Tuesday, December 16, 2008

Маршалын адуучны яриа


Миний танил нэг өвгөн бий. Нэрийг нь Долгорын Жанцансамбуу гэх. Уг нутаг нь Завхан аймгийн Алдархаан сум. Хальт уулзаад өнгөрөхөд хүн анзаарахааргүй энэ өвгөн хорвоогийн тоосыг 78 жил хөдөлгөхдөө юу эсийг үзсэн гэхэв. Маршал Чойбалсангийн 30 дугаар байрны жижүүр, Засгийн Газрын Ордны пропуск шалгагч, Намын Төв Хорооны жижүүр, Дотоод явдлын Яамны нэгдүгээр хэлтэс, гадуур групп зэрэг газар алба хааж байсан төрийн хамгаалалтын ахмад ажилтан энэ буурал маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал болон төрийн хамгаалалтын албаны үүх түүхээс сонирхолтой олон дурсамж хүүрнэдэг юм. Энэ удаа түүний дурсамж ярианы нэгээхэн хэсгийг та бүхэнд сонирхуулья.

-Би 1917 онд төрсөн. Завхан аймгийн Алдархаан сумын наймдугаар багийн харьяат Долгор гэдэг хүний хүү. Аав минь миний хойт эцэг тул би ээжээрээ овоглосон. 1939 оны долоодугаар сард цэрэгт ирсэн. 45 хоног карантин дээр сургууль хийгээд 12 машин бүрэн зэвсэглэсэн цэргүүд Халх гол явах гээд сууж байлаа. Гэтэл жижиг тэрэг унасан Дотоод явдлын Яамны нэг бага дарга машин болгон дээр очиж хүн сураад байна. Бид бүгдээрээ айсан. Тэр үед Дотоод явдлын Яамны хүн сураглаж ирвэл бариад явчихдаг байсан болохоор айж суулаа. Гэтэл манай машин дээр ирээд миний нэрийг дуудаж “Буу сэлмээ, хорт утааны багтай хамт даргадаа тушаагаад жижиг машинд суу” гэв. Мөн хоёр гурван машин өнгөрөөд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Баяржаргалын Самбуу гэдэг цэргийг “суу” гэсэн. Бид хоёр өнгөрлөө л гэж бодож явсан. Тэгээд бид хоёрыг суулгаж аваад Дотоод явдлын Яаман дээр ирсэн. Хаалганы хоёр талд буй цэргийн хажууд нохой байх юм. Гэтэл сүүлд мэдэхнээ баримал байсан юм билээ. Орлогч сайд Жамбалдорж гэдэг хүн дээр бид хоёрыг оруулсан. Тэр сайд бид хоёрын нутаг орон зэрэг ойр зуурын юм асууж танилцаад, “Та хоёр маршалын дэргэд тусгай үүрэг гүйцэтгэнэ” гэж хэлсэн. Дараа нь Хязгаарын газрын дарга хүлээж аваад, “Маршалын лабораторид ажиллана. Сонор сэрэмжтэй байгаарай” гэж захисан. Тэгээд бид хоёрыг наймдугаар хороон дээр аваачсан. Тэнд маршалын лаборатори байрлаж байсан. Лабораторийн гол үүрэг нь маршалын биед хор хөнөөлгүй, тэжээллэг хүнсний зүйл нийлүүлэхэд оршиж байлаа.

Ус зөөдөг Санжаажамц гэж өвгөн, 10 үнээ, 8 морь байлаа. Мөн орос эмэгтэй эмч байсан. Хүйтэн, халуун хоёр складтай. Халуун складыг өдөр шөнөгүй галлаж халаадагсан.

Маршалын хүрэн, Элчингийн хээр, Цэдэнбалын зээрд, Шагдаржавын саарал /Дотоод явдлын Яамны сайд/ гм хэдэн морь байдаг. Өвөл овьёослоно, унаж хөлөргөнө. Унах газар олдохгүй ээ. Хятадын “найм есөн” гудамжаар давхиж хөлөргөдөг байсан. Зохиолч Чимидийн эцэг эрүү Чойжил гэдэг хүн лабораторийн анхны дарга байсан.

Бид нар нядалсан махныхаа хортой хоргүйг мэдэхийн тулд нохойд хэрчим мах хаяж өгдөг байлаа шүү дээ. Аминдаа нохой хордож үхэх нь үү, үгүй юу гэдгийг шалгаж буй нь тэр. Мөн ч бүдүүлэг байсан хэрэг шүү. Одоо бол микроскопоор үздэг болоо шив дээ хэмээн өгүүлсэн юм.

3 comments:

Оогий said...

sonirxoltoi yumaa

Anonymous said...

1917 ond tursun bol 91-tei baimaar.

Soronzon said...

Оогийд:
Баярлалаа, хө.

Үлмэдэхэд:
Баяр хүргэе. Та их гярхай хүн юмаа.
Энэ миний 1995 онд бичиж байсан бичлэг. Тэр үеийнхээ бичлэгийн өнгө төрх, алдаа оноог засаж билүүдэлгүй тэр чигээр нь энд тавьсан билээ. Хожим надад өөрт минь сургамж болж юуны магад!