Saturday, January 24, 2009

Араатны хаан арслангийн тухай сонирхолтой баримтууд


Монгол нутагт арслан байдаггүй. Гэтэл ардын аман зохиол, үлгэр домогт арслангийн тухай өгүүлсэн нь тун арвин. Тэр ч байтугай эрт дээр цагаас уран барилгын чимэглэл, ардын тоглоом наадгайд арслангийн дүрсийг хэрэглэж ирсэн баримт олон бий. Миний бие араатны хаан арслантай холбоотой монгол баримтуудыг олон жил цуглуулж ирлээ. Та бүхэн Арслан хэмээх амьтны тухай дуулж мэдсэн, уншсан харсанаа харамгүй хуваалцаж цуглуулгад минь нэмэрлэвэл гүнээ талархах байна.
Нэгэн зүйл. Монголчууд эрт дээр цагаас луу, хангарьд, арслан, бар зэргийг ертөнцийн дөрвөн хүчтэн гэж нэрлэж ирсэн бөгөөд арсланг оюун ухаан, эр зориг, эрх чөлөө, эд баялаг оршин тогтнох, эд юмсыг бат найдвартай хадгалж хамгаалах, хулгай болон бусад муу муухай зүйлээс ангижруулахын бэлгэдэл хэмээн үзэж иржээ.
Нэгэн зүйл. Ховд аймгийн Хойт Цэнхэрийн агуйгаас олдсон хадны сүг зурагт арслан зурсан нь бий.
Нэгэн зүйл. Монголын хаад сургуультай арслангаар зэрлэг гахай, буга, хулан, гөрөөс бариулж цэнгээнт үзмэр болгодог байсан тухай Марко Поло “Орчлонгийн элдэв сонин” номдоо дурьдсан буй.
Нэгэн зүйл. XIII зууны үед эгшиглэж байсан хаан төрийн их найрал хөгжмийн дотор арслан хуур нэртэй хөгжим байсан тухай мэдээ байна.
Нэгэн зүйл. Монголчууд эрт дээр цагаас Цейлон улсыг “Арслан тив” гэж нэрлэж ирсэн уламжлалтай.
Нэгэн зүйл. Сэлэнгэ мөрний Байбалыгийн балгасаас олдсон, одоо Байгалийн түүхийн музейд байгаа хүрмэн чулуугаар хийсэн хоёр арслан уламжлалт дүрсээс өөр, цэвэр төв азийн хэлбэртэйгээрээ онцлог гэнэ.
Нэгэн зүйл. Арслангаас айсан бух
Арван жил гэдэс өвдөнө.
-Цаст уулын цагаан арслан
Цагаа болоход шоргоолжинд баригдана
-Аргатай хүн арслан унана /Зүйр үг/
Нэгэн зүйл. Эзэн Чингисийн алтан ургийн сурвалжит язгууртан, Сэцэнхэн аймгийн Илдэн вангийн хошууны засаг ноён Тогтохтөр “Лам өгүүлэхийн арслан Манзушри эгшигт эхэд мөргөж монголын зуун хорин гурван цагаан толгой үсгийг туурвисан оюун билгийн соёрхол” хэмээх зохиолоо Бүрэн засагчийн 2 дугаар онд/1864/ туурвисан ажээ.
Нэгэн зүйл. Ар цаст ууланд төрсөн барсын үсэн чимэгтэй
Агаар тэнгэрт цэнгэлдэгч лууны биеийн янзтай
Алсыг товчлох гарьдын жигүүр мэт хөлтэй
Ачаа даах нь арслангийн нуруу мэт хүчтэй хэмээн тэмээг дорно дахины улс түмний дунд дөрвөн хүчтэн хэмээн тооцдог луу, гарьд, бар, арслантай зүйрлэсэн байдаг.
Нэгэн зүйл. Аймаг ба улсын наадамд анх удаа түрүүлсэн бөхөд арслан цол олгодог.
Нэгэн зүйл. “Цогт тайж” киноны Арслан тайж, “Говийн зэрэглээ” киноны Арслан зэрэг дүрүүдээс харахад монгол хүний нэрийн санд хүндтэй байр эзэлдэг нэр ажээ.
Нэгэн зүйл. Монгол зурхайн ухаанд тэнгэрийн 12 ордын нэгийг арслангийн гэр хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь 7 сарыг эрхшээдэг ажээ.
Нэгэн зүйл. Монголчууд жирийн эсгийн бүрээст монгол гэрээс гадна түүхэндээ олон янзын гэр хэрэглэж ирсний нэг нь арслангийн бүрээст арслан гэр юм.

