Sunday, August 31, 2008

Номын цагаан лавайн дуу

"Ном дор мөргөм үү" хэмэн залбирдаг эртний уламжлалтай Монголчууд элэр балрын цагаас янагш ном судар дээдлэн шүтэж, бүтээн туурвиж, хураан цуглуулж ирсэн нь түүхийн шарласан хуудсанд тодхон дурайн үлджээ. Хятан гүрний нэгэн сурвалжит ноёнтон Хятад, Хятан, Самгарьд, Солонгос хэлээр бичсэн түм гаруй ном судар цуглуулсан тухай эртний сурвалж бичигт тэмдэглэн өгүүлсэн байдаг.

Буурал түүхийн шарласан хуудсыг сөхөн үзэхэд Халхын Абатай сайн ханы ач Цогт тайж нь эрдэм номд гэгээрсэн, эртний бичиг зохиолд хорхойтой, яруу найрагч хүн байжээ. Тэрбээр "Сэтгэшгүй чандмань" хэмээх нэртэй цагаан ордондоо санскрит, төвд, нангиад ном судар хэдэн түмийг хураан цуглуулж, түүнээсээ сорчлон орчуулдаг байсан гэнэм.

Эзэн Чингисийн алтан ургийн сурвалжит язгууртан, Сэцэнхан аймгийн Илдэн вангийн хошууны засаг ноён Тогтохтөр нь бага наснаасаа монгол бичигт хичээн суралцаж, түүх шастирт дурлан хорхойсож өссөн хүмүүн ажээ. Эрдмээр цээжээ баринтаглан эрийн цээнд хүрсэн тэрбээр "Номыг эс уншваас эрдэмт хүний сайн биеийг олсон их хэргээ эс мэдсэн шалиг томоогүй хүн мэт болно биш үү. Үлгэрлэвээс хүүхэд газраас ембүү мөнгө олоод эрхлэн наадаж яваад гээж орхисон лугаа адил. Энэ бие үнэхээр хайран байна" гэж "Ажил ба сургуулийн зүйл" сургаалдаа айлдсан байдаг.

Ноёны сэнтийд заларсан ч номын хураар ард олноо ундаалсан То ван Халхын сүмд нэгэн дуган бариулж дотор нь дүүрэн ном судар хураагаад хаалга цонхыг нь тоосгоор битүүлэн тагласан гэнэм. "Цөвүүн цаг ирэх үед ард олонд маань хэрэг болох судар ном олж хадгалсан юм. Одоо унших цаг нь хараахан болоогүй тул ийнхүү битүүмжиллээ" хэмээн айлдсан тухай нутгийн олон ярьдаг нь үлгэр домог бус үнэн бодит явдал ажээ.

Ийнхүү эрт дивангарын цагаас ном судрыг лам гурван эрдэнийн нэгд тооцон тахин дээдлэж, хураан цуглуулж ирсэн Монголын ихэс дээдэс, сурвалжтан ноёд, хутагт хувилгаад далай мэт арвин байсны захын ганц нэгхэн жишээ нь энэ бөлгөө.

2 comments:

ganga said...

Nom dor murgumyy gedeg saihan ugee tuunee dagasan setgelgeegee martaagui baihad mongol tumnii hiimori zaya uudluh bailgui dee. Bayarlalaa saihan bichleg oruuljee.

Soronzon said...

Ганга:
Зочилсонд талархлаа.
Эмэгтэй хүнийг авгайлах тухайд бодууштай зүйл бичсэн байна лээ шүү.
"...Ер нь эмэгтэй хүний насыг тодотгоод байх онцгүй л дээ"... би ч санал нэг байна.