Thursday, May 21, 2009

Ч.ЭНХБАТ: Миний цуглуулгад Монгол шуудангийн 100 жилийн түүх бий


Жил бүр уламжлал болон зохиогддог Дэлхийн филателийн үзэсгэлэн өнгөрөгч дөрөвдүгээр сард БНХАУ-ын Луояань хотод болж өнгөрсөн. Уг үзэсгэлэнгээс “Монгол шуудангийн түүх” үзмэрээрээ алталсан медаль хүртсэн цуглуулагч Ч.Энхбаттай уулзаж ярилцсан юм.

-Дэлхийн маркийн аварга шалгаруулдаг нэр хүндтэй үзэсгэлэнгээс алталсан медаль авчирсан Танд баяр хүргэе. Үзэсгэлэнгийн тухай сонин сайхнаас сонирхуулаач...
-Баярлалаа. Энэ жилийн Дэлхийн маркийн аварга шалгаруулах үзэсгэлэн онцлог содон үйл явдлаар дүүрэн байлаа. Анх удаагаа Олон улсын филателийн холбооны гишүүн 84 орон бүгд оролцлоо. Анх удаа 3200 самбар үзэсгэлэн бүхий 50 мянга гаруй хуудас үзмэр тавигдлаа. Зөвхөн 7 хоногийн хугацаанд гэхэд л хагас сая шахам хүн үзэж сонирхлоо. Дэлхийн хамгийн үнэтэй маркийн цуглуулгын нэг болох Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Хатан хааны хувийн цуглуулгыг урилгаар авчирч олон нийтэд сонирхууллаа.

-Манай улсаас нийт хичнээн үзэсгэлэн оролцож ямар амжилт үзүүлэв?
-Манай 5 цуглуулагчийн 6 үзэсгэлэн оролцож бүгд байр эзэлсэн. Тодруулбал нэг алталсан, нэг мөнгө, нэг мөнгөлсөн, гурван хүрэл медаль хүртсэн дээ.

-Та хичнээн самбар үзэсгэлэнтэй оролцож хэдэн оноогоор алталсан медаль хүртэв ээ?
-Би таван самбар бүхий 80 хуудас, 1848-1948 оны хоорондох “Монгол шуудангийн түүх” үзмэрээрээ 80 оноо авч алталсан медаль хүртсэн дээ.

-Урьд нь бас Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алталсан мөнгөн медаль хүртэж байсан байх аа?
-Тиймээ. 2007 онд Санкт-Петербург хотноо болсон Дэлхийн филателийн үзэсгэлэнгээс алталсан мөнгөн медаль хүртэж байсан. Тухайн үед Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцоод шууд алталсан мөнгөн медаль хүртсэндээ баярлаж бахархаж байсан шүү. Маш их урамшсан. Аль ч үзэсгэлэнд уламжлалт болон түүхийн сэдэвт үзмэрийг классик гэж нэрлэдэг. Филателийн бусад ангилал дотроосоо хамгийн үнэтэй, нэр хүндтэйд нь тооцогддог юм байна. Дэлхийн филателийн үзэсгэлэнгийн түүхэн сэдэвт ангилалд оролцож том алталсан медалийг нь авч ирсэндээ, манай нэрт цуглуулагч Ө.Сэрээтэр гуайг залгамжилж байгаадаа тэр үед бахархаж байсан. Өнгөрсөн жил Тель-Авив хотноо болсон Дэлхийн филателийн үзэсгэлэнгээс бас алталсан медаль авч байлаа. Энэ удаа гуравдахь алтан медалиа аваад байна.

