Friday, April 23, 2010

Хойд насандаа Танд шавь орно оо


“Монгол Улсын шинжлэх ухааны шилдэг эрдэмтдийн нэгэн, “Огторгуйн цагаан гарди” даль жигүүрээ хумив” гэсэн эмгэнэлтэй мэдээ гэнэт сонсоод зүрх минь базлан шархирч билээ. Нэг хэсэг дотор давчдан манарч, “Бурхан гэж байдаг юм уу?” хэмээн өөрөөсөө анх удаа эргэлзэнгүй асуулаа. Үнэхээр байдаг л юм бол миний Монголын энэ цагийн үеийн гэгээнтэн нь болсон эрдэмтэй номтой, оюунтай мэргэдийг нь сорчлоод аваад явчихдагын учир юу вэ? Яагаад???

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатар хэмээх хэтийдсэн эрдэмтэй энэ хүнтэй би хоёр жилийн өмнө Хэвлэлийн хүрээлэнд болсон нэгэн хэвлэлийн бага хурлын дараа нүүр тулан уулзаж, хэд гурван үг солих завшаан тохиосон билээ. Урьд өмнө зохиол бүтээлийг нь шимтэн уншиж, бишрэн сүсэглэж явсан бичгийн их хүмүүнээс айн ширвээтэж байсан ч бас олдсон завшааныг ашиглан түгдчин барин байж хэд гурван зүйл асуумар болсон юмдаг. Хэн хүнийг албан тушаал, хэргэм зэргээр нь ангилан харьцах болсон өнөө цагт, шөнийн одноос ч олон болсон доктор сэтэртнүүдээс тэрбээр анги ялгаатай нь таван үгнээсээ танигдаж байсаан.

Үсэг холбож үг бүтээх ёсон, ном эрдэмд боловсрохын ач тусыг сэнхрүүлэхийн ялдамд, бичгийн хэл найруулгаа сайжруулахыг хүссэн надад “Дуун утгын яруу зохист”, “Судар шастирын билиг” хэмээх хоёр номоо үзэхийг зөвлөж билээ. Тэгээд найрсагаар салах ёс хийхийн завсар гэрийнхээ утсыг өгч, “асууж сонирхох зүйл гарвал ярьж байгаарай” гэсэнсэн. Мань мэтийн бяцхан болжмор хэрхэн аймшиггүйгээр номын их дэлгэмэр цагаан гардитай дэвжээ өгсөн хууч хөөрч зүрхлэх билээ дээ.

Эрдэм судлалын дээдсийн зиндаанд хүрсэн төвдөч эрдэмтэнтэй эртний сайн цагийн ерөөлөөр учран золгож, “уулзах танилцахын сайн бэлэг, сайхан завшаан тохиосонд” дотроо залбирсаар салж билээ, тэр үед.

Энэ оны нэгдүгээр сарын эхээр яалт ч үгүй доктортой учирах хэрэг гарсан тул гэр лүү нь залгаж учраа хэлвэл тэрбээр төвөгшөөлгүй “Номын өргөөнд маань хүрээд ир” гээд хаягаа зааж өгөв. Нэгдүгээр хорооллын Цамбагаравын үйлчилгээний төвийн хойно байрлах байранд нь очвол коридорын хана дагуу хэдэн үеэр нь давхарлан хураасан ном хөглөрөх аж. Үүд тайлж өгсөн охины заасан жижиг өрөөнд орвол эрдэмтэн бээр ном янзлаж сууна. Намайг суухыг уриад, “Хүүгээрээ номын шүүгээ шинээр хийлгэсэн юм. Ном маань багтахаа болиод байна. Янзлаж авах санаатай” гэснээр бидний яриа шууд л номын тухай болж өрнөв.

Миний зорьж очсон хэргийг сонссон тэрбээр ямар ном судар үзэж харж болохыг зааж өгөхийн хамт сонин сайхан зүйл олныг ярьж өгсөн. “Эс мэдсэн хийгээд эс шинжилсэн нэгээхэн бээр ч үгүй” номын арслан тэрбээр сонирхож очсон зүйлийн минь талаар сонирхолтой зүйл өгүүлэхийн завсар “яваандаа наад сэдвээ өргөжүүлж эрдмийн ажил хийвэл зүгээр юм байна даа” гэж урам хайрлаж билээ.

