Friday, February 26, 2010

Гавьяат тамирчин Б.НАРАНБААТАР: Эгч ээ, мөнгө байхгүй, ЧимхчиХ


Алдарт Мэгдийн Хойлогдорж, Цэдэндамбын Нацагдорж, Буяндэлгэрийн Болд, Авирмэдийн Энхээ, Оюунбилэгийн Пүрэвбаатар нарыг залгамжилж дэлхийн аваргаас чөлөөт бөхийн төрлөөр хошой медаль хүртээд буй хүчтэн бол гавьяат тамирчин Баяраагийн НАРАНБААТАР бөлгөө. Түүний анхны үндсэн багш нь гавьяат дасгалжуулагч Хангайн Намшир бол УБИС-ийн оюутан байхаас нь ирээдүйтэй бөх болохыг нь таньж зах зээлийн хүнд үед зардал мөнгийг нь олж, гадаадад олон улсын тэмцээнүүдэд оролцуулж, Болгарын Дан Коловын нэрэмжит тэмцээний аварга болгож, дэлхийд таниулснаараа Б.Баттулга дасгалжуулагч мөнхийн гавьяатай.
Дэлхийн аваргаас 2005 онд хүрэл, 2007 онд мөнгөн медаль хүртэж, Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ олонтаа дуурсгаж яваа залуу гавьяат бага насаа ийн дурсах.


Нүүдлийн шувуу шиг л...

-Миний төрсөн газар Дорнодын Чойбалсан хот. Одоогийн Хэрлэн сум. Ээж минь Дорнодынх. Харин аав Төв аймгийнх. Хоёулаа эмч мэргэжилтэй. Гэсэн ч цэргийн газар ажилладаг болохоор тушаалаар ийш тийшээ олон нүүсэн. Намайг хоёр настайд хот руу шилжиж, Биокомбинатад ирснээ удалгүй Хөвсгөл рүү, тэндээсээ Төв аймаг руу, дараа нь Сэргэлэн сум руу, сүүлдээ Биодоо эргэн ирж тогтон суурьшсан. 1988 оноос хойш. Тэгэхээр бага нас минь нүүдлийн шувуу шиг л энд тэндгүй явж өнгөрсөн гэсэн үг.
Би хоёр эгч, нэг ахтай. Цэцэрлэгт явах нь явж байсан. Цэргийн ангийн хэдхээн хүүхдийн л хамт. Вагончикт. Сэргэлэнд байхад ойролцоох элсэн дээр очиж их тоглодог сон. Ах бид хоёр аавдаа загнуулан барин. Элс нураад дарагдчихвал яана гээд л. Дунд сургуульд би Төв аймгийн хоёрдугаар арван жил наян долоон онд шинээр ашиглалтад ороход элссэн. Долоон настайдаа. Тэндээсээ Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуульд ирж байв.
Аав залуудаа хөнгөн атлетикт муугүй байсан гэдэг. Түүнийг нь дууриасан уу, би багын л их хурдан гүйдэг байв. Хавар, намар сургуулийн спартакиадаар гүйлт, уртын харайлтад байр эзэлнэ. Мөн гар дээр суниахдаа хэнд ч мөчөөгөө өгөхгүй. Бөх гэхээсээ хөнгөнд л илүү. Гэхдээ бас барилдана. Ангийнхнаасаа нэг л хүүхдийг дийлэхгүй. Тэр нь одоо хөдөлгөөнт эргүүлийн газар ажиллаж байгаа.