-Ө.Сэрээтэр гуай “Монгол шуудангийн түүхээс” нэртэй үзмэрээрээ тив, дэлхийн үзэсгэлэнгээс 12 удаа алталсан мөнгөн медаль хүртэж байсан бахдам түүхтэй хүн. Та хоёрын цуглуулгын сэдэв ижилхэн юм байна. Харин ялгаа бий юу?
-Бид хоёрын үзмэр адилхан л “Монгол шуудангийн түүх” нэртэй, гэхдээ нарийн яривал жаахан наанатай цаанатай юм бий л дээ. Жишээ нь Сэрээтэр гуайн цуглуулгад байгаа зүйл надад байхгүй бол миний үзэсгэлэнд байгаа зарим зүйл Сэрээтэр гуайд байхгүй байх жишээтэй. Олон улсын болон дэлхийн филателийн үзэсгэлэнд түүхийн сэдвээр 30-аад жил оролцож ирсэн Ө.Сэрээтэр гуайн тэр сайхан уламжлалыг таслахгүй юмсан гэж би бодож явдаг хүн дээ.
Саяын үзэсгэлэнгээс харж байхад марк цуглуулах явдал бусад оронд маш их өргөжиж байгаа юм билээ. Оролцогчдын тоо жилээс жилд өсч байгаа юм байна. Мөн тэдний нас залуужиж байна. Хэдийгээр марк, дугтуйн хэрэглээний хүрээ хумигдсан ч гэсэн түүхэн талаас нь авч үлдэх гэсэн сонирхол эрмэлзэлтэй болжээ. Марк бол аливаа улс орны нэрийн хуудас, түүхийн бичээс байдаг гэдэг биз дээ? Хүмүүс тэр л утгаар нь сонирхон цуглуулах болоо юу даа. Яг л эртний эдлэл цуглуулдаг шиг марк, дугтуйг сонирхон цуглуулах болсон байна. Тэгээд ч компьютерийн хэрэглээ өндөр хурдацтай өсөж, бие биендээ захиа бичиж шуудангаар илгээх нь багасах тусам хуучны марк, дугтуйн үнэ улам өсөж байна. Жилээр бус сараар үнэ нь нэмэгдэж байна. Манай сайн сайн цуглуулгууд гадагшаагаа их гарсан. Нуугаад яахав. Бараг гараад дуусч байна гэхэд ч болно. Тэр тусам Монголын марк, дугтуй, шуудангийн түүхийн цуглуулгын үнэ ханш улам өсөж байгаа юм.

-Таны үзэсгэлэнгийн бүтэц, гол онцлог нь...
-“Монгол шуудангийн түүх” нэртэй миний үзэсгэлэн дотроо хэд хэдэн бүлэгтэй.
Нэгд: 1848-1948 оны хоорондох үеийн Монголын өртөө шуудангийн түүхийг харуулахыг зорьсон. 1840 онд дэлхийд анхны марк гарсан гэдэг биз дээ? Тэгвэл марк мэндэлж байсан тэр үед Монголчуудын өртөө шуудан ямар уламжлалтай байсан юм бэ гэдгийг түүхэн баримтаар харуулахыг зорьсон.
XIX зууны өртөө шуудан, морин өртөө, экспресс шуудан Монголд ямархуу янзтай байсныг харуулахыг зорьж 16 самбар үзэсгэлэн бэлдсэн. “Хурдан мориор довтолгон явуул” гэж бичдэг байсан нь одоогийн хэлээр бол “Экспресс” шуудан гэсэн үг л дээ. Ийм захидал бусад захианаас 3-5 хоногийн өмнө хаягласан эзэндээ хүрдэг байж. Мөн том лам нар болон энгийн ардууд хэрхэн захидал бичгээр харилцаж байсныг харуулахыг зорьсон. Миний цуглуулгын нэг сонирхолтой үзмэр бол Дилав хутагт Жамсранжавт илгээсэн захидлын дугтуй байгаа юм.

Хоёрт: Хүрээн дэх гадаадын шуудангийн түүхийг харуулсан. 1870 онд Оросын шуудан, 1910 онд Хятадын салбар Монголд үүдээ нээсэн байдаг. Түүнийг үзүүлж өгөхийг хичээсэн.

