олны дундаас онцлон дуудаж гарын бэлгээ гардуулсан нь тэр юмсанж. Өөрөө өнчин өсөхийн зовлонг үзэж туулсан П.Сүндэв генералын хэлсэн үг олон хүний сэтгэлийн нандин утсыг доргиосон доо.
Бас тус отрядын Элгэн усны заставын Өнчин толгойн харуул дээр очиж шалгалт хийсэн. Эх орны торгон хилийн шугамыг манаж буй хилчид харуулын байран дээрээ ирсэн командлагчаа хараад сандарч тэвдэж буй нь даанч илт байлаа. Харин генерал маань тэдэнд хатуурхаж загнах нь байтугай хайрцаг савтай гарын бэлэг гардуулдаг байгаа. Командлагчаасаа гарын бэлэг хүртсэн хилчин дайчдын нүд нь гялалзаад л явчихна билээ. Генералын гарын бэлэг болох тэр хайрцагтай зүйл юу байсныг хамт явсан хошууч Б.Нармандахаас асуутал “Цэргийн нууц” гээд хэлж өгөөгүй шүү...
Ховд аймгийн Булган сум дахь Ярантын боомтын хилийн багана дээр очиж зургаа татуулах аз надад таарсан. Хүрэн улаан боржингоор суурь хийн гурав давхарлан өрсөн хоёр метрийн өндөртэй чулуун багана дээр төрийн сүлд сийлж, “Монгол улс, 124” хэмээн улаан зосоор бичжээ. Монгол улсын өмнөд хил дээр босгосон 1597 баганы нэг нь энэ. “Хуучин бетоноор хийсэн байсныг нь 100 жилийн баталгаатай боржин чулуун баганаар сольсон. Далайн төвшнөөс дээш 3000 гаруй метрт өргөгдсөн өндөр уулын оройд 500 кг жинтэй боржин чулуун багана гаргана гэдэг тийм амар юм биш шүү! Харин миний муу хэдэн бор цэрэг, монгол морь хоёр л энэ хүнд хэцүү ажлыг нугалж чадсан юм даа” гэх генералын ярианаас хилчин дайчдаараа бахархаж гайхуулах өнгө аяс тун тодхон сонсогдож билээ.
Зургийн тайлбар: Зүүн гараас ахлагч Г.Баярмагнай, хошууч Б.Нармандах, хошууч генерал П.Сүндэв, хурандаа Л.Цэдэн

Хоёр. Алтайн отрядын Бургастайн заставт шалгалтаар явж байлаа. Тус заставын байрны өрөө болгоны хаалганы дээд талыг шиллэсэн байх аж. Түүнийг анзаарсан генерал бүх шилийг модоор солих үүрэг өгч билээ. “Хаалга савахад дээд талын нь шил хагарч унахад хамраа тасдуулсан офицер байдаг юм. Ингэж шиллэх нь өрөөнд байгалийн гэрэл нэвтрүүлэх сайн талтай ч аюулгүй байдлын хувьд болохгүй. Үүнийг чөлөөнд суутлаа бүү март! Өнөөдрийн дотор бүх шилийг модоор сольж илтгэ” гэж Говь-Алтайн отрядын дарга дэд хурандаа Ш.Лхачинжавт хатуу анхааруулсан генералын үгнээс хамгийн түрүүнд хилчин дайчдаа боддог Хилийн цэргийн командлагчийн зан чанар, зангараг харагдаж байсан.
Ийм л өр зөөлөн сэтгэлтэй даргынхаа тухай он оны цэргүүд нь дурсан ярих нь олонтаа. Овоотын отрядын ахмадын зөвлөлийн дарга Ц.Зургаанжин хэмээх ахмад хилчин “Хил хамгаална гэдэг хэлэхэд амар, хийхэд хэцүү ажил шүү. Манай Сүндэв дарга ер нь л төрөлхийн цэргийн хүн дээ. Шаардлага хатуу. Гэхдээ далайх нь сүртэй ч буулт нь зөөлөн хүн байсан шүү. Хүний овог нэр мартдаггүй, гайхмаар ой сайтай хүн дээ. Шивээ хүрэнгийн заставын дарга байхдаа их сайхан биен тамирын талбай хийлгэсэн. За, харин гурван жилийн цэрэг санаа сэтгэлээр унамаар сахилгын байр хийлгэсэн хүн дээ” гэсэн бол тээр жил Сүмбэрийн отрядад уулзсан Ч.Намжил хэмээх ахмад хилчин “Сүндэв даргын гол гавьяа бол полигон хийлгэсэн явдал. Мөн сургалтын төвийн барилга бариулсан. Хилийн цэрэг байтугай ардын армид байхгүй полигон бариулсан даа. Би бахархдаг юм. Ер нь л хүн удирдах авьяастай хүн дээ. 1982-1988 онд манай Сүмбэрийн отрядын даргаар ажилласан. Сайхан залуу насныхаа зургаан жилийг энд үдсэн хүн. Хошууч цолтой ирээд дэд хурандаа цолоо онгоцонд зүүгээд буцаж байсан даа” хэмээн дурсан ярьж байсан нь тэмдэглэлийн дэвтэрт минь бичээстэй буй.

