Thursday, March 5, 2009

“Хорвоод ганцхан ЭЭЖДЭЭ”


“Анхаараарай. Улаанбаатараас Сөүл орох зорчигчид ачаа тээшээ бүртгүүлнэ үү!” гэх дуунаар ижий минь өндөлзөн “Миний хүү, одоо хоцрох нь байна шүү” гэв. БНСУ-д ажиллаж, суралцаж байгаа дүү нар дээр минь өвөлжихөөр явах гэж байгаа ижийгээ гаргаж өгөхөөр онгоцны буудалд ирсэн би хэрэндээ л сандарч байлаа. Ганцаархнаа явж байгаа настан буурал ижийгээ амьтан хүнд захих санаатай буудлын заалаар нэг гүйлээ дээ. Зүс таних хүн тааралдах байгаа гэж дотроо горьдон хүн хүний царай харж яваад нэг харвал ижий минь ачаа бараагаа сандал дээр орхиод өндөр нуруутай залуутай тээр хол ярьж зогсоно. Би ч сандраад хар гүйхээрээ ирж чемодан савыг нь аваад тэр хоёр дээр очлоо. Гэтэл ижий маань аминдаа надад тус болох санаатай Сөүл нисэх хүн сураглаж, хань бараа хайж байсан юмсанж. Тэнэг үр нь тэр сайхан сэтгэлийг нь яаж мэдэх вэ дээ. Бухимдсандаа болоод “Би таныг хаашаа ч хөдлөлгүй ачаагаа хараад энд сууж бай гэсэн биз дээ? Гэтэл хамаг юмаа хаяад таньж мэдэхгүй хүнтэй яриад явж байх юм. Юмны гай гэж хэцүү шүү дээ. Яг нисэхийн даваан дээр хамаг юмаа алдвал яана. Энэ түмэн хүний дунд та бид хоёр ганц чемоданаа алдчихвал яах юм бэ? Гар хоосон нисэх болно шүү дээ” гээд л урсгаж өглөө. Намайг ингэж цамнаж байх зуур ижий минь дув дуугүй сонсоод сууж байснаа “Миний хүү битгий бухимдаж цухалд аа” гэдэг байна шүү. Хэлэх үг ч олдсонгүй.

Гурван хүү төрүүлж өсгөснөөс сүүлийн хэдхэн жилийн дотор ойр ойрхон хоёр хүүгээ алдаж ганц надтайгаа үлдсэн ижий минь надад амиа тавьна. Газар дээр ганц үлдсэн хүүдээ янз бүрийн муу зүйл тохиолдох вий гэж бодохоор сэтгэл зүрх нь шаналдаг бололтой юм. “Ууж идлээ, наргиж цэнгэлээ” гэдгийг минь сонсоод хичнээн ч шөнө нойргүй хоносныг нь хэн мэдэх вэ дээ? “Миний хүү, чи битгий архи уугаач! Ээж нь чамайг согтуу явна гэж сонсохоор айгаад байх юм. Чи элэг зүрх муутай хүн. Ууж идэж яваад энд тэнд ойчоод өгвөл эргэж босохгүй шүү дээ. Ээжээ битгий тэгж зовоогоорой” гэхэд нь ”Та дэмий юманд санаа зовж суух юм. Би яах ч үгүй” гэхээс өөр олигтой тайлбар хэлж сүү шиг сайхан сэтгэлийг нь засч аргадаж чаддаггүй би мөн ч тэнэг хүн шүү.

Үймж бужигнасан олны дундаас хүүгээ нүдээр хайж зогсоо ижийгээ хараад тэгэхэд нэг их өрөвдөж билээ. Найман хүүхэд төрүүлж өсгөсөн ная дөхөж байгаа миний муу ижий чихэр шоколад, амттанаар дүүргэсэн цүнх саваа бариад олны дунд учраа олохгүй зогсохыг би анх удаа харж байгаа минь тэр. Урьд өмнө нь хэд хэдэн удаа нисэхдээ сайн дүүгийн буянд ачаа тээш, бичиг баримтаа бусдаар янзлуулаад, тусгай өрөөнд тухлан, улаан дарс шимсэн шиг үдүүлж байсан ижий маань энэ удаа ёстой сандарсан байх аа. Ижий минь гаалийн үзлэгээр ороод цааш шалганы бүсэд орсон хойноо ч эргэн эргэн харсаар байж билээ. Урьд нь хэзээ ч тэгж байгаагүй болохоор би ч айчихлаа. Юуны өмнө муу л юм бодлоо. “Ижий минь яагаад тэгж их эргэн эргэн харав аа? Юу зөгнөж ёрлосон юм бол доо” гэж бодоод орой нь Сөүл рүү залгаж дүү нартайгаа ярьлаа. Хамгийн түрүүнд л “Ээж сайн явж хүрэв үү?” гэвэл “”Дажгүй явж ирлээ. Сая тосож аваад явж байна” гэхээр нь “би ярья” л гэлээ.