Гуравт: Манай улсын шуудангийн анхны марк 1924 онд гарсан. Түүний дараа гарсан соёмбот марк болон дараа нь засвар хийж гаргасан соёмбот маркуудын ялгаа юу байна вэ? Мөн ХХ зууны эхэн үеийн монгол марктай дугтуйнуудын түүхийг харуулахыг бодсон.

Дөрөвт: Ховд, Улиастай гм. орон нутгийн шуудангийн салбаруудын түүхийг үзүүлэхийг зорьсон. 1927 онд Монголтранс байгуулагдсан боловч 1935 он хүртэл өртөө ажиллаж байсан. Манай улсын шуудангийн байгууллагууд ямар зам туулсан юм бэ гэдгийг харуулахыг зорьсон. Миний цуглуулгад Монгол шуудангийн 100 жилийн түүх бий юм шүү!

-Та ер нь яаж яваад энэ шуудангийн үнэт зүйл цуглуулах ажил руу “орчихсон” хүн бэ?
-Би анх зоосноос эхэлсэн хүн. 1985 онд Чехэд сургуульд очоод 48 орны 180-иад оюутантай хэлний бэлтгэлд хамт суудаг юм байна. Тэгээд л тэдэнтэй мөнгө зоос солилцож эхэлсэн дээ. Дараа нь дэлхийн орон орны цаасан мөнгөн дэвсгэрт цуглуулж эхэлсэн. Одоо миний цуглуулгад НҮБ-д бүртгэлтэй болон аль хэдийнээ байхгүй болсон 250-иад улсын 3000 гаруй цаасан дэвсгэрт бий. Гадаадын зоос, мөнгөн тэмдэгтийн цуглуулгаараа ирэх жил үзэсгэлэн гаргах бодол бий.

Би ерээд оны эхэн үед нэг л зүйлийг сайн ойлгосон хүн. Хятадын ч юм уу Оросын эсвэл Тонга, Бутаны марк, зоос, тэмдэг цуглуулаад хэзээ ч би тэдний өмнө нь гишгэж чадахгүй гэж. Гадны элдэв юм цуглуулаад оргилд нь хүрэхгүй юм байна гэдгийг эрт ойлгосон. Харин Монголынхоо түүх соёлтой холбоотой ховор нандин зүйлийг олж цуглуулах нь надад, миний үр хүүхдүүдэд, улс оронд маань ч хэрэгтэй юм байна гэдгийг эрт ойлгосон учраас үнэ хайрлалгүй авахыг боддог доо.

-Зоос, мөнгөн тэмдэгтийн цуглуулгаараа ном бичиж хэвлүүлсэн биз дээ?
-Цуглуулагч Б.Нямаа, Ц.Батсайхан нарын хамт 2002 онд “Монгол улсын зоос, мөнгөн тэмдэгт” ном бичиж хэвлүүлсэн. 2005 онд дахин хэвлүүлж байлаа.

-Бас үзэсгэлэн гаргаж байсан байх аа?
-Би 1986 оноос эхлэн Монгол улсын марк, дугтуй, ил захидал, зоос, цаасан мөнгөн дэвсгэртүүд сонирхон цуглуулж ирсэн. 2006 оны нэгдүгээр сард “Монголын зоос, мөнгөн дэвсгэрт”-ийн үзэсгэлэнгээ гаргаж олон нийтэд сонирхуулсан. 2001 оноос Зоос сонирхогчдын Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