“Монголын номч мэргэдийн төвд хэлээр зохиосон ховор нандин эх сурвалжийг уншиж судласан олон жилийн минь хөдөлмөрийн тайлан болох юм даа” гээд гурван хуруу хирийн зузаантай номын цохимол эх үзүүлсэн. “Болвол аятайхан шиг өнгө үзэмжтэй, гарын ая даахуйцаар хэвлүүлчих бодолтой байна. Энэ жил Тайваньд хэвлүүлэх санаатай” гэж байсан уг номын эхийг би л буруу хараагүй бол Ням-Очир шивсэн байсан билүү яалаа.

Шинээр хэвлэгдэн гарах уг номынх нь дээжээс авах хүсэлтээ илэрхийлж “Таны бичиж хэвлүүлсэн бараг бүх ном надад бий. Энэ номын тань анхны худалдан авагч нь би болох захиалга өгье” гэхэд “Миний ном хэвлэлтээс гарсны дараа бараг худалдаанд очилгүйгээр гар дээрээс минь зарагдаад дуусдаг юм даа” гэж өгүүлж суусан.

Биднийг ярьж суух завсар охин нь “Шинэ цай чаначихлаа” гэсээр орж ирэхэд, “Дахиад нэг аяга цай уучих, хө. Бас нэг хэдэн минут жаал ярьж сууя” гэлээ. Тэр үед л “Ходоод юм байлгүй. Энд хөндүүрлэж өвдөөд хоол шингэхдээ муухан байна” гэж байсан. “Монголын оюунтай төрсөн хүмүүс ид хийж бүтээх насандаа бурхны орныг зориод байдагт нь би их харамсаж явдаг юм. Та биеэ бодож яваарай” гэхэд минь толгой дохин муухан мушилзаж суусансан.

Ярианы далимд би “Таны Алтан хүрдэн номыг нэг найз минь гуйж аваад дашийшог болсон. Эргүүлж өгөөгүй шүү” гэхэд тэр дор нь номын шүүгээгээ онгойлгон уг номын нэг хувийг гарган ирж, “Хэрэгтэй хүндээ хэрэгтэй ном нь гар дор байх шиг сайхан зүйл юу байхав” гээд дурсгаж билээ.

Намайг ТЕГ-ын архивт суух санаатай явааг сонсоод, нэгэн зүйлийг хичээнгүйлэн гуйсан. “Лу гүний гэрэл зураг тэндхийн архивт байж мэдэх юм шүү. Би нэг тийм сураг сонссон юм. Тэрийг мэдэж яваарай” гэхэд нь би түүний зохиол бүтээлдээ Лу жанжин гүний шүлэг зохиолоос олонтаа иш татдагыг нь мэдэхийн хувьд,
“Суудлаа булаалдаж хүрээнд шигдсэнээс
Нүүдлээ дагасан бидний жаргал” хэмээсэн шад шүлгийг нь Чой Лувсанжав багштаныхаа тухай дурсамждаа шигтгэсэн байдгийг санаж суулаа.

Цаг орой болж би ч явах боллоо. Намар тийшээ шинэ ном нь хэвлэгдэн гарсны дараа дахин уулзаж учрахын ерөөл тавиад гарсаан.

Харин золтой завшаанаар төдий л удалгүй дахин уулзах завшаан гарч билээ. Арваадхан хоногийн дараа утасдаж, “Чи миний номыг сонирхоод байдаг бил үү? “Дорно цаст” гэж миний шинэ ном гарсан. Авах уу” гэнэ. “Мэдээж авалгүй яахав. Ямар үнэтэй вэ” гэвэл “Арван таван мянган төгрөг” гэж байна. “Хэдэн цагт очих вэ” гэвэл “Өдөр 14 цагаас өмнө ирвэл би байна. Тэрнээс хойш бол эмнэлэг явчих байх шүү” гэлээ. Аахар шаахар шалтгаанаас болоод болзсон цагаасаа 30-аад минут хоцорч очвол надтай ам мөлтөс зөрөн эмнэлэг яваад өгчээ. Охин нь “Танд энэ номыг үлдээсэн” гээд бийр янтай, бичиг судар өрж, шоголтой судар дэлгэсэн ламтаны хөрөг бүхий хул шаргал өнгийн хавтастай ном өглөө. Гарсаны дараа тэсэлгүй номын хавтасыг сөхөж үзвэл, “...-д Сайны үйлсийг ерөөе. Л.Хүрэлбаатар 2010.01.25” гэж гаргацтай сайхан бичсэн байхыг хараад баярлаж явлаа.

