Wednesday, May 6, 2009
“Мөнхийн ЁС”
Эмнэлэгт хэвтэж байгаад өнөөдөр гарч ирлээ.
Шинэ жилээс хойш зүрхээр хатгуулж өвдөөд байх болсон юм. Эхэндээ тоохгүй л явлаа. Гэтэл 3 дугаар сараас хойш өвдөх нь бүр их ширүүсч нэг л бишээ. Ойр ойрхон өвдөж шаналж зовсон хүн хичээлдээ ч сууж чадахгүй дэмий л өдөр хоногийг өнгөрөөх боллоо. Сүүлдээ бүүр зүүд нойр хүртэл эвгүйрхэж голцуу үхэж үрэгдсэн хүмүүс зүүдэлдэг болов.
Нэг удаа өөрийгөө үхсэн хэвтэж байна, сүнс маань биенээсээ салаад гарчихсан буцаж орох гэж маш их зовж тарчилж байгаагаар зүүдэлдэг байна шүү. Хажууд охин маань унтаж байх юм, тэврэх гэтэл бие нь гарт баригдахгүй, яг л “Сүнс” кинон дээр гардаг шиг хоосон агаар самардаад байх юмаа. Эхнэрээ дуудтал намайг сонсож байгаа шинж алга. Хэн нэгэнтэй гар утсаараа яриад ухаангүй. Олон дахин дуудсан боловч намайг даанч сонсохгүй юмаа.
“Би чинь үхчихсэн юм байна шүү дээ. Тэгээд л эхнэр маань намайг сонсохгүй байгаа юм байна. Энэ хоёр маань надаас хойш яаж амьдарнаа. Ядахдаа охиноо сургуульд орохыг нь үзсэн ч болоосой..” гэж бодохоор дотор харанхуйлаад...
Сүүлчийн хүчээ шавхан эхнэрээ дуудлаа. Гэтэл хэн нэгэн намайг нэрээр минь зөөлөн дуудах нь сонсогдож би энэ ертөнцдөө эргээд ирлээ. Тэр үед ямар их баярлав аа. Би ер нь амьдралдаа тэгж магнай хагартал баярлаж үзээгүй байх аа?! Амьд байгаадаа баярлаж охиноо тэвэрч баахан үнслээ. Нэгэнт амьд сэрүүн байгаагаа лавтай мэдсэн тул эхнэртэйгээ “хэрүүл” хийлээ дээ.
-Чи ямар муухай хүн бэ? Би сая өөрийгөө үхчихсэн байна гэж зүүдлээд. Тэгээд чамаас аврал эрж дуудаад байхад чинь утсаар яриад тоохгүй юм.
-Харин тэгээд яагаав. Унтаж байтал чи гэнэт нэг их эвгүй муухай хоолойгоор гиншээд байсан. Хар дарж зүүдлэж байна гэж мэдээд аяархан шиг дуудаж байж сэрээлээ шүү дээ.
-Үгүй ер. Чи Удвалтай л утсаар яриад байсан шүү дээ. Би чамайг хичнээн их дуудваа. Ингээд л үхдэг юм байж, сүнс болчихож гэж бодоод биендээ буцаад орох гэж үйлээ үзэж байхад чинь туслаад ч өгөхгүй...
-Өө, за за. Сүнсийг нь эргүүлээд биенд нь оруулаад өгсөн биш харин буруутан болчихдог юм байна л даа. Чи л сүүлийн үед намайг авч унтахгүй, охинтойгоо л унтана гэж томроод байсан биз дээ? Тэгээд ямар байна?
-Аймаар юм байна аа. За нааш ир, хажуугаар ороод унт.
-Тэр нь дээр байлгүй. Та хоёр надад томроод хаа холдох вэ дээ. За, чи охиноо тэвэр, би чамайг тэврээд унтая. Тэгвэл элдэв муухай юм зүүдлэхгүй байх.
-Ёоох...
Ийм л юм болсон юм даа. Маргааш нь би эхнэртээ үнэнээ хэллээ. Сүүлийн үед байнга зүрхээр хатгуулж өвдөж байгаа, хичээл дээрээ байнга ширээ дэрлэж хэвтэх болсон, бас дандаа үхсэн үрэгдсэн хүмүүс зүүдлэх болсон гээд л...
