Saturday, March 3, 2012

МОНГОЛ ОМОГ буюу Цээнзэнгийн ГАЛБАДРАХ


Саяхан “Алтан тайзны эзэд” номон дээр хамтран ажилласан бидний хэдэн нөхөд ааг цоо хийн сууж билээ. Тэгтэл сэтгүүлч Н.Сарангэрэл “Галаа, чи өнөө “Монгол омог”-оо нэг уншаадахаач” гэсэн юм. Бас дээр нь “Шинэ шүлэг нь” гэж нэмж хэлж билээ. Галбадрах мөнөөх л зангаараа нүдээрээ инээснээ:
-Хэрэг байна уу даа? гээд дахин шаардуулснаа:
-За за гээд царай нь төвхрөн хоолой засаад:
Зул хонгор наран
Дорнын тэнгэрээс
Зуларч мандахад
Эр монгол омог
Эмээл дээр асаж
Дэлт морьдын салхин дунд
Гал шиг дүрэлзэнэ... гээд намуухан уншиж эхэлж билээ.

Энэ үед надад мөн ч сонин сэтгэгдэл төрсөн. Галбадрах гэх энэ залуутай би танилцаад, нэлээн хэдэн жил болжээ. Бүр хамтран бага гэхгүй ном баринтагласан атлаа яруу найрагч гэдгийг нь мэдээгүй ажээ. Шил шилээ харан, мөр мөрөө даган, чихэлдэн цуврах хэрнээ бие биеэ таньж мэддэггүй, мэдэх ч гэж зүтгэдэггүй энэ цагийн өчүүхэн амьтан юм даа чи гэх гашуун бодол дотроос минь хатгаж байсан хэрэг.

Би гэдэг хүн шүлэг найраг, тэр тусмаа шинэ үеийнхний бүтээлээс бараг уншаагүй, Д.Нацагдоржийн “Миний нутаг”-аар Монголын газар нутгаа эрэн тэмтрэх дуртай, Ч.Чимидийн “Би Монгол хүн”-ээс монгол хүний үнэт зүйлийн эх байх ёстой гэж санан амандаа хүлхэх дуртай хуучинсаг нэгэн. Өөрийгөө зэмлээд ч байгаа юм шиг ийм бодол толгойд эргэлдэх зуур,
...Онгож гандаагүй-Хөх Монгол
Амьдралыг сур шиг элдэж
Амьдралд сур шиг элдүүлж
Хүн болно...

...Эрхмийн дээдэд
Эвийг мэтгэж
Эрдэнийн дээдэд
Номоо зална
Эгшиг яруутны
Бүүвэйг таслаагүй баярт омог
Эсгий туургатны
Удам таслаагүй гэрэлт омог...
Арцалдвал
Эрчилж асна, догшин омог
Атаатан довтолбол
Тэрсэлж босно, дайчин омог
Хувь ганц Монгол
Монголоороо л байвал
Хуур шиг уянгална, тэнгэрлэг омог
Монгол омог хэмээн зугуухан үргэлжилж байсан.

