Sunday, January 18, 2009

Хар царайтай мөртлөө цагаан гартай ОТЕЛЛО


Тээр жил манай яамны хэмжээнд урлагийн үзлэг болдог юмаа. Бүх албад газар, хэлтсүүд дор бүрнээ урлагийн авьяастнуудаа шалгаруулан идэвхтэй оролцохыг тушаасан сайдын тушаал гарч хэрэндээ л хөл боллоо. Ажилд ороод хагас жил ч болоогүй, тэгээд бас насаар хамгийн бага нь тул би эхний ээлжинд “нэр дэвшлээ дээ”. Архаг гарууд ард нь сугараад үлдэхээ мэдэлгүй яахав дээ. Миний мэтийн шинэковууд, эсвэл чих зөөлөнтэй, дуулгавартай зарим нь тэгээд мэдээжийн хэрэг урлагийн үзлэг гэхээр хөл нь хөнгөрөн нүд нь сэргээд ирдэг хуучны хэдэн “цуутай” уран сайханчид нийлээд хориод хүн нэр дэвшсэн юм. Шалгалтын комиссын өмнө дэвхэрч цовхорч, дуулж хуурдаж, язгуур урлагдан хамаг байдаг авьяас чадлаа үзүүлсний эцэст хориод хүнээс дөнгөж тал нь тэнцлээ дээ. Бурханы аврал гэж!

“Арван жилд байхдаа хооронд ч зогсож үзээгүй хүн ажил дээр гарахаараа ингэж авьяас нь гэнэтхэн тодордог юм болов уу” гэж гайхлаа, эргэлзлээ. За, ямар ч байсан монгол улсын төрийн яамд дотроос нэлээн чухалд нь тооцогддог яамны урлагийн авьяастан гэж шалгаран товойсон доо баярласан гэж юухэв. Хэд хоног хөл газар хүрэхгүй гүйлээ, угааж тэмдэглэлээ, сүүлдээ биеэ тоолоо доо.

Эхлээд бүжгийн төрөлд хүч сорьвоо. Хэд хоног бүжгээр хичээллэж байтал сургуулилт хийлгэж байсан багш маань “Би чам шиг ийм хөдөлгөөний эвсэлгүй хүнийг насандаа үзээгүй юм байна! Хэн чамайг шалгаж авсан юм бэ? Шалгаруулалт дээр ирсэн багш нь аягүй бол согтуу байсан байх даа...” ч гэх шиг хачин хачин юм ярьж байснаа “Миний дүү хэзээ ч битгий бүжиглэж байгаарай! Хүн чамайг муу хэлнэ шүү. Би харин чамд сайн санаж л хэллээ. Одоо явж үндсэн ажлаа хий. Чамайг чөлөөллөө” гэх нь тэр. Ингээд бүх юм будаа.

Ажилд ороод удаагүй, шинэхэн хамт олныхоо итгэл найдварыг хүлээн яамны хэмжээний тэргүүний уран сайханчаар шалгарсандаа баярлан хөөрч тэнгэрт дүүлж байсан сэтгэл маань шалан дээр өнхөрвөө, хөөрхий. Хал үзэж, хатуу үг сонсож үзээгүй, ээжийнхээ өврөөс эхнэрийн өвөрт ч шилжээгүй “нусан пулемёт” уйлна биз дээ? Хэнд ч юм бэ, юунд ч юм бэ гомдоод хөшигний цаана нулимсаа арчиж зогстол найрал дуу зохион байгуулан удирдаж байсан Т.Насанбуян багш харчихжээ.