Био руу олон удаа явган гүйсэн

-Хичээлийн хувьд жигд дээ. Тэрэнд, энэнд нь илүү сонирхолтой байсан гэлтгүй. Зургадугаар ангид байхдаа би каратэгийн секцэнд нэг хэсэг явсан юмдаг. Сүүлдээ сонирхол жаахан буураад гарчихсан. Тэгж байтал манай Энхтөр гэдэг найз бөхийн секцэнд орохыг санал болгосноор дагаж “Хөдөлмөр” нийгэмлэгийн Х.Намшир дасгалжуулагч дээр ирж байв.
Эндээс л миний бөхийн гараа эхэлсэн. Анх нэг их шалгаж барьсан юм байхгүй ээ. Сонирхлын дагуу л. Хичээлээ тараад хотод ирж 15-17 цагийн хооронд бэлтгэлээ хийнэ. Биднийг тарангуут залгуулаад томчуудын бэлтгэл эхэлнэ. Тэдний бэлтгэлээ хийхийг харах нэн сайхан. Хүсэхэд хясах гэгчээр багш нар хөөгөөд байлгахгүй. Хааяа үлд үлд гэхэд нь бөөн баяр. Гэвч тэнд байгаад байж чадахгүй. Сайндаа л 20-30 минут харна. Био руу явах унаагүй болчихдог болохоор аргагүйн эрхэнд явахаас яалтай.
Томчуудын бэлтгэл хийхийг жаал харчихаад автобусанд чихэлдэн чихэлдэн суугаад Нисэх ороход цаашаа явах унаа байхгүй. Бүгд зогсчихсон байна. Тэгэхээр нь яахав, өвлийн хүйтэн гэхгүй Био руу мөн ч олон удаа явган гүйсэн дээ, Энхтөр бид хоёр. Орос бакиалтай долоон км газар гүйхэд ядрахгүй ч даараад хөл өвдгөө хүртэл мэдээ алдаад очдог сон.

Автобусны мөнгөтэй л бол
өлсөж цангах юу ч биш


-Гэр хорооллын амьдрал сайхандаа ч сайхан, хэцүүдээ ч хэцүү. Усаа зөөнө, мод түлээгээ хагална. Тоглох, эрхлэхээ ч бас мартахгүй. Зун Туулын хөвөөнд өнжинө. Сэлнэ. Өвөл чаргаар гулгана. Худгийн ойролцоох гудамжинд тогтсон мөсөн дээгүүр пааран дээр элгээрээ дарж хэвтээд “явж өгнө”. Аюултай юм их хийдэг байжээ.
Секцэнд явахад аав, ээж эхэндээ дуртай байгаагүй. Газар холоос гадна унаа унш ховорт хүүхэд нь үдэш оройтоод байхаар ямар ч аав ээж санаа нь зовохгүй байж чадахав. Өдөр хичээлээс ирэхэд хоол цай байхдаа байна, байхгүйдээ байхгүй. Байхгүй байна гээд унжийлгүй хоосон чигээрээ бэлтгэлдээ гараад туучихна. Надтай хамт секцэнд сайн сайн хүүхэд олон явдаг байсан. Гагцхүү тухайн цагийн бэрхшээл зовлонгоос шантраад олонх нь бөхөө орхисон.
Автобусны мөнгөгүй үе зөндөө таарна. Кондукторт чимхүүлнэ. “Эгч ээ, мөнгө байхгүй, намайг чимхчих” гэж хэлж үзнэ. Хөөгдөөд бууна. Дараагийн автобусны кондукторыг гуйна. Бас л хөөгдөөд бууна. Олон буусан даа. Хоол ундны тухай бол ярихын ч хэрэггүй. Автобусны мөнгөтэй л бол хоол ундгүй өлсч цангаж явах бол юу ч биш.