Гурав. 2004 оны зун нь Сэлэнгэ аймаг дахь хилийн отряд руу хамт явах завшаан бас таарсан юм. Алтанбулагийн шалган нэвтрүүлэх боомтын ажилтай танилцсан П.Сүндэв генерал буцахдаа Сэлэнгийн алдарт Ээж мод руу очиж сонирхуулсан. Аян замын байтугай алс хол газрын хүмүүс хүртэл зорин ирж аврал өршөөл эрэн мөргөж залбирдаг юм гэхээр нь би ч яахав авгай хүүхэд, ажил төрлөө даатган залбирч байлаа. Харин тэгэхэд мань эр “Эх орны минь хил амар амгалан байг. Эр цэргүүдийн минь амь нас бүрэн бүтэн байг. Авралдаа багтаа” хэмээн даатгаж билээ. Аргагүй л нэг цэргийн жанжин, хилийн цэргийн командлагч юм байна даа гэж тэгэхэд би бахархсан шүү.

Дөрөв. Тас няс хийсэн энэ цэргийн хүн бичиг цаасны ажлаас хол хөндий биз гэж бодтол үгүй юмаа. Харин ч бичиг цаас боловсруулахдаа нягт нямбай, утгын яруу зохист чанарыг эрхэмлэж, үгийг оночтой хэрэглэдэг хүн юм байна гэж би олон удаа анзаарсан.
2003 онд ХХЕГ-ын хашаан дотор Хилчин баатруудын хүндэтгэлийн цогцолбор байгуулж, нээлтийн цуглаан дээр нь хэлсэн хоёрхон хуудас үгээ хэд хэдэн дахин засаж цоохорлон боловсруулсан байхыг нь би үзсэн.
“За, дүү хүү чи элдэв юм сонирхдог хүн байна. Муу ах чинь энэ цөөн хэдэн үгийг анх ямар байхад нь ямар болгон өөрчилж засаж вэ, чи хараарай. Хожим үзэхэд чинь сонин байж мэднэ” гээд дурсгасан уг гар бичмэл нь одоо надад бий.
Сүүлд “Монгол Улсын хилийг тогтоож хамгаалсан нь/1960-1990 он/” сэдвээр Москва хотод түүхийн ухааны докторын зэрэг хамгаалж, “2003 оны дэлхийн шилдэг мэдээлэл судлаач” олон улсын шагналтан, Мэдээлэлжүүлэлтийн Олон Улсын Академийн жинхэнэ гишүүн, академич болсны нь бодохоор бас л “толгойтой” эр ээ.

Тав. Тавхан настай байхдаа эцгээ алдаж өнчрөн хоцорч байсан тэрээр хожим бас хайрт ижийнхээ толгойг нь түшиж чадаагүй юм гэдэг. “1976 онд Овоотын отрядын Шивээ хүрэнгийн заставын дарга залуухан дэслэгч явахад ээжийн минь бие муудсан тухай хэл ирсэн. Тэр үед ЗХУКН-ын их хурал хуралдаж хүчлэн хамгаалалт зарлачихаад байсан болохоор ижийтэйгээ амьд сэрүүнд нь уулзаж чадаагүй юм даа. Цэргийн хүн даргын тушаалыг хэлэлцдэггүй болохоор тухайн үед надад чөлөө олдоогүй. Хилийн харуулд гарч байхдаа ижийгээ өнгөрлөө гэж сонсоод муу ах нь нулимсаа дотогш нь залгиж л суусан даа” хэмээн хоолой зангируулан өгүүлэх тэрбээр сав л хийвэл том ах Шагжийгаа дурсах юм билээ. Өмнөговь, Хөвсгөл, Архангай аймаг, Улаанбаатар хотод томилогдон ажиллаж байсан доовтор ахыгаа дагаад мөн л нүүдэллэж, газар газрын сургуулийн хаалга татаж явсанаа инээмсэглэн байж дурссан.
Мах цусанд төрсөн хүн юм болохоор маний адил зан бас гаргадаг л бололтой. Есөн хүүхэдтэй айлын отгон нь болоод ч тэр үү, багын эрх зангаа тавиагүй юм байлгүй. Айлын есөн хүүхдээс амьд үлдсэн хэдэн эгчтэй аж. Тэднийгээ хааяа үгэнд нь орохгүй болохоор “Би буянтай хүн. Та нараас түрүүлээд бурхны орон луу явчихна. Хөлийг чинь хучиж чадахгүй байх шүү...” гэж айлгаж “томордог” юм гэсэн. Бас их айхтар эр ээ.