18 comments:

arsun said...

Их сонирхолтой цуглуулга байна. Би блогоо анх бичихдээ арслангийн тухай бичсэнсэн. Бас гэртээ хүүхдүүдэд ээлтэй гээд арслангуудын зураг өлгөсөн.

Ганаа_бж said...

Арслан гэхээр толгойгоо тойроод их үстэй эр арслан л сэтгэлд буудаг ч гэлээ эм арслан эрээсээ дутахгүй хүчтэй, хурдтай юм билээ шүү. Амьтдын ертөнцийн тухай элдэв киног шимтэн үзэхдээ эм арслангийн хүч чадлыг бас бишрээд авсан.
Гөрөөсний сүрэг рүү дайрахдаа эхлээд гурав дөрвөн эм арслан сул дорой гөрөөс болон янзагануудаас таслан хөөж, гүйцэж түрүүлмэгцээ хоолойд нь асаад, хөдөлгөөнгүй болгомогц алсаас энэ бүхнийг харж байсан эр арслан хүрэлцэн ирж "бэлэн болсон" зоог гүнцэгээ барих жишээтэй. Хоёр гурван гөрөөс янзаганууд амьгүй шахуу болчихсон ойролцоохон хэвтэж байхад эр арслан л түрүүлж ам хүрэх ёстой юм шиг байгаан, эмүүд нь зайдуухан цомцойгоод хараад сууж байх жишээтэй...

Бага байхаас гэрт маань байсан хүрэн авдар дээр хоёр том арслангийн зураг байдаг байж билээ..
Дуурийн театрын үүдэн дэх арслан арай томдчихсон юм шиг санагддаг.

Galaa said...

Үүх түүх уламжлалын талаар сайн мэдэхгүй юм. Гэхдээ л арслан гээч амьтан монголчуудын хувьд авран хамгаалагч муу бүхнийг сахин зайлуулагч гэсэн бэлгэдэл утгаараа маш их дэлгэрсэн гэдэг нь ойлгомжтой. Минийхээр бол шарын шашны зан заншил уламжлалтай цуг орж ирсэн болов уу. Азийн буддын шашинтай орнуудад арслангийн бэлгэдэл дүрс их ажиглагддаг болохоор тэгж бодож байна.

Э. Баярсайхан said...

Зураг хөрөг хавсаргасан бол ч...

badrangui said...

Алтан чиг мөнгөн чиг 2 бугуйвчийг ээ
Арслан хотын урчуудаар сийлүүлж хийсийм аа хө... гэж сайхан дуу буй....

A.Ganbaatar said...

Түрк хэл дээр Арсланг Аслаан гэдэг гэсэн, Нарнягийн домог дээр бас тэгж нэрлэдэг дээ.

Манай өвөөгийнх нохойгоо Аслаа гэж нэрлэдэг байсан.

Арслан гэдэг нэрний гарал үүслийг юм мэддэг хүмүүс судалсан л байдаг байх даа. Сонирхолтой л сэдэв

neenee said...

Таны блогын бичлэгүүдийг илүү олон хүнд хүргэх зорилгоор www.nlog.mn дээр хэсэгчлэн нийтэллээ. Үргэлжлэлийг таны блогруу орж уншихаар линкийг тавьсан. Мөн таны нэр, зохиогчийн эрхийг дурьдсан болно. Санал хүсэлт байвал ntsene@gmail.com хаягаар ирүүлээрэй.

Otgoo said...

http://www.interestingfacts.org/?page=fact&id=491
Арслан Бар хоёрыг эрлийзжүүлээд Барслан гаргаж авсан юм байна. Сонирхолтой блогийг чинь өөрийнхөө блогт линкдэв.
Амжилт хүсье.

Soronzon said...