“Хүүе дүү минь юу болоов? Яагаад уйлаав? Ийм сайхан том залуу яахаараа уйлаад зогсож байдаг билээ” гэхээр нь бүүр ч тэссэнгүй енгэнүүлж эхэллээ. Жаал мэлмэрүүлж байгаад үнэнээ хэллээ дээ. “Усан цэргийн бүжгийн багаас хасагдчихлаа. Намайг ямар ч авьяасгүй, хөдөлгөөний эвсэлгүй гэнээ. Тэгээд буцаж очиж ажлаа хий гэж байна. Би яаж хамт олныхоо нүүрийг харнаа” гэвэл Насанбуян багш нүүр лүү нь бууж ирсэн тайрмал үсээ илж чихнийхээ араар донжтой гэгч нь хийгээд хоолой засаж хэсэг зогсов. Тэгснээ гэнэт нэгийг сэтгэв бололтой нүд нь гялалзаж “За чи яг эндээ байж байгаарай. Хаашаа ч явж болохгүй шүү. Би одоохон ирнэ. Тэгээд хоёулаа яахаа ярилцаж шийдье” гээд шурд хийн алга боллоо.

Төд удалгүй багш маань инээд алдсаар хүрээд ирлээ дээ. “За хө, би бүжгийн багштай чинь яриад тохирчихлоо. Чамайг хасахгүй ээ, хө. Өнөөдрөөс чи манай найрал дууны багт орж хооронд зогсоно доо. Бүжиглэж чадахгүй ч гэсэн дуулж чадна биз дээ? Залуу хүн байна гоцлоод дуулдаггүй юмаа гэхэд найрал дуунд хоолой нэмэрлээд зогсож байхгүй юу. Тийм биз дээ? Алив чи нэг дуртай дуугаа аялаадах даа...Ля ля ля... За тэр хэлээгүй юу? Чи чинь баритон хоолойтой юм байна шүү дээ. Маргааш өглөөнөөс эхлээд манай найрал дууны баритон хоолойтнуудтай хамт зогсож дуулна шүү. Хөөе, нөхөр минь дахиж уйлж болохгүй шүү! Өнөөдөр эртхэн хариад амарчих. Маргааш шууд над дээр хүрээд ирээрэй” гэж билээ. Ингээд маргаашнаас нь эхлэн Насанбуян багшийн удирдлаган доор найрал дуунд зогсон “Зулай цагаан Алтай” хэмээн хоолой салган хангинуулж өгдөг болов оо, хө.

Үүрийн таван жингээр
Сараа саатуулж мөнгөрсөн
Үдшийн бүрий тасрахад
Нараа наадуулж алтарсан

Зулай цагаан Алтайгаа би
Зүүдэлж сэрдэг нь юуных вэ?
Аяа Алтай минь Алтай минь
Азаар заяасан нутаг аа
Тэвэрч таныгаа даахгүй ч гэсэн
Тээж явдаг даа сэтгэлдээ...

Насанбуян багш маань ингэж сар гаруй хэртэй манай яамны газар газраас цугласан мань мэт шиг “торгон авьяастай” уран сайханчидтай үйлээ үзсэн дээ, хөөрхий. Би л түүний оронд байсан бол лав галзуурах байсан байх аа. Яасан ч их сэтгэлийн хаттай, тэсвэр тэвчээртэй хүн юм бэ? Мэргэжлийн бус, тайзны сахилга бат гэж юу ч дуулж сонсоогүй, бааранд юмуу караокед хааяа халамцуухан дуулдагаа их юманд бодож өөрсдийгөө авьяастай гэж бодож, үнэмшчихсэн миний мэт улсаар юм хийгээд концерт босгоод л ирсэн дээ. Баярлаж бахархмаар хүн шүү.

