Saturday, June 27, 2009

Эрээнцавын найрагчийн эротик шүлэг


Саяхан эмнэлэгт хэвтэхдээ яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүйн “Хүмүүсийн тухай роман” хэмээх шинэхэн бүтээлийг зориуд авч хэвтсэн юм. “Хүмүүсийн тухай хөрөг нийтлэлүүд, уран бүтээлээр нь босгосон эргэцүүллүүд, дурсамж сэлтэс оршвой” гэх титэм үгээр тодотгосон эл ном “Газрын хүмүүс, Тэнгэрийн хүмүүс, Янжинлхамын үр сад, Гиппократын үр сад, Бас бус бурхад” гэсэн 5 бүлэгтэй.

Ардын зураач Д.Амгалан, “Азийн хар муур Чомбуу”/хөл бөмбөгийн од/, Захын ялгуусан хутагт, зураач, зохиолч Гүр.Нямдорж, орчуулагч Г.Аким, тагнуулч Ж.Хуяг, эрдэмтэн О.Намнандорж, эмч Н.Даш, яруу найрагч О.Дашбалбар, Б.Галсансүх зэрэг төрөл бүрийн ажил мэргэжил, төөрөг тавилантай 50 хүний хөргийг чухам л уран яруу үгийн увдисаар “сийлжээ”.

Сүүлийн хэдэн жил хүмүүний тухай хөрөг нийтлэлийн ийм сайхан ном уншаагүй шиг санагдана. Хэмнэл нь алдагдаад байсан зүрх минь илааршин сайжрахад эмчийн бичиж өгсөн эм тангаас илүү энэ ном нөлөөлсөн ч байж мэдэх юм. Тэрээр надад номоо дурсгахдаа “Хүн болж төрсний маань учир Хүмүүсийн тухай сайхан хууч л үлдээхсэн гэж бодох юм даа” гэж бичсэнийх нь учрыг уншиж дууссан хойноо л ойлгов.

Сонин содон хувь заяатай, домог мэт алдаршсан олон олон хүний хөргийг үгээр “зурж”, шинээр нээж өгсөн энэ сайхан номын тухай олныг өгүүлж болох боловч би энэ удаад тийм зорилго тавьсангүй ээ. Харин уг номоос олж мэдсэн нэгэн шүлгийн тухайд хэдэн үг хэлхэе.

“…Бидний ихэд сүслэн биширдэг Нямсүрэнгийн шүлгүүд дотор даанч сайхнаар нууцалсан эротик мөрүүд зөндөө байдгийг уншигчид анзаардаггүй. Тэр жил дөнгөж бичээд дууссан нэгэн шүлгийг нь би Дорнодын “Дөл” сонины 1991 оны зургадугаар сарын эхний өдрүүдийн нэгэн дугаарт гуйж байж тавьж билээ” гэсэн хэдэн мөр миний анхаарлыг гойд татав.

“Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч” хэмээх алдарын эзэн Данзангийн Нямсүрэнгийн “Хаврын урсгал”/1984/, “Сэтгэлийн байгаль”/1991/ гэсэн хоёр ном нь миний номын санд бий. “Хаврын урсгал”-ыг нь надад миний анд сэтгүүлч Ц.Ганхуяг “Монголын амьд байгаа эгэл хэрнээ ер бусын найрагч ахынхаа анхны номыг “Сэтгэлийн байгаль”-иа өөрийн гараар над өгсөн өрөөнд дурсган суугаадаа таатай байнам” гэж бичээд дурсгаж байж билээ. Харин “Сэтгэлийн байгаль”-ийг нь би өөрөө худалдаж авсан юмдаг. Энэ хоёр номонд нь цөөнгүй эротик мөрүүд байдгийг мэднэ л дээ. Жишээ нь:

Дэндүү уяхан хөлийг ойроос би харсан юм
Дэргэд нь усны хөх ванн байсан юм

Хэцэнд, юм өлгөж байсан юм
Хэтэрхий өндийсөн болуу гэж боддог юм
Салхи сэвэгнэхэд сандрах шиг болоод
Сүлбээрэн зүүгээр хормойгоо хатгаж байсан

Гэзгээ шууж, цагаан алчуур зангидаж байсан
Гэдийхэд нь өврөөс нь хоёр шувуу ниссэн

Түмпэн дотроос холбоотой хөөрхөн юм гаргаж өлгөсөн
Түрүүчийн ниссэн шувууны үүр байсан

