Saturday, June 26, 2010

“Домогт хөлбөмбөгчний дурсгасан зураг”


Ийм нэртэй нэгэн зүйл бичээд 2008 оны есдүгээр сард блогтоо тавьж билээ. Хөлбөмбөгийн ДАШТ ид “ширүүсч” байгаа Африкийн цоргим нартай тэнгэр доор вувузула бүрээтэй хөг нийлүүлэн дээрх бичлэгээ дахин оруулж байна.

Энэ хэний гэрэл зураг вэ?
Тиймээ. Энэ бол домогт хөлбөмбөгчин Мишель Платини.

Мишель Платини 1955 оны зургадугаар сарын 21-нд Францын Жёор /Мерт-э-Мозель/ хотод төрсөн.
Тоглосон багууд: 1966-1972 онд “Жёор”, 1972-1979 онд “Нанси-Лоторинчи”,1979-1982 онд “Сент-Этьенн”, 1982-1987 онд “Ювентус”/Турин/. Францын шигшээ багт 72 удаа тоглосон.
1984 оны Европын аварга. 1985 оны Тив хоорондын цом, 1985 оны Европын аварга багуудын цом, 1984 оны Европын цом эзэмшигч багуудын цом, 1984 оны Европын супер цомын тэмцээний ялагч.
1978 оны Францын цомд түрүүлэгч. 1981 оны Францын аварга.
1983 оны Италийн цомд ялагч. 1984, 1986 оны Италийн аварга.
1983, 1984, 1985 оны Европын “Алтанбөмбөг”-ийн эзэн болж, Европын шилдэг хөлбөмбөгчөөр гурван жил дараалан шалгарсан. 1983, 1984, 1985 оны “Алтан баг”-ийн шагналт.
Мэргэжлийн хөлбөмбөгчний хувиар 649 тоглолтод 353 гоол оруулсан. Францын шигшээ багийн ахлах дасгалжуулагч байсан.

“Чи.Баатарт. Бидний нөхөрлөлийн дурсгалд” хэмээн францаар бичиж гарын үсгээ зурсан ийм нэгэн гэрэл зураг ахын минь архивт хадгалагдаж байдаг юм. Миний ах Ч.Баатар нь түүхч мэргэжилтэй багш хүн байсан. Маш их ном уншсан, оюуны өндөр боловсролтой, тал бүрийн өргөн мэдлэгтэй, спортын хорхойтой, хөлбөмбөгт “нугасгүй” хүн байж билээ. Тиймээс ч 1998 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тохиолдуулан М.Платинийн бичсэн “Ma vie comme un match” номыг орос хэлнээс орчуулсан болов уу.
Монгол хэлнээ “Тэмцээнт жилүүдийн амьдрал” хэмээн буулгасан эл номын хэсгээс 1998 оны эхээр “Спортын мэдээ” сонинд цувралаар нийтлүүлж байсан ахын минь нэг нууцхан хүсэл мөрөөдөл нь спортын бренд хувцасны төрөлжсөн дэлгүүр нээх... Харамсалтай нь хүслээ гүйцээх бололцоог зуурдын үхэл олгоогүй юм даа.

...Дээрх гэрэл зургийг 2001 оны 9 сарын 17-нд Мишель Платини ахад минь хаяглан явуулсан байдаг юм. Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ эмблем, тусгай тамга бүхий дугтуйтай эл гэрэл зургийг хатуу хавтсанд нямбайлан хийж хадгалсныг нь үзвэл ах маань ихэд нандигнан эрхэмлэж байсан бололтой.
Дэлхийн олон орны хөлбөмбөгийн хорхойтон сая сая хөгжөөн дэмжигчдийн шүтээн болсон домогт хөлбөмбөгчин Мишель Платини гарын үсэг зурсан гэрэл зургаа ахад минь дурсгал болгон илгээсэн түүхийг би сайн мэдэхгүй. Ахыгаа амьд сэрүүнд нь энэ тухай асууж лавлаагүйдээ одоо амаа барьж сууна даа...

Мишель Платини “Тэмцээнт жилүүдийн амьдрал” номын хэсгээс:

...Ирээдүйд хоёр удаа буюу 1982, 1986 оны дэлхийн аваргын цолыг бараг л хүртчих шахсан Францын шигшээгийн ахлагч, гол стратегч болох эл хөвгүүн бүр арван настайдаа сэгсгэр үстэй, богинохон өмдтэй хөлбөмбөгч хүүхдүүдийн удирдагч явлаа.