Заримдаа давтлага сургуулилт санаанд нь хүрэхгүй үед мань мэтийнхээ сэтгэлийг засаж хөгжөөе гэж боддогсон уу, урлагийн ертөнцийн сонин хачнаас хуучлана аа. Багш маань өөрөө ч их сайхан ярьна л даа. Нүдэнд харагдтал дүрсэлж, биеэрээ элдэв хөдөлгөөн этюд энэ тэр хийж бараг л жүжиглэж тоглоод үзүүлчихдэг юм. Багшаас олон сайхан зүйл сонсож байсан боловч нэг яриа нь одоо хүртэл санаанаас минь гарсангүй ээ.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Насанбуян багшийн яриа:-Гадаадын нэгэн оронд “Отелло” жүжгийг тавьжээ. “Отелло” жүжгийн гол дүрд тоглосон жүжигчин нэгэн удаа яагаад ч юм бэ хоёр гараа будалгүй гарч ирж шуугиан тарьсан байна. Тас хар царайн дээр дун цагаан шүд нь гялалзсан, ээмэг зүүсэн мавр маань цав цагаан гартай гараад ирэхэд соёлтой газрын үзэгчид дургүйцэж орилолдохоос ч биш яах вэ дээ. Уурлаж бухимдсан үзэгчид гартаа тааралдсан бүхнийг тайз руу шидэж, орилж, шүгэлдэж, дэвсэлж, театрыг нурахаа шахсан гэнэ.

Нэгэнт тайзан дээр гарсан тэр жүжигчин үзэгчдийн үзэн ядалт, оргилсон их уур, зэвүүцэл доромжлолыг тэсэн тэвчиж тоглосоор л байж. Үзэгчдийн уур бухимдал дарагдахгүй байсан ч гэсэн жүжигчдийн ур чадвартай тоглолтод автан театрыг нураахаа шахаж байсан нь арай л намдаж. Жүжиг эхэлсэн цагаас хойш “Энэ хүнд байдлаас яаж гарах вэ?” гэж найруулагч, жүжигчид бүгд л толгойгоо гашилган шаналж байлаа.

Жүжгийн төгсгөлд Отелло:
-Зоншоос гөлгөр, цаснаас цагаан биед нь хүрэхгүй
Гэвч, дахин нүгэл тарихгүйн тул, Дездемон үхнэ
Эхлээд, лаагаа унтраана. Дараа нь амий нь унтраана гэж хэлээд Дездемоныг багалзуурдан алсны дараа цав цагаан бээлий тайлж шалан дээр шидэхэд тас хар гар гарч иржээ.

Тас хар царайтай мөртлөө цасан цагаан гартай Отеллог жүжгийн туршид хараан зүхэж, исгэрч шүгэлдэн “Тайзнаас зайл, арил, тонил” хэмээн орилж байсан үзэгчид нэг хэсэгтээ чив чимээгүй болж. Театрын дотор ялаа ниссэн ч сонсогдохоор чимээ амиагүй байдал хэсэг зуур үргэлжилсний дараа гэнэт үзэгчдийн алга таших чимээ шаагиж эхэлжээ. “Гайхамшигтай байна, Отелло” хэмээн театр тэр аяараа нүргэлж байлаа. Үзэн ядах, зэвүүцэл хорсол нь баяр хөөр, бахдах сэтгэлийн долгионоор солигдсон үзэгчдийн тасралтгүй нижигнүүлэх алга ташилт, исгэрээн, орилоон, уухайн дуунд театрын адар дахь болор гэрлийн бүрхүүл чичигнэн савлаж, жингэнэн дуугарч байсан гэдээг...

12 comments:

БЭ said...

энэ өөрийн тань дурсамж уу, хэхэ. сайхан бичлэг байна. гэснээс тэр зөөлний тэмдэгүүдийг нэг л буруу биччихсэн нь нүдэнд тусаад хэлэхгүй байж чадсангүй. ккк

авъяас
гавъяа гэх мэт

бас энэ отелло гэдэг нөхөр чинь аттила хааны нэрийг гуйвуулсаар ингэж нэрлэгдэх болсон юм гэдэг. тэгхээр явж явж бидний өвөг дээдэсийн талаар гэж ойлгоод байгаа.

Soronzon said...