Дэндүү уяхан хөлийг ойроос би харсан юм
Дэргэд нь усны хөх ванн байсан юм
гэх зартай шүлгийг нь Ц.Ганхуяг маань надад анх “нээж” өгч, согтуу хөлчүү, эрүүл саруул ямар ч үедээ тоогүй олон удаа давтан давтан уншдаг байсан даа… хөөрхий муу анд минь…

Гэтэл Ж.Нэргүй ахын бичсэнээр бол “даанч сайхнаар нууцалсан” эротик шүлэг бас байдаг ажээ. Уг шүлгийн анхны уншигч болох хувь тохиосон тэрээр “Дөл” сониндоо нийтлүүлж байсан байх юм. “Д.Нямсүрэнгийн шүлэгтэй тэр дугаараа үзүүлээч” гэвэл “За, хаана байгаа бол доо. Новшин дотроо үзэхээс” гэсэн хүн маань нэг хэсэг таг болчихлоо. Хүлээж цөхөөд тэсэлгүй залгав. “Та нөгөө Нямсүрэнгийн шүлэгтэй сониноо яасан бэ. Олдоггүй юу” гэвэл “Харин тиймээ. Бүүр эрээд ядчихлаа. Хөөш, чи надаас 18 жилийн өмнөх хуучин сонины дугаар нэхэж байгаагаа мэдэж байна уу, үгүй юу, аан” гэдэг юм байна. Намайг шалаад салахгүй болохоор залхсан уу, яасан хэд хоногийн дараа уулзахдаа их найрагчийн 2002 онд хэвлүүлсэн “Аглагхан талаасаа” түүврийг нь барьсаар ирэв.

Уг номын дотор нүүрт “Анд сайн нөхөд яруу найрагч Ж.Нэргүй, Пүрэвсүрэн нартаа. Зөөлөн цагаан цас болон ирлээ. 2002.1.26 УБ хот. Д.Нямсүрэн чинь. Танай сайхан гэрт лам дүү Т.Содномнамжилын хамт ирлээ, явлаа, Эрээнцавруугаа…” гэж бичжээ.

“Аглагхан талаасаа” түүвэрт орсон “Арван хоёр үзэмж” шүлгийн хуулбарыг нь өгөхдөө найрагч ах маань надад ийн хэлж билээ:

-Монголын хуучны яруу найрагт янагийн учрал хэмээгч тэнгэрээс заяат мөч хормын тухай ямархан тансаг дүрсэлсэн байдаг гэж санана. Загас наадуулахын ариун үйл, заяа тавилангийн эрхэм үйлийг дүрслэн тодорхойлохдоо одоо цагийн асман банди нарын бичиж байгаа шиг модон үгээр мохоодоггүй байсан юмаа. Үүлэн борооны явдлыг үлгэр домогтоо оньслон шүлэглэдэг эртний уламжлалтай өвөг дээдсийн үр сад шүү дээ, бид чинь. Базаахгүй хэргээр хар гэрийн хаалга татсан эр хийсэн хэргийнхээ тухай “За даа, юу ч гэмээр юм бэ дээ. Цэцгийн мандал дотор 22-ийн түлхүүрээ унагачихсан юм” гэж далд утгаар нууцлан ярьдаг тийм л яруу тунгалаг тансаг хэлтэй хүмүүний үрс шүү дээ, бид. Нямсүрэн энэ шүлэгтээ салхин сарны явдлын тухай тун ч гайхалтай бичсэн. Чи өөрөө тайлж уншина биз гэж хэлээд доогтой нь аргагүй жуумалзсаар алхаж одсон доо

Уг шүлгийг нь уншлаа. Үнэндээ эхлээд ойлгосонгүй. Хоёрдахь, гуравдахиа уншиж байж уянга яруу, утгын гүн, шүлгийн айзам, шүтэн барилдлага, хэлбэр дор далдлан нуусан найрагчийн санааг цухасхан ч болов ойлгож эхэллээ. Яагаад энэ шүлгийн төгсгөл дээр Ж.Нэргүй ах “Агуу, агуу” хэмээн яаруу сандруу тэмдэглэсний учрыг та одоо тайлан уншина уу.