Зургаа. Дуу дуулахдаа харин маруухан эр юм билээ. Бодвол мань эрийн төгссөн М.В.Фрунзеийн нэрэмжит цэргийн академид дуу хөгжмийн хичээл ордоггүй байсан юм байлгүй. Харин Хилийн цэргийн командын дээд сургуульд хамт сурч байсан онжав, хурандаа Ш.Доржбал мань эрийг курсант байхдаа хичээл номоо давтахдаа үргэлж “Жигмэд Тогмид хоёр” дууг аялаж суудагсан хэмээн дурссан нь бий. Хилийн цэргийн командлагч, хүдэр бадриун энэ генерал,
Жигмэд Тогмид хоёр
Жимсэнд хамт явжээ
гээд л байнга аялан сууж байсан гэж бодохоор тэсэлгүй инээд хүрээд байдаг юм.

Долоо. Сүндэв гэдэг нь “Шид бүтэх” гэсэн утгатай төвд нэр юм гэсэн. Эцэг эхээс оноосон нэрэндээ эзэн болж яваа энэ генералын нэг нууцхан авьяас нь нөхөрсөг шог зураг зурах. 1969 онд Москва хот дахь Хилийн Цэргийн Командын Дээд Сургуульд суралцахаар очсон 10 хүүхэд дотор шугам зураг гоё сайхан зурдагаараа манлайлдаг байсан тэрээр цэргийн дарга болоогүй бол өдгөө хошин шог зургийн нэрт мастер ч явах байсан юм бил үү? Хүний зурсан зураг, төөрөг тавилан гэдэг сонин юм шүү.

Найм. “Жинхэнэ цэргийн дарга байх одонд төрсөн эр” гэж түүний тухай олон хүн ярих юм билээ. Сэлэнгийн отрядын дарга байсан хурандаа О.Пүрэвжав нэгэн шүлэгтээ түүнийг “Өөлдийн сайн баатрын сүнс гэмээр” гэж хэлсэн нь магад учиртай буй за.
“Монгол улсын төлөө үхэн үхтлээ зүтгэе. Үхсэн хойно хэрхэхийг тэнгэр мэдэг” хэмээн айлдсан Ойрадын хаан Галданбошготын төдий л том бус хөрөг зургийг амралтын өрөөндөө хүндэтгэн залсан түүний хэлэх дуртай бас нэг сайхан үг нь “Буурал дээдсийн нутгаас Бурхан гуйвч бүү өг”. Нэгэн насныхаа амьдралыг Монгол улсын хил хязгаарын бүрэн бүтэн байдлын төлөө зориулж ирсэн энэ хүн л ингэж хэлэхгүй юм бол өөр хэн тэгж хэлэхэв?

Аав минь: Сүх жанжны партизан цэрэг
Ах минь: Дэмид жанжны “эсэргүүн цэрэг”
Өөрөө би Сүндэв жанжны хилчин цэрэг
Үе удмаараа бид эх орны итгэлт цэрэг
хэмээн Ардын уран зохиолч Т.Галсан гуай нэгэнтээ бичсэн байж билээ. Тун богинохон хугацаанд ч гэлээ Сүндэв жанжны хилчин цэрэг явснаараа би одоо бахархдаг юм. Хүн болгонд амар олдоод байдаггүй хилчин заяатай, туурга тусгаар улсын минь бүрэн бүтэн байдлыг хамгаалахаар өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа хилчин дайчид та бүхэндээ би хайртай.
Дархан хилийн дайчин харуул та нартаа дахин баяр хүргэхийн хамт ийм нэгэн дууг аялмаар болоод байх юм.
Саарал шинелээ тайлаагүй
Буурал найз минь хаа байна аа...

4 comments:

Оогий said...

Saixan medeelel bainaa

Galaa said...

Соронзон чиний блог их таалагдлаа.Нэг тийм жинхэнэ цэрэг эрийн чанар мэдрэгдээд байна шүү.Тэр тусмаа бидний багад цэрэгт явах болохоороо байнгын армиасаа илүү хил рүү явах дуртай байж билээ.Бахархах юмтай байх сайхан шүү.Зочилж байнаа сая л мэдлээ.

Soronzon said...

Оогийд:
Баярлалаа.
Галаад:
Талархлаа. Тавтай морил.

Anonymous said...

ямар сайхан нийтлэл ямар сайхан хүн бэ.эр цэрэг дайчин хилчдээрээ бахархаж тэдндээ баярлаад нулимас унагахгүй байхын аргагүй