Thursday, February 5, 2009
Бид ялав
Өвгөн Дэндэв сүүлийн арваад жил бараан зах орсонгүй. Өнөөдөр л чавганцаа үглээд байхлаар тогооны угаалтуур нунтаг саван авахаар явлаа. Зах их өөр болжээ. Гуравхан буудал газар хэр нь автобусанд далан төгрөг авах юм. Хашаанд ороход л арван төгрөг, чавганцын нь өгсөн мөнгөний тал нь тэгсхийгээд л алга болно. Хүн ч чихээстэй, тээр жилийн их зуднаас уруудсан олон адуу ортоомын бярууг завсраа хавчуулан өргөж явсаар говьд аваачиж хаясан гэдэг шиг Дэндэв ч хөлтэй хөлгүй явсаар захын төвд орчихов.
Тэнд үгүй юм гэж алга, өвгөн гадаадад очсон юм шиг л үүнийг ч өлийж. түүнийг ч бөхийж харсаар их хашааг нэгэнтээ тойров. Гэтэл эрэг боолт, зэвтэй зэвгүй хадаас, хаалганы замган түгжээ сэлтийн дунд хэдэн энгэрийн тэмдэг, тэр дотор нь "Бид ялав" медаль харагдах нь хар захын бор лангуун дээр дэндүү гялгардсан зүйл байлаа. Өвгөн хоёр дайнд оролцсон, "Бид ялав'' медаль нь орон нутагт төөрсөөр өөрт нь очоогүй, харин сэлэмт морьтон бүхий "Халх гол" тэмдгээ ямагт зүүж явдаг нэгэн билээ. Дайны гавьяаг худалдаж болох юм гэж санаанд нь багтаагүй өвгөн цааш нэлээд явснаа тэр сайхан медаль элдэв муу хүний гарт оруужин гэхдээ мөнгө хүрвэл өөрөө худалдаад авчихъя гэж бодоод нөгеө лангууг хайсаар эргэн ирэв.
-Энэ тэмдэг ямар үнэтэй юм бэ? гэж өвгөнийг асуухад лангууны ард суугаа дэрчгэр хөх залуу хяламхийн харснаа дуугарсангүй.
Өвген өөрт байгаа 800 төгрөгийг бэлнээр гарган харуулж
-Алив наад тэмдгийг чинь би авья.
-Төгрөгөөр өгөхгүй ээ!
-Тэгээд юугаар өгөх юм бэ?
Ийнхүү ойлголцож ядаж байтал элдэв зургийн аппарат, дуу хураагч сэлтийг өвч биендээ ёлкны мод шиг санжигнуулсан гадаадын бололтой хүмүүс чанга чанга дуугаран явснаа мөнөөх тэмдгийг харж хоорондоо шулганалдан хэсэг зогсов. Тэгснээ цагаан толгойтой өвгөн нөгөө тэмдгийг зааж юм хэллээ. Yнийг нь асууж байгаа бололтой. Дэндэв ч тэднийг япончууд байна гэж танилаа. Дэрчгэр хөх цаасан дээр бэлэн зурсан юм харуулсан нь 10-ын тоо, ард нь зуузай тамганы дундуур босоо хоёр чагт хийсэн юм шиг зураг байлаа. Буурал япон ч түрийвчээ гаргаж 10 доллар өгөөд нөгөө тэмдгийг авч хөдлөв.
Дунд зэргийн насны нэгэн япон нөгөөх тэмдгийг энгэртээ зүүгээд чанга инээсэн нь Дэндэвийн дайнд олсон шархыг сэдрээж орхих шиг боллоо. Дэндэв "Уг нь бид ялсан юмсан" хэмээн үглэсээр олны урсгалд хавчуулагдан захын хашааны үүдэнд ирсэн байлаа. Түүнд нунтаг саван, тогооны угаалтуур авах хүсэл нэгэнт алга болжээ. Автобусанд далан төгрөгөө хураалгаад буцаж явахдаа "Цагаан тугтай давшаад ирэхэд нь бид ялсан нь үнэн, ногоон мөнгөтэй явж ирээд тэд ялах гэж үү?" хэмээн бодож хэнд уурлаад байгаа нь мэдэгдэхгүй замын турш хилэгнэсээр явлаа.
ЖАГДАЛЫН ЛХАГВА
Subscribe to:
Post Comments (Atom)
7 comments:
Нээрээ л ногоон мөнгөтэй бол ер юуг ч гэсэн ялдаг цаг болсон доо.
Тийм шүү.
Гайхалтай.
Сайхан бүтээл байна.
Хэцүү ч юм даа.
Арсунд.
Жагдалын Лхагва гэж монголын утга зохиолд нэр, мөрөө үлдээсэн тасархай хүн байсан даа, хөөрхий. Би үе үе уншдаг юм. Товч тодорхой бичдэг аргаас нь сурах гэж, нүдэнд харагдтал дүрсэлдэг ур чадвараас нь суралцах гэж...
Э.Баярсайханд:
"Атга чулуу" /1990 он/, "Алаг чулуу"/1991 он/ гэж хоёр сайхан ном бий. Бас "Толгодын цаана ингэ буйлна"/1972 он/ гэж ланжгар ном
нь бий. Та уншсан байлгүй дээ.
Бага байхдаа энийг уншчаад бас л эмзэглэж байж билээ. Хөөрхий өвөө..
Между прочим, лучший способ защитить себя от прослушки - задействовать Подавители мобильных телефонов
Post a Comment