Friday, July 31, 2009

Жанжин Суворов


Суворов-Александр Васильевич/1729-1800/
Оросын цэргийн гарамгай жанжин, Оросын цэргийн урлагийн үндсийг тавигч, Генералиссимус, Австрийн фельдмаршал.

1768-1774 оны Орос-Туркийн дайнд отряд удирдан, Туртук, Козлужид Туркуудыг бутцохиж байсан тэрбээр 1776-1779 онд Крым ба Кубан дахь Оросын цэргийн захирагчаар ажиллаж, 1782-1787 онд Кубаны корпусыг захирч, 1787-1791 онд Орос-Туркийн дайнд Фокшин ба Рымникт, Измайлын цайзын дайралтад дайсныг бутцохиж ялалт байгуулж байжээ.

1791 оноос Финландад, 1792 оноос өмнөд Орост, 1794 оноос Польшид, 1795-1796 онд Украйн дахь Оросын армийн командлагчаар ажиллаж байв. Францыг эсэргүүцэгч II эвслийн дайны үед I Наполеоны эсрэг хойд Итали дахь холбоотны цэргийн ерөнхий командлагч байжээ. А.В.Суворов 1799 онд Италийн дайнд Орос-Австрийн холбоотны армийг удирдан Адда, Требби, Нови Вершинд ялалт байгуулж гарамгай жанжны суу билиг нь улам тодорсон юм. 1799 оноос Швейцарьт очсон А.Суворов цэргийн урлагийн онолын ажил хийж, “Цэргийн хорооны байгуулалт”, “Ялалт байгуулах шинжлэх ухаан” зэрэг ном туурвисан.

Оросын 3 дахь Генералиссимус, Рымникийн домогт гүн, Италийн ван,
Оросын цэргийн гавьяаны бүх одонт, Австрийн фельдмаршал, хааны итгэлт жанжин А.В.Суворов 60 гаруй тулалдаанд оролцохдоо нэг ч удаа ялагдаж үзээгүй бөгөөд “Би ухрах тактик мэддэггүй” гэж хэлдэг байсан нь түүхэнд мөнхөрч үлдсэн юм. Оросын нэрт зураач В.И.Суриков суут жанжны тухай сэдвээр “Суворов Альпийг давсан нь” хэмээх алдарт бүтээлээ 1899 онд туурвисан билээ.

М.Кутузов, М.Барклей де Толли, В.Багратион зэрэг цэргийн алдарт жанжидыг сурган хүмүүжүүлсэн түүний дурсгалыг мөнхжүүлж 1942 онд ЗХУ-д Суворовын I, II, III зэргийн одон бий болгож, фронт, армийн операцийг амжилттай хэрэгжүүлсэн цэргийн дарга нарыг шагнах болсоны зэрэгцээ 1943 онд Суворовын нэрэмжит дунд сургууль байгуулсан юм.

Оросын ард түмний бахархал болсон эл алдарт жанжны шарил дээр илүү дутуу цол чимэггүй ердөө л ”Энд Суворов нойрсож байна” хэмээн бичсэн байдаг ажээ.


2 comments:

bbatzorig said...

Найс бичлэг байна. Суворов аливаа нэг тулалдаанд ялагдаж үзээгүй гэдэг. Хэр ортой бол?

Soronzon said...

Хүчний харьцаанаас болж гурван удаа үлэмжхэн хоирол хүлээсэн гэх юм билээ.