-Өнөөдөр хүн бүр ямар нэг юм цуглуулах болжээ. Цуглуулга хийхийг сонирхсон хэн нэгэн хүн зөвлөгөө авахаар зорьж ирвэл Tа юу гэж хэлэхсэн бол?
-Миний бодлоор хэн ч тэр ямар нэг юм цуглуулахдаа эхлээд өөрөө дур сонирхолтой байх ёстой. Аливаа цуглуулга нь танин мэдэхүйн асар их ач холбогдолтой байхын зэрэгцээ бүрэн төгс байж үнэ цэнэтэй болдог. Хоёрын хооронд юм бол олигтой үнэ хүрэхгүй л дээ. ЗХУ задран бутарсны дараа социализмын үеийн Оросын зураачдын зурсан зурагнууд ямар ч үнэ хүндгүй болсон гэдэг. Олигтойхон дарсны үнэ хүрэхээ байж агуулах савны нэг буланд тоосонд дарагдан хэвтэх болсон тэдгээр зургуудыг Францчууд маш хямдхан үнээр худалдан авсан гэх юм билээ. 70 жилийн түүхтэй социализмын үед түүний үзэл суртлын нэг хэрэгсэл болж байсан дүрслэх урлагийн маш олон бүтээл цаг үеэ магтан дуулсан шинжтэй байсан нь нууц биш. Гэтэл бас тэр дунд дүрслэх урлагийн олон чиглэл урсгалаар бүтээсэн шилдэг бүтээлүүд төрөн гарсан нь ч мэдээж. ЗХУ задарч, социализм түүхийн хог дээр хаягдсан ерээд оны эхэн үед Оросын дүрслэх урлагийн маш олон сайхан бүтээл баруунд гарсан гунигтай түүх бий. Сүүлд Оросын эдийн засаг сайжирч, “шинэ Орос” хэмээх үндэсний шинэ баячууд олноор төрөн гарч ирж урлагийн бүтээлүүд сонирхон цуглуулах болсон боловч харамсалтай нь ардын урлалын хосгүй ховор шилдэг олон бүтээл нь аль хэдийнээ хилийн дээс даваад явчихсан байсан гэдэг.

Өнөөдөр бизнест хүч үзэж буй манай олон залуучууд хүчирхэгжээд, хөл дээрээ баттай зогсоод ирэхийн цагт цуглуулга руу анхаарал тавих болно гэдэгт би итгэдэг. Дэлхийд нэртэй хөлгүй баячуудын туулж ирсэн зам мөрийг харахад тэд бараг бүгд л ямарваа нэгэн цуглуулга руу хөл тавьж, хөрөнгөө хөрвүүлсэн байдаг юм билээ.

-Таны цаашдын мөрөөдөл, зорилго...
-Энэ жил манай марк цуглуулагчдын хувьд түүхэн тэмдэглэлт үйл явдал болно. Монгол улсад марк гаргасны 85 жилийн ой болох юм. Уг ойд зориулан Дэлхийн филателийн үзэсгэлэнгээс гурвантаа алталсан медаль хүртсэн цуглуулгаараа үзэсгэлэн гаргах бодолтой байна.
Мөн энэ оны найман сард Сөүл хотноо болох Ази тивийн 25 дахь удаагийн маркийн үзэсгэлэнд оролцож тоосоо өргөнө. Алс хэтдээ дэлхийн филателийн үзэсгэлэнгийн дээд шагнал гран при хүртэж улс Монголынхоо нэрийг дэлхий дахинаа гаргаж сурталчлах юмсан гэж бодож явдаг даа.

Бараг жар шахам жилийн турш тасралтгүй шуудангийн марк, дугтуй, ил захидал цуглуулан олон улсын болон тив, дэлхийн үзэсгэлэнгээс 30 шахам удаа алталсан мөнгө, мөнгө, хүрэл медаль хүртсэн манай нэрт цуглуулагч Ө.Сэрээтэр гуай дэлхийн филателийн холбооны шагналын тавцнаа эх орныхоо нэрийг дуудуулан дуурсгаж ирсэн түүхтэй. Энэ сайхан уламжлал түүнийг бурхан болсон цагаас хойш сүүлийн хэдэн жил тасраад байсан юм. Харин цуглуулагч Ч.Энхбат энэ уламжлалыг сэргээн улс орныхоо нэрийг филателийн ертөнцөд дахин цоллуулж, торгон жолоо өргүүлэх боллоо. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байхсан билээ.

