Monday, August 2, 2010

Янагийн учрал



Саяхан амралтанд явахдаа хэдэн ном авч явсны нэг нь Авгаржин Ж.Баяржаргалын “Наян нэгэн мөнгөн шөнө”.
Салхин сарны явдал, загас наадуулахуйн ариун үйлийн тухай өгүүлсэн түүний зарим нэг шүлгийг блогтоо залж байна. Таалалд тань нийцэх болтугай.

Гантогоогийн зунаар цэцээглэсэн
Зүм хангайн чимэг


...Том хусны цайвар дүрсийг ажихуй
Томоотой хүүхэн мөнгөн чимгээрээ оролдоод
Тонгойж суугаад хуримын ерөөл сонсох шиг
/Ч.Лхамсүрэнгийн шүлгээс/

Сар, нарны солбилцолд цэцэглэгч
Төгөлдөр эх минь
Салхин алс нугад
Эгшиглэн дуулагч шанз минь.
Надаар урсагч
Урин борооны дусалхан минь.
Насаар арвидан гийгүүлэгч
Чинад сансрын туяа минь.
Нүднээ үл үзэгдэгч
Гэрэлт тарнийн урсгал минь.
Нүүдэл дөтлөгч
Шинэ харгуйд тохиох учралт минь.
Нуурын хүйсэнд дэгдэн хөвөгч
Хас зүст ургамал минь
Нууцлаг оддыг хэлхэн наадагч
Үүлэн сондор минь
Гэгээн өдрүүдэд нүцэглэгч
Дун хусхан минь
Гэнэн шувууд цэнгүүлэгч
Ажин түжин нуур минь

1992.04.30


Уран цэцэрлэгт Энхмааг хайрлахуй дор
Ган тайлж хур буув


Хар зэгстэй
Ягаан цөөрөм
Хан хурмастаас
Хур тосном
Сүж тэнгэрийн хэвлийнээс
Сүүн бороо урсав
Усны гүнд жараахай сэрж
Урагш шаламгай сэлэв.
Аяншиж гандсан
Цэцгийн нүд
Алтан туяа үзэлгүй
Нэн уджээ.

1995.08.14

Цээгийгээ сэтгэлдээ бөөцийлж ашид
бурхан мэт санаж явнам


Чамайг өөр хүнд өгнө гэдэг санаанд үл багтам аймаар юм
/Хаалган завсар орхисон зурвас/

...Энх жаргаланг чин хүсэмжлэн
Энд дахин дахин ирмээр
Цагийн ямагт дааман хаалга нээлттэй
Цагаан сүмд гүн мэхийн ормоор
Аршааны хос бумбанаас
Амныхаа цангааг үргэлж тайл юу
Биес, сэтгэлийн төвгийг ариусгаж
Бишрэлт Лянхуан дэлбээнд хүж хатга юу
Юутай анхилуун үнэр түгнэм

1993 он

Хонгормаагийн яриаг сонсох зуур
нүдийг нь үнэрлэж билээ


Халх эрийн зандан цээжинд бүсгүй хүн хярах
Чонын үхэл мэт.
/Ц.Бавуудоржийн шүлгээс/

Аймагч орон далайн биеэр
Алтан загас дураар хөвнөм
Уужуу мандалд нь долгиос үүсгэн
Умраас хар салхийг хүснэм
Хар салхи ч адган дэгдлээ
Хаан догшрол уснаа үүсэв
Давалгаас эгшнээ хүрхрээд амирлахуй
Дайчин улбаа мэлтийн хоцров
Сонь буураагүй бяцхан загасны
Солонгорч норсон хайрс үзэгдэв
Сар, далай, загас...цөмөөр нялхарч
Сая л анир гүм болжээ

1992.05 сар

Катерина Режанатай Ауара мөрний дагуу
хийсэн шинэ аялал


Тэр нуурын зэгс
Алтан шаргал өнгөтэй
Тэмтэрч имэрч үзэхүй
Ариг ягаан аниртай
Хар хунгийн сүрэг
Хаяа засан чуулдаг
Халх нутгийн шувуу
Хааяа энд ирдэг
...Энэ л усны хөвөө
Элгэн хүрэн зүстэй
Эрхий дарам зайд
Алгуу улаан хавцалтай
Чийгт хавцлын зулайд
Чихэлдсэн өвс ороолдоно
Өрнийн үүлс ч найрсаг
Өдөржин, шөнөжин бороотой

1995.11-р сар

2 comments:

www.gegeen.com said...

hehe, yasan aihtar uulen boroonii ugs hellegtei shulguud ve. amjilt shw

Б.Баясгалан said...

Ах хүү өөрийгөө азрага гэж боджээ. Надад лав таалагддаггүй.