Арсунд:
Би таны блогоор орж арслангийн тухай бичсэн бичлэгүүдийг тань хайгаад олсонгүй ээ. Яг хэдэн оны хэдэн сарын бичлэг вэ? Үзэх юмсан..

Ганаад:
Арслантай авдар уу? 1990-ээд оны дундуур Хятадаас хэсэг хүмүүс ирж Улаанбаатарын эртний эдлэлийн дэлгүүрүүдийн болон зах дээр байсан арслантай авдруудыг хуу хамаад урагш нь гаргасан. Сүүлд сонсохнээ Өвөр Монголын олон аймагт монгол зан үйлийн музей байгуулж тэнд тавьсан сурагтай байна лээ.
Улаанбаатар хот дахь арслангуудаас/эртний хийцтэй нь шүү/ бол надад Маршалын өргөө буюу 30 дугаар байрны үүдэнд байдаг хоёр арслан их таалагддаг юм даа. С.Чоймбол, Н.Жамбаа, Данзан
зэрэг манай ахмад үеийн уран гартнуудын ур ухаан, авьяас билиг, хүч хөдөлмөр шингэсэн эд дээ.

Галаад:
Үүх түүхийг нь үзээд байхад түүнээс маш олон зуун жилийн өмнөөс шүтэж ирсэн нь харагдаад
байдаг юм.
Энэтхэгийн Сарнаат хот дахь арслант баганы тухай их яригддаг шүү дээ. Бас Шри-Ланка дахь "Сигирияа" буюу бул чулуун арслангийн тухай
домог хууч яриа ч их байдаг. Өөрөө зөндөө л сонссон байлгүй дээ.

Soronzon said...

Э.Баярсайханд:
Зураг хангалттай цуглуулсаан. Гэхдээ олон жилийн турш чимх чимхээр цуглуулсан хамаг юмаа нэг өдөр нэгэн дор пал хийтэл нь бүгдийг нь гаргаад тавьчихаж бас болохгүй байна шүү дээ, хө. "Нэгэн зүйл" гэж бичсэн ганцхан өгүүлбэрийн цаана нэлээд хэдэн хуудас бичлэг, олон арван зураг хөрөг байгаа гээд ойлгочиход болно доо, ккк.

Бадрангуйд:
Тийм шүү. Арслан хотын урчуудын тухай шүлэг найраг, дуу хууранд өгүүлсэн нь цөөнгүй юм билээ.

А.Ганбаатарт:
Сонирхолтой юм байна.Монгол хэлний үгийн гарал үүслийг судлаж тогтоох нь чухал тухай Л.Түдэв гуай олон жил ярьж, бичиж байгаа.Үнэхээр тун бодууштай юм шүү. Санаа өгсөнд гялайлаа.

neenee:
Блогийг минь сурталчилж өгсөн танд баярлалаа.
Орж харлаа. Ийм маягаар хамтран ажиллахад татгалзах зүйл алга аа. Танд сонирхолтой санагдсан бичлэг байвал миний блогоос авч тавьж болно шүү. Ажилд тань амжилт хүсье!

Отгоод:
Хэ хэ. Та намайг шөнөжингөө судлаа юу? Нойрыг тань алдуулсан бол өршөөгөөрэй.
Аль болох гэрэл гэгээтэй, хүнд хэрэг тустай зүйл бичихсэн гэж бодож, зорьж яваа. Алдаж осолдвол хэлж залруулаарай, хө.
"Ээж ээ, сайн байна уу" зургийг миний блогийн лого болгоо юу даа?
Би анх блог нээж байхдаа бас тэгж тавьж үзсэн юмаа. Сүүлдээ санаа зовоод. Д.Амгалан гуайгаас зөвшөөрөл аваагүй, тэгээд ч бас зохиогчийн эрх гэж айхтар юм байдаг болохоор тэгсгээд больчихсон юм. Харин та надад оноогоод өгсөн байх шив дээ, ккк.
Миний блогийн бичлэгийн өнгө төрхөнд энэ зураг зохицож байна гэж та үзэж байгаа юм уу? Санаа оноогоо хэлвэл талархах болно шүү.
Хөгжөөн дэмжсэнд тань Баярлалаа. Амжилт хүсье!