Манайхаар зочилсонд тань гялайлаа.
"Гавъяа, авъяас" гэж бичээд байдгийг мэднэ ээ. Гэхдээ би өөрөө Я.Цэвэл гуайн ногоон толийг мөрдлөг болгох, сөхөж харах тун дуртай хүн байгаа юмаа. Янз бүрээр бичиж маргалдаад байдаг үгийг тэндээс л тулгаж гол эх сурвалжаа болгодог ухаантай.Үнэхээр нүдэнд тань эвгүй харагдаад байвал засаад бичиж болох юм.
Атилл хааны нэр уг гарлаараа "Ард түмний эцэг" гэсэн утгатай гэдэг байх аа?
Шумерүүд "ага-эцэг" гэдэг байсан бол Хүннүгийн үед "ата-эцэг" гэж нэрлэдэг байсан тухай та мэдээж уншсан байлгүй дээ. Саналаа солилцоход сайхан байлаа.

bluefire said...

Bas negen saihan bichleg oruulj oyuniig maani bayasgasand bayarlalaa.

Оогий said...

Ёстой сайхан дурсамж байнааа

Soronzon said...

Нутгийн шувуухайд:
Хэ хэ, хичээе ээ.

Оогийд:
Миний дүү сайхан ажил үйлс сэдэж санаачилж яваа юм билээ. Үйлс тань өөдрөг байг ээ!

Arsun said...

Jujigchid uran arga oljee.

Soronzon said...

Насанбуян багш нүдэнд харагдтал ярьсан учраас олон жил сэтгэлд минь хадаатай явсан юмаа. Сэтгэлийн тань утсыг доргиож эс чадвал бичээчийн муугийн шүү, ккк.

"Монголын төр зүтгэсэн хүнээ хамгаалж чадахгүй байна" гэдэгтэй тань санал нэг байгаа. 1990-ээд онооос хойш манай тагнуулын байгууллагатай холбоотой олон хүн тэнгэрт хальсан. Өвгөнт архи, герман спирт, Смирнов водканд
хөлчүүрхсэн бид даанч анзаарч чадаагүй. Хааяа ганц нэг хүнийх нь тухайд шар хэвлэлээр гарч байсан боловч тэрийг ухаарч санаж сэрэх хүн байсан уу даа үгүй юу???

Anonymous said...

otella gej..

БОРОО said...

хэхэ. Гоё бичлэг байна. Эргэлдэж байх бас нэг блогтой боллоо би. хэхэ

Soronzon said...

Алтайн уулст:
:-)
Бороод:
Тавтай морил!

ELDER MIKE said...

Та бөөр худалдаж авах уу, эсвэл зарах уу?
бөөр? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай
таны бөөрөнд өгөх мөнгөний хэмжээ. Намайг Доктор РАГХАВ гэдэг
би бол МАРТИАС ЭМНЭЛЭГТ Бөөрний эмч юм. Манай эмнэлэг бол
Бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн, бид бас шийддэг
амьдрах бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах
холбогдох хандивлагч. Бид Энэтхэг, Турк, Нигери, АНУ, Малайз, Энэтхэгт байрладаг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдаж авахыг хүсвэл бидэнтэй имэйлээр холбоо бариарай.

Имэйл: marthiashospital@gmail.com

Хүндэтгэсэн
ДР РАГАВ.

ELDER MIKE said...

Та бөөр худалдаж авах уу, эсвэл зарах уу?
бөөр? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай
таны бөөрөнд өгөх мөнгөний хэмжээ. Намайг Доктор РАГХАВ гэдэг
би бол МАРТИАС ЭМНЭЛЭГТ Бөөрний эмч юм. Манай эмнэлэг бол
Бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн, бид бас шийддэг
амьдрах бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах
холбогдох хандивлагч. Бид Энэтхэг, Турк, Нигери, АНУ, Малайз, Энэтхэгт байрладаг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдаж авахыг хүсвэл бидэнтэй имэйлээр холбоо бариарай.

Имэйл: marthiashospital@gmail.com

Хүндэтгэсэн
ДР РАГАВ..