Анхныхаа оролцсон тэмцээнээс хүрэл авсан

-1994 он. Бөхийн секцэнд ороод яг гурван сар хичээллэсний дараа гавьяат тамирчин А.Энхээ ахын нэрэмжит тэмцээнд орж байв. Энэ миний хамгийн анхны, хамгийн том тэмцээн байсан. Анхны медалиа авсан. 37 кг-д манай “Хөдөлмөр”-ийн Баяржаргал түрүүлж, Энхтөр маань хоёрт орж, би гуравт орсон юм. Нэг секцны гурван хүүхэд алт, мөнгө, хүрэл авсан нь сайхан байв. Их урам орсон.
Тэмцээнд орвол медаль авдаг гэсэн төсөөлөл ч үгүй амьтан чинь бэлтгэл дээр өмсдөгтэйгээ л очсон юмдаг. Шагналын тавцан дээр гараад зогсч байхад сонин санагдаад л. Хүрэл медаль хүртэж, мянган төгрөгөөр шагнуулаад сар мөнгөөр тасраагүй явсан шүү. Аа бас медаль авсан гээд хүмүүс тав, арван төгрөг өгсөн нь ч их нэмэр болсон.
Нааяа багш техник их заана. Хөшүүргийн хуулийг маш сайн мэддэг хүн. Эхэндээ би хэлж ярьж байгааг нь сайн ойлгодоггүй байсан, үнэнийг хэлэхэд. Ямар сайндаа л “Наранбаатар аа, мал аа, би чамд зургаан жил монголоор хэлж заалаа. Чи ерөөсөө ойлгохгүй юм. Чамд би мэхнээс гадна монгол хэл зааж байна шүү” гэж байхав. Нэг хэсэг багшийн хэлж байгаагийн наадах цаадахыг ялгаж ойлгохгүй үе байдаг шиг ээ. Тэр үе нь өнгөрсөн үү яасан багшийн хэлж, зааж зурж байгаа нь ойлгогдож эхэлсэн. Би үүн дээрээ ингэх юм байна шүү гэх зэргээр.

ТҮЦ-ний дэргэд жууцай зардаг байв

-Том болоод... эмч болно л гэж боддог байлаа. Аав, ээж минь эмч болохоор ч тэгдэг байсан байж болох. Амьдралын хүнд бэрх шалгуурыг давахын тулд хүүхэд гэлтгүй зүтгэнэ. Зуныхаа амралтаар голоос загас барьж худалдана. Долоон сарын эхээр жууцай ургачихдаг шүү дээ. Түүнийг түүгээд Сансарын түнэлийн хажуугийн ТҮЦ-ний хажууд суугаад зардаг байж билээ. Зургадугаар анги төгссөн жилээ. Мөн хотын гааль дээр очиж гурав, дөрвөн мянган төгрөгийн хөлстэй чингэлэг буулгалцана. Гурав, дөрвөн мянган төгрөг гэдэг их мөнгө. Аль болгон аав ээжээсээ мөнгө гуйхав гэхдээ л шүү дээ.
Аав, ээж цэргийн ангид ажилладаг болохоор цэргүүдийг музей үзүүлэхээр явахад нь харин дагаж зөндөө явдаг байв. Аа бас долдугаар анги төгссөн жилээ барилга дээр ажилласан юм байна. Шавар зөөнө. Тэгэхдээ цэргийн хоол их идсэн. Цэргийн алба хаагаагүй ч гэсэн хоолыг нь идээд үзчихсэн л хүн дээ, би.
Наймдугаар ангид байхдаа Орост болох тэмцээнд оролцохоор амьдралдаа анх удаа хилийн дээс алхаж байснаа мартдаггүй. Замын зардал олдохгүй, аав ээжийгээ арван хэдэн мянган төгрөгийн өр зээл тавиулан барин. Улан-Үдэд болсон тэмцээнээс хүрэл медаль хүртээд их баярласан даа. Шагналд нь хойноос пүүз, шорттой л ирсэн дээ. Зохион байгуулсан газар нь өгсөн сөн.

Яагаад үсээ засуулдаггүй юм

-Намайг шар царайтай болохоор шар л гэдэг байв. Ах бид хоёрыг нэг удаа эгч үсээ засуул гээд. Яг тэр орой цахилгаан тасраад. Бид хоёр ч далимдуулаад муухай засчихна гэсэншүү юм яриад өнгөрөв. Тэгтэл аав үдэш хөөж босгоод гадаа гаргачихдаг байгаа. Өвөл шүү дээ, нэгдүгээр сард. Богино өмднөөс өөр хувцасгүй нүцгэн. Хоёр гурван минут болсны дараа оруулж ирээд “Яагаад үсээ засуулдаггүй юм” гээд хусаад хаячихдаг юм. Мулзайтал нь, өл халзан болгоод. Аав минь их хатуу зарчимч хүн л дээ.
Яахав, мөнгөн толгойтой амьтан хичээлдээ очлоо. Ичиж байгаа гэж жигтэйхэн. Хүмүүс буруугаар бодох байх гэхээс. Дээр үед толгой нь бөөстөхлөөр л үсийг нь хусчихдаг байсан гэж сонссон болохоор. Ангийнхан ч шоолж байна. Ядахад, тэр үед “Дугуйлан” гэдэг жүжиг тоглож байсан юм. Тэр жүжигт Жаргал багш гэж халзан нөхөр гардаг байхгүй юу. Түүний нэрээр үс ургатал хэсэг шоолоод намдаж билээ.
Дунд сургуульд байхдаа би урлагт сайнгүй байсан ч цэнгээнт бүжгийн арван хосын нэгэнд явж л байдаг байсан юм даа.

