Tuesday, April 27, 2010

Нөхөр генералын амрыг эрье!


Генерал-/generalis—Ерөнхий хэмээсэн латин үг/

Олон улсын Зэвсэгт хүчний цэргийн дээд офицеруудад олгодог цол. Генерал цолыг анх XYI зуунд Франц улсад, 1657 оноос Орост хэрэглэж эхэлсэн.
1940 оны тавдугаар сараас ЗХУ-д, 1944 оны дөрөвдүгээр сараас Зэвсэгт хүчний бүх төрлийн дээд офицер нарт хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генерал, армийн генерал гэсэн шатлалтай олгох болсон.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Эрэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын 11 хүн анх хүртэснээс хойш өнөөдрийг хүртэл 150 хүнд генерал цол олгожээ.

Өнөөдөр Монгол Улсын генералуудаас 79 хүн амьд сэрүүн байгаа бөгөөд 31 нь төрийн болон цэргийн ажил үүрэг гүйцэтгэж, 48 нь бэлтгэл болон чөлөөнд байна. Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн үе үеийн цэргийн жанжин, дарга нарт “Генералуудын өдөр”-ийн халуун мэнд хүргэе.

“Сүлдэт баганын дэргэдээс Сүхийн талбай хүртэлх” эх орноо хамгаалан тэмцэж, Соёмбот тугийн доор хараа, алхаа нийлүүлэн жагсаж, жагсааж явсан алтан мөрдэст генерал Таны амрыг эрье!

Жич: “Генералуудын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын хамгийн ахмад генерал, 100 насны сүүдэр зооглож, зургаадай таяг тулж явсан, дэслэгч генерал Базарын Цэдэн-Иш гуайн 1966 оны гэрэл зургийг та бүхэнд сонирхуулж байна.

Илтгэсэн Soronzon

Friday, April 23, 2010

Хойд насандаа Танд шавь орно оо


“Монгол Улсын шинжлэх ухааны шилдэг эрдэмтдийн нэгэн, “Огторгуйн цагаан гарди” даль жигүүрээ хумив” гэсэн эмгэнэлтэй мэдээ гэнэт сонсоод зүрх минь базлан шархирч билээ. Нэг хэсэг дотор давчдан манарч, “Бурхан гэж байдаг юм уу?” хэмээн өөрөөсөө анх удаа эргэлзэнгүй асуулаа. Үнэхээр байдаг л юм бол миний Монголын энэ цагийн үеийн гэгээнтэн нь болсон эрдэмтэй номтой, оюунтай мэргэдийг нь сорчлоод аваад явчихдагын учир юу вэ? Яагаад???

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатар хэмээх хэтийдсэн эрдэмтэй энэ хүнтэй би хоёр жилийн өмнө Хэвлэлийн хүрээлэнд болсон нэгэн хэвлэлийн бага хурлын дараа нүүр тулан уулзаж, хэд гурван үг солих завшаан тохиосон билээ. Урьд өмнө зохиол бүтээлийг нь шимтэн уншиж, бишрэн сүсэглэж явсан бичгийн их хүмүүнээс айн ширвээтэж байсан ч бас олдсон завшааныг ашиглан түгдчин барин байж хэд гурван зүйл асуумар болсон юмдаг. Хэн хүнийг албан тушаал, хэргэм зэргээр нь ангилан харьцах болсон өнөө цагт, шөнийн одноос ч олон болсон доктор сэтэртнүүдээс тэрбээр анги ялгаатай нь таван үгнээсээ танигдаж байсаан.

Үсэг холбож үг бүтээх ёсон, ном эрдэмд боловсрохын ач тусыг сэнхрүүлэхийн ялдамд, бичгийн хэл найруулгаа сайжруулахыг хүссэн надад “Дуун утгын яруу зохист”, “Судар шастирын билиг” хэмээх хоёр номоо үзэхийг зөвлөж билээ. Тэгээд найрсагаар салах ёс хийхийн завсар гэрийнхээ утсыг өгч, “асууж сонирхох зүйл гарвал ярьж байгаарай” гэсэнсэн. Мань мэтийн бяцхан болжмор хэрхэн аймшиггүйгээр номын их дэлгэмэр цагаан гардитай дэвжээ өгсөн хууч хөөрч зүрхлэх билээ дээ.

Эрдэм судлалын дээдсийн зиндаанд хүрсэн төвдөч эрдэмтэнтэй эртний сайн цагийн ерөөлөөр учран золгож, “уулзах танилцахын сайн бэлэг, сайхан завшаан тохиосонд” дотроо залбирсаар салж билээ, тэр үед.

Энэ оны нэгдүгээр сарын эхээр яалт ч үгүй доктортой учирах хэрэг гарсан тул гэр лүү нь залгаж учраа хэлвэл тэрбээр төвөгшөөлгүй “Номын өргөөнд маань хүрээд ир” гээд хаягаа зааж өгөв. Нэгдүгээр хорооллын Цамбагаравын үйлчилгээний төвийн хойно байрлах байранд нь очвол коридорын хана дагуу хэдэн үеэр нь давхарлан хураасан ном хөглөрөх аж. Үүд тайлж өгсөн охины заасан жижиг өрөөнд орвол эрдэмтэн бээр ном янзлаж сууна. Намайг суухыг уриад, “Хүүгээрээ номын шүүгээ шинээр хийлгэсэн юм. Ном маань багтахаа болиод байна. Янзлаж авах санаатай” гэснээр бидний яриа шууд л номын тухай болж өрнөв.

