Friday, December 5, 2008

Лир ван буюу Гомбосүрэн гуайг дурсахуй


1990-ээд оны дундуур Ховор хуучин номын дэлгүүрээс В.Шекспирийн “Лир ван” зохиолыг худалдан авч билээ. “Лир ван”, “Отелло” хоёр жүжгийг Э.Оюун, Ч.Чимид нарын орчуулгаар 1964 онд хэвлэсэн энэ номыг олон удаа уншсан даа. Унших дуртай номуудын минь нэг эл номыг нэгэн өдөр дүү маань гуйж авлаа.

Миний дүү Баянмөнх ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайн байгуулсан Бэсрэг жүжгийн театрт нэг хэсэг жүжигчин байсан юм. Г.Гомбосүрэн гуайн удирдлаган доор дан залуучуудаас бүрдсэн тэдний театр “Отелло” жүжгийг тавих юм гэнэ ээ. “Хүн юм хийе гэж байхад дэмжилгүй яахав. Харин номыг минь муухай болгов, алга болгов оо, чи” гэж баахан захиж байгаад өгч явууллаа. Хэдэн сарын дараа тэдний театр “Отелло” жүжгийг Улсын филармоны тайзан дээр тавьж тоглуулдаг юм байна. Нээлтэн дээр нь очиж үзлээ. Урьд өмнө жүжигт тоглож байгаагүй 18-25 насны дан залуучуудаас бүрдсэн баг тавьсан гэхэд тун зүгээр. Сонгодог жүжгийг сонирхолтой хэлбэрээр найруулан тавьж, дан залуучууд тоглуулан авьяасыг нь нээсэн Гомбосүрэн гуайдаа баяр хүргээд буцлаа. Сүүлд нь дүүгээсээ номоо нэхвэл “багшид байгаа” гээд өгдөггүй ээ. Хэд хэд дахин нэхээд сүүлдээ бүүр уурлалаа. “Чи ямар хаашаа янзын хүн бэ? “Отелло” жүжиг найруулан тавих гэтэл зохиол нь олдохгүй байна. Номоо өгөөч. Ээ, гэгээн минь аминд орооч. Аврал тус болооч. Алга болгохгүй ээ, амалж байна. Жүжгээ тавьчихаад бүрэн бүтэн буцаагаад өгнө гэсэн яалаа? Та нар жүжгээ тавьлаа. Одоо болоо юм биш үү? Тэр багшаасаа номыг минь олж ир!” гэж муу дүүгээ зад загнаж өдөр шөнөгүй нэхэж байж арай гэж номоо эргүүлж автал яасан гээч? Миний номыг хайр найргүй зурж тэмдэглэл хийсэн байх аж. Эрээчиж цоохорлоогүй ганц ч хуудас алга аа. Зарим хуудсан дээр “диктор, хөгжим, хөтлөгч, чимээ, эхлэл” гэхчлэн улаан өнгийн тосон балаар бичиж, хуудасны хажуу зайнд монгол бичгээр баахан тэмдэглэгээ хийсэн байх юм. Арай ч дээ! “Танай багш чинь ямар сонин хүн бэ? Хүний ном гуйж авчихаад эрээн цоохор болгосон байх юм. Тийм мундаг алдар хүндтэй жүжигчин хүн байж ямар хэнэггүй юм бэ. Та нарт дахиж номоо өгнө байх аа! Тийм их хэрэгтэй юм бол өөрсдөө олж авдаг юм байгаа биз. Би л лав дахиж номоо өгч чадахгүй шүү! Манай ах жигтэйхэн уурлаж байна лээ гэж цаад багш өвгөндөө хэлээрэй, чи” гээд л баахан цамнаж билээ.