Ш. Баатар said...

Туркт "Аслаан сүүтү раки" гэдэг нэг архи бий. Монголчилбол тэр чигээрээ утга нь арслангийн сүүтэй архи гэж бууна байх. Энэ архи нь цагаан архи шиг тунгалаг боловч стаканы тал хийгээд дээрээс нь ус нэмэхээр өнгө нь хувирч сүүтэй юм шиг болдог, амт нь бол яг аллео гэдэг нэг эм байдаг даа тиймэрхүү амттай. Туркийн өвөг дээдэс түрэгүүд Алтай язгуурын хэлтэй учир монгол хэлтэй олон үг хэллэг нь адил байдаг. Тэгэхээр арслан гэдэг үг түрэг монгол хэлэнд аль алинд нь байна гэдэг лав 6-7 дүгээр зууны үед байсан байж таарна. Хэрвээ энэ өгийг бурханы шашины тархалттай хамт орж ирсэн гэж үзвэл 2-3 дүгээр зууны үед баруунтаагаас төв Азид орж ирсэн байх, гэхдээ үүнийг яг нотлох тийм баримт ховор байна. Ямартай ч бидний хэлэнд маш эртнээс орж ирсэн улбаа их байна даа. Сайн судалж сайтар тогтоовол их сонин үг байна.

Oogii said...

Ёстой гоё

Ruujnaad said...
This comment has been removed by a blog administrator.
Soronzon said...

Ш.Баатарт:
Сонирхолтой мэдээлэл байна. Баярлалаа.

Оогийд:
:-)

A.Ganbaatar said...

Ш.Баатарт:
Манай дарга Түркээс Раки гэдэг нэртэй яг ингэж ус хийхээр өнгө нь цэхэр болдог урторфин (эм) шиг үнэртэй архи авчирч байхад нь Раки гэдэг үг чинь архи гэдэг үгтэй гарал ойролцоо байх нээ гэж бодож байсан шүү.
Ер нь үгний гарал үүслийг судлах их сонирхолтой, бас ач холбогдолтойдогоо.
Түүхийн явцад энд тэнд тасарч үлдсэн монголчуудынхаа үг хэлийг судлаж зарим нэг үгийн гаралыг тодорхойлохгүй бол бараг бүх үг нь хятад гаралтай юмшиг тайлбарлаад байдаг болжээ.

A.Ganbaatar said...

Аа тийн бас нэг үг:
Араатан гэдэг үгийг дээхнэ нэг эрдэмтэй эрхэм зурагтаар тайлбарлаж байхыг үзсэн юм.
Тэгсэн: араатай (араа шүдтэй) гэвэл өвсөн тэжээлтэнүүд ч араатай байдаг, гэтэл зөвхөн махчин амьтасыг араатан гээд байгааг судлаад үзтэл aryatan (монгол бичгээр) гэж ном сударт байна гэнэ. Үүнийг нь цааш нь судалтал утга санааны хувьд соёотон гэсэн нэршил байжээ, гэж ярьсан шүү.
Тун сонирхолтой байгаа юм шүү. Ингэж утга андуурагдаж гажсан үгүүдийг сэргээгээд сэнхрүүлээд өгдөг ажлыг хэн хийж байх юм бүү мэд.

Daanjuur Ruujnaad said...

http://soronzon.blogspot.com/ энэ үгийн чамбай цуглуулганд бас нэгэн хошуу нэмэрлэе. Арслан гуай та хэнсэн билээ. Таныг нэг таньдаг ч юмшиг, танихгүй ч юмшиг.
Чингис Тэнгис Тэнгис Цалгис Цангис Хангис

Нэгэн зүйл.
Хэдэн сая жилийн тэртээх балар эртний түүхээс асууя. Монгол нутгаас Арслан Заан олдсон буй. Хүн төрөлхтний нэгэн өлгий нутаг хэмээн дэлхийн түүх судлалд тооцох Монголын Говийн элгэнд үлэг гүрвэл архирч бархирч байжээ.

