Tuesday, December 30, 2008

Богд хааны хаш тамгыг хэн сийлсэн бэ?



1911 оны 12 сарын 29. Баасан гариг. Их Хүрээний Зүүн хүрээний газар морин цагт Богд гэгээнд Шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч, шашин төрийг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст Хаан цол өргөн, Монгол Улсын эрдэнийн их суурь-хаан ширээнд залах их ёслолыг хийж, энэ баярыг бүх Монгол даяар өргөн тэмдэглэжээ.

Богд гэгээн “Шашин төрийг хослон баригч Наран гэрэлт Богд хааны тамга” гэсэн үгтэй тамга барьж төрийн хэргийг шийтгэн явуулах болсон байна. Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийн баталгаа болсон Төрийн тамганы үгийг соёмбо, хуучин монгол, эвхмэл гурван үсгээр бичжээ. Уг тамгыг цагаан хашаар сийлсэн бөгөөд бариул нь хүслийг хангагч чандмань эрдэнэ.

Төрийн тамганы хаш чулууг олсон Сэцэн чин вангийн хошууны Цэнд зайсанд Богд хааны зарлигаар улсын сангаас 500 лан мөнгө олгож, үе улиран дэд зэрэг жинс шагнаж байжээ.

Харин Богд хааны хаш тамгыг
хэн гэгч хүн сийлсэн юм бол оо?


Дотоод яамны тэргүүн сайд Да лам Цэрэнчимэд “Хааны тамгыг гадаадын хүнээр хийлгэхгүй, монгол дарханаар сийлүүлж түүхэнд тэмдэглэн үлдээнэ” хэмээн шожион /чулуучин/ хайсаар Зүүн хүрээний Вангай аймгийн “хар гарт” Лувсангомбо гэгчийг олж түүгээр хийлгэх болсон байна.

“Хар гарт” Лувсангомбо хэмээх энэ хүн урьд нь Хүрээний сангаас үлэмж хэмжээний мөнгө зээлдэн авч наймаа хийхээр Бээжин ороод ашиг алдаж нутагтаа буцаж чадалгүй тэнд гурван жил суухдаа чулуу урлах эрдэм сурч багажтай ирсэн гэнэ.
Лувсангомбо нь Шарга морьтын аманд улаан халзан гэр бариулж хааны тамга урлаж эхэлсэн байна. Тамга хийдэг гэртээ хүн оруулдаггүй байсан гэдэг. Хэдэн сарын дараа Лувсангомбо "Миний нүүр, гар хөл хашийн хоронд идэгдэж хавагнаад байна. Энэ хорыг ганцхан архи авдаг гэнэ" гэж Богд хаанд айлтгал өргөхөд "Өдөр бүр нэг лонх архи өгч байсугай" хэмээн зарлигджээ. Энэ нь балгах дуртай тэр хүний бяцхан ов заль байсан гэдэг юм.

Түүнийг Шарга морьтын амнаас Дунд голын хойд хөвөөнд нүүлгэж, сүүлдээ Дотоод яамны баруун хамарт ч буулгаж, харуул манааны харгалзаан доор олон сар ажиллуулсаар тамга урлах ажлыг нь дуусгажээ.

Тамга хийж дуусмагц хүлээн авч танилцсан Дотоод яамны сайд Цэрэнчимэд соёмбо үсгийг тамгын хүрээнд багтаагаагүйн зэрэгцээ “дэндүү удаан хийлээ” хэмээн Лувсангомбыг донгодсон байна. Лувсангомбо хариуд нь “Тамгын үсэг хүрээндээ багтаагүй явдал болбол манай улсын хил гадагшаа тэлэхийн шинж тэмдэг" гэж маргаж байжээ. /зургийг харна уу!/
Мөн тэрээр “Өнгөт наран гэрэлт Богд минь хаан суулаа. Өвгөн би түүний тамгыг өндөр уулын өвөрт эхлэн урлаж, өргөн голын захад үзэмж сайхнаар үйлдэж төгсгөх нь түмэн үеийн түүхт хэрэг” хэмээн ерөөж байсан гэдэг.

Да лам Цэрэнчимэд нэг түшмэдийн хамт Лувсангомбыг дагуулан тамгаа авч Богдод өргөхөөр очиход дэргэдийн ноёд “Та ямар гавьяа шагнал авна гэж горьдож байна" гэхэд нь “Миний хар гар байвал надад өөр ямба хэргэм хэрэггүй. Зусар долдой, хээл хахуулиар хэргэм зэрэг авдаг нь би биш” гэж аймшиггүй өчиж байсан гэдэг.

Хаш тамга хийснээс хойш жил гаруй болоход Лувсангомбод шан харамж өгсөнгүй. Үүнд гомдсон Лувсангомбо Богд хаанд айлтгал өчсөн байна. “Хаан төрийн тамга урласан хүнийг нэг бол насан туршид нь цалин пүнлүү өгч асран тэтгэдэг, эсвэл толгойг нь авдаг гэсэн хуучны үг бий. Хэрхэхийг хаан эзэн минь өөрөө мэдтүгэй” хэмээн айлтгал өргөсөн түүнд насан туршид нь сар бүр гучин янчаан олгох Богдын зарлиг буулгаж байжээ. Тэрээр энэ тусгай эрх ямбаа 1921 онд ардын засаг мандтал эдэлж байсан байна.
Харин Ардын Засгийн газрын 1921 оны долдугаар сарын 30-ны өдрийн VIII хурлын 14 дүгээр зүйлд "Тамга хийсэн лам Лувсангомбо, дарга өндөр Гонгор нарын нэгэн биеийн гавьяа хишигт үүрд цалин эдлүүлэх нь нийлэлцэхгүй учир Сангийн яамнаас тэдэнд хэр зохисоор мал юмыг олгоод хойшид таслан зогсоохоор тогтов" гэж заасан байдаг ажээ.