Манай хүн миний яриаг сонсож дуусмагц багш лам руугаа залгалаа. Бид өөрсдийгөө өвдөж зовохоор үзүүлж харуулдаг, бас охиноо байнга даатгадаг нэг зурхайч лам байдаг юм. Лам багш маань миний тухай сонсмогц утасны цаанаас шууд л,
-Наад хүний чинь зүрх нь тааруу байна. Унтаж байгаад тэр чигээрээ нэг мөсөн “унтчихаж” магадгүй байна шүү. Сүр сүлдийг нь яаралтай дуудуул. Бас ийм ийм ном уншуул гээд баахан номын нэр хэлжээ.
Миний ярианд эхэндээ жаахан тоомжир муутай байсан хань минь багш ламтаныхаа хэлсэнийг сонсоод айчихаж. Түргэн авлаа даа. Надад яаралтай баахан ном уншуулж, засал хийлгэн, элдэв янзын шинжилгээ өгүүлж, эцэст нь эмнэлэгт хэвтүүлээд санаа нь амрав.
Эмнэлэгт хэвтэснийх оношоо мэдэж авлаа. Эм тариагаар баахан бөмбөгдүүлэв. Өдөр болгон дусал залгуулаад тааз ширтэн хэвтэж байхдаа нэг л зүйлийг сайн ойлгож авсан. Энэ нь “Бурхан миний амьд явах хугацааг сунгаж өглөө” гэдэг ухаарал. Харин хэдий хэр хугацаагаар сунгасныг би даанч мэдэж чадсангүй ээ...
“Хүн амьд явах насандаа нэг удаа ч гэсэн хүнд өвчнөөр өвчилж үзэх хэрэгтэй юм. Энэ нь түүнд туулж өнгөрүүлсэн амьдралаа тайван, няхуур эргэцүүлж үзэх бололцоо олгоно” гэж миний хайртай зохиолч Нодар Думбазе “Закон вечности” романдаа бичсэн байдагсан. Монгол хэлнээ “Мөнхийн ёс” хэмээн буулгасан эл романыг би мөн ч олон удаа шимтэн уншсан даа. Гэхдээ энэ удаагийнх шиг сэтгэл зүрхнийхээ угт тултал, бүр нэг яс махаараа мэдэртэл тэгж ухаж ойлгож уншаагүй юм байна шүү!!!
Сайхан сэтгэл, саруул ухааны дээдийг биедээ цогцлоож, инээдэм наргиан, эгэл биш хошин шогоор бүтээл туурвилаа чимсэн Гүржийн нэрт зохиолч, энэрэнгүй үзлийн дууч Нодар Думбазе зүрхний шигдээс өвчнөөр өвдсөнийхөө дараа дээрх романаа туурвисан билээ. Тэрээр эл романыхаа төгсгөлд “Мөнхийн ёс” гэж байдаг болохыг ухаарснаа бичсэн байдаг.
Түүний нээсэн “Мөнхийн ёс”-ны гол утга нь:
“...Хүний сэтгэл гэдэг түүний биеэс зуу дахин хүнд юм.......
Ганц хүн дааж авч явж чадахааргүй тийм хүнд юм...Иймээс хүмүүс бид, амьд яваа насандаа бие биедээ тус хүргэхийг хичээж, бие биенийхээ сэтгэлийг мөнхжүүлэхийг хичээх ёстой юм...Би таны сэтгэлийг, та өөр нэг хүний сэтгэлийг, цаад хүн чинь бас нэг хүний сэтгэлийг гэх мэт хязгааргүй юм... хүний үхэл биднийг ганцаардуулахгүйн тулд юм шүү дээ” гэжээ.
Харин миний хувьд эмнэлгийн орон дээрээс олсон нээлт, ухаарал минь гэвэл "Бурханы хайрласан нас, амьд явах хугацаандаа хүмүүст сайн үйл түгээх, бусдыг энэрэн хайрлаж, туслаж дэмжих, сайхан сэтгэлийн үрийг тарих..." Энэ “Мөнхийн ёс”-ыг зөрчиж, хувиа борлуулан, довоо шарлуулж,
Андуу эндүү явбал
Амий минь гартал ниргээрэй, БУРХАН МИНЬ!
Subscribe to:
Post Comments (Atom)
20 comments:
za biee sain edgeegeerei
Баярлалаа, багш аа.
