Monday, July 7, 2008

Монгол маркийн "загалмайлсан эцэг"

Дэлхийн хамгийн анхны шуудангийн марк “Хар пенни”-г Английн шуудангийн түшмэл Роуленд Хилл хэмээгч санаачлан хэрэгжүүлснээр “Шуудангийн маркийн эцэг” хэмээн дэлхий дахинаа алдаршсан билээ. Харин Монголын анхны маркийг хэн гэгч хүн сэдэж санаачласан юм бол оо?

Ардын засгийн газрын 1923 оны XI сарын 23-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор анхны марк хийх шийдвэр гарчээ. /Үндэсний төв архив. Хадгаламжийн сан 1, данс 1, хадгаламжийн нэгж 165/

Уг тогтоолын нэгдүгээр зүйлд “Гадаад явдлын яамны цахилгаан мэдээ шуудан бичгийн хэргийг ерөнхийлөн шийтгэх түшмэл Бат-Очироос аливаа шуудангаар дамжуулан явуулах бичиг захидал дор хэрэглэх маркийн маяг долоог үйлдүүлж ирсэн, тус маркийг ийнхүү үйлдэж болох эсэх, чухам хаана үйлдвээс хэрэг дав дув, санхүү дор арвитай болохыг тогтоон заахыг хүссэн тухайд засгийн газраас хянаж ирүүл гэж зохих газар явуулан тушаажээ.

Эдүгээ харьяат хянан байцаах, сангийн явдлын яамнаас маркийн доллар, цент хэмээх үсгийг гадаад улсын хэрэглэж бүхийг журамлан хэвээр бичих буюу эсбүгээс монголоор орчуулан төгрөг хэмээн бичих бас ч хэвлүүлэх дор чадах хүнийг нэмэн хавсаргаж тус хэвлэлийн хорооны чулуун хэвээр үйлдүүлэх нь зүйтэй асанжээ. Хэмээх зэргээр саналыг илтгэн ирсэн учир гаргаж энэхүү маркийг үсэг ба маягийг ямар ямраар үйлдүүлэхийг эрхлэх газраас тогтоовоос гагцхүү маркийг нарийн нягт үйлдүүлэхгүйгээр үл болох тул харьяат ерөнхий хорооны төлөвлөсөн ёсоор хэвлүүлэх тухай зарцуулах нэг мянга найман зуун алтан төгрөг дор тооцох үнийн мөнгө нэг мянга хоёр зуун жаран ланг мөнхүү хорооны төлөвлөсөн дансаа нэмэн батлуулах дор татгалзах зүйлгүй хэмээн уг бичгийн хуудас нижгээд, маркийн эх долоогийн хамтаар хүргүүлэн ирснийг хэлэлцээд, энэ хэрэг дор харьяат хянан байцаах хэлтсийн заан төлөвлөсөн нь зүйтэй тул ёсоор болгон баталж гадаад яамнаас эрхлэн гүйцэлдүүлэхийг тогтоов” гэжээ.

Энэхүү тогтоосон ёсоор “Очир” буюу дотроо зөрүүлсэн Элдэв-Очиртой 1, 2, 5, 10, 20, 50 цент ба 1 долларын үнэтэй долоон янзын цуврал маркийг хэвлүүлж гаргаснаа Гадаад яамны 595 тоот хуудас бичгийг дагалдуулан хянуулахаар явуулсныг ардын засгийн газар хүлээн авч, уг маркийг худалдаалах зэргээр гүйцэтгэвэл зохихыг Гадаад яаманд 14 /1924/ оны долдугаар сарын шинийн найманд 656 тоот бичгээр мэдэгдэн явуулж байснаар БНМАУ-ын шуудангийн анхны марк нийтийн хэрэгцээнд гарчээ.

Дээр нэр дурьдагдсан Бат-Очир нь Ардын засгийн газрын цахилгаан мэдээ, шуудан бичгийн ерөнхий хорооны дарга Мандалын Бат-Очир/1895-1938/ бөгөөд энэ хүн Монгол улсын шуудангийн анхны марк гаргах санал дэвшүүлж, түүнийг бүтээх үйл ажиллагааг гардан удирдаж гүйцэтгэсэн байна.

М.Бат-Очир нь 1913-1916 онд Эрхүү хотноо А.М.Кладишевийн нэрэмжит дунд сургуульд Х.Чойбалсангийн хамт суралцаж төгсчээ. 1916-1918 онд Эрхүү хотын цахилгаан мэдээний сургуульд суралцаж 2 зэргийн цахилгаан мэдээний нэвтрүүлэгч болсон байна. 1918-1921 оны хооронд Хиагт/Алтанбулаг/, Нийслэл Хүрээ, Замын-Үүдийн цахилгаан мэдээний хороонд нэвтрүүлэгчээр ажиллаж байжээ.