Эрхэм уншигч Танд юу санагдаж байна. Одоо чинь аль хэдийнэ улс төрийн нам, улстөрчдийн “омог” огшоод эхэлсэн. “Монгол хүн-2020”, “Монгол Улсын хөгжил-2030” энэ тэр гээд аль хэдийнэ савлаад эхэлсэн цаг. Би чадна, тэр чадахгүй гэсэн аман салхи эхэлсэн. Монгол хүнд, Монголдоо хайртай дуртайгаа уралдан нотлох гэж ядаж байна. Гэтэл чанга дуутай, уран цэцэн үгтэй “улстөрчдийн” амнаас “Хувь ганц Монгол” хэмээх үг гарч байхыг би л лав сонсоогүй.
Тэгтэл аман салхи байтугай аятайхан чанга дуугардаг болов уу хэмээн миний боддог байсан Ц.Галбадрах найрагчийн сэтгэл ийм нүргээнтэйг сая л ухаарав. Нэг л мэдэхэд “Галаа, шүлгийн түүврээ өгөөч” гэж гуйж билээ. Тэгтэл ашгүй “Бадрангуй” хэмээх 2008 онд хэвлүүлсэн номоо өгсөн юм. Дэлгэн үзвэл амархан тавиулахгүй, уншаад эхэлбэл саламгүй олон шүлэгтэй ажээ. Номын өмнөтгөл болгон ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, яруу найрагч Б.Ичинхорлоо, Ц.Бавуудорж нар тус тусдаа үгийн мялаалга өргөжээ.
...Дэлгээд унших хуудасгүй л болохоос биш
Амьдралын ухаан чихэлдсэн
Дээлтэй судар буурал аав минь...
Намайг хүний нутагт даарчих вий гэсэндээ Та
Нар тэвэрч зүүдэнд минь ирдэг... гэж дөч гарсан эрийн ухаарлаар аавыгаа үгүйлж,
Монгол уяа
Мориор дүүрэн байхад
Явгарахын хувь
Дутуу, надад
Элбэг баян нутаг байхад
Цагаачлахын хувь
Дутуу, надад... гэж “юмтай Монгол”-ын хүүгийн буйраар ханхалзсан бол залгаад:
Хотолд хэрэггүй хүн явснаас...
Харагдахгүй урсах салхи байх минь яав
...Баригдахгүй хөөрөх будан байх минь яав... гэж өөрийгөө голж, өөр нэгэн шүлэгтээ:
Туулсан зам-Их ч
Туулаагүй нь-Түүнээс ч их
Мэдсэн зүйл Их ч
Мэдээгүй нь-Түүнээс ч их
...Өнгөрснөөс
Өмнө байгаа бүхэн дандаа их... гэж монгол найрагчийн зангарагаар туйлж, хийх бүтээх, үзэх харах их юм өмнө минь бий хэмээн өөрийгөө ирлэсэн байхыг уншаад харагдах өнгө, мөн чанар хоёрын ялгаа гэгч энэ болов уу гэж саналаа.

Тийм ээ, би монгол найрагчийн гэлээ. Чухам энэ тухай Ц.Бавуудорж “хоёргүй Монгол оо өмөөрөхүйн чин санааны... хана нь, унь нь, тооно нь...” ажээ хэмээн дуу алдсан байна билээ. Эрхэм уншигч Та:
“Нүүдэл саахалтын тэртээгээс
Чимээ анир анддаггүй... эсвэл
Салхи халууцаж гэлдэрсэн
Гал үд... гэсэн зураглалыг өөр газрын хүн ингэж үгээр зурахгүй нь лав. Эсвэл:
Халууцаж нозоорсон утаа
Хаяагаар тэнүүчилнэ... гэдэг ч юм уу, үгүй бол:
...Тэнгэрийн нараар газар бялуурч
Цас зүүдлэн бай луу... хэмээх дүрслэл Монголын говиос, монгол сэтгэлээс л гарна гэдэгт эргэлзэнэ гэж үү? Үгүй л болов уу. Бас дахиад нэг шүлгээс нь ишлэе.
Элэг сэтгэл
Эртний сайхан ерөөл бодож
Санаа нийлсэн хоёр айл...
Салж нүүнэ...
Холдохоороо “мөөрөлдөнө”...
Ойртохоороо “мөргөлдөнө”...
“Үхэр” Монгол ... гэсэн найрагчийн халаглал Монголоо хэмээх сэтгэлийн илэрхийлэл биш гэж үү? Ц.Галбадрах найрагчийн бүтээл туурвилд энэ цагийн эрээн барааны талаарх бодол эрэгцүүлэл ч багагүй туссан байх ажээ. Тухайлбал:
Энэ цагийн “гоёл”
Эрх мэдлийн шуналаар
Цаг үргэлж тэр
Цангаж явдаг
...Элгэнд наалдсан дэлүү шиг
Дээдсээс салахгүй
...Өрөөлийн ул
Долоохын тоолонгоор ...дуусах нь дээ... хэмээн халагласан бол өөр нэг шүлэгтээ:
...Наран мандахад
Сүүдэр л ганцаар нүүр буруулж
Сүүн өнгөтэй болгоны
Буруу талд хярна... хэмээн товч, тодорхой, чамин үггүй бичсэн байх нь нам дуутай, үг цөөтэй найрагч Галбадрахын дотоод мөн чанарын гадаад илэрхийлэл гэлтэй. Бас “тэнгэр газрын дунд, зэрэглээн хөшиг татаж байгаад тэмээ, хөтөл гүвээ, намхан бор толгод” зурдаг говийн найрагч гэж хэлмээр санагдлаа.