Соронзон анд сайн уу. Ойрдоо сураггүй байсан чинь эмнэлэгт хэвтсэн байж ш дээ. Эргэж чадсангүй, уучлаарай, мэдээгүй юм чинь яаж ч эргэх вэ дээ, хэхэ.
Одоо эмчлүүлээд авсан юм чинь нэг хэсэгтээ алзахгүй биз дээ. Гам сайн хийгээрэй дээ.
“...Хүний сэтгэл гэдэг түүний биеэс зуу дахин хүнд юм.......
Ганц хүн дааж авч явж чадахааргүй тийм хүнд юм...Иймээс хүмүүс бид, амьд яваа насандаа бие биедээ тус хүргэхийг хичээж, бие биенийхээ сэтгэлийг мөнхжүүлэхийг хичээх ёстой юм...Би таны сэтгэлийг, та өөр нэг хүний сэтгэлийг, цаад хүн чинь бас нэг хүний сэтгэлийг гэх мэт хязгааргүй юм... хүний үхэл биднийг ганцаардуулахгүйн тулд юм шүү дээ”
...Бурханы хайрласан нас, амьд явах хугацаандаа хүмүүст сайн үйл түгээх, бусдыг энэрэн хайрлаж, туслаж дэмжих, сайхан сэтгэлийн үрийг тарих...
Энэ үгс маш их таалагдлаа. Энэ номыг чинь олоод харчих юмсан. Соронзон андад байгаа бол хааяа хааяа хэсэгчилж оруулж байхгүй юу.
Сайн уу, хө.
Ажил тавлаг, гэр бүл тань амар амгалан уу?
...Энхжингийн үүднээс эргээд ирлээ. Бурханы ивээлд багталгүй буцаад ирлээ, хө. Одоо гайгүй биз дээ. Овоо сайн эмчлүүлсэн.
Н.Думбадзе гэж гайхамшигтай хүн, гайхалтай чадварлаг зохиолч байсан юм шүү. Миний номын санд Тбилисийн "Мерани" хэвлэлийн газраас 1986 онд орос хэлээр хэвлэсэн 2 боть нь бий.
Монгол хэлээр "Эмээ, Илико, Илларион бид дөрөв" тууж, "Мөнхийн ёс" романыг нь л хэвлэсэн санагдах юм. Зав зай гарвал түүний зохиол бүтээлээс нь тавихыг хичээе ээ.
Жич: Та орос хэлтэй хүн. Гүүглээр хайгаад орос сайтаас зохиолуудыг нь олоод уншвал лав надад талархана даа...
Ах юм бичихгүй нэлээн удсан, ийм учиртай байжээ.. жижиг хэрэг биш байна шүү, ер.
Бичлэгийг тань уншингуут Марциалын "Амьдрал гэдэг амьд явахад биш эрүүл байж ихийг бүтээхэд л байдаг юм" гэсэн үг орой руу орж байнаа.
Биеэ сайн бодоорой та..
Хөгжилтэй, өөдрөг зантай хүнийг жинхэнээсээ өвдөж гэдэгт үнэмшиж өгөхгүй, өө тоглосон юмаа андуудаа гэж хэзээ хэлэх бол гэсэн хүлээлтээр бичлэг уншиж дуусгалаа. Мотор цохих амаргүй ч засал авдаг эвдрэл гэх. Хамгийн гол нь би эрүүл гээд сэтгэл санаа, оюун ухаандаа өвчин гуайд зай өгөхгүй бай ч гэх. Өөрөө ер нь ийм философоор амьдардаг даа. Мэдрэгдээд байдаг юм. Хажууд хэрүүл хийх хүн, харж өхөөрдөх хүүхэд гээд бөөн капитал байхад удахгүй гялалзаад явчих аа.
Ганзод:
Баярлалаа. Энэ муу биеэ өвдсөн хойно нь л анзаардаг байна шүү. "Өвчлөөгүй байхдаа хүн эрүүл мэндийг тоодоггүй" гэдэг үгийн үнэн мөнийг одоо өөрийнхөө бие дээр л амсаж байна даа, хө.
Гангад:
Гялайлаа. "Мотор цохих амаргүй ч засал авдаг эвдрэл" гэх чинь сайхан л сонсогдож байна шүү.Өнөө өглөө сүр сүлдээ дуудуулж засал ном хийлгэлээ. Хэзээ үхнэ гэж гуниж гутарч элгээ эвхэж суух вэ дээ. Энэ амьдралаас эрт буцсан ч инээж дуулж яваад л дуусна даа, хө.