9 comments:

Ганаа_бж said...

Цуглуулга хийдэг хүмүүс их уйгагүй, маш их тэвчээртэй хүмүүс байдаг шиг санагддаг. Багадаа марк, тэмдэг, ил захидал, чихэр шоколадны цаас гээд юу эсийг цуглуулж байв даа, туйлбаргүй хүн чинь тэгсгээд орхисон доо.

Анд маань сайхан бичлэг оруулжээ. Олон улсын уралдаан тэмцээнд оролцоод, сүрхий залуу байна. Сэрээтэр гуайн тухай нэвтрүүлэг үзэж байсан, мундаг хүн байна лээ. Цуглуулагч төдийгүй, маш олон талын өргөн мэдлэгтэй.

Soronzon said...

Сайн уу Ганаа!
Тийм шүү. Мундаг цуглуулагч л даа.
Бурханы авралаар тэр сайхан хүнтэй уулзаж учирч, сургаал үгийг нь сонсох аз завшаан таарч байлаа.
Би цуглуулгын тухай номондоо Ө.Сэрээтэр гуайн тухай бичиж оруулсан. Блогтоо тавих гэхээр дэндүү урт болчих гээд төвдөөгүй юмаа.

Батхуяг said...

Ийм нэг зоос надад байна.
Миний бодлоор хүрэл зоос байна. Интернетээр зоосны тухай чадлаараа л хайлт хийлээ. Яг адилхан зоос алга. Энэ зоосны талаархи өөрийнхөө бодлыг үлдээнэ үү? http://shizo-huyagaa.blogspot.com/

Батхуяг said...

Ийм нэг зоос надад байна.
Миний бодлоор хүрэл зоос байна. Интернетээр зоосны тухай чадлаараа л хайлт хийлээ. Яг адилхан зоос алга. Энэ зоосны талаархи өөрийнхөө бодлыг үлдээнэ үү? http://shizo-huyagaa.blogspot.com/

Soronzon said...

Батхуягт:
Таны блог руу орж уг зоосны зургийг харлаа. Танд туслаж чадах нэг хүнийг зааж өгье.
Эртний зоос судлаач, цуглуулагч, доктор Бадарчийн Нямаа.
Түүний бичсэн "Монголын эзэнт гүрний зоосон мөнгө ба хаадын овгийн тамга"/УБ.2005/ гэсэн нэртэй ном олж үзвэл таны эрлийн учиг тайлагдах болов уу. Энэ ном Интерном номын их дэлгүүрт байж магадгүй.
Мөн миний блогийн холбоос дээрх түүний сайт руу орж үзээрэй. /Монгол зоос/ гэсэн.
http://mongoliancoins.com/home.php

Soronzon said...

Батхуягт:
Би энэ зоосны талаар Нямаа ахаас асуусаан. Та майл хаягаа үлдээгээрэй!

Батхуяг said...

Их баярлалаа. Би бодохдоо энэ зоос Монгол зоос байж магадгүй гэж бодоод байгаа юм. Энэ зоосыг Багануураас ногоо тарих гэж газар хагалж байгаад олсон юм. дахин хэлэхэд их баярлалаа.миний майл хаяг. huyagaa75@yahoo.com

Anonymous said...

Mongoliin anhnii mark yamarhuu hanshtai bdag ve? ene bga yumalda http://www.facebook.com/media/set/?set=a.439690752727732.109910.100000604336997&type=3

norovsambuu gantsolmon said...

Сайн байцгаана уу? Би саяханаас өөрийн гэсэн цуглуулгатай болъё хэмээн мэрийж яваа нэгэн. Мөн цуглуулагчдын ФБ группыг нээж чадан ядан ажиллуулж эхэлж байна. Тиймээс та нөхдийн хэрийн цуглуулагчид энэхүү группт нэгдэх аваас гүнээ талархах байна. https://www.facebook.com/groups/collectorsclubmn/