Tuesday, September 30, 2008

“ЭЭЖ ЭЭ, сайн байна уу”

Хүн бүхэнд сонсох дуртай дуу хөгжим, үзэж харах дуртай уран зураг гэж байдаг байх. Би л хувьдаа ардын зураач, төрийн соёрхолт Д.Амгалан гуайн зурсан зургуудыг ахин дахин үзэхдээ уйддаггүй. Дунд сургуульд байхдаа Дүрслэх урлагийн музейн танхимд өлгөөстэй “Мөрөөдөл” зургийг нь үзэх гэж мөн ч олон очсон доо. Хүүхэд насны дэврүүн хүсэл, гэнэн томоогүй балчирхан оюун санаанд минь нийцсэн энэ зургаас чухам ямархан эрч хүч олж авдаг байснаа сайн мэдэхгүй юм. Юутай ч гэсэн энэ зургийг үзээд гарахад нэг хэсэгтээ сэтгэл санаа өөдрөг, хийж бүтээхийн урам зоригоор дүүрэн явдаг байлаа.

Д.Амгалан гуайн нэгэн бүтээлийн хуулбар ширээн дээр минь байнга байдаг юм. Уг зургийн нэр нь “Ээж ээ, сайн байна уу”. Уяхан Замбуутивийн наран дор чандмань эрдэнэ-рашаан ус зөөгөөд ирж яваа ижийгээ тосон мэндчилэх хүүгийн сэтгэлийн баяр хөөр, догдлолыг илүү дутуугүй, тов тод үзүүлсэн уг бүтээлийг мэдэхгүй монгол хүн гэж бараг үгүй болов уу. Гучаад жилийн турш хот, хөдөөгийн олон олон байшин барилгын нүүр, сургууль, цэцэрлэгийн анги танхимыг чимэглэж, сонин сэтгүүлийн хуудаснаас салахгүй явж ирсэн энэ зурагт хүмүүсийн сэтгэлийг соронздон татах нууц увдис оршжээ гэж боддог.

Дуртмал сайхан наран, наран болсон ижий, хорвоогийн хоёр нараа золгон дэрвэх хүүгийн зургийг үзсэн гадаадын хүмүүс монголчууд яагаад “Үүрд хамт байгаач ээж ээ” хэмээн уйлж дуулдагийн учрыг ухаардаг буй заа. Манай сонин монголын зураач урчуудын шилдэг бүтээлээс нийтлэж, “зураг төрсөн түүх”-ийг уншигч олондоо танилцуулах зорилго тавьсан юм. “ТН-ийн галерей”-н анхны зочноор хайртай зургийнхаа эзэн, хүндлэж явдаг зураачаа урилаа. Монгол улсын ардын зураач, төрийн соёрхолт Дагдангийн Амгалан “Ээж ээ, сайн байна уу” зургаа хэрхэн бүтээснээ ийнхүү ярьж байна.

-Би тавиад оны сүүл жараад оны эхээр Суриковын нэрэмжит уран зургийн дээд сургуульд сурч байлаа. Ядуу оюутанд мөнгө төгрөг гэж юу байх вэ дээ. Зун, өвлийн амралтаараа нутагтаа ирээд Урчуудын эвлэлийн хороотой гэрээ байгуулж, жаал зураг зурна. Түүнийхээ мөнгөөр ард үлдсэн эхнэр хүүхдэдээ нэмэр болдогсон. Эхнэртэйгээ 1956 онд танилцаж, 1958 онд гэрлэсэн. Анхны хүүхэд маань 1959 онд төрж, аав болохын жаргалыг эдэлж явлаа.

Чиний сонирхоод байгаа энэ зургийг оюутан байхдаа 1962 онд зурсан юм. “Баян талын өглөө”, “Бадралт соёлын минь өглөө”, “Атар талын өглөө”, “Аварга үйлдвэрийн өглөө”, “Улаанбаатарын өглөө”, “Уламжлалт ирээдүйн өглөө” зэрэг зургаан цуврал бүхий ”Өлгий нутгийн минь өглөө” гэдгийн нэг хэсэг л дээ. Энэ цуврал зургийнхаа төгсгөлийн хэсэг болох “Уламжлалт ирээдүйн өглөө” гэсэн сэдвээр “Ээж ээ, сайн байна уу” гэж зурсан юм.