Их Хүрээний модон барын даамал байсан энэ хүн бас Богд хаант монгол улсын засгийн газраас 1921 онд гаргасан “Бага болзоот” хэмээх мөнгөн тэмдэгтийн модон барын сийлбэрийг сийлсэн түүхтэй. Энэ мөнгөн тэмдэгт нь 10, 25, 50, 100-тын долларын дэвсгэртүүдээр гарсан бөгөөд 10-тын доллар нь хонины, 25-тын доллар нь үхрийн, 50-тын доллар нь морины, 100-тын доллар нь тэмээний зурагтай байжээ…

Монгол зоос болон мөнгөн тэмдэгтийн түүх судлаач Б.Нямаа 2007 онд хэвлүүлсэн “Монголын хоёр төрийн мөнгөн тэмдэгт-1921” номдоо анх “хар гарт” Лувсангомбо хэмээх энэ хүний тухай дэлгэрэнгүй оруулж судалгааны эргэлтэнд оруулсан гавьяатай хүн.
Тэрээр олон жилийн туршид АНУ-д ажиллаж амьдрахын зэрэгцээ судалгаа шинжилгээний ажлаа үргэлжлүүлэн “Монгол улсын зоос, мөнгөн тэмдэгт” /Ч.Энхбат, Ц.Батсайхан нарын хамт 2002 он/, “Монголын эзэнт гүрний зоосон мөнгө ба хаадын овгийн тамга”/2005 он/, “Чингис хааны зоосон мөнгө”/2006 он/ зэрэг номууд бичсэн манай урдаа барих нэртэй цуглуулагчдын нэг, түүхч хүн.

Би хувьдаа түүнийг монголын түүхийн шинжлэх ухааны зоос судлалын салбарын лидер гэж хүндэлж явдаг нэгэн билээ. Та бүхэн энэ хүний цуглуулгатай танилцахыг хүсвэл түүний хөтөлдөг дараах вэб сайт руу орж сонирхоорой. http://mongoliancoins.com/
Өнөөдөр улс даяараа өргөн тэмдэглэж байгаа Үндэсний эрх чөлөөний өдрийг тохиолдуулан алсын АНУ-д аж төрж буй Б.Нямаа ахдаа болон гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөхийн ялдамд шинэ оны мэнд хүргэж байна.

Эх сурвалж:
Б.Нямаа “Монголын хоёр төрийн мөнгөн тэмдэгт-1921”/УБ.2007/
Д.Дамдинсүрэн “Их Хүрээний нэрт урчууд” /УБ.1995 он/
С.Бадарчи, Н.Дугарсүрэн “Богд хааны амьдралын он дарааллын товчоон”/УБ.2000 он/

8 comments:

Anonymous said...

Соронзон дандаа сонин мэдээлэлтэй бичлэг хийнэ шүү.
Угсаатан зүйч Х.Нямбуу гуайн "Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын төрийн ёс, ёслол" номд төрийн тамга бүтээсэн тухай цухас дурдсаныг л уншиж байсан.Ийм сайхан дэлгэрэнгүй зүйл хараагүй явлаа хө. Баярлалаа.

бж said...

Sain uu, Soronzon.
Erhem andiin huselteer hundaga dars urguv.
Tavtai morilno uu, hehe.

Jaahan yaruu shurdhiigeed garsan tul bichlegiig chini unshij amjsangui, uuchlaarai.
Ergej orj ireed tuhlan baij unshnaa.

Anonymous said...

Mash sonin sanagdlaa..saihan ch medeelel bna. Chinii bichleg uudiig unshsaar bgaad unenee xelexed meddeggui zuiluudiinxee talaar delgerengui medeelel avdag bolson....bayarlalaa Soronzon..

PS : xariu bichix bol bitgii JAA ..MAA..BAGSH MAGSH gej xariulaarai..please.. he he

Г.Ганбат said...

Маш сонин сайхан мэдээлэл байна. Баяралалаа.

Оогий said...

Гоё бичлэг байна. Шинэ оны мэнд

Anonymous said...

Будар будар цасанд
Буурал дэлхий цав цайж
Болор жүнзэнд оргилуун дарс дэвэрч
Баяр баярын дээд шинэ жил ирлээ!
Шинэ эрч хүч, аз жаргалыг хүсэн ерөөе!

Arsun said...

Шинэ оны мэнд хүргэе.
Сайхан бичлэг байна, баярлалаа.

Soronzon said...

Гангад:
Танд баярлалаа.
Та Б.Нямаа ахын "Монголын хоёр төрийн мөнгөн тэмдэгт-1921" номыг заавал олж үзээрэй. Маш сонирхолтой олон зүйл тэнд бий шүү!

Ганаад:
Орой танайхаар орж хундага тулганаа, хө.

Алтайн уулст:
Шударгаар хэлэхэд, би блог бичиж эхэлснээсээ хойш олон зүйлийг танаар заалгасан шүү дээ!
Блог ертөнцөд хөл тавихад минь хамгийн түрүүн гараа сунгаж үнэн сэтгэлээсээ харамгүй хэлж зааж өгсөн ачийг тань би яахан мартах билээ.
"Шавийн эрдэм багшаас" гэж өвөг дээдэс минь зүгээр ч нэг хэлээгүй байхаа, тийм үү?

Ганбатад:
Баярлалаа. Танд шинэ оны мэнд хүргэе.

Оогийд:
Дүү охиндоо ч бас шинэ оны мэнд хүргэе ээ.

Арсунд:
Баярлалаа.
Танд ч бас шинэ оны мэнд хүргэхийн хамт монгол гэрээ сурталчлах үйлсэд тань амжилт хүсье ээ.