Миний зорьж очсон хэргийг сонссон тэрбээр ямар ном судар үзэж харж болохыг зааж өгөхийн хамт сонин сайхан зүйл олныг ярьж өгсөн. “Эс мэдсэн хийгээд эс шинжилсэн нэгээхэн бээр ч үгүй” номын арслан тэрбээр сонирхож очсон зүйлийн минь талаар сонирхолтой зүйл өгүүлэхийн завсар “яваандаа наад сэдвээ өргөжүүлж эрдмийн ажил хийвэл зүгээр юм байна даа” гэж урам хайрлаж билээ.

“Монголын номч мэргэдийн төвд хэлээр зохиосон ховор нандин эх сурвалжийг уншиж судласан олон жилийн минь хөдөлмөрийн тайлан болох юм даа” гээд гурван хуруу хирийн зузаантай номын цохимол эх үзүүлсэн. “Болвол аятайхан шиг өнгө үзэмжтэй, гарын ая даахуйцаар хэвлүүлчих бодолтой байна. Энэ жил Тайваньд хэвлүүлэх санаатай” гэж байсан уг номын эхийг би л буруу хараагүй бол Ням-Очир шивсэн байсан билүү яалаа.

Шинээр хэвлэгдэн гарах уг номынх нь дээжээс авах хүсэлтээ илэрхийлж “Таны бичиж хэвлүүлсэн бараг бүх ном надад бий. Энэ номын тань анхны худалдан авагч нь би болох захиалга өгье” гэхэд “Миний ном хэвлэлтээс гарсны дараа бараг худалдаанд очилгүйгээр гар дээрээс минь зарагдаад дуусдаг юм даа” гэж өгүүлж суусан.

Биднийг ярьж суух завсар охин нь “Шинэ цай чаначихлаа” гэсээр орж ирэхэд, “Дахиад нэг аяга цай уучих, хө. Бас нэг хэдэн минут жаал ярьж сууя” гэлээ. Тэр үед л “Ходоод юм байлгүй. Энд хөндүүрлэж өвдөөд хоол шингэхдээ муухан байна” гэж байсан. “Монголын оюунтай төрсөн хүмүүс ид хийж бүтээх насандаа бурхны орныг зориод байдагт нь би их харамсаж явдаг юм. Та биеэ бодож яваарай” гэхэд минь толгой дохин муухан мушилзаж суусансан.

Ярианы далимд би “Таны Алтан хүрдэн номыг нэг найз минь гуйж аваад дашийшог болсон. Эргүүлж өгөөгүй шүү” гэхэд тэр дор нь номын шүүгээгээ онгойлгон уг номын нэг хувийг гарган ирж, “Хэрэгтэй хүндээ хэрэгтэй ном нь гар дор байх шиг сайхан зүйл юу байхав” гээд дурсгаж билээ.

Намайг ТЕГ-ын архивт суух санаатай явааг сонсоод, нэгэн зүйлийг хичээнгүйлэн гуйсан. “Лу гүний гэрэл зураг тэндхийн архивт байж мэдэх юм шүү. Би нэг тийм сураг сонссон юм. Тэрийг мэдэж яваарай” гэхэд нь би түүний зохиол бүтээлдээ Лу жанжин гүний шүлэг зохиолоос олонтаа иш татдагыг нь мэдэхийн хувьд,
“Суудлаа булаалдаж хүрээнд шигдсэнээс
Нүүдлээ дагасан бидний жаргал” хэмээсэн шад шүлгийг нь Чой Лувсанжав багштаныхаа тухай дурсамждаа шигтгэсэн байдгийг санаж суулаа.

Цаг орой болж би ч явах боллоо. Намар тийшээ шинэ ном нь хэвлэгдэн гарсны дараа дахин уулзаж учрахын ерөөл тавиад гарсаан.

Харин золтой завшаанаар төдий л удалгүй дахин уулзах завшаан гарч билээ. Арваадхан хоногийн дараа утасдаж, “Чи миний номыг сонирхоод байдаг бил үү? “Дорно цаст” гэж миний шинэ ном гарсан. Авах уу” гэнэ. “Мэдээж авалгүй яахав. Ямар үнэтэй вэ” гэвэл “Арван таван мянган төгрөг” гэж байна. “Хэдэн цагт очих вэ” гэвэл “Өдөр 14 цагаас өмнө ирвэл би байна. Тэрнээс хойш бол эмнэлэг явчих байх шүү” гэлээ. Аахар шаахар шалтгаанаас болоод болзсон цагаасаа 30-аад минут хоцорч очвол надтай ам мөлтөс зөрөн эмнэлэг яваад өгчээ. Охин нь “Танд энэ номыг үлдээсэн” гээд бийр янтай, бичиг судар өрж, шоголтой судар дэлгэсэн ламтаны хөрөг бүхий хул шаргал өнгийн хавтастай ном өглөө. Гарсаны дараа тэсэлгүй номын хавтасыг сөхөж үзвэл, “...-д Сайны үйлсийг ерөөе. Л.Хүрэлбаатар 2010.01.25” гэж гаргацтай сайхан бичсэн байхыг хараад баярлаж явлаа.

Үүнээс хойш хэдхэн өдрийн дараа “Интерном” дэлгүүрт болсон номын хуриман дээр бас таарсан юм байна. Д.Гүн-Үйлсийн эрхлэн хэвлүүлсэн “Монголын найман Богд” номын нээлтэн дээр зохиогчийн хувьд хүрэлцэн ирсэн тэрбээр телевиз, сонины сурвалжлагч охидод ярилцлага өгөөд их л завгүй харагдана. Явах болоогүй биз гэж санаад “Хаадын сан”-гийн захирал Дугарсүрэн гуайтай зайдуу гарч жаал ярьж зогслоо. Эргээд ороод иртэл аль хэдийнээ явчихжээ. Явахдаа харин энэ хорвоогоос бүр мөсөн явсаныг нь би даанч мэдсэнгүй.

