Sunday, November 29, 2009

“Монгол киноны тэргүүн жанжин”


Энэ жил кино найруулагч Д.Жигжид гуайн 90 насны ой тохиож байна. Сэтгүүлч Д.Хатанбаатар хэдэн жилийн өмнө “Монгол киноны тэргүүн жанжин” хэмээх сайхан ном бичиж байсан бол охин Навчаа нь энэ жил “Аавын минь нөмөр” гэсэн дуртгалын ном бичиж хэвлүүлсэн байна лээ.

Хорьдол сарьдагийн нуруу, Шишгэдийн голоор нүүдэллэж өссөн дархад хүү нутагтаа бага сургууль дүүргээд хотод Багшийн сургуульд сурахаар явжээ. 1936 онд Багшийн сургуулиас кино үйлдвэрт шилжин очсон 8 хүүхдийн нэг нь Жигжид гуай байсан бөгөөд тэрээр тэр үед 15 настай байсан гэдэг. Дөнгөж байгуулагдаад байсан кино үйлдвэрт Зөвлөлтийн мэргэжилтэн А.Лебедевийн туслах болж хоёр жил гаран ажиллаад 1939 онд оператор болж “Шинэ Улаанбаатар” баримтат киноны зураг авсан нь түүний уран бүтээлийн анхны гараа байжээ.

1940 онд “Анхдугаар хичээл”, 1942 онд “Морин цэрэг танкист” кинонд оператороор ажиллаж, 1944 онд “Монгол улс”, “Тусгаар тогтносон Монгол улс”, дэлхийн II дайны үед фронтод бэлэг хүргэсэн 1,2,3 дугаар цувааны тухай, 1939 оны Халх гол, 1945 оны чөлөөлөх дайнд Жэхэ хот хүртэл фронтын кино сурвалжлагчаар явж түүхэн баримтат киноны зураг авчээ.

Д.Жигжид гуай 1945 онд “Цогт тайж” киноны ерөнхий зураглаачаар ажиллаж 26 насандаа Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэж байсан хүн. Гэтэл өнөөдрийн 26 настангууд дээд сургуулийн танхимыг дөнгөж орхиж, зарим нь үргэлжлүүлэн суралцсаар л байдаг нас шүү дээ. Түүнээс хойш 1954 онд “Шинэ жил”, 1955 онд “Гэм нь урдаа”, 1956 онд “Манай аялгуу”, 1957 онд “Сэрэлт” кинонд зураглаачаар ажиллажээ.

Тэрээр 1959 онд “Ардын элч” киног анх бие даан найруулсан байна. Уг кинонд Ариунаагийн дүрийг бүтээсэн П.Цэвэлсүрэн эмэгтэй хүний шилдэг дүр бүтээсэн учир Москва хотноо болсон олон улсын кино наадмаас мөнгөн медаль хүртжээ. Энэ бол Монголын киноны түүхэн дэх анхны шагнал байв.

Түүнээс хойш Д.Жигжид гуайн уран бүтээлийн зам тасралтгүй үргэлжилж ирсэн бөгөөд 1961 онд “Улаанбаатарт байгаа миний аавд”
1962 онд “Түмний нэг”
1965 онд “Хүний мөр”
1966 онд “Үер”
1968 онд “Өглөө”
1970 онд “Хүргэн хүү”
1971 онд “Тэмцэл”
1972 онд “Баянбулгийнхан”
1974 онд “Хөдөөгийн баясгалан”
1976 онд “Хүний төлөө”
1977 онд “Хөх ногооны униар”
1978 онд “Газрын жигүүр”
1980 онд “Өнөр бүл”
1982 онд “Жаргал даахгүйн зовлон”
1984 онд “Ард Аюуш” зэрэг кино найруулжээ. “Мандухай цэцэн хатан” зохиолоор кино хийх гэж 10-аад жил зүтгэсэн боловч цаг үеийн саад бэрхшээл, хүнд сурталаас болоод харамсалтай нь хүслээ биелүүлж чадаагүй гэдэг.

Монголын кино урлагийн түүхэнд Д.Жигжид гуайн оруулсан хувь нэмрийг үнэлж 1969 онд Төрийн шагнал, 1985 онд Ардын жүжигчин цол хүртээсэн. Түүнчлэн 1999 онд “Зууны мэдээ” сониноос уншигчдын дунд явуулсан санал асуулгаар “ХХ зууны шилдэг кино найруулагч”-аар шалгарч байсан билээ.