-За, ээж минь сайн явж хүрэв үү? Замдаа ядрав уу?
-Сайн явж ирлээ. Ядарсангүй ээ.
-За яамай даа. Та яагаад онгоцны буудал дээр намайг эргэн эргэн хараад байсан бэ? Би ч бүр санаа зовлоо шүү дээ.
-Ээж нь хүүгээ яагаад алга болчихов? Ижийгээ онгоцонд оруулж өгөхгүй байсан юм байх даа гэж бодоод...
-Ээ, ээж минь дээ. Тэр чинь хориотой бүс. Юу гэж хүүг нь тийшээ оруулах вэ дээ. Харин ч би амьтан хүн гуйж байж таныг гаалийн бүс өнгөртөл гаргаж өгсөн. Тэрнээс чинь цаашаа намайг оруулдаггүй юм шүү дээ.
-Аан. Ээж нь харин хүүгээ онгоцонд оруулж өгөх байх гэж бодоод л хайгаад хараад байсан юм гэдэг байгаа. Ээж минь дээ, ээж минь...
Би таньдаа эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Далай ламын тарни шившлэгтэй эрдэнийн үрэл, ариун Гангын рашаан сэлтийг илгээж чадсангүй ээ. Хүүгээ өршөөгөөрэй.
Харин таньдаа нэгэн сайхан дууны шүлэг хэрхэн бүтсэн түүхийг сурвалжлан бичиж илгээлээ. Мянга мянган уул усны цаана суугаа ижийдээ барих бэлэг минь болог. Бас миний адил ижийгээ санаж суугаа хонгорхон үрс нь энэ сайхан дууны түүхийг уншиж, сэтгэлээ зөөллөн элгээ дэвтээх болтугай!

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюуны “Хорвоод ганцхан ээждээ” хэмээх нэгэн сайхан дуу бий. Ээждээ хайртай хүн бүрийн сүлд дуу болон түгсэн энэ дуу хэрхэн бүтсэн түүхийг сонсохоор яруу найрагчийг зорьсон юм. Янжинлхамын хишигт яруу найрагчийн хуучилсан нь:

“Хорвоод ганцхан ээждээ” дууг 1983 онд зохиосон. Дуу зохиох болсон түүх бол Чинзоригтой хамаатай юм. Чинжиг бид хоёр хоёулаа Булган аймгийн Могод сумын улсууд. Нэг аймгийн, нэг сумын улс гэдгээ хожуу мэдсэн л дээ. Чинзориг бол айлын ганц хүү. Нэг эгчтэй. Чинзоригийн ээж нь одоо ч амьд байгаа шүү дээ. Өндөр настай хүн бий. Ээж нь тэр эгчтэй нь байгаа.
Ээжийг нь би таньдаг, тэдний манай хоёр нэг байшинд амьдардаг байсан юм. Ээж нь киноны дугуй хайрцаганд улаан тамхи хийчихээд ороож татдаг хүн л дээ. Миний ээж бас тэгж улаан тамхи татдаг хүн байсан. Чинзоригийн ээж тэгж тамхи татдаг нь миний ээжтэй их адилхан харагдана. Тэгэхэд миний ээж бурхан болчихсон байсан л даа. Ээж минь бурхны оронд очсон учраас амьд сэрүүнд нь хүндэлж асарч байх минь яав даа гэж их харамсдаг байлаа. Харин Чинзориг бол ээж нь байгаа болохоор над шиг тэгж ээжийгээ
гэхгүй байхгүй юу. Би тэгээд бодсон л доо. “Чинзоригт дууны үг бичиж өгье. Хүн ээжийгээ хайрлах ёстой. Бид адилхан залуу улс шүлэг уншаад л наана цааныг бодохгүй залуу нас явж байна. Ийм дууны үг бичвэл нэг юм бодох байх” гэж бодсон юм. Тэгээд энэ дууныхаа үгийг бичсэн. Тэр үед бичгийн машин, компьютер энэ тэр гэж байхгүй, гараараа сараачаад л огчихсон. Мань эр пиджакныхаа хармаанд хийгээд л алга болсон. Тэгээд сургуульд яваад өглөө. Хойтон жил нь ирээд хэлж байнаа. “Би нөгөө дуунд чинь ая хийчихсэн. Манай Шавардолоовсогын /Свердловск хот/ сүлд дуу болсон шүү дээ, таны дуу” гэдэг юм байна.

