Saturday, June 11, 2011

Би МОНГОЛ хүн


Зохиолч Ч.Чимид “Би монгол хүн” шүлгээ 1945 онд бичсэн гэдэг. Тэр үед тэрээр дөнгөж 18 настай байжээ.

Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог
Цэнхэр манан суунагласан
Алсын бараа ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Үлээж байгаа салхи нь
Үнсээд байгаа ч юм шиг
Өршөөлт ээжийн минь гар
Илээд байгаа ч юм шиг
Энэрэнгүй сайхан санагдахад
Элэг зүрх минь догдолж
Хосгүй баярын нулимс
Хоёр нүдий минь бүрхдэг.
Өргөн сайхан нутгийнхаа
Өвчүүн дээр нь төрөөд
Өнөр уудам талынхаа
Өнгөт амьдралын төлөө
Амь биеэ зориулдаг
Ариун нандин заншилтай
Өвгөд хөгшид дээдсийн минь
Үрээ гэж найдаад
Үлдээж надад өгсөн
Өнөр Монгол орны
Нар нь намайг гийгүүлж
Нарийн салхи нь үлээж
Намираа хур нь тэжээж
Найртай сайхан орон минь
Надтай хувь нэг байдаг тул
Унасан энэ нутгаа би
Өөрийн бие шиг хайрлаж
Угаасан тунгалаг мөрнөө би
Эхийн сүү шиг санадаг
Энэ нутагтаа би эзэн нь юм
Энхрийлэлд нь өссөн хүү нь юм
Ирээдүйгий нь түмэнтэйгээ босголцох
Их үүрэг хүлээсэн юм
Хэрэв хүн, эх орноо
Хамгаас үнэтэй гэдэг бол
Хээр тал нутгаа
Юунаас ч илүү санадаг бол
Ажиллах хөдлөх бүрдээ
Алхах гишгэх болгондоо
Аугаа орныхоо төлөө бол
Алтан шороо руугаа дайрсан
Атаатны хорт сумыг
Аюуш шиг цээжээрээ таглан
Амиа өгөхөөс буцдаггүй бол
Энэ хүн Монгол хүн
Эх орондоо хайртай хүн,
Энэ хайр нь монголчуудад
Эртнээс хэвшсэн хайр гэнэ
Би монгол хүн болохоор
Биндэрьяа нутгийнхаа төлөө
Бие амь, бүх насаа
Авч байгаа амьсгаагаа
Оргилж байгаа зоригоо
Алины нь ч хайрлалгүй зориулдаг
Төрөлх нутгаа гийгүүлсэн
Нарны туяанд хайртай би
Төвшин талдаа цууриатсан
Эгшигт дуунд дуртай би
Ханагар чөлөөт нутгаа
Харах тусмаа баясаж байна
Халуун амиа дүйхгүй
Зүтгэх зориг нэмэгдэж байна.

…Ч.Чимид гуай Зөвлөлтийн зохиолч Н.Федоренкотой цуг хөдөөгүүр явж байжээ. Нэг өдөр гадуур явж байгаад Федоренко “Танайд ардын зохиолч байдаг юмуу” гэж асуусан гэнэ. Тэгэхээр нь тулгамдахдаа “Байлгүй яахав, жишээ нь би байна” гэжээ. Тэдний ойролцоо хэдэн хүүхэд тоглож байж. Тэр хоёр тэдэн дээр очиж. Чимид гуай “Хүүхдүүдээ та нар “Би монгол хүн” гэдэг шүлэг мэдэх үү” гэж асууж. Тэгсэн чинь нөгөөх гурван хүүхэд жагсан зогсож байгаад асуусан шүлгийг нь хоолой нийлүүлэн уншиж. Хоёр зохиолчийн сэтгэл зэрэг хөдөлж, тэгэхдээ яагаад ч юм Федоренкогийнх илүү хөдөлсөн гэдэг юм. Тэрбээр,
-Чимид чи үнэн хэлжээ. “Би монгол хүн” шиг ийм шүлэг бичсэн хүн ардын зохиолч байхыг зөвшөөрнө. Хүүхдүүд чиний шүлгийг уншихыг сонсоод ямар шүлэг зохиосныг чинь ойлгож, чамд биширлээ гээд Чимид гуайн гарыг талархалтайгаар атгасан гэдэг.


9 comments:

ganga said...

Чимэд гуай хадам ээжтэй орос арван жил цуг төгссөн гэдэг. Орос сургууль төгссөн хүүхдүүд монгол хэлэндээ доголдог доо. Гэтэл арав төгсөнгүүтээ ийм сайхан шүлэг төрлөх хэлэндээ бичжээ?

deegdalantai said...

үнэхээр сайхан шүлэг байна. Энэ дуунд би хүүхэд байхын л дуртай байсан. Хамгийн дуртай дуунуудын минь нэг.

Bayasaa said...

Ene shulgiig hamgiin anh taniar zaalgaj baij bilee. 2-r angiin jaahan huuhed shalguulj baihdaa aldaad l, dahiad ehnees n uilj baigaad tseejildeg baisan. Enhee egch ta hoyortoo mash ih talarhaj yavdag shu. Tanaid amidarch baisanaasaa hoish l nomtoi nuhurlusun gej boddog.

peakfinder said...

Uhaan orso cagaasaa l sonsoj osson shuleg... Gaihaltai saihan...

Soronzon said...

Гангад:
Харин тийм. Уг нь Чимид гуай хойшоо явж сурах хүсэлтэй байсан юм билээ. Гэвч маршал зөвшөөрөөгүй гэдэг. "Чи монгол хэлэндээ тааруу байна. Эхлээд монгол хэлээ сайн сур" гээд МУИС-д оруулсан гэдэг. Энэ тухай Чимид гуайн бичсэн дурсамж бий.

Дугуйлан - философийн клуб:
Би ч бас санал нэг байна.

Баясаад:
Ккк. Чи бас тэрийг мартаагүй л байна уу? Аминаад би 4-тэй байхад нь цээжлүүлсэн шүү. Одоо миний охин энэ урт шүлгийг тэр чигээр нь дуржигнуулна шүү дээ. Номтой нөхөрлөсөн учраас л одоо чиний амьдрал тэгш сайхан, алс холын тэр оронд эрдмийн мөр хөөж суугаа шүү дээ, хө.
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдмийн ихийг сураад эргээд ирээрэй, миний дүү.

peakfinder:
Тийм шүү.
"Би монгол хүн" гэж омогших сэтгэлийг цээжинд нь хадаж өгөх гэж дүү нартаа, охиндоо энэ шүлгийг хар нялхаас нь цээжлүүлдэг хүн дээ, би.

Anonymous said...

iD-gaa ogooj blog jin taalagdlaa nzud blii??

Unknown said...

Мундаг байна шүү

Чи said...

Аавын минь танил найз нэг үеийн сэхээтнүүд байж билээ . Сайхан хангай шиг буурлууд минь дээ .

Anonymous said...

Их гоё шүлэг шүү