...Өнөөдөр энэ хорвоод Гомбосүрэн гуай минь алга. Бас муу дүү минь ч алга. Хэн хэн нь энхжингийн орныг зорьж, харин өнөө эрээн цоохор болсон ном л тэдний тухай дурсамж сэргээн номын сангийн минь чимэг болон үлдсэн байх юм.
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайн мэндэлсний 90 насны ой энэ жил тохиож байна. 1942 оны долоон сард театрын тайзнаа анх “Хатанбаатар Магсаржав” хэмээх жүжигт цагаан цэргийн офицер болж гарснаас хойш “Учиртай гурван толгой” жүжгийн Юндэн, “Сэтгэлийг шинэтгэсэн нь” жүжгийн Нагульнов, “Ээдрээ” жүжгийн Мөнх-Очир гүн, “Арвай хээрийн тал” жүжгийн Халзан Тавхай, “Отелло” жүжгийн Отелло, “Лир ван” жүжгийн Лир ван, “Эдип хаан” жүжгийн Эдип зэрэг Монголын театрын алтан сан хөмрөгт орсон үндэсний болон дэлхийн сонгодог олон жүжгийн гол дүрийг бүтээн туурвисан театрын урлагийн ноён оргилуудын нэг Гомбосүрэн гуайн эрээн цоохор болтол нь зурж, элдэв тэмдэглэл хийсэн ном одоо надаас өөр хүнд байна уу? Тухайн үед “номыг минь муухай болголоо” гэж уурлаж ундууцаж байсан би өнөөдөр харин баярлан бахархаж сууна.

Нэгдүгээр хорооллын 27 дугаар байранд олон жил айл хөрш байж, бие биенийхээрээ орж гаран, дурсамж яриаг нь сонсож байсан би бас азтай хүн шүү. “Хайрламаар хүнд халдах хэрэггүй, өширхмөөр хүнийг өрөвдөх хэрэггүй” хэмээсэн хуучны сайхан үг бий. Хайрлахгүй байхын аргагүй энэ эрхэм хүний 90 насны ойг тохиолдуулан дурсан ярьж, дуулан бичих зүйл надад олон бий. Зав гарвал удахгүй “Венецийн моор Отелло” хэмээсэн бичлэг оруулахыг бодно оо.

11 comments:

oyunaa said...

Uneheer gaihaltai aviyastai hun shuu... nadad Ene huuhnuudee kinonii Jamts dargiin dur ni aimaar taalagddag... baga bhad shine jileer Halzan Tavhai geed l 3 han shirheg usee yaj samnasan tuhai yarihad ni elgee hoshtol ineedeg bj bilee... Ta aztai hun yumaa...

megat said...

your blog more info ,make me excited. Congratulation!!. I come again

Ганаа_бж said...

Tanaihaar orj garch guigeed l baigaa shuu. Com-t daraa bichye.

Ene tanihgui Baagiigiin link deer buu click hiigeerei. Virus bakter baij yunii magad. Neg tiim yumtai zuuraldaad salahgui zovson turshlagatai hoon, bi...

Oogii said...

Gaixaltai saixan dursamj bichleg baina. Neeree l ter mundag xunii "ereelj tsooxorloson" nom tand l baigaa daa oor xend ch baixgui. Saixan yumaaaaa.
Goyo bichleg bainaaaa. Daraagiin bichlegiig xuleej baina Soronzon axaaa

ganga said...

Сайхан дурсамж байна. Ном муухай болгоод буцаахаар бас уур хүрээд байдаг юм. Гэхдээ ийм аваргуудаар эдлүүлэх ч түүх дурсгалтай юм байна.

Ганаа_бж said...

Gombosuren guai ch mundag hun dee. Shine jiliig tuunguigeer tusuulj chaddaggui bailaa shd. Olon jil uvliin uvgun aav bolson doo, tee. Gudamjind taaraldahaar hurtel uvliin uvgun l yavj baih shig sanagddag baij uu. hehe.
Olon huurhun ohidtoi unur utgun saihan ger bultei yum bilee.

Nom gesnees bi nomon deer yum bichihiig uzej chaddaggui. Shine nom avahaaraa gaduur ni havtaslaj bariad l suid bolno. Boodliin bor tsaasaar havtaslaj baigaad unshina, unshij duusanguutaa havtaslasan tsaasaa avaad hayachihdag yum. Hehe, manai uvuu l neg tiimerhuu henheg hun baisan gedeg. Terniig ni duuriasan bololtoi.
Odoo hurtel huuhdee nom ereechlee geed uglene. Manai huuhed "uzgeer bich, harandaagaar l bichij baihad eej yun surtei yum, hereglej duusaad arilgachihna shd" geed l bas duugai baihgui ee...

Soronzon andiin nom bol tom dursgal bainaa. Neeree l iim dursgaltai nom uur hend ch baihgui dee.

Soronzon said...