Хоёр зүйл.
Хэдэн зуун мянган жилийн тэртээх Хадны сүг зураг, өвөг монгол хүн хэлнээсээ асууя. Гурван цэнхэрийн агуйгаас арслангийн зураг олдсон гэхээр даруй 2-3-р зуунаас ч нэн эрт, Түрэгууд Монгол нутгаас дүрвэн гарсан 2-3 удаагийн их нүүдлээс ч өмнөх болж батлагдаж байна. Ар Шаамараас олдсон хагас сая жилийн? настай мичин хүнээс асуух хэрэгтэй болж. Сэлэнгэ мөрний хөвөөнэөос олдсон хүрмэн чулуун хос арслан түүхийн сан хөмрөгт буй.

Гурван зүйл.
Хоёрхон мянганы өмнөх Монголын сайхан түүх, Хүн гүрний хэлнээс асууя.
Хүн гүрний түүхээс нэхэн үзэхэд гурвыг үржих дөрөв буюу, гарцаагүй арван хоёр жилийн тооллийг 4 улиралтай гурвал чанарын гүн ухаантай бидний өвөг дээдэс Хүн нар бүтээж Хужаа нар түүнээс хуулсан гэх баттай түүхийн баримт бий. Энд Арслангийн нэгэн төрөл Барс жил орсон буй.
Зурхайн ухаанд тэнгэрийин 12 ордонд арслан орно хэмээжээ. Тиймээс арслан хэмээх үгийг наанадаж монгол гэдэг үгийн гарвалыг хайхтай нэн адилаар МЭӨ тоололд оршин байсан Хүнүү, Сүннү, Хүн гүрний түүхээс хайх хэрэгтэй.
Язгуурийн Хүн хэлний 13 үг хэмээн Гүнжийн Сүхбаатар гуай онцолсон буй. Янжий буюу ээжий, Шанюу (хятад аялгуу орсон) буюу Хаан гэх мэт. Угтаа Модон шанюуу хэмээн монголын их хаанаа гутаан дуудах билээ бид. Моду хэмээхийн ду нь хаан гэхийн хятад дагавар, шанюу гэх нь хятад хэлнээр галигласан сонсон бичсэн нэгэн төрлийн хиймэл бичээс, хаан гэсэн үг байх юм. Их эзэн хаанаа Моодуун шаню бус Мон хану хэмээн дуудяа. Монгол хэмээх үгийн мо язгуур энд бас бий.

Дөрвөн зүйл.
Хүн нарын угсаа Аттилла хаанаас асууя.
3-5-р зуунд баруун тивд дайлаар мордсон Хүн нарын угсаа, Аттилла хааны үр сад хүн хэлээр дуулж, хүн хэлээр ном бичсэн мэдээ баруун тивийн түүхэнд бичиглэн үлджээ. Аттилла хааны удамд Чингис хэмээх нэртэй хаан хүү байжээ. Америкийн эрдэмтэн Томсон Аттилла хааны үнэн түүхийг хэрхэн буруугаар бичсэнийг шүүмжилж, Хүн нарын үр удам дэлхийн түүхэнд бүтээсэн алдараа, үнэн түүхээ ухан мэдэхийг уриалсан сайхан ном бичсэн. Эцсин дүндээ энэ их түүхийг Хүн нарын удам Монголоос асуух цаг ирнэ гэж бичсэн буй. Араатан нарын хаан Арслан, Хүн нарын хаан Хаан гэж Хүн нэртэй Хүн өвөг дээдэс яриж л явсан байхдаа.

