Tuesday, December 29, 2009

Тусгаар тогтнолын өдөрт


Өнөөдөр түүхэн өдөр. 1911 оны энэ өдөр Монголчууд Тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж монгол орон даяар өргөн дэлгэр их баяр болж байжээ. Манжийн дарлалд 220 гаруй жил дарлагдан зовсон монголчууд 98 жилийн өмнө үндэсний хувьсгал хийсний хүчинд энэ өдөр эрх чөлөөгөө олж авсаны их баяраа тэмдэглэсэн байна.

1912 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн жил бүр энэ түүхэн өдрийг Улсын баяр болгон тэмдэглэж байв. Харин 1922 оноос эхлэн Ардын Засгийн газрын шийдвэрээр Улсын баяр ёслолыг жил бүрийн 7 дугаар сарын 11-нд тэмдэглэх болсон байна. 1912-1922 он хүртэл Тусгаар тогтнолын их баяраа жил бүрийн 12 дугаар сарын 29-нд тэмдэглэж ирсэн монголчууд 1922 оноос эхлэн 7 дугаар сарын 11-нд баяр наадам тэмдэглэх болсон нь түүхийн нэгэн гажуудал юм даа. Өчигдөр түүхч эрдэмтэдтэй уулзсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав энэхүү түүхэн гажуудлыг хүлээн зөвшөөрч хачирхан гайхаж явдагаа илэрхийлснийг Та бүхэн “Цагийн хүрд”-ээр үзсэн бизээ.

1911 оны 12 дугаар сарын энэ өдөр Богд хаан анхны зарлигаа гаргаж Монгол түмэндээ сонордуулжээ. Уг зарлигт:
“...Би Өргөмжлөлийг хүлээж Монгол Улсын Хаан ширээнд суусан нь Бурхны шашныг буман нарны гэрэл мэт хиргүй мандуулан, Хаан төрийг Сүмбэр уул мэт бат болгож, олон мянган ардыг энх түвшний соёлд оруулахыг үргэлжид шамдан хичээхийн дээр хан, ван ноёдыг дараалан түмэн албат хүртэл төв шударга хичээнгүй үнэнийг сүсэглэн эрхэмлэж бүгд нэгэн сэтгэлээр шашин төрд сайнаар зүтгэхийг ухуулж хишиг тараана” хэмээжээ.

Туурга тусгаар улсыг байгуулахад хүчин зүтгэсэн олон хүнийг Богд хаан хөхүүлэн шагнасны дотор Да лам Цэрэнчимэдэд чин вангийн пүнлүү, чин ван Ханддоржид үе улиран захирах ханы зэрэг ба чин вангийн давхар пүнлүү, ногоон жууз, засаг бэйс Гомбосүрэн, улсын түшээ гүн Чагдаржав, засаг тэргүүн зэрэг тайж гүн Намсрай нарт тус бүр жүн вангийн хэргэм, түшмэл Хайсанд Түшээ гүнгийн хэргэм шагнажээ. Түүнчлэн 70-80 настан бүрийг гурван лан, 80-90 настан бүрийг зургаан лан, 90-100 настан бүрийг есөн лангаар хишиг тарааж урамшуулжээ. Зөвхөн Сэцэн хан аймгаас эр эм нийлсэн 5117 хүн шагнагдсаны дотор гурван ихэр хүүхэд төрүүлсэн хүүхэн Ханд, 103 настай чавганц Буян нар зарлигт хамрагдаж байжээ.

Харин өнөөдрийн Монгол Улсын төр Тусгаар тогтнолын баяраа хэрхэн тэмдэглэж, түмэн олон ардынхаа төлөө юу хийх бол?

4 comments:

Chimedee said...

Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан МУИС-ийн Олон Улсын Харилцааны Сургууль "Алтан Аргамж" тэнхим нээж боломжийнхоо хэрээр чухал материал,зургуудаар тохижуулсан нь миний л хувьд улам л суралцах юмсан гэсэн хүслийг маань өдөөж өглөө.

oldoshaksli said...

12-r sariin 29-nii 11 tsag 40 minut
geed utasniihaa REMINDER deer hadgalsan ni, chichirhiilen duugarch noirnoos sereesen bulguu.

Arsun said...

Хуучин үзэл суртал өөрчлөгдөж байгаа хойно, үүнийг ч анхаарах бизээ.

Ганзо said...

Шинэ жилийн мэнд хүргэе, ахдаа. Шинэ оноо сайхан угтаарай