Миний Монголын сор болсон эрхэм хүнийг ийм хурдан энэ хорвоогоос буцчих юм гэж даанч зүүдлэсэнгүй дээ, би. Соён гэгээрүүлэгч хэмээх алдрын титмийг тэргүүнд нь асаахад номын садан хэн хүн эргэлзэж гайхаад байхааргүй түүний орыг өнөөдөр хэн залгаж, “Төвд хэлт утга зохиол” судлалын тугийг одоо хэн өргөж явах юм бэ?

Чой.Лувсанжав багштаны ууган шавь, Ц.Дамдинсүрэн гуайн гарын шавь байсан ховорхон азтай, хэтэрхий эрдэмтэй энэ хүмүүнд шавь орж, ном эрдмийн хишиг буянаас нь хүртэх хувь надад заяасангүйд одоо би харамсаж сууна. Гэвч дүрст лагшингаа номын агаарт хураасан ч, дундаршгүй их эрдмийн охь болсон ном судар, бүтээл туурвил нь бидэнд үлдэж, “урмыг тэтгэж, зоригыг хөгжөөж” буй ач буян нь “зүйрлэшгүй их ээ”.

Энэ насандаа Багштан таны шавь болох хувь надад ингэж дутлаа. Эргэж төрдөг хойд нас гэж хэрвээ байдаг юм бол мянган галавт ч болов хамаагүй хүлээж байгаад Танд шавь орно оо.

Багшийг ёсоор шүтэж чадвал
Бас ядам бурхангүй ч яахав
Гэрэлт зул дэргэд байвал
Гэгээн наран саргүй ч яахав хэмээн Цанид ловон Шагдарын айлдсаныг санан санан, хойд насандаа Танд шавь орохын ерөөл талбиж, Таныг “Гэрэлт зул” мэт сүсэглэх одой ухаант Soronzon мөргөн залбирав.

Багштан та,
Сансрын орныг орхиж
Сайхан Бурхны оронд төрөх болтугай1
Ум ма ни бад мэ хум. Ум ма ни бад мэ хум. Ум ма ни бад мэ хум.

Wednesday, April 14, 2010

“Ардын дуунаас ургасан цэцэг”


Энэ хагас сайн өдөр буюу дөрөвдүгээр сарын 17-нд “Учиртай гурван толгой” дуурийн тоглолт Дуурь бүжгийн эрдмийн театрт болох бөгөөд уг тоглолт хоёр онцлогтой гэнэ.
1. “Чулуун сан”-гийн санаачилгаар энэхүү дуурийн ноотыг шинэчлэн хэвлүүлсэн эхээр тоглох аж. Уул шугамандаа анхны эхээр нь сэргээн тоглоно гэсэн үг юм байна л даа.
2. Японы дуучин бүсгүй Окуяма Юми Нансалмаад гоцлох ажээ.

Ойрын арваад жил “Учиртай гурав”-ыг үзсэнгүй ээ. Одоо харин зорьж үздэг хэрэг. Гэвч үзэхээсээ өмнө бодууштай ганц нэг зүйл байна аа. Би ер нь энэ дуурийн тухай юу мэдэх билээ? Холбогдох ямар ном хэвлэл надад байна вэ? Номын сангаа ухаж үздэг хэрэг ээ, хө.

За, “авдрын ёроолыг ухтал” ашгүй ганц нэг зүйл байна шүү.
1. Д.Намдаг “Шинэ Монголын шинэ театр”. УБ. 1988 номын 54-66 талд “Учиртай гурван толгой” гэсэн гарчигтай дурсамж байна. Тэнд эл дуурийг анх хэрхэн тавьсан тухай дурсамжаа Намдаг гуай дэлгэрэнгүй бичжээ. Мөн уг номын 146-176 талд байгаа Д.Нацагдоржийн тухай дурсамжид алдарт дуурьд холбогдох мэдээ цөөнгүй байна.
2. Э.Оюун “Монголын театрын түүхэн замнал”. УБ. 1989 номын 153-161 талд “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг хэрхэн тавьсан тухай өгүүлжээ.
3. Д.Цэдмаа “Учиртай гурван толгой” аялгуут жүжгийн түүхэн хөгжил. УБ. 2005 он.
Монголын театрын музейгээс эрхлэн хэвлүүлсэн энэхүү судалгааны бүтээлд “Учиртай гурван толгой” дуурийн тухай ховор сонин баримт олныг оруулсан байдаг юм. Урьд өмнө төдийлөн олон нийтэд мэдэгдэж байгаагүй эх хэрэглэгдэхүүн олныг оруулснаараа олзуурхууштай бүтээл болсон болов уу гэж би боддог. Дахин хэлэхэд, театр судлал сонирхож байгаа хүн, “Учиртай гурван толгой” дуурийн түүхэн хөгжлийг сонирхсон хэн хүнд энэ ном тун чухал гарын авлага болно доо.
4. Мөн дуурийн 1976 оны хөгжмийн клавирыг Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж 2003 онд хэвлүүлсэн нь байна. Уг номыг надад “Учиртай гурван толгой” дуурийн хөгжмийг зохиосон Б.Дамдинсүрэн гуайн охин Дамдиндулам эгч бэлэглэсэн бөгөөд “Аавынхаа уран бүтээл Учиртай гурван толгой дуурийн номыг дурсгав” хэмээн бичиж өгснийг би номын сандаа хүндтэй байранд залдаг юм.

