Saturday, June 12, 2010

Бат-Эрдэнэ дамжуулж, Соронзон цохилоо, Гооол........


Шог зураач А.Бат-Эрдэнийг би эртний таних юм.
Уулзах болгонд л шог зургийн сэдэв санаа, шинэ ном, сэтгүүлийн чимэглэл зургийн тухай ярьж явах, дараа уулзахад түүнээ ажил хэрэг болгочихсон инээд алдаад л үзүүлж харуулж явдаг түүний шаргуу, хөдөлмөрч занд нь би дуртай. Элэглэл зургийн мастер энэ залуугаар бахархаж хүндэлж явдаг билээ.

Мань эрийн 2003 онд хэвлүүлсэн “Нэг ангийхан” хошин хөргийн номоос нь авахуулаад нэлээд олон тооны бүтээл нь миний номын санд залаастай буй.

“Нөхөрсөг шог зурах авьяас бол тусгай заяагддаг” гэж хэлэх дуртай нэрт шог зураач Ц.Байды гуайн үгэнд би итгэдэг. Тийм ч болов уу. Нотолгоо болгож нэгэн түүх өгүүлье.

Шог зураач Гүржавын Нямдорж агсан гэмтлийн эмнэлэгт хэвтэж, гурван ч удаа хагалгаа хийлгэн хүнд өвчинд шаналан хэвтэж байх үедээ, А.Бат-Эрдэнийг танилцуулаад, “Наадахдаа сайн тусалж яваарай. Харж хандаж яваарай. Хамгийн авьяастай зураач шүү” гэж хэлсэн тухай сэтгүүлч, орчуулагч Ж.Нэргүй “Хүмүүсийн тухай роман”/УБ.2008/ номдоо дурссан байдаг юм.

Бурханаас заяасан тал бүрийн ховорхон авьяастай уран бүтээлч Гүр.Нямдорж агсан А.Бат-Эрдэнийг “тусгай заяагдсан авьяастай нөхөр” гэж их л дээр цагт таньж мэдсэн байгаа юм шүү. Сайхан хэрэг ээ.

“Тусгай заяагдсан” авьяастай А.Бат-Эрдэнэ маань өнгөрсөн жил дэлхийн хөлбөмбөгийн шилдэг оддын нөхөрсөг шог зурж, 2010 оны календарь хэвлүүлсэн юмдаг. Тэр нь одоо бараг зарагдаад дуусч байгаа байх.

Хөлбөмбөгийн ДАШТ эхэлсэн өчигдөр орой мань эр циркийн тэндэх асар, эсвэл СУИС-ийн хажуудах пабны аль нэгэнд, хөгжөөн дэмжигчийн үүрэг гүйцэтгэн, хоолойгоо сөөтөл орилсоор үүр цайлгаа биз ээ.

Соронзон миний бие харин шог зураач А.Бат-Эрдэнийн хөгжөөн дэмжигчийн хувьд түүний зурсан дэлхийн хөлбөмбөгийн супер оддын нөхөрсөг шог зургаар блогоо чимэглэхээр шийдлээ. Эзнээс нь авсан хууль ёсны зөвшөөрлийн дагуу түүний элэглэл зургуудыг ээлжлэн тавьж сонирхуулах болно оо.

Шог зураач А.Бат-Эрдэнэ дамжуулж, Соронзон цохилоо.
Гооол........

1 comment:

Anonymous said...

Ааяа ах сайхан ах шүү.
Миний ширээний өөдөөс хараад Messi өшиглөх гээд гүйж явахын. . .
Зураач нь өөрөө бэлэглэнэ гэдэг хамгийн том бэлэг.
Чаддаг бол Өмнөд Африкп энэ календарыг аваачих юмсан