Saturday, June 13, 2009

“Ханхүү хайж байна”


“Удахгүй таван нас хүрэх гүнждээ таарч тохирох ханхүү хайж байна” гэсэн зарлал энд тэнд харагдвал та бүү гайхаарай. Би бичиж хувилаад шуудангийн салбарууд, “Шуурхай зар” сонин, оюутны дотуур байр, ОСМО-гийн лавлах, баар рестораны хаалга, байрны орц үүд, автобусны буудал, Ард кино театр зэрэг газраар тарааж, цавуудаж нааж, нийтлүүлж хэвлүүлсэн хүн шүү. Юуны учир ийм зар түгээх болсон учир шалтгаанаа одоо тайлбарлая.

Саяхан охинд маань ээж нь буддаг ном авчирч өгсөн юм. “Coloring book” хэмээн бичсэн ийм ном байлаа. Өнгө ялган будсан наалттай жижиг зургийг нь дууриалган будаж зурж их л завгүй өнжсөн охин маань уржигдар,
-Аав аа, чи надад ханхүү олж өг! гэдэг юм байна. Учрыг нь олоогүй би гайхаад,
-Юун ханхүү билээ миний охион гэвэл
-Энэ номон дээр байгаа шиг гоё ханхүү олж өг. Би бас бүжиглэмээр байна гэнэ. Ёооё…

Сүүлийн үед биеэ чагнан байнга хэвтэж байдаг шинэ ажилтай болсон аавд нь бэлэн зэхээний ханхүү хаана байх вэ дээ? Тэгээд бодож бодож нэг арга оллоо.
-Миний охион, энэ ханхүү чинь холын холд, бүр мааш их холд байдаг юм шүү дээ. Аав нь дараа утсаар ярьж байгаад дуудаад ирье. Одоо аав нь ханхүү болчихьё. Тэгэх үү?
-Ханхүү чинь залуухан бас генерал хувцастай байдаг байхгүй юу. Чамд генерал хувцас байгаа юм уу?
-Ммм. Аавд нь генерал хувцас байхгүй л дээ. Аав нь Метроmall-аас худалдаад авчихья.
-Аав аа, чи ханхүү болж чадахгүй ээ. Чиний зүрх чинь дандаа өвддөг болохоор бүжиглэж чадахгүй ш дээ. Тэгээд бас чи хөгшин…

За иймэрхүү харилцан ярианы дараа аавын ханхүү болох гэсэн мөрөөдөл, оролдлого “будаа болов”. Нарны эрт, насны залуу дээр өөр арга бодохгүй бол болохгүй нь ээ. Дараагийн шатны “Ы” операци зохиож хэрэгжүүлэхээр шийдээд гар утсаа авлаа.

-Байна уу, аан ханхүү юу? Тийм. Би Аминаагийн аав байна аа. Тийм тийм. Манай охин өөртэй чинь танилцаж тоглоё, бас бүжиглэе гэнээ. Та манайд хэзээ ирж чадах вэ? Юу, өнөө орой юу. Болно болно. За тэгээрэй. Баярлалаа, баяртай.

-За сонсов уу? Аав нь ханхүүтэй ярьчихлаа. Чамайг хичээлээ сайн хийгээд зургаа цэвэрхэн зурвал саяны ярьдаг ханхүү өнөө орой манайд ирье гэж байна. Аа харин хичээлээ хийхгүй залхуурч, ядарч байна гээд байвал ирэхгүй гэж байна шүү гэлээ.

Энэ үгийг сонссон охины минь зан ааш уян дөлгөөн болсон гэж юухэв. Барагтай л бол хичээлээ хийхгүй хойш сууж, намайгаа элэг бариад эрхэлж нялуураад байдаг хүн маань төрөл арилжчих шиг л боллоо. Намираад л байх нь тэр. Тэр их идэвхийг нь харсан би сүүлдээ худлаа хэлсэндээ санаа зовчихлоо.
-Одоо миний хүү ядрана. Боль боль, амар гэвэл
-Үгүй ээ, би хичээлээ хийнэ. Орой манайд ханхүү ирж надтай бүжиглэнэ гэсэн гээд ширээнээс ховхордоггүй шүү. “Хүүхдэдээ худлаа ярьж болохгүй” гэсэн сурган хүмүүжүүлэх ухааны алтан дүрмийг аав гуай зөрчснөөс болж асуудал үүсвээ, хөөрхий. Тэрхэн зуур худлаа хэлээд охиноо аргалаад өнгөрөөх гэсэн биш ийм ноцтой байдалд хүрэх юм чинээ санаагүй тэнэг толгой өөрийгөө баахан харааж зүхлээ дээ.

Ингэсээр байтал цаг талийж орой боллоо. Үлгэрийн ханхүү байдаггүй ээ. Өдөржингөө үлгэрийн ханхүүг хүсч мөрөөдөн хичээлээ идэвхтэй хийсэн охин минь унтах болоход,
-Ханхүү ирэхгүй юм байна даа гэж гомдолтой нь аргагүй өгүүлээд аавдаа ч үнсүүлэлгүй буруу харан хэвтлээ. “Би юу хийчихвээ?”