Бас миний цуглуулгад энэ дуурьтай холбоотой зарим нэг сонирхолтой “юм” байна аа. Жишээ нь:
-1941 онд тайзнаа тавьсан аялгуут жүжгийн хөтөлбөр
-Юндэнгийн дүрд хамгийн олон буюу 1000 гаруй удаа тоглосон Ц.Дагвананмдал гуайн тоглолтын үеийн гэрэл зураг. /өөрийнх нь гарын үсэгтэй/
-Юндэн-УГЖ А.Цэрэндэндэв, Нансалмаа-АЖ Л.Цогзолмаа нар тоглож байгаа 1950 оны гэрэл зураг
-Дуурийн театрт 1990-ээд оны эхээр тавьсан тоглолтын либретто.
-“Монголын “Учиртай гурван толгой” дуурийг Хятадын Бээжин дуурийн театрт найруулан тавив. 1956 оны 6 дугаар сар” гэсэн хуучны фото байна. Энийг Цэндмаа эгч, Чулууны Чинбат гуай хоёрт үзүүлэх юмсан. Тэр хоёрт байдаг юм болов уу?

Харин Дуурийн театрт ажилладаг байсан, ахмад цуглуулагч Сүхбаатар гуайгаас “Учиртай гурван толгой” дуурьтай холбоотой хуучны гэрэл зургууд авч чадаагүйдээ одоо болтол амаа барьдаг юм. Уг нь би гэрт нь очиж цуглуулгынх нь зах зухыг үзэж л байсан юм. Мань хүн надад өгнө гэж хайсан зургаа эрж ядаад байхаар нь санаа зовоод “За, дараа болсон ч яахав. Олдоно биз дээ” гээд тэднийхээс гарсан. Дараа нь тухтай уулзах зав чөлөө гарахгүй явсаар байгаад мартаж орхисон. Сүүлд нь Солонгос руу хэдэн жил яваад ирэх хооронд тэр хүн бурхан болсон байж билээ. Дуурийн театрын тайзнаа тавьсан бүх жүжгийн либретто болон гэрэл зургуудыг уйгагүй олж цуглуулсан тэр хүнээс ямар сонин сайхан зүйл гарч ирэх байсан бол оо гэж бодохоор л одоо өөрийн эрхгүй толгойгоо шаадаг юм даа...

Эрдэмтэн зохиолч Э.Оюун гуай,
“...Энэ дуурийг “Ардын дуунаас ургасан цэцэг” гэж нэрлүүштэй. Энэ зохиол утга уянгын шинж чанартай, монгол үндэсний бадагт дуурийн шилдэг бүтээл юм” гэж үнэлэн бичсэн байдаг. “Учиртай гурван толгой” дуурийн тухайд Оюун гуайн хэлсэнээс илүү гарч, давж тодорхойлж би яахан чадах билээ.

За, үг олдож, үхэр холдлоо. Халуу дүүгэсэн ханиа тэврээд унтах минь.
Ижил хоёр шувуу шиг
Ижилдээд хоёулаа явъя хө
Ингэж нийлэхээс илүү
Жаргал хаанаас байдаг юм бэ хө өө өөөөөөөө

Saturday, April 3, 2010

“УЛААНБААТАР” гэхээр НҮДЭНД юу бууна вэ?



Нэг. Эхлэл буюу зарим нийслэл хотуудын нэрийн утга

Нью-Йорк-Уоркийн (голландчуудаас уг хотыг булааж авсан вангийн нэр) шинэ хот
Парис- Усан дээрх сууц
Берлин- Голын эрэг
Москва (мос-цахиур, ков-нуугдах газар)-Чулуун бэхлэлт
Лондон (Llyn-нуур, Dun-бэхлэлт)-Бэхлэлт нуур
Токио-Дорнын нийслэл
Сөүл-Нийслэл
Ханой-Хоёр мөрний хоорондох газар
Дели-Канаджу Дехле хааны нэр (МЭӨ III зууны үед Ашока хааны үндэслэсэн хотыг МЭ 340 онд дахин сэргээн босгосон хүн)
Бээжин (Бэйцзин)-Умрын нийслэл (МЭ II зуун)
Бээжингийн түрүүнд Хятадын нийслэл байсан Нанжин-Дорнын нийслэл
Багдад-Бурхны хишиг
Астана-Нийслэл
Астана хотын урьдынх нь нэр Акмола-Цагаан суварга

Өгүүлэх инү:

Дэлхийн улсуудын нийслэл хотуудын нэрийн утгыг энэ мэтээр цадиг шастираас ухаж төнхөөд байвал маш урт жагсаалт үргэлжлэх нь дамжиггүй агаад, түүнээс хийх цорын ганц дүгнэлт бол, гүрэн улсынхаа нийслэлд ХАМГИЙН ТЭНЭГ НЭР (өршөөгөөрэй!) өгсөн нь цорын ганц Чингисийн Монголын ард түмэн байж мэднэ. Дээр жишээ авснаар нийслэлүүдийн нэрс ерөнхийдөө л гол хот гэсэн утгыг илэрхийлсэн, цөөнх тохиолдолд тухайн хотыг үндэслэгчийн, эс бөгөөс оршоо газрынх нь шинж байдлыг тусгадаг нь хүмүүн төрөлхтний соёл, иргэншлийн бичигдээгүй хууль бололтой.
Гэтэл манай Монгол Улсын нийслэлийн нэрийг хэрхэн ойлговол зохистой вэ?