Би өвлийн амралтаар ирээд байсан үе. Эхнэр бид хоёр хүүхдүүдийн хамт айлын нэг өрөөнд амьдарч байлаа. Нэг өглөө дунд охин Жавхлан маань нойрмог нүдэлчихсэн “ээж ээ” гэсээр галын өрөөнд орж ирсэн. Тэр үед охин маань дөнгөж хоёр ойтой байсан үе. Ээжийгээ алга болохоор уйлагнан үгүйлж, олж хараад баярлан хөөрөх охины минь тэр хонгорхон зан энэ зургийн санааг анх надад төрүүлсэн юм. Зургаа хоёр өнгөөр зураад шөнөжингөө галын өрөөндөө сууж нухаж хийсэн. Хулдаасан барын аргаар бүтээсэн юм шүү дээ. Суриковын дээдэд шилжихээсээ өмнө Москвагийн Хэвлэлийн дээд сургуулийн зургийн ангид сурч байхдаа зураасан зураг, мод, чулуу болон хулдаасан барын аргаар хийж сурсан. Тэгээд л шинэ төрлөөр бүтээе гэж оролдсон минь тэр. С.Нацагдорж бид хоёр нэг хэсэг зураасан зураг, хулдаасан барын төрлөөр оролдож байлаа. С.Нацагдоржийн “Адуун сүрэг”, “Лимбэчин” гээд хэдэн сайхан бүтээл бий дээ. Чи мэднэ биз дээ?

“Өлгий нутгийн минь өглөө” цувралын бүх зурагт нар бий. Чи сайн ажаарай! “Ээж ээ, сайн байна уу” зурагт ч бас нар бий. Ертөнцийн наран мандаж байна, ээж минь ч бас Наран юм гэсэн санааг тусгая гэж бодсон. Якутын урлаг судлаач Потапов гэдэг хүн жараад оны дундуур манай оронд ирсэн. Бид хоёр хуучны танилууд болохоор би гэртээ урьсан. Өнөөх цуврал зургаа үзүүллээ. Тэгсэн өнөөх маань дуу алдан, “классик” гэж байна. Би зовоод “сери зургийн нэг шүү дээ” л гэж хэлсэн. Яахав, муугүй бүтээл болсон байх аа. Олон удаагийн үзэсгэлэнд тавигдаж байсан. “Иностранная литература”, “Огонек” зэрэг гадаадын хэвлэлд нийтлэгдсэн. Монголдоо бол хэвлэл сонинд олон гарсан даа хэмээв.

Д.Амгалан гуай 1993 онд жаран насныхаа ойгоор уран бүтээлийн тайлан-үзэсгэлэн гаргахдаа энэ зургаараа “анонс” хийсэн байсныг санаж байна. Анхны эх нь олдохгүй болохоор дахиж хийсэн эхээ үзэсгэлэнгийн хойморт залсан байж билээ. Харин тэрхүү эх зургаа Монгол улсын Ерөнхийлөгч П.Очирбатын гэргий Ш.Цэвэлмаад дурсгал болгон бэлэглэсэн тухай сонин хэвлэлд гарч байсан.

Миний багад манай 120 мянгатын нэгэн байшингийн ханыг энэ зургаар чимэглэж байсансан. Мөн ч олон жил болсон доо. Өсөж томроод ажил хөдөлмөрийн зам хөөхөд минь энэ зураг байж л байсан. Орой ажил тараад ирэхэд автобусны буудлын урд талын байшингийн ханан дээрх зураг, түүний цаана таширлах шингэж буй наран хичнээн үзэсгэлэнтэй сайхан харагддаг байсан гээ. Энэ зураг уг байшинг чимэглэж байх үед тэр байрнаас хүүхдийн эндэгдэл гараагүй хэмээн оршин суугчид нь ярьдагсан. Үнэн бол билэг дэмбэрэлтэй сайхан л хэрэг. Сүүлд нэг л өдөр гэнэт уг зургийг хусаж арилгаад оронд нь “социализмын өрнүүн бүтээн байгуулалт”-ын сэдэвтэй шигтгэмэл хийсэнсэн.

Би одоо ч ажил тараад ирэхдээ автобусны буудлын урдахь байшинг хардаг. Тэгээд “Энд нэг сайхан зураг байж билээ” гэж дотроо үгүйлээд санаа алддаг юм. Гэвч нэгэн цагт миний ижил бодолтой хүмүүсийн хүсэл биелж, 120 мянгатын уг байрны хана Д.Амгалан гуайн “Ээж ээ, сайн байна уу” алдартай бүтээлээр дахин чимэглэгдэж, эндхийн оршин суугчдаа баярлуулах ч юм бил үү?

Жич: Хэд хоногийн өмнө “Metro” блогт тавигдсан зургийг үзээд энэхүү хуучин бичлэгээ санасан хэрэг. Хуучин гар бичмэл, нооргоо ухаж байж оллоо. Олон жилийн өмнө “Засгийн газрын мэдээ” сонины дагуул ”Түмний нэг” /1996 оны 5 сар №11/ сонинд хэвлүүлж байсан бичлэгээ үг, үсгийн засвар хийлгүй блогтоо оруулаа. Арваад жилийн өмнөх миний бичлэгийн арга барил, хэв маяг хадгалагдан үлдсэн тул өөрчилж засъя гэж бодсонгүй ээ.
“Орчлонгийн бүх ээжүүд хамгийн сайхан бүсгүйчүүл”, “Хүмүүст гэгээн сайхан бүхнийг өгөхөд илүүдэх юу байхав” хэмээн бодож явдаг блог анд Галаадаа баярлалаа.