Үүнээс хойш хэдхэн өдрийн дараа “Интерном” дэлгүүрт болсон номын хуриман дээр бас таарсан юм байна. Д.Гүн-Үйлсийн эрхлэн хэвлүүлсэн “Монголын найман Богд” номын нээлтэн дээр зохиогчийн хувьд хүрэлцэн ирсэн тэрбээр телевиз, сонины сурвалжлагч охидод ярилцлага өгөөд их л завгүй харагдана. Явах болоогүй биз гэж санаад “Хаадын сан”-гийн захирал Дугарсүрэн гуайтай зайдуу гарч жаал ярьж зогслоо. Эргээд ороод иртэл аль хэдийнээ явчихжээ. Явахдаа харин энэ хорвоогоос бүр мөсөн явсаныг нь би даанч мэдсэнгүй.

Миний Монголын сор болсон эрхэм хүнийг ийм хурдан энэ хорвоогоос буцчих юм гэж даанч зүүдлэсэнгүй дээ, би. Соён гэгээрүүлэгч хэмээх алдрын титмийг тэргүүнд нь асаахад номын садан хэн хүн эргэлзэж гайхаад байхааргүй түүний орыг өнөөдөр хэн залгаж, “Төвд хэлт утга зохиол” судлалын тугийг одоо хэн өргөж явах юм бэ?

Чой.Лувсанжав багштаны ууган шавь, Ц.Дамдинсүрэн гуайн гарын шавь байсан ховорхон азтай, хэтэрхий эрдэмтэй энэ хүмүүнд шавь орж, ном эрдмийн хишиг буянаас нь хүртэх хувь надад заяасангүйд одоо би харамсаж сууна. Гэвч дүрст лагшингаа номын агаарт хураасан ч, дундаршгүй их эрдмийн охь болсон ном судар, бүтээл туурвил нь бидэнд үлдэж, “урмыг тэтгэж, зоригыг хөгжөөж” буй ач буян нь “зүйрлэшгүй их ээ”.

Энэ насандаа Багштан таны шавь болох хувь надад ингэж дутлаа. Эргэж төрдөг хойд нас гэж хэрвээ байдаг юм бол мянган галавт ч болов хамаагүй хүлээж байгаад Танд шавь орно оо.

Багшийг ёсоор шүтэж чадвал
Бас ядам бурхангүй ч яахав
Гэрэлт зул дэргэд байвал
Гэгээн наран саргүй ч яахав хэмээн Цанид ловон Шагдарын айлдсаныг санан санан, хойд насандаа Танд шавь орохын ерөөл талбиж, Таныг “Гэрэлт зул” мэт сүсэглэх одой ухаант Soronzon мөргөн залбирав.

Багштан та,
Сансрын орныг орхиж
Сайхан Бурхны оронд төрөх болтугай1
Ум ма ни бад мэ хум. Ум ма ни бад мэ хум. Ум ма ни бад мэ хум.

7 comments:

Арима said...

Их хүн лүгээ хойтын ерөөл талбин, сүсэглэх хүмүүн цөөнгүйд баяснам.

Ум ма нэ бад ми хум...

ҮЛЭМЖ said...

Ум мани бад ми хум...

Бичлэгт оогт хамаагүй юм хэлж харуусахад Манайхан эрдэмтэдээ хэзээ ашиглаж сурнаа

Б.Баясгалан said...

Хүмүүс Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн зэрэг буурал их мэргэдээс хойш Монголд маань билиг оюуны тэнгэрт тийм өндөрт, тийм цуцашгүй элин халих мэргэд үгүй болсн хэмээлдэнэ. Үгүй дээ, Монголын маань заяа тийм дорой бусаа... Гагцхүү түмэн өнгөст толгой, гүд эрээлжлээд ухаантнаа таних УХААН маань хэсэгтээ төөрөлдсөнөөс бид тийм охор бодол тээн яваа биз ээ. Би л лав Л.Хүрэлбаатар, С.Дулам хоёрыг Монголчуудынхаа оюун билгийг нээн гийгүүлэх их мэргэдийн зэрэгт хэдийн хүрсэн гэж боддог.

ganga said...

Хайран сайхан хүн...
Ум амгалан байх болтугай.

oldoshaksli said...

Бүтэмж оршиг ээ!

Arsun said...

Ум ма ни бад мэ хум.

Daanjuur Ruujnaad said...

Tiim gej uu. Alsaas zorij irehdee uulzah yostoi gej sanaj irsensen. daanch amjsangui... ene meteer minii mongolyn jinhene burhad holdoj buid bachuuraad ch yaltai bilee.

Ogtorguin tsagaan gardi ta Mongol nutagtaa ergen buugaasai...