Хоёр. Өрнөл буюу Улаан баатарын утга

Улаанбаатар-Шууд утгаараа улаан (улаан өнгө, улай үзсэн, улайд хутгалдсан, улангассан, туйлширсан, цайчихсан, цагаандаа гарчихсан, шийдчихсэн, галзуу) баатар, /улаан хувьсгалын баатар, тойруу утгаараа алуурчин, алуурчдын тэргүүн, улааны гарамгай дайчин/ гэсэн тодотгол нэр хэний ч санаанд гэрлийн хурдаар бууна.
Аа, яа-яа! Улаан цусанд будагдсан боловч шүдээ зуугаад, нүдээ хурцлаад, сэлмээ атгаад дайснуудынхаа үхдэл хүүрэн дээр зогсож байгаа дайнчийн (дайчны биш шүү) дүр төрх сэтгэлд буухуй, алаг зүрхний минь алсын мухраас айдсын харанга дэлдээд явчихна. Өөрөө шархдаагүй юм гэхэд өрөөлийг алдаггүй юмаа гэхэд шархдуулж байж л яахын аргагүй “Улаан Баатар” болно! 1924 онд Коминтерны тулган хүлээлгэсэн нэр ч яг л ийм утгатай. Улаан бөгөөд баатар хүн болохын тулд эрх мэдлийг (эрх чөлөөг биш шүү) заавал ч үгүй улаан цусаа урсгаж байж олж авна гэсэн андгай тангарагтай хувьсгалын “хөдөлгөгч хүч”-ний тод томруун дүр төрх!

Тэрхүү “хөдөлгөгч хүч”-ийг 1920-иод оны дундаас Европ дахинаа “Хорьдугаар зууны Марко Поло” гэж алдаршсан Польшийн зохиолч Фердинанд Оссендовский бээр “Хүн, араатан, бурхад” хэмээх алдарт номдоо “…Овог аймгуудынх нь зуун зуунаар дамжиж ирсэн аж төрөхүйн хэв маяг өчүүхэн төдий л алдагдваас замбуулин хорвоо тэр аяараа орвонгоороо эргэж, цусан далай, айдсын хаанчлал тогтдог гэх авай. Тэр цагт нүцгэн цохион дээр хүлцэнгүйхэн суух Зэтгэр баясан дэвхцэж, уйтгар гунигийн саарал нөмрөгөө шилгээн хаяад, өс хонзонгоо буцалгах дайнч авгынхаа улаан хэвнэгийг хэдрэх бөлгөө…” гэж дүрсэлсэн байдаг нь бас л нүдэнд тусах шиг болдог юм.

Тийм ээ, 1924 оноос эхлэн эх орны маань нийслэл хот яах аргагүй л улаан хэвнэг хэдрээд (ариун улаан цусны өнгөт туг далбаагаар бүрхэгдээд), ард түмнээ айдас, хүйдэс (дэлхийн хувьсгалын үзэл суртал) төрүүлсэн Зэтгэр адилаар 70 гаруй жилийг ардаа хийсэн. Ардын аман зохиолчид нь аргаа ядаад “Азийн цагаан дагина” гэж хүртэл ёгтолж байсансан. Юуных нь “цагаан дагина” байхав дээ, шал инээдтэй юм. Орос, монгол цэргийн онгож гүйцсэн ногоон хувцастануудын хүрээлэн л байсан биз дээ!? “Ногоон дагина” гэсэн бол харин хаашаа юм. Хүйтэн, халуун аль ч дайны жилүүдэд “Улаан баатар” дагиных нь улаан хэвнэг социалист лагерийн Азийн хэсгийг хариуцсан дайнч хүчний найдвартай оромж болж байсан гэх мэтийн элдэв шастирыг хойш тавин үргэлжлүүлэх инү:
Хувилгаан багш, анхдугаар Богд гэгээнтэн маань 1639 онд Өргөө хотын шандыг шинжилж, шавыг тавьсан. Нүүдэлчин ахуйгаа дагаад нийслэл маань олон удаа бууриа сэлгэсэн ч гэлээ, бууриа хатгасан газар бүрдээ бурхан шүтээнийхээ гол тахилыг оршоосоор ХХ зууны нигуурыг үзсэн. “Хүрээлэн буусан” гэсэн утгыг нь цохон “Хүрээ” гэсэн жинхэнэ монгол нэр ч нэг хэсэг өгч байсан нь цадиг шастирын хуудсанд дурайсаар атал 1974 онд нийслэл хотын 50 жилийг тэмдэглэн дүвчигнэж байгааг найз охин маань захидалдаа бичиж байж билээ.

“Хүрээ” гэхээр, “гол хот”-оо бусад ард түмнүүд “нийслэл” (Уг нь “нийлсэн, нийлэн буусан” гэсэн үг байх. Харин Коминтерны сургасан “нийслэл” гэдэг энэ үг оросоор “столица” буюу “Тахилын гол ширээ” гэсэн утгыг дамжуулан үлдсэн нь их юм) хэмээн шууд нэрлэдэг үгтэй нь яв цав таарч байж. Мөнхийн амгалангийн газар шороон дээр мянган баярын төгс ёслол орших цэцэрлэг болсон Өргөө рүүгээ хүн ард маань мэлмийгээ хандуулан, цацлаа өргөх (Аливаа идээний дээж, дээд тал хамгийн их цагаан энергитэй байдаг учир цацал болгон, ерөөл, гуйлга хоёроо зэрэг илгээх амой.) бүрий “Төрийн минь сүлд өршөө!” хэмээн залбирч, явдал суудлаа даатгадаг байж.