12 comments:

Ш. Баатар said...

Yamar saihan bichleg ve, Amgalan guain ene zurag uneheer dotno sanagddag yum. Ongorson jil Stanford-iin ih surguuliin nomyn sang yum uzej baital Novesti Mongolii setguuliin 56-89 ony buh dugaar baij bilee. Hamag ajilaa umartaad heden tsag suugaad buh dugaariig erguulj baihad ene zurag taaraldaj baiv. Yag ali dugaart baisnyg odoo sanahgui baina. Uneheer saihan buteelee.

Tsoomii said...

soronzon ah minii yaduu blogoor zochlon bas ene saihan bichlegiinhee tuhai duulgasand bayarlalaa. Zurgiin huvid mongol hun buriin setgel zurhend honogshson saihan zurag yahiin argagui mun.
bi neleen tom boltloo eejiigee gadagsh gataad irehiig ni huleegeel nudee chiltel hardag baisan yum. Ejiinhee duug sonsoh tudiid l hamag gunig zovlon urgeed alga boldog baisan yum. Duu ni saihan zurag uzej bas ejiin tuhai saihan duunuud sonsood setgel saihan bolchihloo,
tanid ikh bayarlalaa, amjilt husii.:)

Galaa said...

Баярлалаа.Ер нь блог орон зайдаа хуучин бичиж байсан зүйлүүдээсээ тавьбал нэгд өөрийн юм гэсэн утгаараа дурсамжтай хоёрт хүмүүст сонин байх биз дээ.Энэ талаар бодож үзээрэй....Ээж минь эрт цаг бусаар явсан болохоор эхийн тухай дуусашгүй ярианд дуртай.Их баярлалаа.

Ганзо said...

сайхан түүх байнаа, баярлалаа танд

бж said...

Sain uu, Soronzon. Mash saihan bichleg oruuljee.
Ene zurgiig harahaar baga nas mini nudend haragdah shig bolloo. Huuhed baihaasaa l end tend harj, tanil dotno bolson ene zurag iim saihan tuuhtei baih ni ee. Zurgiin jinhene neriig urid ni meddeggui baij. Huudee "Nar aa, nar aa naash ir!" gedeg zurag gej helj ugch baisan maani sanagdaad, ineed hurch suuna.

Ih dotno dulaahan blogoor tani ordog bolood udaj baina. Unuudur martalgui blog jagsaaltandaa nemlee. Nemnee gej bodchihood l martaad guigeed baij.

Ulam olon saihan bichleg huleej baina shuu.

Anonymous said...

saixan bichleg bna..bayarlalaa soronzon..mail bichsen..;-)

ganga said...

Манай аав ээжийнх олон жил 120 мянгатад байлаа. Амгалан гуайн энэ зурагт дуртай хүмүүсийн нэг. Сайхан бичлэг оруулжээ, баярлалаа.z

Soronzon said...

Сэтгэгдэл үлдээсэн блог андууддаа баярлалаа.
Ижийгээ баярлуулж явахад ажил үйлс аяндаа бүтээд ирдэг дээ.
Хээрийн галуу нисэн үл хүрэх газар ажиллаж амьдарч буй та бүхэн минь энэхүү бичлэгийг уншаад ижийгээ нэг үгүйлэн санаж утас цохин мэндийг нь мэдвэл миний үзэг цаас нийлүүлсний хэрэг бүтэх нь тэр.
Ижийдээ хайртай хүүхэд нь муу явах учиргүй ээ.

bluefire said...

Ene zurgiig Ulaanbatart negen oron suuznii baishingiin gadnah hanan deer tomoor buulgasan baidag, odoo baigaa yumuu ugui yu medehgui. Gehdee ugluu bur surguulid yavahdaa ter zurgiig harj baishingiin hajuugaar ungurdug baij bilee. Ene zureg huuhed nastai mini shuud holbootoi.

XACAP said...

Энэ тун сайхан санааг Галаа гаргажээ сая Галаагийн блог дээрээс дамжиж орж ирлээ. Манай сургуулийн ханан дээр байдаг байсан сан. Хүүхэд ахуй нас маань үнэхээр санаанд орлоо. Орчлонгийн бүх сайхан ээжүүд гэж орилмоор санагдлаа. Баярлалаа. Таны блогтой тухтай танилцанаа.

Soronzon said...

Хасарт:
Үр хүүхэд нь ижий бурхныхаа тухай ярьж, бичих шиг сайхан зүйл юу байхав дээ, тээ?
Эхийн хайрын тухай бичих бодолтой нэгэн зүйл сэтгэлд эргэлдээд л яваа. Дараа бичихээрээ таныг урина аа.

oldoshaksli said...

ene gaihaltai zuragEne zurgaar damjij iishee orj irlee.
Saihan.