“Нэгэнт ая хийсэн юм бол энэ дууг Зохиолчдын хорооны яруу найргийн секцээр батлуулья. Тамга даруулаад радиогийн алтан фондод өгье” гэж бодоод тамга даруулж аваад радиогийн алтан фондод аваачиж өгтөл аваагүй. Т.Чимэддорж гуай тэгэхэд радиогийн хөгжмийн редакцын дарга байсан юм. “Нас тогтох сайхан” гээд л олон гоё дуу хийсэн хүн шүү дээ. Чухам яагаад аваагүйн учрыг мэдээгүй. Тэр үед дууны шалгуур их
өндөр байсан л даа.
Дараа нь энэ дуу ард түмний дунд дуулагдсаар байгаад л радиогийн алтан фондод орсон доо. Эхлээд Свердловскийн оюутнууд дуулаад, дараа нь хүмүүс дуулаад, сүүлд нь Төмөрхуяг авч дуулаад. Төмөрхуяг сүүлд хэдэн хийлчидтэй хамт дуулж радиогийн алтан фондод бичүүлсэн юм билээ. Төмөрхуяг өөрийнхөө концертийг бичүүлэх гэж л бичүүлсэн болохоос би зохиогчийн хувьд бичүүлээгүй. Чинзориг ч бичүүлээгүй. Радиогийн алтан фондод орсон түүх нь тийм.

Энэ дуутай холбоотой бас нэг сонирхолтой түүх байдаг юм. Манай нэг дүү Шаамарын тракторын курст сурч байгаад зодоон нүдээнд холбогдоод шийтгүүлвээ. Тэр дүү маань бурхан болсон л доо, зайлуул. Шоронд нэг жил суудаг юм байнаа. Хэцүү нэртээс гарч ирсний дараахан нь бас тэндээс гарч ирсэн улс танимгайрхаад манайхаар ирдэг байлаа. Тэгэхэд тэр хүмүүсийн тэмдэглэлийн дэвтэр дээр миний энэ дууны
Хорвоод намар ирдгийг мартсан
Хонгор хүүгээ уучлаач ээжээ гэдэг хоёр мөр байх юм. Тэд “Өө, та зохиосон юм уу? Нарсанд байгаа улсын олонхийнх нь тэмдэглэлийн дэвтэрт таны энэ дууны шүлэг байдаг юм шүү дээ” гэж надад хэлж байсан. Тэгэхэд л би миний энэ дуу, энэ бадаг нь хүмүүст их хүрсэн юм байна даа гэж бодож байсан. Түүх нь гэвэл ийм.


13 comments:

бж said...

Сайн уу, Соронзон.
Ямар сайхан бичлэг вэ. Уншаад бүр уярч, муу ээжийгээ бүр саначихлаа байна.
Оюутан байхаасаа "Хорвоод ганцхан ээждээ" гэдэг энэ дуунд маш их дуртай байсан. Гитардаад л дуулахаар нүдний нулимс аяндаа л цийлэгнээд ирдэг байж билээ. Тэгсэн ийм сайхан түүхтэй дуу байжээ. Хүмүүсийн сэтгэлд хүрсэн мундаг дуу шүү.
Соронзон анд маань бүр зохиогчтой нь уулзаад, дурсамж яриагий нь сонсож, гарын үсгий нь авдаг үнэхээр азтай юмаа.
Дахин дахин уншаад баймаар олон сайхан бичлэгүүдтэй блогт чинь "дурлахгүй" байхын аргагүй ээ...

Ганзо said...

Сайнуу, Соронзон агаа?
Сэтгэл хөдөлгөсөн сайхан бичлэг байна. Ямар дуу билээ гээд бодоод байсан чинь, аяыг нь сонсоод л сая саналаа. Дуугий нь олбол та блогтоо тавиарай...

Arsun said...

... Huduunuus ireed eejiigee chemodanaa manuulj orhiod baishin toirood irlee. Kwas 1 yagiig sonirhoj uulaa. Ergeed eejdee irtel - Eehuu mini arhi l bitgii uugaarai gej baij bilee.

Anonymous said...

Ta sverdlovsk-d surj bsiimu? yamar ch bsan manai end surj bsan ue ueiin ah nar duulj bsiim bna. ter humuust mend hurgie! duu ni hicheenee)))

Daanjuur Ruujnaad said...