Охидтой үерхэх зав байгаагүй

-Миний төрсөн өдрийг нэг их тийм сүр бараатай тэмдэглэж байсныг санадаггүй. Хавар төрсөн болохоор хамаг юм ховор живэр болсон үе таардаг байсан биз дээ. Шинэ жилийн баяр л гоё баяр. Онц сурсны, мөн аав, ээжийн ажлын газраас гээд бөөн бэлэг авна.
Тухайн үед өвлийн өвгөний бэлэг үнэ цэнтэй юмны нэг байж. Одоотой адил байдаг л нэг зүйл байгаагүй. Бэлгэнд ганц нэгхэн л мандрин байх. Мандриныг цадталаа идэж үзэхсэн гэж боддог байж билээ.
Арваа төгсөхдөө би өсвөр үедээ хоёр удаа, залуучуудад нэг удаа улсын аварга болчихсон байв. Сургуулиас оны шилдэг сурагчаар шалгаруулан шагнаж байсан нь санаанаас гардаггүй. Сургуулийн нэр гаргадаг, энэ тэр гээд багш нар ч сайн.
Үнэнийг хэлэхэд, охидтой үерхэх цаг зав надад гараагүй. Долоо, наймдугаар ангид ороод хүүхдүүд хоорондоо үерхэж эхэлдэг шүү дээ. Яг тийм үеэр би бэлтгэл сургууль гэж яваад түүнээс их хол өнгөрсөн. Арваа төгсөөд цаашаа сураагүй, хоёр жилийн хугацаанд. Бөхөө хөөж ХОТШ клубт хичээллэсэн. Цалин мөнгө ч өгдөг байв. Гэтэл нэг жил болоод дампуурчихдаг байгаа. Үеийн хүүхдүүд бүгд сургуульд сураад л. “Юу хийж байна” гэхээр “Дээд сургуульд сурч байгаа” гэж шар хөдөлгөөд. Ингээд 1999 онд УБИС-д элсэн суралцсан даа...

Эх сурвалж: Ц.Галбадрах “Би багадаа”
төгсөшгүй цувралын дөрөвдүгээр дэвтэр

http://badrangui.blogspot.com/

Monday, February 22, 2010

“Бадрангуй” андын номын хурим


Миний эрхэм журмын анд,
“Бадрангуй” блогийн эзэн, сэтгүүлч, яруу найрагч Ц.Галбадрахын шинэ ном “Би багадаа” төгсөшгүй цувралын дөрөвдүгээр дэвтэрийн нээлт хоёрдугаар сарын 11-ний өдөр “Интерном” номын их дэлгүүрт болсон билээ.

Хүн бүхэн хүүхэд насыг дайрч өнгөрдөг.
Ардын уран зохиолч Д.Цоодол, зураач П.Цогзол, гэвш Д.Тайвансайхан, УИХ-ын гишүүн Я.Батсуурь, дуучин Т.Ариунаа, мэргэн бууч О.Гүндэгмаа, гавьяат тамирчин Б.Наранбаатар, уртын дууч Г.Хонгорзул, яруу найрагч Ш.Лхамноржмаа зэрэг 20 хүн аав ээжийн ангарай жаахан үр нь байж, дэгж дэрвэн өссөн жаргалтай бага насныхаа тухай дурсан ярьсныг энэ номд баринтаглажээ.

