Thursday, September 18, 2008

Дээдийн номтой ламтан Тэнгэрийн оронд "оджээ"

Захиалсан хэвлэлээ авч чадалгүй явсаар хэд хоночихож. Өнөө өглөө хэвлэлээ аваад “Өдрийн сонин” дээр гарсан нэгэн эмгэнэлийн мэдээг үзмэгц нүдэндээ ч итгэсэнгүй. Ум ма ни бад ме хум, Чулуунбаатар ламтан жанч халжээ.
Бурхан минь ээ, ламтаныг яасан эрт дуудаа вэ? Энэ хүнээр хийлгэх яаруу бачуу ажил Энхжингийн оронд гараа юу?
“Дэлхий дахинд Бурханы шашин үүсэн дэлгэрсэн 2600 жилийн цаг тооны бичиг” судалгааны ажил, бараг л бүх насаараа цуглуулж судласан “Монголчуудын номын тэмдэг” бүтээлийг нь одоо хэн гүйцээж дуусгах юм бэ?

“...Бид тоолошгүй олон галавт сансрын савслаганд эргэлдсээр байгаа шүү дээ...Орчлонд шинээр буй болох юм үгүй. Нэг байдлаас нөгөө байдалд л хуучин дээл солих лугаа адил шилжинэ... Гагцхүү ямар дүрээр солигдох нь тэр амьтны хураасан буян нүглийн хэмжээнээс шалтгаална” хэмээн сургаж байсан энэ хүнтэй би 1992 оны есдүгээр сарын 28-ны өдөр ном ярьж танилцсан билээ. Монголчуудын номын тэмдгийн талаар олон жил цуглуулга хийж судалсан түүний яриа хөөрөө нь дэндүү амттай тос даасан нүнжигтэй байсансан. Түүнээс хойш олон удаа уулзаж ном буяных нь хишгийг хүртэх аз надад тохиосоон. Бурханы шашны гүн ухааны талаар ихийг судлаж мэдсэн, газар газрын мэргэдтэй ном хаялцахад гартахааргүй энэ ламтантай хамгийн сүүлд уулзахад бас л ном ярьсаар таарсан билээ.

...Өнгөрсөн жилийн намрын нэг өдөр ламтан утасдаж байна. Зав чөлөө тань бололцоотой байвал ирж уулзаач гэнэ. Өдөр судар, цаг нар болзоод хэд хоногийн дараа Энхтайвны гүүрний баруун талд орших “Шинэ төгөл” хотхонд байрлах Лүдүвдаржаалин хийд дээр нь очлоо.
Мэнд усаа мэдэлцэж ойр зуурын сонин сайхан хуучлаж суусан ламтан маань “Одоо ингэсхийгээд ажил тарлаа. Хоёулаа манайд очье, хө” гэнэ. Шавь нь бололтой нэг бүдүүн хар хүнээр нэгдүгээр 10 жилийн сургуулийн урд байрлах гэрт нь хүргүүллээ. Идээ будаа, хоол цай болох зуур миний хаагуур юу хийгээд яваа тухай их л шамдуу лавлан сонирхох аж. Тэгснээ сүүлийн үед өөрийнхөө хийж байгаа, хийхээр зорьж буй ажлуудаа сонирхуулав. Богд уулын Хийморийн овоо руу мөргөлчид болон жуулчдыг гаргаж байх дүүжин зам байгуулах тухай, мөн Монгол орны нутаг дэвсгэрт буй түүхэн дурсгалт газрууд болон сүм хийдийн тууриар гадаадын сүсэгтэн-жуулчдыг аялуулах зорилго бүхий жуулчны компани байгуулах, түүнчлэн нийслэлээс Дархан хот орох замд байрлах уулын нэгэн аманд эргэл мөргөлийн газар, сүм хийд байгуулахаар хөөцөлдөж байгаа тухайгаа хүүрнэн төсөл зураг сэлтээ үзүүлэн байснаа ингэж хэлдэг юм байна.