Хорвоод ганцхан ээждээ

Үг. Соёлын гавьяат зүтгэлтэн, Яруу найрагч С.Оюун
Ая. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг

Наран наадавч харламгүй
Насны салхитай үсийг чинь
Ариун гангын усаар угааж
Ачийг тань нэг хариулахсан

Гургалдай дуулавч толиймгүй
Цагийн сүүдэртэй магнайг чинь
Мянган шөнө алгаараа дулаацуулж
Сэтгэлийг тань нэг баярлуулахсан

Томоогүй явж боллоо ээжээ
Тогоруу буцаж зэгс шаргалтлаа
Хорвоод намар ирдгийг мартсан
Хонгор хүүгээ уучлаач ээжээ

Цурамгүй хонуулсан үеэ
Цэцэг болгон өргөе ээжээ
Зул цэцэг шиг залуу нас
Зуу наслах илч хайрлаг ээ

Duuny ug www.bayanmongol.com duuny ug hesegt baigaa.
Soronzon,,, uuniig duu butsen tuuh hesegt nemj boloh uu...

Daanjuur Ruujnaad said...

Ayandaa nulims tsilegneed l irdeg duu. Erhuugiin bas hit duu. Suunii unertei hamt TOp suld duund l yavaad baidag baij bilee.

S.Oyun egchid mend damjuularai...hamt ajillaj baisan geed heleerei. Tegeed duu butsen tuuh hesegt oruulmaar baina. Asuugaarai. Bas uuree ene bichlegee end oruulj boloh uu...
Hundetgesen BT

oyunaa said...

Ene duu uneheer goe duu shuu, eejiigee sanaad hachin ih uilav... hun hogshirohooroo yag l huuhed shig boldog gej unen shuu... Horvoogiin buh saihan eejuuded urt nas udaan jargaliig husie..

Soronzon said...

Ганаад:
Юуны өмнө баярын мэнд хүргэе.
Блог хөтлөхийн нэг давуу тал нь бичлэгээс гадна зохиогчийн дуу хоолой, зураг хөрөг, хөгжим, клип, видео оруулдагт байдаг болов уу. Магадгүй, би энэ олон сайхан төрлийг нэгэн доор цогцлоохын төлөө блог хөтөлдөг ч юм билүү?
С.Оюун найрагчийн амьд дуу хоолойн бичлэг диктофонд минь бий. Харамсалтай нь түүнийгээ энд оруулж чадсангүй ээ.

Ганзод:
Агаа нь захиалгыг тань биелүүлж дууг нь оруулсан шүү. Сонссон биз дээ?

Арсланд:
Намрын уулнаа буга урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай гэж Ц.Хулан мөн сайхан хэлсэн шүү.

Үлмэдэхэд:
Би тэнд сурч байгаагүй ч олон найз нөхөд маань танай сайхан хотын тухай сэтгэл хөдөлгөм дурсамж хүүрнэдэг юм.

Даанжуурт:
Асуух юу байхав. Аваад нэмж л орхи. Би олон хүмүүст хүргэх гэж л энэ түүхийг бичсэн билээ.

Оюунаад:
Баярын мэнд хүргэе, Оюунаа.
Ижийнхээ тухай ярьж суух шиг жаргал хаа байхав. Чи дээр аавын тухай бичлэгээрээ намайг баахан уйлуулсан шүү, хө!

Anonymous said...

saihan bichleg unshlaa, bayarlalaa soronzoon.

soulmate said...

сайн уу
хар багаасаа л сонсож өссөн сайхан дуу шүү.
нисэх дээр эжийгээ гаргаж өгсөн тухай уншаад саяхан өөд болсон эмээгээ дурслаа. Амьд сэрүүн байхдаа над дээр ирэх гээд л бас өөртөө томдсон цүнх үүрээд онгоцонд ганцаараа суугаад ирж байсан сан. Би тосоод зогсож байсан чинь эмээ маань гарч ирээд л олон танихгүй хүн дундаас нүдээрээ хайж хайж намайг олж харангуутаа нүүр нь баяраар гэрэлтээд л ирж байсан нь одоо ч сэтгэлд тод санагдаж байна. Ай хөөрхий хүний амьдрал даанч ахархан юм даа. Ээжийгээ, аавыгаа, эмээ өвөө эргэн тойрны хүмүүсээ хайраар дутаахгүй юм сан энэ богинохон амьдралд...

баярлалаа сайхан бичлэг уншаад бүүр сэтгэл нялхарчлаа

Soronzon said...

mess-д:
Манайд тавтай морил.

soulmate-д:
Нээрээ л энэ богинохон амьдралд бие биенээ хайраар дутаахгүй явах юмсан даа.

Д.Цогбадрах said...

Үнэхээр сайхан, сэтгэл хөдөлгөсөн түүхээ өгүүлсэнд баярлалаа. Таны ижийг бурхан ивээг.

би said...

Ямар азаар таны блогт ороод ирвээ би, энэ олон блогоос үнэхээр ялгарч байна.