...Гэхдээ тэр болтол зай ч бий, лай ч бий бизээ.
Өвчин гэдэг чинь хэлж ирэх биш хийсч ирдэг учир биеэ сайн бодох хэрэгтэй.
uhej baina gej har darj zuudlechiheed sereed amid bgaagaa medreh ch ontsgoi sonin medremj shuu :)
gesnees ter lam bagsh chin yu ch asuulguigeer shuud l zurh chin uvdusniig medsen hereg uu.zarimdaa, zarimdaa ch yu baihav dee, suuliin heden jil mongolchuud denduu shashin gej yavah bolson yum shig sanagddiin.yu l bolno ter bugdiigee lamaas asuuna geed l. suuldee boldog ch yum baihaa baichihsan met.medeej ene minii bodol.
Mөнхийн ёс- nom sonirholtoi sanagdlaa.chadval blog deeree zohiol buteelees n tavihiig bodooroi.
za tegeed bie-ee bodood ihiig hiij buteegeerei.
Бүрнээд:
Баярлалаа, хө. Манайд тавтай морил.
mees said:
Лам багшийн хувьд бол таньтай санал нэг байна аа.Гэхдээ нэгэнт тийм үг сонссон хойно бас айхгүй ч гэсэн аягүй гэгчээр эвгүй юм билээ.
Инээд, нулимс хоёрыг эн тэнцүү багтаасан "Мөнхийн ёс" номоос дараа хэсэгчлэн тавихыг хичээе ээ.
Soronzon agaadaa edgeed garsand bayar hurgeye. Odoo neg sain tsenegleed avsan biz dee. Amjilt husye.
Soronzon
Biee sain bodoj yavaarai! Tanii blogt zochilj saihan bichleguudiig chin' unshih durtai egel negen baina. Tand eruul enhiig husei, bie gamnaarai.
Soronzondoo bayarlalaa. Neg zavandaa Google-dnee.
blue fire:
Нутгийн шувуухай альхан газрын талд дуулж явна даа? Бие нь сайн, ажил үйлс нь өөдрөг биз дээ?
Үлмэдэхэд:
Санаа тавьсанд тань талархаж байна аа. Сэтгэлд тань нийцэх бичлэгээр дайлж байхыг хичээнэ ээ.
Даанч чимээгүй болчихсон байсан юм. Онош тодорхой бол хоол эмийн дэглэм бас хөдөлгөөнтэй байгаад байвал болчих байхаа тиймээ. Эрүүл мэндээс чухал юм гэж юу байхав, биеэ бодож яваарай даа.
Алив юм хоёр талтай байдаг гэгчээр өвдсөн ч бас олон юм бодоод амжиж дээ. Гэхдээ энэ байтугай юмыг бодож тунгаах их цаг хугацаа хэрэгтэй шүү гэдгийг бодоод л эмч болоод эхнэрийнхээ үгэнд сайн ороорой.
peakfinder said...
Санаа тавьсанд баярлалаа.
Ханиа тэвэрч унтаад, хайртай охиноо үнсээд гарахад бие маань гайгүй болоод байгаа шүү, ккк
Бие тань хурдан эдгээсэй гэж ерөөе! Танд далд ухамсартайгаа бас ажиллавал ямар вэ гэж санал болгомоор байна. Эрүүл энхийг хүсье!
Одоо илааршаа бизээ. Нодар Думбадзе гайхалтай мэдэрчээ. Хүнд өвдөж эдгэрсэн хүн өөр болдог гэдэг. Зарим мэргэд бүр үхэж үзэх хэрэгтэй гэх юм. Энэ ч маниас хэтийдсэн хэрэг л дээ. Зүрх хамгийн сайн эмчилгээ авдаг эрхтэн гэсэн.
Үлмэдэхэд:
Санаа тавьсанд баярлалаа.
Далд ухамсар гэдэг чинь сонирхолтой хэрэг байна шүү.
Арсунд:
Харин тийм гэнээ. Зүрх гэдэг эрхтэн энхрийлж бөөцийлж л байвал их дуртай болтой догоо...
Өөрийнх нь нэр шиг, соронзон шиг татаад байдаг сонин блогтой нөхөр юмаа. Дандаа л мэдэх мэдэхгүй, сонирхолтой мэдээллүүд байх юм. Салахаа ч байлаа даа.
Post a Comment