Зүүн гараас Д.Нямсүрэн, Ж.Нэргүй
МЗЭ-ийн 70 жилийн ойн баярын хурлын үеэр.
Төрийн ордон.1999.01.09


Д.Нямсүрэн

АРВАН ХОЁР ҮЗЭМЖ

Нэгээхэн бээр-тогос шувуу өд сөдөө үлэмжлүүлэн явах шиг
Нэгээхэн бээр-донж үзэсгэлэнт бүсгүй өмнө минь гарч ирлээ
Нэгээхэн бээр-нартай бороо гэрэлтэн орох шиг
Нэгээхэн бээр-найртай тэргүүлэгч цэцэг мандан бадарваа

Нэгээхэн бээр-хун шувуу уснаа хөвөх шиг
Нэгээхэн бээр-хусан лавай хасыг үзүүлэн чадаад
Нэгээхэн бээр-бусад цэцгүүд гөвөгдөх адил
Нэгээхэн бээр-бурамт хаврын анхилам мандарваа үнэртвээ

Нэгээхэн бээр-хөхөө шувуу донгодох үес
Нэгээхэн бээр-хөнгөн хурц чийрэг мээмийг нүднээ хавчуулаад
Нэгээхэн бээр-бор хул гэгээ гялбалзуулан
Нэгээхэн бээр-босоо, босоо хурц цэцэг дэлбээлвээ

Нэгээхэн бээр-богширго шувуу исгэрэх сонсдон
Нэгээхэн бээр-байван шүднээс инээд цахиваа
Нэгээхэн бээр-улаан шарангуй будгийг найруулан
Нэгээхэн бээр-улам гоё Цан цэцэг нэгэн жигд цоморлигоо дэлгэвээ

Нэгээхэн бээр-лам шувуу ум мани, ум мани гэх шиг
Нэгээхэн бээр-лавтай сэтгэлийн яриа бүдэг бадаг дуулдаваа
Нэгээхэн бээр-зүүн уулын хөндийгөөр салхи үлээх шиг
Нэгээхэн бээр-зүүдний улаан лянхуа үзэгдэвээ

Нэгээхэн бээр-зэс ягаан балын уруулд эрвээхий согтох шиг
Нэгээхэн бээр-зэргийн залуус хөгжилдөн түлхэлдэж шавиралдваа
Нэгээхэн бээр-шинийн саран тэнгэрт цухуйж
Нэгээхэн бээр-шилийн дөрвөн цаг дор жамъянмядаг цэцэглэвээ

Нэгээхэн бээр-намрын нууранд галуу гоог, гоог дуугараад
Нэгээхэн бээр-яламын модны навчин чимэгт ээмэг гялсхийвээ
Нэгээхэн бээр-намуун гоёмсог байдал ирж
Нэгээхэн бээр-наранцэцэг гурван зүйлийн өнгөөр чимвээ

Нэгээхэн бээр-цэн тогоруу явгалан гүйх шиг
Нэгээхэн бээр-цэнхэр үүлэн даашинз сөхөгдвөө
Нэгээхэн бээр-жихүүн амьсгаа ихэмсгээр ойртож
Нэгээхэн бээр-тэсвэрт удвал цэцэг өөдөөс тосвоо

Нэгээхэн бээр-цахлай шувуу элин халин нисэх шиг
Нэгээхэн бээр-цагаан яшил чээжийг ил гайхуулжээ
Нэгээхэн бээр-цасны ариг уснаас хүртэх мэт
Нэгээхэн бээр-цац модон бадма цэцэг ургаваа

Нэгээхэн бээр-мөнгөн ногтруу өвснөөс дэрхийн одох шиг
Нэгээхэн бээр-мөрөн дээгүүрээ бошинзоо бүсгүй мулталваа
Нэгээхэн бээр-мөөмөн ургамлын салаа биенээ хүрч
Нэгээхэн бээр-мөсний цагаан-уул цэцэг дэлгэрвээ

Нэгээхэн бээр-цэцэрлэгийн дотор бөднө шувуу буйлах шиг
Нэгээхэн бээр-цэвцгэр пансан хөшиг туналзваа
Нэгээхэн бээр-сэмжин цагаан манан нүүрэнд шивэрч
Нэгээхэн бээр-сэрүүн цэцэг усны чулуун дунд хонолоо

Нэгээхэн бээр-алтан гургалдай тоосны үзүүрт дуулахуй
Нэгээхэн бээр-агт морьд торгоны замд сульдаваа
Нэгээхэн бээр-үс гэзгээ самнасан мэт үүлэн борооны үйл өнгөрч
Нэгээхэн бээр-үзэмж арван хоёр дахь нь цахирмаа цэцэг болов оо

1991-03-14

7 comments:

lefobserver said...