Оюунаад:
2002 онд нэгэн баримтат кинон дээр ажиллахдаа Гомбосүрэн гуайгаа оруулахын тулд Сонгины амралтанд амарч байхад нь хотоос давхиж очоод бараг нэг цаг яриаг нь бичиж авсан. Одоо тэр хальс нь миний архивт бий. Цаг нь болохоор гаргаж тавина даа.

Ганаад:
Зөвлөгөө өгсөнд баярлалаа. Таны сануулсан ёсоор би орж үзсэнгүй ээ.

Оогийд:
Баярлалаа Оогий. Агаа нь дараа янзтай бичлэг оруулна аа.
"Венецийн моор Отелло" гэж гарчиг өгчихөөд бодоод явна. нэг л өдөр суугаад бичнэ дээ. Тэр бол ёстой гайхалтай бичлэг болох байх аа. Бичээгүй байж л одооноос кайф аваад байгаа шүү, ккк.

Гангад:
Тэр үед би ямар их уурлаж, юу юу гэж бурсан гэж санана, ккк.
Одоо харин гайхуулж суудаг, хн!

Ганаад:
Миний ах бас тань шиг хүн байсан шүү. Номын сангийнхаа бараг бүх номыг хавтаслаж/хуучин орос сэтгүүлийн цаасаар/ уншдаг хүн байж билээ, хөөрхий. Таны бичсэнийг унштал ах минь санаанд ороод...
Миний номын санд иймэрхүү дурсгалтай, дурсамжтай ном цөөнгүй бий шүү. Л.Түдэв, Т.Галсан, Ш.Сүрэнжав, Д.Пүрэвдорж, О.Дашбалбар, Б.Бааст, элчин сайд Б.Жаргалсайхан зэрэг аваргуудын гарын үсэг, дурсгалын үгтэй ном нэг бус бий. Зөвхөн О.Дашбалбарын сэтгэлийн үг, гарын үсэгтэй "Бурхны мэлмий" номын тухайд гэхэд л сонин сайхан дурсамж бичиж болох байх. Би өөрийгөө дажгүй сайхан номын сантай гэж бахархаж явдаг хүн. Охиндоо үлдээх өв минь тэр юм даа.

Anonymous said...

"Венецийн моор Отелло" гэж гарчиг өгчихөөд бодоод явна. нэг л өдөр суугаад бичнэ дээ. Тэр бол ёстой гайхалтай бичлэг болох----
Shekespeare in love-yg say uzsen yum baina. Tend yag ingez xeldeg, ta bas say uzeed ongod orz bichsen baixaa.

blue fire said...

Tanii hiideg ajil, uulzdag humuus chini ih "tusgai" yumaa. Gombosuren guai uneheer bodi hun shuu. "Baisan" gej helmeergui baina, yaagaad gevel odoo ch hun buriin oyun uhaan zurh setgeld uldsen hun shuu dee.
Ajil uils tanai urgelj uudluj baig.

Galaa said...

Сайн уу Соронзон тэгж байгаад л янзтай янзтай бичлэг оруулах юмаа миний найз.Найзтайгаа ярьж байгаа юм шиг л сайхан байдаг шүү.Амжилт

Soronzon said...

Үлмэдэхэд:
Үгүй дээ. Би сүүлийн үед зурагт үзэх завгүй гүйж яваа. Ямар ч кино хаана ч үзээгүй. Гэхдээ сонин сайхан тохиолдол байна шүү дээ/бэлгэшээлтэй/. Өнгөрсөн 7 хоногт театрын музей дээр "Алтан үеийнхэн" гэсэн үзэсгэлэн гарсан гэнэ лээ. Тэрийг очиж үзэж сэтгэлээ хөглөж байгаад Отелло/Гомбосүрэн гуайн/ тухай бичнэ дээ.

blue fire:
Харин тиймээ. Олон хүний сэтгэл зүрхэнд өвлийн өвгөний дүрээрээ мөнхөрч үлдсэн юм билээ. Шинэ жил дөхөөд ирэхээр Өвлийн өвгөн-Гомбосүрэн гуай л гэж ярих юм даа.

Галаад:
Баярлалаа, хө. Өөрөө харин яагаад юм бичихээ байчихваа. Он дуусах дөхөөд ирэхээр ажил гэж оволзож байна уу?