Хуруун чинээ жаахан охин ингэж гүнзгий тусгаж авах юм гэж би яаж санах билээ. “Бурханы элч”-ийг гомдоодог би мөн ч нүгэлтэй амьтан юм даа. Одоо яаж нүгэлээ наминчилж гэмээ цайруулдаг юм билээ. Өчигдөр бас л номоо будаж өнжсөн охин маань үлгэрийн ханхүү ирж өөртэй нь бүжиглэнэ гэж итгэсээр л байгаа бололтой.
-Аав аа, ханхүү яагаад ирэхгүй байна аа гэж асуусаар...

“Ийм залуухан царайлаг, бас сайхан бүжиглэдэг ханхүү үлгэрт л гардаг юм” гээд хэлчихвэл миний муу шар гүнж насан туршдаа надад гомдох ч юм бил үү? Хэлээ тас хазлаа. Тэгж муу амлан охиноо гомдоосноос газар доогуур орсон нь арай дээр биз гэж бодоод ханхүүгийн эрэлд мордсон юм.

Ийм л учраас би энд тэндхийн сонин хэвлэл, сайт дээр “Удахгүй таван нас хүрэх
гүнждээ таарч тохирох ханхүү хайж байна” гэсэн зар тавиад байгаа юм. Юмыг яаж мэдэхэв одоо энэ мөрийг уншиж суугаа эрхэм блогчин таны дэргэд миний охинтой нас чацуу, нуруу ижил ханхүү байвал холбоо барина уу. Миний бяцхан гүнж, таны сайхан ханхүү хоёр хэн хэндээ таалагдаад хэзээ нэгэн цагт ингэж бүжиглэж явах ч юм билүү. Тэгээд аз жаргалтай амьдран амар сайхандаа жаргах ч юм бил үү, хэн мэдлээ.


11 comments:

peakfinder said...

Ye zolig hecuuhen l baidald orloo doo ene aav. Gehdee sanaand taarsan hanhuu oldoh bailgui dee.
Hoorhii itgeed sain ohin baih gej ih hicheesen baina shuu dee. Ene huuhduud gej ohoordmoor amitad shuu.

Soronzon said...

Хэлээд юухэв.
Гэхдээ л охидууд гэж тун сонирхолтой, үл танигдах ертөнц юмаа. Өдөр бүр л нэг шинэ үйлдэл. Тааж хэлэхийн аргагүй. Уйдах ч завгүй л амьдарч байна даа, хэ хэ.

Anonymous said...

Охидууд гэж ёстой хөөрхөн ертөнц ш дээ.Би бас охинтой одоо том болсон 18 тай Гэхдээ охиныхоо жаахан байсан үеийг нь бодохоор дахиад охинтой болмоор санагдаад байдаг юм хэ хэ

Azaa said...

hehehe... Yamar xuurxun yum bee! Daanch manai xan xuu 4 sartai bolxoor arai zaluudax yum shig bn.. Za tegeed xan xuugiin ereld amjilt xusey!! ^^

бж said...

Манай ханхүү даанч нас хэтэрсэн байх л даа. Тэрнээс биш ганц ханхүүгээ танай гүнжид тохирох ханхүү шалгаруулах тэмцээнд соймоор л байна санж... хэхэ.

Soronzon said...

Үлмэдэхэд:
Санаж явбал бүтнэ гэдэг дээ. Удахгүй гүнжтэй болох болтугай.

Азаад:
Дүү охин сайн уу? Даанч таг болчихсон юмаа. Маамуутай болоо юу?
Баяр хүргэе ээ.

Ганаад:
Танайх ч арай л хөгшдөх болов уу даа, айн. хэ хэ.

Azaa said...

Uu xarin tiin xicheel, duu geed jaaxan zavgui l bailaa.. Tag suraggui bolson uuchlaarai! Gexdee odoo zunii amralt exelchixsen bolxoor ergeed noormondoo orondoo..

Tsatsral said...

Uul n minii tom hanhuu nas n oiroltsoo l yum baina, daanch generaliin huvtsasgui, bas bojiison bor gej baigaa, tanai ohind tentsehgui shinjtei shuu.

Soronzon said...

Азаад:
Шинээр авсан зургуудаа блогтоо тавихаа мартав!

Цацралд:
III хорооллын "Аз" хүүхдийн их дэлгүүрт генерал хувцас байж мэдэх юм шүү, тэнд үзээрэй.

gegeen said...

someone must sue Disney for making an every girl can have a prince

Anonymous said...

Sain uu,
Say unshij btal ohin tani manai ohintoi ijil nertei blj taarlaa. manai ohiniig bas Aminaa gdg. ghdee minii gunjhen odoo dunguj 8 sartai. ghdee l ireeduid nadaas ingej hanhuu nehehees siihgui ee. odoo l joohon bj adtaig n yaana. =D
ingehed ta tgd ohindoo hanhuug n olj ugch chadsan uu?