-Гүйеэ, хө. Чи ер нь намайг бараадаж түшвэл яасан юм бэ? Энэ их буян номын ажлыг хөөцөлдөх гэхээр хүн хүч дутаад байх юмаа. Номтой чадалтай шавь нар байх боловч зарим нэгийнх нь хөдөлгөөн хурд дутаад байх. Овоо ажилд хөөцөлдөлгөөтөй гавшгай нэгэнд нь болохоор ном нь дутаад болохгүй юм. Чи бид хоёр эртнээс бие биеэ мэдэх улс байна даа. Тэгээд ч чи энэ хугацаанд бас чиг элдвийг хийж, юм юм үзсэн хүн байна даа, хө. Би чамайг болох бүтэх талаас нь сайн дэмжье. Амьдрал ахуйг чинь бололцоогоороо дээшлүүлье. Зөв бодолтой, зөв мөртэй хүнд буяны ажил сайхан шүү дээ. Бурханы ажилд тус болж гүйхэд буян нь барагддаггүй юм шүү дээ, хө. Чи ямар бодолтой байна? гэлээ. Буддын сүсэгтэн залуусын холбоо байгуулах, буян ном, эргэл мөргөлийн цэцэрлэгт хүрээлэн цогцлоох зэрэг хөл алдсан их ажлыг хөөцөлдөх, хийж гүйцэтгэх менежер хэрэгтэйг ламтаны ярианаас нь ухаарсан би балмагдаад шууд хариу өгч чадсангүй.

Цаг хожих санаатай цай балгаж жаал суулаа. Тэгээд үнэнээ хэллээ дээ.
-Та “Хүн гэдэг амьтан чинь...” номдоо америкийн монголч эрдэмтэн Стенлий Фрейгийн тухай дурьдсан байсан. Стенли Фрей гуайг та Монголд урьж авчирах гэхэд тэр хүн татгалзсан гэдэг байх аа? Онгоцны билетээ хүртэл буцааж ирүүлсэн гэдэг бил үү? Монголд ирж чадахгүй шалтгаанаа тэр хүн “Надаас өөр хэрэгтэй хүнд нь та бүхэн энэ мөнгө төгрөгөө зарна уу. Харин намайг номын ажилд ичилгүй, айлгүй зар” гэсэн гэдэг байх аа?

“Эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй” гэгчээр таны сэдэж санаачилж, зорьж буй энэ их буян номын ажилд тань би тус нэмэр болох нь юу л бол доо? Харин ч бараг ажлын садаа болж, алдаж осолдвол сүүлд нэг насаараа харамсаад барахгүй хэрэг болох биз! Таны сэдсэн энэ олон сайхан ажлыг тань гүйцэлдүүлэхэд наад зах нь 2-3 гадаад хэл мэддэг, компьютер, интернетийг гартаа оруулсан, гашуун нясуун зүйлээс хол хөндий, гавшгай залуу хүн байвал дээр биш үү?
Харин та намайг бичиг номын ажилдаа зар! Би таны бичиг цаасны ажилд тань дуртайяа гүйх болно. Арга ядахад л нэг гар бичмэл сийрүүлэх, хэвлэлийн эх тулгах, бичсэн зүйлийг тань сонин хэвлэлд хэвлүүлж нийтлүүлэх, номын санд сууж хэрэгтэй материал хуулах зэрэгт бол миний чадал хүрэх байх аа! гэвэл ламтан дуугүй сууж байснаа “За яахав ээ, хө. Гэхдээ л чи яаралгүй сайн бодоорой. Тэгээд хариугаа өгнө биз” гээд надад нэг шинэ хадаг, хуучны зоостой барьж билээ. Ламтаны сэтгэлд сэв суугаагүй байгаа даа? Бурхан өршөө!
Түүнээс хойш ламтан бид хоёр дахин учралгүй орчлон эргэдэгээрээ эргэсэн билээ л. Даанч харамсалтай...