Таван зүйл.
Сүмбэ, Их нуруун улс, Хатан улсын түүхээс асууя.
Хэдий бусдын хэл аялгуугаар түүхээ дурсах хэдий ч бид, үгийн гарвал үүслийг тэр хэлний аялгаар бус монгол сэтгэхүйгээр хүлээн авах учиртай санагдах. Кидан хэмээх улс язгуурын монгол Хатан гүрэн байтал харийн хүмүүс адил сэтгэсээр бид төөрөлджээ. Учир нь түүхээ хэл хазгай харийн хүний бичсэнийг уншаад хэл хазгай үгэнд төөрөлдсөөр. Хэдийгээр нэн эрт монгол газар шорооноос түрэн гарсан түрэг угсаатан ахин Монгол газарт Аттилла хааны үр сад хүчин саарсан үед эзэнт гүрнээ байгуулсан ч монгол хэл хэзээ ч түрэг хэл байсангүй. Харин эсрэгээр Түрэг хэлэнд монгол үг ихэд нэвтрэн оржээ гэж бид санах ёстой. Тиймгүй бол Тэнгэр, Чингис, Байгал, Хөвсгөл, Аав гээд бараг хамаг үгийг Түрэг хэлний үг болж дуусах гээд байх...
Мөн чанартаа язгуурын Алтай хэлний судал Монгол хэлийг Түрэг хэлний бүлэг гэх онолыг сайндаа л 200 хан жилийн өмнө шинжлэх ухаанд оруулсан харь хүний номлолыг даган явна. Үнэндээ монгол хүн Алтай хэлний онолд хариу өгөх цаг хүлээж байна.

Зургаан зүйл.
Их эзэн Чингис хаан, судрын нууц товчооноос асууя.
Гал улаан БАРС жил Их Монгол улсаан бадраасан Чингис хааны удмун хаан төрийн их найрал хөгжмийн дотор арслан нэрт хөгжим байсан. Арслан хэмээх үгээ хайсаар л...
Түүхийн гэж дээ, хэн нэгэн хүн уншиж хараад санаагаараа донгодсон олон номонд эзэн Чингис хааныг Тэмүжин буюу Төмөрчин нэртэй болой гэсэн бий. Угтаа жин хэмээх нь хүн гэхийн дагавар. Модун хэмээгдэх Мон хааны эцэг түмний хаан Түмэнтэй гарвал нэгтэй санагдах. Чингис хааны багын нэр нь Төмөрчин бус Түмэн буюу түмэн олныг билигдсэн нэр байжээ. Монголчуудын өвөг дээдэс төмөрчин байсангүй, түмний хаан байжээ гэж бусдад хэлэх.

Долоон зүйл.
Хамаг Монгол улс, Даян хаанаас асууя.
Христийн буюу Орчин цагийн тоолол эхлэх он цагт Хүн нар 3м өндөртэй алтан бурхан шүтэж явсан түүхийн баримт бий. МЭӨ-с улбаатай Буддагийн гүн ухаан Монголд хөрсөнд хоёрдахь том тэсэртэлээ суулгаж, хэзээнээс байгалийн гүн ухаантай монголчууд энэ шашинийг оюун санааны зэвсэг болгон ашиглажээ. Цаст уулсын цагаан арслан Цаг нь ирэхээр шоргоолжинд баригдана хэмээх үгээр дамжуулан, элдэв арслангийн дүртэй чимгийг Монгол бус хэмээн сэтгэх нь нэгэн төрлийн гажуудал мэт. Угтаа арслан хэмээх үг нэн эртний монгол хэлний баялаг үгийн санд байжээ. Байх байхдаа бүр Түвдүүд арсланг чимэхээс өмнө.