Unfortunately, I don't understand.
Greetings from Greece

ganga said...

Найрагч, орчуулагч хоёулаа мундаг юмаа. Анх удаа орчуулга оролдохдоо агуу хүний төгөлдөр бүтээл барьж аваад хэцүүдэж байнаа,y муу ажаа нь. Хэд хоногийн өмнө, англи дээр нь учиргүй тод томруунаар хаан хатан хоёрын ...явдлыг бичсэнтэй таараад хэрхэн монголоор эвтэйхэн бас уянгалаг гаргах гэж үг ур дутсан санаанд орлоо.

Алагсэндэр said...

http://elbegdorj-fun.blogspot.com

Ганзо нь said...

Ahiin amriig erey. Biy tani dangi biz? Naadah nomiig chin neg olj uzmeer bodogdov, ih sonirholtoi sanagdav. D.Nyamsuren guai bol aguu aguu, unenheer. Havriin ursgal bol alt alt, argagui. Setgeliin baigaliig n nomiin sangaas zeelj uzsen, anhnii nomoo arai guitsehgui shig sanagdsan shuu, Aglaghan talaasaa geh nomiig n harin olj uzeegui ee. Nad bas 'Setgeliin baigali buyu D.Nyamsuren" geh tuunii mendelsnii 60 jiliin oid (tegj sanaj baina) zoriulj buteesen nom baidag shuu, ih saihan nom, ta olj uzsenuu? Tuunii tuhai humsuudiin bichsen horog niitleluudees butsen nom bii. Ter nomnoos l D.Nyamsuren geh aguu nairagchiig oilgoson doo bi.
Ene shulgiin huvid bol sain analiz hiih heregtei um shigee, oilgood ch bgaa um shig ugui ch umshig, hehe, olon dahin unshaad uznee.
Bayrlalaa.

Soronzon said...

"Үргэлжилсэн үгийн зохиолд шүлгийн хэмжээг тааруулахтай адил зүйл нь үгийг найруулахын ёсон мөн. Адуунд хатирч жороо, уургач хүлэг гэж бийн нэгэн адил монгол хэлний найруулга ч олон янз шүү. Гагцхүү алхах газар цогиулж, жороолох газар хатируулж болохгүй. Үүнтэй адилхан найруулах ёсны олон янзыг хутгалгүй эхийг хадгалж орчуулах нь зүйтэй" гэж их гүүш Б.Ринчен гуай алдаж байсныг та надаар хэлүүлтгүй мэднэ дээ.


Алагсэндэр:
Танайхаар бууж цай уугаад гарсан шүү.

Ганзод:
Агаа нь гайгүй ээ. Дүүгийн ажил төрөл сайн уу?. Англи хэлээ
сайжруулаад мундаг болж байгаа биз дээ.
Би бас энэ шүлгийг уншаад шууд ойлгоогүй ээ. Хэд хэд дахин уншиж байж л бүүр түүр ойлгох аядсан/цаад далд утгыг нь/.
Дараа "Аглагхан талаасаа" шүлгийн түүврээс нь тавихыг хичээнэ ээ./мартчихгүй бол!/

tagtaa said...

би буруу санаагүй бол Д.Намдаг гуайн нэгэн шүлгээр бүтсэн ихэд алдартай дуу байдаг... Бас л нэгээхэн бээр эр эмийн ёсны тухай тун далд битүүгээр уран тансаг үзүүлсэн гэлцэлдэх юм билээ.
шөнийн орсон шиврээ бороо
Сэрчигнэн шиврэх нь цэцгийн чихнээ
Сэрүүн тунгалаг дусаалыг шимсэн
Цэцгүүд баясан цомирлогоо дэлгэнээ гээд л...

Soronzon said...

Тийм шүү. Энэ тухай Д.Намдаг гуайн шавь зохиолч Х.Зандраабайдий гуай "Заяа дутуу бурхад", Ш.Сүрэнжав гуай "Мартаж болшгүй он жилүүд" номдоо дурсан бичсэн байдаг. Бас Со гавьяатын ярьж байхыг сонсож л явлаа.
"Шөнийн бороо"-гоор радио зохиомж хийвэл тун чиг сонирхолтой зүйл болж мэднэ шүү. Алтан фондоос аваад сонсож үзээрэй!