Анх 2002 онд энэхүү цувралынхаа нэгдүгээр дэвтрийг
“Та бидэн “Монгол” хэмээх нэгэн их айлын үр сад шүү!
Үлгэр мэт сайхан
Сүүдэр мэт дагаж
Үйлсийн дээд бүхэн нь
Танайд хурах болтугай!”
гэсэн ерөөлийн үг дагалдуулан барьж байсан тэрбээр,
2005 онд хоёрдугаар дэвтэр дээрээ,
“Хачин нялхамсуу атлаа
Бас чиг бадрангуй номоо танд өргөн барив”
гэж бичээд бэлэглэж байсан бол,
2006 онд гуравдугаар дэвтрийг нь хэвлүүлээд,
“Сэтгэлийн тань даль жигүүр цуцашгүй...” хэмээсэн урмын үг дагалдуулан дурсгасан билээ.
“Гүн хүндэт ...д
Амьдралын харанхуйг гэрэлтүүлж
галт бамбар мэт астугай...”
хэмээн “зарлигдан” бичиж атгуулсан шинэхэн номыг нь би өнөөдөр шимтэн уншиж сууна аа.

Сэтгүүлч Н.Сарангэрэл 2002 онд “Манай сонинд ажилладаг нэг авьяаслаг залуу бий. Чамтай танилцуулна аа” гээд, нэг их нүдээрээ инээсэн, говийн бор ааруул шиг тос даасан залуу танилцуулсан нь Галаа маань байсан. Хожим 2008 онд Галаагийн яруу найргийн “Бадрангуй” номын өмнөтгөлд нь Бавуугийн Лхагвасүрэн гуай түүнийг “гэгээн инээмсэглэл нүдэндээ тоглуулсан” гэж бичсэн нь их л оносон тодорхойлолт болсон мэт одоо санагддаг юм.

“Холдохоороо “мөөрөлдөнө”...
Ойртохоороо “мөргөлдөнө”...
“үхэр” Монгол гэж...”
хэмээн Галаагийн маань бичсэнчлэн, тэр цагаас хойш бидэн хоёр “мөөрөлдөж”, “мөргөлдөж” явсаар бараг арваад жил болжээ.

Үерхэл нөхөрлөлийг өнгө мөнгөөр хэмжих болсон өнөө цагт ховорхон заяах түүний хамгийн сайхан чанар нь нөхөрт үнэнч. Мань мэт шиг дүрэлзсэн, тачигнасан хурц зан араншинтай “Хүрээ банди”-тай харьцуулахад нэг л зангаараа байж,
“Цэнхэр уянга ингэн буйлааг нь
сонсож нэгэн
Цэцэгсийн үнэр, салхины амтанд нь
согтож нэгэн”
өссөн говийн хүний намба заан суухад нь өөрийн эрхгүй хүндлэн дээдэлмээр.

“Бадрангуй” маань бас элдэвтэй эр ээ.
Бурхан гуай түүнд авьяасын хишиг бөөн бөөнөөр нь атгаад өгчихсөн мэт надад заримдаа санагддаг юм.
Тэр найрагчийн авьяастай. Яруу найргийн “Задгай тэнгэр”/2006 онд/, “Бадрангуй”/2008 онд/ гэсэн хоёр ч номоо хэвлүүлж, “Эгшиглэнт говь” яруу найргийн наадмын тэргүүн байрын хошой/1995, 1996 онд/, Р.Чойномын нэрэмжит “Алтан оюухай-2006” яруу найргийн наадмын тусгай шагнал хүртэж явсан “их эд ээ”.

Бас тунчиг сайхан уран хайчилбар хийнэ.
Миний Монголын бахархал болсон олон сайхан хүмүүс, тэр дундаа сумогийн их аварга Д.Дагвадорж, даян аварга Г.Өсөхбаяр, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, жүжигчин Н.Батцэцэг, дуучин С.Наран зэрэг хэдэн зуун хүний хөргийг цаасан бар буюу уран хайчилбарын аргаар бүтээснийг нь би мэдэх, сонин сэтгүүлийн хуудас гэрчлэх.