Гэхдээ “дулаанд ч, хүйтэнд ч нэг л янзаар дүнхийх уулын хормойд төрсөн”, “тоорцог ягаан толгодын нэг” гэж өөрийнхөө тухай бичсэнд хөтлөгдөн монгол ахуй, өмнийн говиос “алсарч” чадаагүй шавилхан эр гэж эндүүрч лав болохгүй. Харин бүр “гандаж, хэлтгий явахад зэмлэх гаатай чихэр шиг үгтэй, ...үгийн явган шуурганаас толгодоо өмөөрч зөрж зогсох” ухаан бодол, авъяас билэг нь ид жагсаж яваа эр-аавын үг гэж түүний бүтээлийг үнэлбэл үнэнд илүү ойртох буйзаа. Өөр нэгэн шүлгэндээ:
Өвлийн шөнө нүцгэн оддыг хараад
Өрөвддөг
Дээлээ тайлаад нөмөргөж чадахгүйдээ
Дэмий л аргаа бардаг
Өндөр тэнгэрт ганцаар сарыг хараад
Өрөвддөг
Дэргэд нь хань болоод суухгүй дээ
Дэмий л аргаа бардаг гэснийг уншаад дэлхийг дангаар нь биш дагуултай нь өрөвддөг, “бэлчээртээ” тогтож ядсан омголон найрагч юм гэж өөрийн эрхгүй санагдана. Ийм найрагчийн “БАДРАНГУЙ” хэмээх номыг уншаад өөрийн эрхгүй сэтгэгдлээ хэлхлээ. Болгоогтун.
Уран бүтээлийн алсын аянд яруу найрагч, сэтгүүлч хэмээх хөтөлгөө морьтой мордсон Цээнзэнгийн Галбадрахын аяны дөрөөг үгэн сүүгээр мялаая даа.
Орчуулагч Норовын ПҮРЭВДАГВА


Яруу найрагч Ц.ГАЛБАДРАХ

МОНГОЛ ОМОГ


Зул хонгор наран
Дорнын тэнгэрээс
Зуларч мандахад
Эр монгол омог
Эмээл дээр асч
Дэлт морьдын салхин дунд
Гал шиг дүрэлзэнэ

Орох бороо, босох угалз
Он жилүүдийн цавчил, шилгээлд
Онгож гандаагүй
Хөх монгол
Амьдралыг сур шиг элдэж
Амьдралд өөрөө сур шиг элдүүлж
Хүн болно

Тойгт болгон нь
Сөгдөх дургүй монгол омог
Толгойт болгон нь
Гудайх дургүй монгол омог
Дэлхийг
Эмээл шигээ сандайлж
Гүрнийг захирсан хаан омог
Дээж өргөн ус нутгаа шүтэж
Голомтоо бадраасан хатан омог
Эрхмийн дээдэд
Эвийг мэтгэж
Эрдэнийн дээдэд
Номоо зална

Эгшиг яруутны
Бүүвэйг таслаагүй баярт омог
Эсгий туургатны
Удмыг таслаагүй гэрэлт омог
Дөнгөж амаржсан ээжийн
Нялх харцанд цолмонтоно

Эхийн сүүний бяртай
Хүчирхэг омог
Шилийн жаврыг сөрж давна
“Эр бор харцага”-ын жигүүртэй
Тэнхээлэг омог
Ширээсэн зодогтныг магнайлж дэвнэ
Дуутай омог
Найрын хойморт
Хуур, лимбийн аялгуутай найрсан даргиж
Цуутай омог
Наадмын дэнжид
Хурдан буяны салхитай уралдаж дэргэнэ

Алмааз шиг
Идэр хатуу монгол омог
Аргалын цог шиг
Илчит халуун монгол омог
Арцалдвал
Эрчилж асна, догшин омог
Атаатан довтолвол
Тэрсэлж босно, дайчин омог

Хувь ганц Монгол
Монголоороо л байвал
Хуур шигээ уянгална, тэнгэрлэг омог
МОНГОЛ ОМОГ.
2011 он.

1 comment:

Daanjuur Ruujnaad said...

Сайн байна уу Та. Би утсаа гээчихээд таны утасыг олдоггүй. Бас Наваан-Юндэн гуайн хөгшинтэй ахин уулзах гэсэн юм. Охинынх нь утсыг өгнө үү. daanjuur@gmail.com batmunkh