“Өргөө” хэмээх энэ ариун нэрийг дуудах бүрий бодол, сэтгэлд нь зөөлөн сайхан, намуухан дуудлагатай нэртэй газар орон орж ирээд, өнөөгийн та бидний амнаасаа салгалгүй давтах дуртай болсон “Цагаан энерги” (зөв давтамжтай эрчим хүчний долгион) гээч юм давалгаалан буудаг ч байсан юм бил үү. Ер аливаа авианы зохирол гээч л орчин тойрны агаар мандлыг зөв урсгалд нь оруулдгийг орчин үеийн шинжлэх ухаан Буддын шашны гол тарнийн эхлэл-“Аум” (Ум) гэсэн ганцхан авиан дээр тулгуурлан нотолчихоод байгаа. Учир начрыг нь сайн мэдэхгүй байж бурхан шашны тангад ном судрыг монгол хэл рүүгээ хөрвүүлнэ хэмээн дэмийрээд байж болохгүйн баталгаа бас энэ. Агаараас буусан дохио юм гэнэ лээ, бурхан минь! Агаараас ирсэн дохионы авиаг (давтамжийг) өөрчилж болдоггүй юм гэнэ лээ шүү.
Үүн лүгээ нэгэн адил уншигч авгай минь та одоо “Өргөө”, “Улаанбаатар” гэдэг хоёр үгийг амандаа нэг давтаад, дотоод ертөнцөө анирлаад үзэгтүн! Аль нь “Аавын гэр” гэснээс ялгаагүй сонсогдож байна, аль нь “алж талдаг хүн” гэсэн утгаар бууж байна даа? “Өргөө минь, Богд минь, Төрийн минь сүлд өршөө!” гэж үглэн цацлаа өргөж байсныг багадаа харснаас биш, “Улаанбаатар минь” гэж үглээд цацлаа өргөж байсан чавганцыг насандаа ч олж үзсэнгүй.

Басхүү нэгэн зүйлийг дурдахад, аливаа хүнд нэр таарахгүй гэж бас байна аа. Хүн бүхэн өөрийн гэсэн зураг төөрөгтэй, тэрхүү зураг төөргийнхөө учир шалтгааны зохицлыг үл мэдэхийн харгайгаар уландаа гишгээд, тухайлбал “хишиг буян” гэж нэрлэх ёстой юмыг “яадаг юм, гайгүй ч байна даа” гэж “унгас алдаад” (өршөөгөөрэй, хэл хальтирчихлаа!) байх юм бол “Бурхнаа бургасаар гуядсан”-аас ялгаа юун. Аль эсвэл, Нэргүй л гэж нэрлэгдэх ёстой нэг муу “өт хорхой”-д “Норовлин” (Бурхны ордон) гэдэг нэр өгчихсөн байвал яана! Ий-ий, яа-яа! Тийм ч учраас биднээс болон биднээс түрүү үеийнхний нэрийг лам багшаараа өгүүлдэг байж. “Бибиш”, “Хүнбиш”, “Хэнчбиш”, “Хэнмэдэх” гэх мэтийн нэрүүд ч мөн л их нарийн учиртай, өөрийн гэсэн шүншиг тарнитай. Лам багш нь зөв тарнидаж чадвал шүү дээ. Үүнтэй агаар нэгэн адил уул, усны ч нэрийг, хот, суурингийн ч нэрийг, пүүс, компанийн ч нэрийг хамаа намаагүй “хайрлачихаж” болдоггүй билээ.

Ийнхүү хязгааргүйгээр эргэцүүлээд байвал “Улаан баатар” гэдэг энэ муу ёрын нэрээр улсынхаа нийслэлийг дууддаггүй байсансан бол…

Хэрвээ дуудах бүрий л таг сохор хоёр нүдэнд ч таван ханатай танан цагаан өргөөний дүрээр тодроод ирдэг “Өргөө” гэсэн нэрээ хадгалсаар байсансан бол… Нэрийн шүншиг гээч энэ дээ…

Өдгөө Улаанбаатар хот миний сайхан хуурай ах, богино өгүүллэгийн гайхалтай урлаач, зохиолч Готовын Нямаа агсны нэгэн үгүүлэлдээ анх түрүүн оруулснаар сурвалжлагч, сонинчдын дуртайяа шүүрэн дурддаг болсон “Утаанбаатар” гэдэг хочиндоо л яг таарч дээ. Ингэ, ингэсээр Лондонгийн ёж нэртэй адилхан “Утаанбаатар” нэр нь дэлхийд түгэх вий дээ.
Үүнийг тайлбарласу. Дэлхийн аж үйлдвэрийн анхдагч төв Лондон хот XIX зууны сүүл, ХХ зууны бараг дунд үе хүртэл хар тугалга шиг хөвсийсэн хар утаанд дарагддаг байсныхаа улмаас сурвалжлагч, сонинчдоос авсан “The Big Smoke”, “The Great Smoke” (Их утаа, Багир хар утаа), оршин суугчдынхаа хэт төвлөрлийн улмаас The Great Wen (Том хатиг) гэсэн хочууд нь өдгөө ч хурцхан зохиолуудад дурдагдсаар л байдаг. Тэгвэл “Утаанбаатар”-ын утааны дэргэд миний муу тамхины утаа ёстой жинхэнэ “экологийн цэвэр бүтээгдэхүүн”. Лабораторийн эмч нар хэзээ ч юм бэ, нэгэн цагт “За яая гэхэв, өдий чинээхэн никотиныг хүний биед зөвшөөрөхөөс л биш” гээд ам алдчихсан хэрэг. Харин одоо “Утаанбаатар” хот амьдралын нөхцлийн хувьд дэлхийн хамгийн аюултай хот болоод байна.