Найман зүйл.Монгол хэлний нууц судар Зүрхэн тольтоос асууя.
Монгол хэлний гарвал үүслийн нууцыг хэлхсэн Зүрхэн тольт хэмээх судрыг Б.Ринчен гуай насаараа эрээд Монголоосоо олох горьдлого тасран нутаг буцжээ. Гэтэл хэдхэн жилийн өмнө олдох олдохдоо Монголоос хоёрын зэрэг судар олджээ. Энэ сударт Монгол хэлний гарвал үүслийг гурвал гүн ухаан болоод байгалын авиан шинж чанар агуулсан хэл болохыг нотолсон буй.
Арслан хэмээх үгийн утга чухам юу вэ.
А
А хэмээх авиа нь авиан дундаас хамгийн их эрчимлэг болно. Хүн эхээс төрөхдөө чухам энэ эрчимлэг авиаг цацруулан хэлж мэндлэх. Монгол хэлэнд эрчимлэг бүхэнд байгалийн шинж чанарыг хадгалсан А авиаг оруулан үг бүтээх ёсон ухамсараас санамсаргүй бус байгалийн бодилог болоод алив үгийн шинж чанарыг хослуулахаас бүтжээ гэж хэлмээр. Гурвал гүн ухааны үүднээс бол гадаад шинж чанарыг илтгэхдээ Аавын А авиаг, дотоод шинж чанарыг илэрхийлэхдээ Ээхийн Э авиа, хэлний үзүур дээш болох хэлбэр, гадаад дотоод холбоог илэрхийлэх Хийн И авиаг холбон АМИ хэмээх үг бүт сэн гэмээр. Байгалын болоод амны хэлэх шинж төрхөөр нь авиа гарган амаа хамхихад хэлэх үгийн урсгал чухамдаа битүү байсан ам нээгдэн хумхих адил АМ гэж нэрлэжээ.
Арслан гэх үгийг хүүхэд хэлэхэд, эсвэл олон давтан хурдан хэлэхэд арсан гэж дуудагдана. Энгийн нарийнаас руу шилжсэн шинжлэх ухааны тогцон хэвшилээр бус бүр эртний энгийн язгуурын болхи хэлнээс энэ үгийг хайх нь дээр бол уу.
Ямартай ч бол хүчтэйн шинж чанарыг хадгалсан Аавын А авиа энэ үгэнд орсон нь сонин.
Үгийг удаанаар хэлэх, уянга хослуулах ёсоор Н авиаг нэмэрлэх нь монгол хэлэнд их бий. Нар гэж хэлээд наран гэх. Барс гээд Барсан гэхийн адил Арс гэж хэлээд Арсан гэх.
Иймээс энэ үг хэлийг зөөллөх шинжийг хадгалсан хэлний үзүүр доош болоход хэлэх Л авиаг анхнаасаа хадгалсан байсан уу гэдэг сонин аж. Хэдийгээр Арслан үгийг тайлахад хэлбэрдсэн мэт арга хэрэглэж буй ч Б.Ринчен гуайн шатаагдсан, олдохоо больсон Монгол хэлний зүй 3-р ботид, бас өөрийнх нь ирээдүйдээ захин бичсэнээр энэ аргад цаашид судлах нэн шинэ арга орших санагдана.