Монгол бөхийн талаар тун сайн мэдлэгтэй. Сайхан ч бичнэ. Спортын сэдвээр анхлан бичиж сэтгүүлч болох дөртэй болсон байх шүү. Тэгээд ч “Засгийн газрын мэдээ” сонинд ажиллаж байхдаа 2001 онд шилдэг бичлэгийн шагнал хүртэж, “Ган үзэгтэн” болж байсан санагдах юм.

Түүнчлэн түүний бас нэг чаддаг зүйл нь хуур “хөрөөдөх”.
Тээр жил Ерөнхий сайд Н.Энхбаяр “Их тэнгэр” цогцолбор дахь өргөөндөө сэтгүүлчдийг хүлээн авахад, хойморт нь байсан морин хууранд гар хүрэхээр зориглосон хүн бол ганц манай Галаа л байсан билээ. Ерөнхий сайдын өргөөний жаврыг үргээж, үзэг нэгт нөхдөө баярлуулсан мань эр хуураа хөглөөд босоход хултай айраг, хөл мах, хүндтэй суудал аль аль нь түүнийг тосон байдаг юмаа.

Ингээд бас болоогүй ээ.
Монгол улсын соёл урлаг, спортын анхдагчуудын тухай өгүүлсэн “Дэлт морьдын салхин дунд”, “Мөсөн чихэр хүлхэх мэт” зэрэг хоёр ч ном нь хэвлэгдэх цагаа хүлээн одоо түүний гар дээр бэлэн буй.

Төмөр барс жил түүний хувьд өнгөтэй сайхан эхэлж байна.
Одоо энэ эрчээрээ, онгодын хүлэг дээр дарцаглан, шүлэг найргаа туурвиж, сэтгүүл зүйн нийтлэлүүдээ эмхэтгэн, цаасан барын бүтээлээрээ үзэсгэлэн гаргахын ерөөл тавьж, сархад сөгнөх Соронзон анд чинь хүндэтгэн ёслов.

Жич: “Би багадаа” төгсөшгүй цувралын дөрөвдүгээр дэвтэрт орсон зарим нэг сонирхолтой дурсамж ярилцлагыг эзнээс нь зөвшөөрөл авч блогтоо залахыг хичээнэ ээ. Уг номын зохиогч болон түүний олон талт бүтээлийн талаар дэлгэрэнгүй танилцахыг хүссэн эрхмүүдэд миний блогийн холбоос дээрх “Бадрангуй” хаягаар орж сонирхохыг зөвлөж байна.



Галаа маань номоо танилцуулж байна.



















Ардын уран зохиолч Д.Цоодол сэтгэлийн үгээ хэлж байна.







Галаа маань ярилцлага өгч байна.

Sunday, February 14, 2010

Сар шинийн мэнд



Төмөр барс жилийн шинийн нэгний өлзий дэмбэрэлтэй
энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе!

Вьетнам улсад ажиллаж амьдарч байгаа нагац ах болон бэргэн эгч, Англи улсад аж төрж буй Т.Отгонбаяр ах болон гэр бүлд нь, мөн Сөүл хотноо суугаа дүү нартаа сар шинийн мэнд дэвшүүлж, мянган гол түмэн уулсыг давуулан золгон мэндчилж байна.

Түүнчлэн бөөрөнхий энэ хорвоогийн буман өнцөгт нь амьдран суугаа блог андууд та бүхэндээ сар шинийн мэнд дэвшүүлэхийн хамт,
Амны хишиг хийморь, эрдмийн биений хүчин дэлгэрч
Амь бие нас тань зуун жилд бат байхын ерөөл өргөе өө!

Monday, February 8, 2010

“Маршал Чойбалсан мандтугай”


Өнөөдөр маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 115 жилийн ойн өдөр. Тэрбээр аргын улирлын 1895 он буюу билгийн тооллын 15 дугаар жарны хөхөгчин хонин жил Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуунд төржээ.