Энүүхэн хооронд, “ам халсан амьтан байна” гээд өршөөчихөөрэй, бас нэгэн зүйлийг хавчуулчихъя. Дээр дурдаад өнгөрснөөр манай ард түмэн Богд эзнийхээ залран буй нутаг руу цацлаа өргөн “Төрийн минь сүлд өршөө” гэдэг нь одоогийн суртлаар бол Чингис Богдынхоо цагаан, хар хоёр сүлдийг л хүндлээд байгаа хэрэг. Хараа ихт Хар сүлдээ Чингисийн өргөөний гадаа, бөөн “цагаан энерги болсон” өндөр тэнгэрийнхээ мэлмийд ил залж, харийн дайнд мордсон хайртай хөвгүүддээ аврал гуйдаг, тэд нар нь эргээд амь биеэ Хар сүлдэндээ сүслэн даатгаснаар өөдгүй санаатыг өвдөг дороо хийдэг байсан гэсэн цадиг ч буй. Лав л алж идээд байдаг адуу гээч амьтныхаа шар айрагны бөглөө ховхолдог “хэрэгсэл”-ийн утгыг “Төрийн сүлд өршөө”-дөө оруулаагүй байх. Уг нь хэзээ ч алж иддэггүй, бүр Чингисээс ч өмнөх үеэс дээдлэн ирсэн цагаан шонхор шувуугаа ч юм уу, Соёмбо тэмдгийг төрийн сүлд болгосон бол илүү ариун шүншигтэй байх байсан юм.

Монголчууд маань ангаас бол араатан амьтан (араа шүдтэй болохоор махчин), сэлдэгээс бол загас, нисдэгээс бол шувуу иддэггүй. Яагаад гэвэл загас, шувуу хоёр бол сэг зэмээр ч ходоодоо хуурчих нь бүү хэл, тансаг зоог болгочихдог бас л махчингууд. Бор борхон болжмор ч балкон дээрээс маань махны үртэс шоглочихдог. Өөрөөр хэлбэл, монголчууд махчин амьтныг иддэггүй, зөвхөн өвс ургамлын аль амттайг сонгож иддэг таван хошуу малаа, за тэгээд зөвхөн ургамал идэштэн тураг амьтдын л махыг хүнсэлдэг. Мах иддэг амьтныг агнаж идвэл хүн өөрөө хүний махан хүнстэн болно. Загас, шувуу хоёрыг иддэггүйгээ “Хурмастын амьтан, лусын амьтан” гэдгээр тойруулан аргалж, үр хүүхдээ зэрлэг догшин болгохоос сэргийлдэг. Гэтэл махсаагүй үедээ ч дэргэдэх хүндээ өгөхгүй харамлаад, дээд уруулдаа хүргэхгүй дурлаад идээд байдаг морио “Ажнай минь, адуу минь, хөл болдог хөлөг минь” гээд сүлдэндээ тахиад байдаг өчүүхэн ухааныг яана аа?! Харин Өргөө, Хүрээнийхээ сүлдийг хурмастын хаан хангарьдаар төлөөлүүлсэн өвөг дээдсийнхээ өргөн ухаантайг хэлээд яана! Хангарьдын саварт орсон ч гэсэн бас тэр сүлдэнд нь лусын хаан могой байж л байгаа юм даа…

Гурав. Төгсгөл буюу нэрийг нь өөрчлөх чиглэл өгөөч ээ, Монгол Улсын Ерөнхийлөгч өө!

Тийм ээ, Өргөөгийн хуучин сүлдийг Ардчилсан хувьсгалын ачаар эргэн сэргээсэн. Нийслэлийн хэн гэдэг засаг даргын, аль эсвэл ИТХ-ын даргын үед ийм зоригтой шийдвэр гаргасныг би мэдэхгүй. Тэр хүнд талархсу. Харин “Улаанбаатар” гэдэг, “өстний өвдөг чичрүүлсэн” сүрт нэрийг солиогүй нь дутуу алсан могой лугаа адилхан. Гэтэл ардчилсан үзлээрээ манайхаас хаа хамаагүй хол хоцорсон ард түмнүүд Дэлхийн хувьсгалын үзэл суртлын харгай, коммунист дарангуйлагчдын тушаалаар сольсон нэрүүдээ аль хэдийн өөрчлөөд хаячихжээ.
Жишээ татсу: (Өмнө нь завсрынх нь нэрийг, ард нь заяаных нь нэрийг бичлээ.) Ленинград-Санкт-Петербург, Сталинград-Волгоград, Сталинобад-Душанбе (Тажикийн нийслэл), Сталиногруд-Катовице(Польшийн аж үйлдвэрийн том хот), Сталин-Брашов(Румыны хот), Брежнев-Набережные Челны, Киров-Вятка, Устинов-Ижевск, Андропов-Рыбинск, Черненко-Чарджев. Энэ мэтээр Оросын болоод социалист лагерийн хүрээнд байсан олон улс орны нийслэл хийгээд бусад томоохон хотууд хуучин нэр, сүлдээ сэргээгээд амжчихсан байх юм. Манайх л харин таг чиг ээ.