...Дэлхийн залуучууд оюутны анхдугаар их наадмын тухай баримтат кинонд дуу оруулахад, зохиолч Д.Сэнгээ гуай тайлбарыг бичээд өөрөө уншиж л дээ. Тэр үед соронзон хальс гэж байгаагүй, дууны хальсанд шууд бичдэг байсан юм. Сэнгээ гуай бичлэгийн дундуур буруу үг хэлчихэж гэнэ. Тэгсэн чинь Жигжид гуай учир зүггүй уурлаж, чиний Москвагаас радиогоор сүрхий ярьдаг, мундаг зохиолч чинь алив гээд загнав. Сэнгээ гуай дуугүй сонсож байснаа,
Эзэн Чингисийн үед
Өрлөг баймаар Жигжид
Эзгүй хээр газар
Эрлэг баймаар Жигжид
хэмээн аялсанд нь Жигжид багш маань учиргүй инээсэн гэдэг хэмээн оператор О.Уртнасан гуай “Өөрөө ирдэггүй жаргал” дуртгалын номдоо бичсэн нь бий.

Эцэст нь дуулгахад театрын музей дээр Жигжид гуайн 90 насны ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гарсан байна лээ. Сонин сайхан зураг олон байсан. Сонирхсон хүмүүс очиж үзэж болох юм шүү.

6 comments:

Daanjuur Ruujnaad said...

sain baina uu. baga natsagdorjiin zurag baigaa bol uu

Ганзо said...

Саяхан Жигжид гуайн тухай нэвтрүүлэг гарсан. Мандухай Сэцэн Хатан киног найруулахаас бусад бүх ажлыг нь нугалсан болтойм билээ. Энэ хүний ачаар л тэр алдартай кино бий болсон гэж ярьж байсан

бж said...

Жагсаалтанд байгаа кинонууд бол бүгдээрээ л сэтгэлд мөнхөрсан сайхан бүтээлүүд байна шүү дээ. Үнэхээр агуу хүн юмаа.
Би өөрөө багш хөөн гэдэг шиг, би өөрөө төмөр замын унаган хүүхэд болохоороо "Газрын жигүүр" кинонд их дуртай байж билээ. "Өнөр бүл" бас ёстой хөөрхөн кино. За тус тусад нь хэлэх гэхээр бүгдийг нь дурдах болох нь. Алиныг нь ч гэлтгүй бүгд л гайхалтай уран бүтээлүүд...

Soronzon said...

Даанжуурт:
Сайн уу, хө. Монголд байна уу, Америкт явна уу?
Бага Нацагдоржийн зураг надад байхгүй ээ. Харин Баясаа эгчээс асуувал юм гарч ирж мэднэ шүү!

Ганзод:
Харин тэгж яриьдаг юм билээ.Өөөрөө хийгээгүй ч гэсэн санаа оноогоо бишгүй л нэмэрлэсэн байлгүй дээ.

Ганаад:
Санал нэг байна аа. Төмөр зам гэснээс Дамчаа гуайнх танай тэнд байсан шүү дээ. Өөрөө бодвол бишгүй л дайралдаж байсан биз ээ.

bluefire said...

Хүний төлөө гэдэг киног нь үзээгүй юм байнаа, эсвэл огт санахгүй байгаа байх. Залуу зандан наснаасаа л их хөдөлмөрч хүн юм. Яахав одоогийн залуусыг түүнтэй харьцуулж болохгүй ч байх талтай, нийгэм-журам талаасаа, хэ хэ.

бж said...

.-t,
"Hunii tuluu" gej bas ih goyo kino baidag shd, Tungalag guai zaluuhaan baihdaa gol durd ni togloson, huduu aimagt tomilogdon ochson emch busguin tuhai. Huduu ochij baigaa hernee huhuu uvliin huitend oimson turiitei gutal jiichihsen hotiin gangan huuhen, :p...
Ter ueiin kinonuudaas neg l tiim saihan dotno dulaan hunleg setgel medregdeed mundag shuu...

Soronzon andiin urduur orood baahan burchihlaa, uuchlaarai.