Tuesday, August 26, 2008

НОЁН ХУТАГТЫН МУЗЕЙ

Манай оронд 1924 онд анх музей үүсэн байгуулагдсан хэмээн түүх бичлэгт бичиж тэмдэглэсээр ирсэн. Гэтэл өнөөгөөс 160 гаруй жилийн тэртээ буюу 1840 -өөд оны үед Монгол нутагт монгол хүн музей байгуулан ажиллуулж байсан түүхэн баримт олдсон байна. Говийн ноён хутагт Д.Равжаа олон газраар явж өөрийн биеэр янз бүрийн зүйлс цуглуулан тухайн үедээ маш том “Гиваа Дин Равжаа лин” нэртэй үзмэрийн сүмийг 1842 онд байгуулжээ. Энд өөрийнх нь холбогдолтой болон ихэс дээдэс, гадаад орноос бэлэглэсэн бэлэг дурсгал, нутаг орны сонин хачин зүйлс, байгалийн янз бүрийн зүйлсийг цуглуулсан байжээ.

Энэ тухай ноён хутагтын тахилч Г.Түдэв “...Равжаа сэрүүн тунгалаг ахуйдаа тэр сүмийг бариулж олон газрын эрдэнийн чулуу, уран дархчуудын сайн бүтээл, эмийн өвс ургамал, шавь нараас нь ирүүлсэн өргөл хишиг, бэлэг дурсгалыг тусгай тайлбар бичигтэй дэлгэн тавьж ирэх очих олонд үзүүлдэг нэгэн өвөрмөц музей байгуулжээ. Тус бүртээ гурван жангийн хоёр сүм нь ном, бурхан, бусад зүйлээр дүүрэн, ойролцоогоор тэр үед 10 мянга гаруй үзмэртэй байсан” гэжээ. Ноён хутагтын цуглуулгын сор нь эзэн Чингисийн туг сүлд байсан байна. Туг тахидаг “Тугчид” нэртэй тусгай хүмүүс байсан боловч тэдний удам угсаа тасарч тугаа залж чадахгүй байдалд хүрэхэд нь Данзанравжаа тэр отгийнхонд очиж тугийг өөрийнхөө сүмд залсан ажээ. Түүнээс гадна уг сүмд “Очирваанийн хувилгаан эзэн богд Чингис хаан” хэмээх монгол зураг, Манжийн хаан, Далай лам нараас бэлэглэсэн хаш бурхан зэрэг янз бүрийн үнэт ховор зүйлс байсан байна.

Үзмэрийн сүм нь бусад хурал номын газраас огт өөр зөвхөн хутагтын цуглуулгын нэг хэсгийг хадгалах, нөгөө хэсгийг нь нийтэд үзүүлж харуулах зорилготой байсан бөгөөд өөрөөр хэлбэл музейн зориулалтайгаар түүнийг тусгайлан байгуулсан аж. Одоогийн байдлаар орон нутгийг судлах музейнүүд голдуу 7000-10000 гаруй нэгж үзмэртэй байдгийг жишин бодоход үзмэрийн сүм нь цуглуулгынхаа тоогоор өнөө үеийн улсын музейтэй эн зэрэгцэхүйц цуглуулгын арвин их сан хөмрөгтэй байсан байна.

Үзмэрийн сүмд үзмэр цэвэрлэж арчлах, хадгалж хамгаалах, сэргээн засварлах, тайлбарлан таниулах үүрэг бүхий “Гонир” нэртэй хоёр хүн ажилладаг байсан бөгөөд хутагтыг таалал төгссөний дараа тэднийг болиулж тусгай тахилч уг ажлыг хариуцах болжээ.

Ноён хутагтын тахилч нь шарилын сүмийн горим жаягийг гүйцэлдүүлэн нууцалсан зан үйлийг гүйцэтгэж, ном судар, бусад зүйлийг арчлан хамгаалах, үр хүүхдээ энэ ажилд багаас нь бэлтгэж уламжлуулах үүрэгтэй байв. Анхны тахилч Балчинчойжоогоос хойших тав дахь үеийн тахилч Г.Түдэвийн үед цаг төр самуурсан их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэдэд хутагтын сан хөмрөгийг нуун далдалж 64 авдар юм авч үлдэж чадсанаар өнөө бидний үед бүрэн бүтэн ирсэн бөгөөд 1991 онд Дорноговь аймгийн 70 жилийн ойн ажлын хүрээнд багтаан Сайншанд хотод “Данзанравжаагийн музей” нэртэйгээр нээжээ.

Г.Түдэв гуайн авч үлдсэн зүйлийг тоймлон үзвэл нэг зуу гаруй төрлийн 500 орчим нэрийн эд өлгийн зүйл, 800 орчим судар ном, 40-50 орчим алт, гуулин шармал бурхад, өмнөх 33 дүрээ зурж үлдээсэн зурмал бурхад зэрэг үнэт үзмэрүүд хадгалагдан байна.

Равжаагийн байгуулсан үзмэрийн сүм нь бусад музейн адил тодорхой хэмжээний үзмэрийн цуглуулгатай, сан хөмрөгийн өрөөтэй, үзмэрээ хадгалдаг, хийж зөөдөг зориулалтын савтай, тусгай байртай түүндээ олон түмэнд үзүүлэхэд зориулж үзүүллэгээ өрж дэглэсэн, дотоод дэг жаягтай, тусгай хөтөлбөрийн дагуу тогтмол үйл ажиллагаа явуулдаг, өөрийн мэргэжлийн ажилтантай, сүсэгтэн олныг гэгээрүүлэх зорилготой тэр үеийн нэлээн том хэмжээний музей үзвэрийн газар байсан болохыг судлаач Ц.Цэндсүрэн шинжлэн нотлосон байна.

3 comments:

Anonymous said...

tiim xuuchnii tsugluulguud bas sonirxoltoi shuu tee..odoo ter muzei bdag bolov uu?

Soronzon said...

Алтайн уулст: Байгаа./Дорноговьд/
Би тогтмол 3 бичлэг зураг хөрөгтэй нь блог дээрээ тавих ёстой юм л даа.
Долоо хоног бүр миний номноос "МН-25"-ТВ-ээр нэвтрүүлдэг юм.
Дараа бүр илүү сонголт сайтай тавихыг хичээнэ ээ.

Anonymous said...

oops..ixer blog..xe xe xe..goe..