Манай нэг угсааны Буриадын нийслэл Дээд Үүдийг (түргэн урсгалт Үүд голын нэрээр нэрлэгдсэн энэ хотыг 1666 оноос Верхнеудинск нэрээр босгож эхэлсэн) Коминтерны заавраар 1934 онд Улаан-Үд нэртэй болгосон. Уг нь Үд биш, Үүд юм шүү дээ. Өргөөгөөс доошоо (урагшаа) Бээжин рүү явах замд байдгийг нь Замын- Үүд, дээшээ (хойшоо) Петербург руу явах замд байдгийг нь Дээд Үүд гэдэг байж. Дээшээ, доошоо, хойшоо, урагшаа онгойдог, хорвоо ертөнцтэй дуу чимээ, мэдээ зангаагаа авалцдаг хоёр үүд, хаалга гэсэн эрхэм утгаар тэр нэрсийг өгсөн биз. Гэтэл тэр лүү маань мөн л улаан будаг цацаад, “Үд дундын улаан наран” гэдэг коммунизмын бэлгэдлийн нэр өгчихсөн. Өнөө хүртэл өөрчлөхгүй л байгаа. Ах, дүү хоёр “улаанууд” маань ард түмнээ айлгаж байсан нэрэндээ ямар ч их хайртай юм бэ дээ.

Социализмын үед Улаанбаатарт маань Сталины хөшөө байдаг хэмээн зарим монголчуудыг “ханхалзахад” орос, гадаад оюутнуудын нүд орой дээрээ гардаг байлаа. “Танай Цыденбал тэнэг хүн юм даа” гэдэг байсан. Ардчилсан хувьсгалын ачаар түүнийг буулгаад хаячихсан. Харин дэлхийн бөмбөрцгийг оюун санааны хувьд хоёр хуваан цусан далайд живүүлсэн Лениний хөшөө гадаадын жуулчдыг хүлээн авч “нүүрээ тахалдаг” таван одтой ч гэл үү “Улаанбаатар” (бас л улаан баатар) зочид буудлынх нь өмнө сүндэрлэсээр л байгаа. Янхнууд хүртэл эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм шиг дорд үзэн, хажууд нь цуглардаг байсан гэл үү? Гадаадын жуулчид, төрийн хийгээд төрийн бус зочид, төлөөлөгчид мөн ч их гайхаж байгаа даа.
Түүний оронд харин монголчуудынхаа оюуны гэгээрэлд үнэлж баршгүй их түлхэц өгсөн академич Цэндийн Дамдинсүрэн гуайнхаа хөшөөг босгочихвол мөн ч сайхан аа даа. Энэ “Улаан” баатарт маань тэр их хүний хөшөө байтугай цээж баримал ч байдаггүй нь ичгэвтэр байтугай, үндэстний их эмгэнэл! Дорнодын төв дээр л хөөрхий минь, зураач Гантуяа агсны зургаар босгосон босоо хүний дайтай намхан хөшөө торойж буй… Шоовдорхон…

Үүн лүгээ нэгэн адил, буриадууд маань бидний “цагаан ясны хугархай, улаан цусны нөжирхэй” гэсэндээ мөчөөгөө өгөхгүй нийслэлдээ таван метр өндөр Лениний толгойн хөшөөг залсаар л байна. Тэр нь дэлхийн рекорд хөшөө л дөө. Дэлхийн рекорд юмыг буулгаж болдоггүй. Бас тэгээд Москвагийн амыг хардаг улс юм чинь. Харин… манайд байгаа хөшөө юугаараа рекорд юм бол? Уг нь бол манайхан хэн нэгний амыг харах шаардлагагүй дээ.

Бүр эцсийн төгсгөл

Монгол Улсын Үндсэн хуулийн 13 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гэж заажээ. Тийм болохоор Улаанбаатар хэмээх энэ аймшигтайгаас гадна сүнс сүлдэр гээч нь таардаггүй нэрнээсээ салахын тулд Үндсэн хуулиндаа заавал засвар оруулах хэрэгтэй. “Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчид” гэдэг “будааны хүүхдүүд” жижигдэнэ. Тэднүүс хууль санаачлах эрх бүхий хэн нэгэнд Үндсэн хууль өөрчлүүлэх санал оруулахаас ч гөлөлзөнө. Засгийн газар элдэв хаяг, үнэмлэхээ өөрчлөх зардлаас нь айгаад тийм засвар хийх төсөл оруулж чадахгүй. Оюун санааны удирдагч гэхээр хүн байхгүйн л харгай. Оюун санааны удирдагчгүй ард түмэн мөхдөг.

Тэгэхээр “Нийслэлийнхээ нэрийг сольчихъё, Өргөө гэдэг хуучин нэрийг нь сэргээчихье” гэх утгатай хуулийн төслийг зориглон барьж авах хүн байна уу? УИХ-ын “эрхэм” хэмээгдэгч гишүүд та нар чинь нэг хуулийн өөрчлөлтийн төсөл санаачилбал 10 саяын хөлс авдаг болсон гээ биз дээ? Тархи толгой хэрэг болно гэж айх юмгүй шүү дээ. Ганцхан богинохон өгүүлбэрээр “Монгол Улсын нийслэл ӨРГӨӨ хот мөн” гээд л заачихна. Бусад нь техникийн асуудал. Эсвэл Ерөнхийлөгчдөө л найдахаас...

Орчуулагч, чөлөөт сэтгүүлч Ж.Нэргүй.
Өргөө. 2010.02.21

Эх сурвалж:
“Өнөөдөр” сонин. 2010 оны 03 дугаар сарын 03. №051