1921 онд Ардын хувьсгал ялж шуудан бичиг, цахилгаан мэдээний хороог улсын мэдэлд шилжүүлэн авсан үеэс хэдэн долоо хоногийн дараа Ардын засгийн газрын шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хорооны эрхэлсэн түшмэл/ дарга/-ээр томилогдон 1924 оныг хүртэл ажиллах хугацаандаа шинэ тулгар тогтсон ардын засаг төр, ард түмнийг харилцаа холбоогоор үйлчлэх, хязгаар нутгийг холбоожуулах, холбооны боловсон хүчинг нэмэгдүүлэх, шуудангийн ажлыг зохион байгуулах, шинэ марк тэмдэг гаргах, өртөө шуудангийн албыг нам засгийн бодлого шийдвэрийн дагуу зохион байгуулж хөгжүүлэх ажилд ихээхэн хувь нэмэр оруулсан чадварлаг сэхээтэн, ахмад холбоочин байжээ.

1926-1938 онд өртөө шуудангийн буудал, II автобаазын даргаар ажиллаж байсан М.Бат-Очирын гавьяа зүтгэлийг төр засгаас өндөр үнэлж БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид ба Ардын сайд нарын зөвлөлийн Тэргүүлэгчдийн хамтарсан хурлын тогтоолоор ардын хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан Аж үйлдвэрийн гавьяаны одонгоор шагнасан байна.

Улс гэрээ төвхнүүлэх үйлсэд хүчин зүтгэж явсан түүнийг хувьсгалын эсэргүү хилс хэрэгт холбогдуулан 1938 оны II сарын 8-нд баривчилсан байна. “Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн дурсгал цагаан ном”-д /УБ.1993 он/

Хавсралт №5
Маш нууц.

1937 оны наймдугаар сарын 28
Хуйвалдаан”

“Төв орон нутгийн удирдах хариуцлагатай ажилчдын дотроос хувьсгалын эсэргүү улс төрийн холбогдол бүхий материалтай этгээд нарын жагсаалт” гэгчийн 37-д “Бат-Очир. II авто баазын дарга” хэмээн тэмдэглэсэн нь бий. Мөн уг номын 41-р талд: “Мандалын Бат-Очир /1895-1938/ Улаанбаатар. Амгаланбаатар. 2-р авто баазын дарга. Нас 43. цаазлагдсан” гэжээ.

1938 оны IY сарын 15-нд Онцгой бүрэн эрхт комиссын 14-р тогтоолоор буудан алах ялаар цаазлагдсан түүнийг баригдаад явахад гэргий Дашням нь 6 хүүхдийн хамт үлдэж хоцорсон бөгөөд хамгийн бага нь тэр үед төрөөд дөнгөж долоо хонож байсан гэдэг. Улсын дээд шүүхийн 1966 оны Y сарын 20-ны өдрийн 07 тоот тогтоолоор М.Бат-Очирыг цагаатгажээ.


Монгол маркийн 80 жилийн ойд зориулан 2004 оны XII сарын 04-нд гүйлгээнд гаргасан дурсгалын блокт анхны марк санаачлагч М.Бат-Очирын хөргийг байрлуулсан бөгөөд энэ нь цаг хугацааны хувьд хожуу ч гэсэн түүнд хүндэтгэл үзүүлсэн хэрэг байлаа.

Харамсалтай нь энэ марк алдаатай хэвлэгдсэн юм. Монгол орныг бүхэлд нь цус, нулимсанд живүүлсэн аймшиг жихүүдсийн ид үе 1938 онд их хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөн нас барсан түүнийг 1943 онд өөд болсон мэтээр бичсэн нь мөнөөх марк дээр дурайн буй. “Монгол шуудан” компани энэ алдаагаа хэзээ нэгэн цагт засна гэдэгт М.Бат-Очирын үр хүүхэд нь итгэж суудаг гэнэ.

...”Дэлхийн шуудангийн маркийн эцэг” Роуленд Хилл хожмоо Их Британийн шуудан хорооны ерөнхий захирал болж, барон цол хэргэм, тоо томшгүй олон шагнал хүртсэн бөгөөд түүнийг нас барахад нь Английн хамгийн алдартай хүмүүсийг нутаглуулдаг Вестминстерт оршуулсан ажээ. Өөд болсноос нь хойш гурван жилийн дараа буюу 1882 онд Лондон хотноо дурсгалын хөшөө босгож гүн хүндэтгэл үзүүлж байв. Харин шинэ Монголын шуудангийн анхны маркийг санаачлагч Мандалын Бат-Очирыг хилс хэрэгт холбон хэлмэгдүүлсэн нь гашуун үнэн билээ.

1 comment:

Blacker said...

надад маш хэрэгтэй сайхан мэдээлэл байлаа. бусад сонирхох хүмүүст ч бас тун их хэрэг болом мэдээлэлүүд байна.