...“Хорвоогийн хүмүүс юу цуглуулдаг вэ?” номдоо “Ш.Чулуунбаатар: Миний цуглуулгад 2500 гаруй номын тэмдэг бий” хэмээсэн ламтаны тухай бичлэг оруулсан юм. Шинэ номынхоо дээжийг аваачиж бэлэглэсэнд их л баярлах шиг болсон. Хэд хоногийн дараа утасдаж, хоёр номонд минь гарын үсэг зуруулж аваад “гадаадад буй хоёр хүүхэддээ явуулна” хэмээн хөөрцөглөж байсан нь саяхан мэт.
Ганц удаа ч болов ламтаныг баярлуулсан минь тэр юм болов уу гэж би одоо сэтгэлээ хууран тайтгаруулж сууна даа. Хүний гэнэн барагдах биш дээ ямар! Бурханы шашныг олон жил судлаж оройд нь эс ч дунд хэрд нь лав гарсан байлгүй гэж итгэж явдаг эрдэм номтой ламтаныг ийм эрт орчлонгоос явчих юм гэж даанч санасангүй...

Алсын үнэрт ариун цагаан зандан мэт эрдэм төгс энэ хүний сэтгэлийн үгээ бичиж дурсгасан “Хүн гэдэг амьтан чинь...”, “Улаан товчны хэрэг” хэмээх хоёр ч ном нь надад буй. Би сав л хийвэл түүний “Хүн гэдэг амьтан чинь...” номыг нь барьж авах дуртай. Дурсамж, тэмдэглэл, нийтлэлийг яаж тэгж сайхан бичдэгийг нь сурах гэж, Буддын шашны гүн ухааны тайлбаруудаас нь суралцах, сэтгэлээ номхотгох гэж мөн ч олон удаа уншсан даа. Ламтан маань өөрийн гэсэн бичлэгийн өвөрмөц аргатай, түүнд нь автсан уншигч номыг нь дуусгаж байж салахаас өөр аргагүй болдог юм.

Даян дэлхийд бурханы шашныг түгээн дэлгэрүүлэхэд амьдралаа зориулж, Гандантэгчэнлин хийдийн урдаа барьдаг ганц балинч гэгдэн Далай ламын тугдамд уригдаж, сүсэгтэн олонд зориулан Бурханы шашны төв хэвлэлийн нэгдсэн редакцыг зохион байгуулж, гурван жил шорон “даасан” лам болж явахдаа Дашийн Мундаа тэргүүтэй Халхын шоронгийн овгоруудтай “нөхөрлөж”, зөгнөлт зохиол бүтээл туурвиж, Монголчуудын номын тэмдгийг насан туршдаа цуглуулан судлаж, ...энэ ламтаны туулсан амьдрал нь “Үлгэрийн далай” л гэсэн үг.

...Билгүүн номч Бямбын Ринчен гуайг таалал төгсөхөд нь орчуулагч, шүүмжлэгч Ц.Хасбаатар агсан: “Нэг том номын сан шатчихлаа даа” хэмээсэн гэдэг. Түүн лүгээ нэгэн адил Бурханы номыг цээжиндээ баринтаглаж, дээдийн номонд нэвтэрсэн Чулуунбаатар ламтан Тэнгэрийн оронд “одлоо”.

Сансарын орныг орхиж
Сайхан Бурханы орондоо төрөх болтугай, ламтан минь!

8 comments:

ganga said...

Um amgalan baih boltugai. Sh.Baatar and bas ene erdemt hunii tuhai bichleg oruulsan baisan. Haranhui bi nomnoos ni unshilgui udii hurchee. Chinii ontsolson hoyor nomiig nutagt zahij avchruulaya. Ter boltol ene hunii bichsen zuilees gants hoyoriig blogtoo delgej buyan bolno uu.

Soronzon said...

Гангад:
Баярлалаа.
Хорвоогийн хүмүүн бүхэн үхлийг тойрч чадахгүй нь магад үнэн. Гэвчиг эрдэм номд гэгээрч, буяны үрийг тарьсан билгүүн ухаантай хүн нартаас эрт буцахад даанч харамсалтай, даанч гомдолтой...
Таны саналыг хүндэтгэн буян үйлдэхийг хичээнэ ээ.

gegeen said...

sonirholtoi bailaa. tnx

Ш. Баатар said...