Есөн зүйл.Араатны хаан Арслан танаас асууя. Арвин сайхан монгол хэлнээсээ асууя.
Арсланг Монголоос олохгүйч
Арсланг монгол хэлнээс олно. Үг олдож арслан холдлоо. Арслан хэмээх үг гарцаагүй язгуурын монгол үг болно. Энэ үг Түвд бус, Турэг бус, төрөл арилжсан араатанд нэрлэсэн монгол үг.
Өмнө өгүүлсэн зуйлд А авианы эрчимийн талаар болон Арсан гэх талаар хэллээ.
Тэгвэл Арслан хэмээх үгэнд орсон гийгүүлэгч эгшиг ямар онцлогтой байж болох вэ.
Архирахын утга, арвайж сарвайсан хэлбэр дүрслэх Р авиа, жиргэхийин болоод монгол хэлийг чимэглэсэн Ж, ус шуугихийн болоод сарних, салхи мэт исгэрэх утгыг агуулсан С авиа орсон монгол үгнүүд нэн сонин. Энэ ч байгалийн мөн чанараар нь утгыг оноон нэрлэсэн буй. Монгол хэлэнд архирах дуутай амьтанг р авиаг оруулан араатан, барс, арслан, асар, басар, банхар, ирвэс гэх мэтээр нэрлэсэн нь яав ч орхиж болох асуудал бус.
Хүний хаан нь араатан байж, байгалийн хүчинд мөхөсдөн, хүний хэл сайн хөгжөөгүй байгалийн энгийн хэдэн үгэнд эргэлдэж байсан эртний хэлэнд судалгаа хийхэд байгалийн бодилог шинжийг агуулсанаараа Монгол хэл нэн эртнийх гэдэг нь эргэлзээгүй нотлогдоно.
Арслан гэх үгэнд архирахын Р авиа оржээ. Харин С авиа чухам яагаад нэмэгдэв ээ. Монгол хэлэнд шингэн ялгаруулах чанартай шүлс, нулимс, шүүс, нус, цус, хөлс, баас, шээс мэтээр төрөлжүүлж нэрлэсэн сонин чанар харагддаг.
Монголчууд алив шинэ үгийг бүтээхдээ нэгд байгалийн авиалаг шинж чанар, хоёрт тухайн шинэ үгийн бодилог шинжийг хэлбэр дүрсээр нь хослуулан нэрлэж байсанд л нууц орших мэт.
Р авиа нь алив юм араа шүдэн адил арзайж сарзайх, эсвэл араатан адил хүчтэй авиа гаргах, бас ямар нэгэн зүйл сарнин шинээр бүтэх утга санааг олонтоо агуулсан байдаг. Тэр шинж чанарыг улам хүчтэй болгон түгээн цацруулахад сархинхын бую салхины С авиа их чухал нөлөөтэй. Үнэхээр ямар ч өөр хэлтэй хүнд санаагаа ойлгуулахын тулд архирах дүрийг үзүүлэд шууд ойлгох буюу. Ус хэрэгтэй болсон цагт шуугин урсах авиаг дүрслэн Ус хэмээх үг аяндаа бүтэх билээ.
Товчоор дүгнэн хэлэхэд Арслан гэх үг нь архирах шинжийг хадгалсан Арс язгууртай Барс, Ирвэсийн нэгэн адил жинхэнэ язгуурын монгол үг болно. Асар Басар жэмээх домгийн үг хүртэл язгуур нэг. Энэ үг түрэг үг бус, Хүн байгальтай харьцан тэмцэн эхэлж хэлээ бүтээж ирсэн цагаас бүцэн мэт.
Архиран хүрхэрэх дуутай
Арслан барс ирвэс
Араатан зуурах араатай
Асар Басар Банхартай
Хүрхрээ, Хархираа ундаатай
Ардаг хүрэн морьтой
Арсландай мэргэн
Архиран хурхиран нойрсохуй.
Тэнгэр хэмээх үг нь атаа хэмээх үгтэй хорших бөгөөд тэнгис хэмээх үг мөн адил Р,С авиан хүчлэг шинжийг хадгална. Эдгээр үгс бүгд түрэг үг бус язгуурын монгол үг. Чингис хэмээх үгэнд орсон С авиа нь түгээх санааг гарган, үгийг их хүчлэг болгоно. Нармайн Н-д тулан тогтох амьсгал дээшилсэн агаарлаг Чин авиа гис хэмээн авиаг хүчлэгээр гаргахад аяндаа бүтэх сонин үг мэт.
Чингис Тэнгис Тэнгис Цалгис Цангис Хангис

Арван зүйл.
Нэгэн үгнээс Монголын нэгэн үнэн эхлэх буюу.
Бахархах ёстой юмандаа Монгол хүн бахархах цаг иржээ. Нүүдэлчин амьдрал хэмээх нь тэнэж явдаг амьдрал бус дөрвөн цагтаа бууриа сэлгэдэг сэргэг оюуны ундраа буюу. Дэлхийн түүхэнд байгалиа шүтэн дээдэлдэг ард түмний түүхийг маш ихээр гажуудуулан бичсэн бий. Харин энэ цаг дор дэлхий хямрах нь эргээд Монгол ахуйд ямар их гүн ухаан нуугдан үлдсэнийг нэхэх сайхан цагийн эхэн иржээ гэж хэлэх. Хүн гүрэн, Аттилла хаан, Чингис хаан гээд хичнээн хараар будавч гэрэлтэн цогших үнэн түүхийг дэлхий эргэн харж байна.
Монгол улс оршин тогтон ирсэн нууц нь байгалийн хүчтэй газаргүйн байршил, байгалийн шинжээ хүчтэй хадгалсан сайхан монгол хэлэнд орших билээ.
Мөнх тэнгэрийн дор монгол хэлэндээ мэхийе.
Нэгэн үгнээс Монголын нэгэн үнэн эхлэх буюу.

Soronzon said...

Даанжуурт:
Тун сонирхолтой мэдээлэл өгсөнд талархаж байна. Би урьдах сэтгэгдлийг тань хуулж аваад цуглуулгадаа нэмэрлэсээн.
Санааг минь ойлгон хүндэтгэн хүлээж авсанд маш их баярлалаа. Битгий муу юм бодоорой!