Монгол Улсын шинэ үеийн түүхэнд өөрийн гэсэн орон зай эзэлж, алдар нэрээ цус, нулимсаар “хачирлан” дэндүү тодоор сийлж үлдээсэн энэ хүний тухай,
Эрэлхэг Монголын ард түмэндээ
Чимэг болон хайрлагдсан Чойбалсан
хэмээн нэгэн үеийнхэн магтан дуулж байсан гэдэг.

Хэлмэгдлийн хар шуурганд уруудаж, хилсээр цаазлуулсан олон хүн түүнийг аврагчаа гэж итгэн “Маршал Чойбалсан мандтугай” хэмээн хашгирсаар буудуулж байжээ. Аж үйлдвэрийн комбинатын дарга байсан партизан Пунцаг хилс хэрэг хүлээлгүй тамлуулж байхдаа “Удирдагчид Догсом, Амар, маршал нарт үнэнч явсан ба үнэнээ илчилснийг цусаараа тангараглая Монгол улс ба түүний ард мандтугай. Пунцаг. 27-11-28” гэж өмсөж байсан цамцныхаа ар дээр бичсэн нь одоо Цэргийн түүхийн музейд бий.

Харин Архангай аймгийн дарга байсан Буянтогтох буудуулах үедээ “МАХН засаг мандтугай”, “улаан яргачин махчин Чойбалсан сөнөтүгэй” гэж хашгирахад нь ДЯЯ-ны ерөнхий комендант байсан Дамба түүний толгойг цохиж, дараа нь буудан алсан ажээ.

Монголын ард түмний өмнө маршал Чойбалсангийн үйлдсэн нүгэл, байгуулсан гавьяа хоёрын аль нь илүү болохыг би өнөөдөр дэнслэн шүүх гэж зорьсонгүй. Тэгж шүүн нягталж ял оноох, эсвэл өршөөн нигүүсдэг хүн нь ч би биш. Харин түүний тухай манай зураач урчууд уран зурагт хэрхэн дүрсэлж байсныг цухасхан ч болов сонирхуулах гэсэн юм.

Эх сурвалж:

Л.Бат-Очир-Чойбалсан /намтрын нь балархайг тодруулахуй.../ УБ.1996 он
Д.Өлзийбаатар-Яагаад 1937 он?... УБ.2004 он
Уран зургийн галерейн сайт. http://www.art-gallery.mn/






Зураач Ц.Доржпалам











Зураач Д.Дондог











Зураач Ү.Ядамсүрэн











Зураач Ү.Ядамсүрэн











Зураач Ү.Ядамсүрэн

Tuesday, February 2, 2010

Сүх жанжны хөрөгтэй анхны марк


Өнөөдөр Сүх жанжны мэндэлсний 117 жилийн ойн өдөр.

Монголчууд жанжны хөргийг анх хэдэн онд маркан дээр буулгасан юм бол оо?
1932 оны долдугаар сарын 10-нд гүйлгээнд гарсан “Шинэ монгол” цуврал 13 төрөл маркийн нэг цэрэг хувцас, малгайтай жанжин Сүхбаатарын хөрөг, доод талд нь 1894-1923 гэж он тавьж, латин үсгээр Syke-Bator хэмээн бичсэн, 40 мөнгөний үнэтэй маркийг Москва хотноо хар өнгөөр хэвлүүлжээ.

Сонирхолтой нь тухайн үед жанжны төрсөн оныг 1894 гэж үзэж байсан бололтой. Харин хожим 1973 оны хоёрдугаар сарын 2-нд гаргасан сери маркийн тайлбарт “Монгол ардын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатарын мэндэлсний 80 жилийн ойд зориулав” гэж бичсэн байдаг юм.

Түүнчлэн 1932-1950-иад онуудад гаргаж байсан монгол марк дээр цэргийн жанжин гэдгийг нь товойлгож, голцуу цэргийн хувцастай дүрсэлсэн байдаг аж.

Мөн уг марк дээр Монгол улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон соёмбыг залсан байдаг ч хачирхалтай нь 1943 оноос тодорхойгүй шалтгаанаар энэ уламжлал тасарсан билээ. Харин ардчиллын буянаар 1997 оноос монгол маркан дээр дахин соёмбо тэмдэг залрах болсон түүхтэй.