Saihan bichsen baina ih bayarlalaa. Bi ug ni bichih sanaatai ch ajlyn zav bolohgui l yavna, blog deeree neg tovch medee tavisan daa. Taliigaachtai uulzaj ihiig sonsoj yavsan bolohoor setgeld ih tod uldeh yum aa. Minii medeh l lav ene latand tor zasgaas oosortoi tomor neg ch udaa ogch baigaagui sanagdah yum. Yaahaaraa manaid alia marzan yumnuud hurtel gaviat baatar ene ter boldog baina aa, bid bodood oldoggu iyum. Lamtan bol gaviyataigaas gaviyatai negen bilee.

Soronzon said...

Гэгээнд:
Баярлалаа. Би таны блогоор байнга ордог шүү. Гэм нь сэтгэгдэл үлдээж чаддаггүй юм. Хэд хэд дахин оролдсон боловч болохгүй юм билээ. Миний хэлний боловсрол хүрэхгүй байгаа юм болов уу даа? Удахгүй блог ертөнцөд "мөлхөөд" эхлэхээрээ байнга сэтгэгдэл үлдээж байх болно оо.
Ш.Баатарт:
Зочилсонд талархлаа.
Талийгаачийн хувьд тантай санал нэг байна. Төр засгийн гавьяа шагнал нүдээ олдог эсэхэд би үргэлж эргэлзэж явдаг нэгэн.
Өнөөгийн энэ жанч нөмөрч, жип унасан,эрхи эргүүлж бизнес ярьсан хулхи лам нарын дэргэд бурхан болооч маань буддын гүн ухааныг
гүнзгий судласан эрдэмтэй номтой жинхэнэ Бурханы шавь байсан гэж би итгэдэг билээ.
Өдөр тутмын сонинд ажилладаг нэгэн авьяаслаг сэтгүүлч охинд ламтаны бичсэн сонирхолтой гар бичмэл байхыг би саяхан үзсэн. "Сониндоо тавиач" гэж би зөвлөсөн. Эс болвол уг гар бичмэлийг нь гуйж аваад блог дээрээ тавьж буян үйлдэх бодолтой байна.

Azaa said...

Saixan buyantai buural baijee.Um sain amgalan boltugai. Bi ene buuraliin bichsen nomiig unshmaar bna.Neriig ni xelj ugch buyan bolooroi. Eldev bodol,ajil, xicheeld daraastai yavdag yum xarin tanii bichsen erdemt xunii tuxai unshaad dotor giix shig, xunguruud yavchixlaa. Ta ch bas buyantai xun yumaa.

Soronzon said...

Азаад: Баярлалаа.
Миний сайных бишээ. Энэ хүн өөрөө эгэлгүй их эрдэмтэй, бурханы номоор цээжээ баринтагласан хүн байсан юм.
Энэ бичлэгийн эхэнд буй гэрэл зураг бол ламтаны туурвисан номын хавтас байгаа юм. Хэл найруулга цэгцтэй, уншсан хүндээ үр өгөөжтэй тун ч сайхан ном доо.
Бас энэ хүний насаараа цуглуулсан номын тэмдгийн тухай, Бурханы шашны үүсэл хөгжлийн тухай судалгааны материал, "Ангийн дайсан, эсэргүү хэмээгдсэн 64 Бурхал минь" хэмээх багш нарынхаа тухай бичсэн дурсамжийн ном зэрэг бичиг соёлын олон үнэт өв үлдсэн байх ёстой. Үр хүүхдүүд нь эмхтгэн хэвлүүлж олны хүртээл болгох байх гэж итгэж сууна даа.

Unknown said...

Сайна байна уу та?

Таны блогд анх удаа зочилж байна. Таны бичсэнийг нүд салгалгүй уншлаа. Их сайхан бичсэн байна.
Та их буянтай хүн юм ийм сайхан хүнтэй учирч явсан байна.
Дээр дурдсан 2 номыг одоо номын дэлгүүрүүдээр худалддаг болов уу? Би Монголд байдаггүй өөр оронд сурдаг юмаа. Хэрэв худалддаггүй бол яаж олж авах вэ?

Хүндэтгэсэн,
Алтаа