...Намайг сайн ойлгож дэмждэг ёстой л өв тэгш эцэг эхтэйдээ би бурханд талархдаг. Эцэг маань сонирхогчдын хөлбөмбөгийн дасгалжуулагч байсан. Ээж ч гэсэн аавтай суутлаа сагсан бөмбөгөөр муугүй тоглодог байж. Гурван настай байхдаа амтат жүрж эсхүл хуйлсан ноосон утас өшиглөж байхыг минь анх хараад ээж гайхан догдолжээ. Тийм жаахан байхдаа гал тогооныхоо ширээн дээр хөлбөмбөгийн хаалга зураад түүн рүүгээ шатрын хүү оруулах гэж оролддог байсныг одоо ч ээж ярих дуртай.
Эцэг эх маань намхан нуруутайдаа зовж шаналсан ааштай хүүгийнхээ аясыг тааруулж, тэвчээр хүлээцтэй хандаж чадсан юм. Энэ бүхний үр дүнд тэрхүү жаал нэг сайхан өдөр хамгийн алдарт хөлбөмбөгч нартай эн зэрэгцэн очсон.

...Манай гэрийнхэн үргэлжид миний хувьд тун чухал үүрэгтэй байсан бөгөөд эдүгээ ч тийм юм. Эцэг эх хоёр ямагт миний хамгийн халуун дотны талынхан болохын зэрэгцээ хамгийн эрс шүүмжлэгчид байлаа. Хэрвээ эцэг эх маань надад туслаагүй, харин бүр саад тотгор хийж байсан бол би ямар хүн болох байсныг үнэндээ бүү мэд. Хэдийгээр тэд хөлбөмбөгийн шинжлэх ухааныг судалсан ойролцоогоор хоёр сая хөлбөмбөгчнөөс яая гэхэд таван зуун хүн л мэргэжлийн тоглогч болтлоо өсөж хөлбөмбөгөөр амь зуулгаа хийдгийг сайн мэдэж байсан ч бэргэлгүйгээр намайг материалын болон ёс суртахууны талаар дэмжиж чадсан юм.
Эцэг маань миний ичиж улайхыг тоолгүйгээр “Мишель шиг ийм хүүхэд ховор төрдөг юм” гэж нэгэнтээ хэлж билээ. Арвантаван настайдаа би “Жеф” клубт эхлээд хүүхдийн, дараа нь идэрчүүдийн багт орсон. Ямар ч байсан цэнгэлдэх дүүрэн үзэгчдийн өмнө тоглох мөрөөдлөө хэрэгжүүлэхэд минь саад болохгүй байхаар эцэг маань шийджээ.

...Ээж маань миний анхны бөгөөд хамгийн дайчин балиашиг ямагт байсан. Хөлбөмбөгийн туршлагатай аав болохоор “Пелеатини” гэж гарын үсгээ зурчдаг даварсан жаалаа заримдаа журамладаг байв. Тэрээр Круиффыг шүтдэг байсан. Ээж намайг мэргэжлийн хөлбөмбөгчин болох нь гэдгийг нэгэнтээ ойлгомогцоо хэзээ ямагт бүх талаар дэмжихэд эрч хүчээ, амьдралынхаа ихэнх хэсгийг зориулсан билээ. Хөлбөмбөгчний мэргэжлийг хөөсөн 15 жилийн дотор “Нанси”, “Сент-Этьенн”, “Ювентус” болоод Францын шигшээд тоглосон ямар нэг чухал ганц ч тэмцээнийг ээж алгасаагүй үзсээн. Миний оролцсон дэлхийн аваргын 1978 оны Аргентинийн, 1982 оны Испани, 1986 оны Мексикийн тэмцээнд ч байлцаж балиашигласан юм.

4 comments:

A.Амарсайхан said...
This comment has been removed by the author.
A.Амарсайхан said...

Их нандин зураг байна. Нээрээ бид иймэрхүү юмандаа их хайхрамжгүй юм. Дэргэдээ амьд түүх байсаар байгааг анзааралгүй явсаар бурханы орондоо явчихсан хойно нь амаа барьдаг.

Платини гэснээс сая багаа хараад яаж ичсэн болоо?

Soronzon said...

Харин тиймээ.
Амьдралд амаа барьсан тохиолдол олон бий дээ, харамсалтай нь...

Daanjuur Ruujnaad said...

Sain baina uu. Tantai uulzah bolomj oldsongui. Nuurendee ineedtei nudendee nulimstaigaar tanyg hul bumbeg uzeh baigaag ih oilgoj suuna daa. duu ni...
Gesen ch yahav gegeen buhen amidrald tohiono. Duu ni neg gegeen medeelel helye. Ireeduigee bodood mongolyn buh huuhdiin dund nom unshih ayan zarlaad baina. ta www.bayanmongol.com www.medeelel.com. www.mongolinternet.com olj uzeed tsash ni neg ch gesen mongol huuhed neg ch gesen nom unshaarai gej heleerei. ter dund tany ahyn setgeldee buteesen nom hurtel orno baihaa ...
buhniig hundetgete tany met duugees