Sunday, April 10, 2011

Шүдэнз үү, чүдэнз үү?


Зохиолч Х.Зандраабайдий гуайн “Бадмаарсан зул” ном уншиж суугаад сонин зүйл олж үзлээ. Уг дурьдатгалын номын “Хилсдсэн хөөрхийс” хэмээх Б.Ринчен гуайн тухай хэсэгт ийм зүйл байх юм.

“...Ринчен гуай хуруугаа имчиж тамхи хүсэв. Би ухасхийн гарч нэг тамхи олоод ирсэнд, өвгөн баясан авч зуугаад, ийш тийш харахад нь, шүдэнз үү гэсэнд, толгой дохиод,
-Уг нь шүдэнз биш, чүдэнз юм шүү дээ. Хоршоодын төв холбооны орчуулагч Галоон гэдэг буриад, ч-г ш гэж дууддаг учраас гадаадаас авах барааны захиалга хийхдээ шүдэнз гэж бичсэнээс хазгай хэллэг бий болсон юм. Манай багш нар, шүдэнз гэдэг нь шүдээ чигчийлдэг учраас тэгэж нэрлэсэн байх гэж бодоод муйхраар тайлбарладаг болсон. Цэвэл ч бас ерөнхий боловсрол нимгэн амьтан болохоор тайлбар тольдоо, чүдэнзийг шүд чигчилдэг гэж тайлбарлаачингуудыг аялдан дагаж шүдэнз гэж бичдэг дүрэм тогтоожээ. Гэтэл тэр үг нь уулаас цюдэнз буюу ноцоолго гэсэн хятад үг шүү дээ. Тэр нь монгол аялгуунд чүдэнз болсноо, буриад аялгуунаас болж хазайгаад шүдэнз болчихсон юм. Алий та чүдэнз олоод ир гээд инээмсэглэж билээ...”

Энэ хэдэн мөрийг уншаад сонирхол төрж, Я.Цэвэл гуайн “Монгол хэлний товч тайлбар толь”-ийг сөхөж харлаа. Товч толийн 825 дугаар талд:
Чүдэнз-ноцоолго, зуруул гэсэн бол 862 дугаар талд:
Шүдэнз-чүдэнз, ноцоолго гэж бичжээ.

Р.S. Чүдэнз гэхийг ханз үсгээр яаж бичдэг юм бол оо? Нээрээ тэр нь ноцоолго гэсэн утгатай үг юм болов уу? Эсвэл орчин цагийн хятад хэл аялгуунд өөрөөр хэлж дууддаг болсон болов уу?

5 comments:

Б.Баясгалан said...

мэдүүштэй юм байна...

free liver said...

Одоо хүүхдүүд их сонин ярьдаг бүр бичдэг болж,

Хувцас - Хувтас гэхийн,
Өшиглөх - хөшиглөх ч гэж байх шиг

mlog said...

火柴 - huo chai

peakfinder said...

Сонин түүх байна. Бодоод байсан би гэдэг хүн шүдэнз гэж голдуу бичиж ярьдаг юм байна. Яагаад хоёр янз байна гэж бодож байгаагүй юм байна шүү.

A.Амарсайхан said...

Шүдэнз ч биш, чүдэнз ч биш, ноцоолго гэж ярьж байя дөө