Sunday, October 26, 2008

Баатар вангийн хатан баярлаж байна лээ

Хоёр долоо хоногийн өмнө миний блогт огт танихгүй нэгэн хүн сэтгэгдэл үлдээж билээ. Сүүлдээ мань нөхөр бараг өдөр бүр орж ирдэг боллоо. Гэтэл нэг өдөр “майл хаягаа өгөөч, холбогдох хэрэгтэй байна” гэсэн зурвас үлдээжээ. “За яахав дээ, хэн нэгэн хүнд миний хэрэг гараа биз” гэж бодоод хэлсэн хаягаар нь захиа бичиж орхив. Хэд хоногийн дараа уртаа гэгчийн захиа ирснийг уншаад үзтэл сонирхолтой юмаа. Америкт сурч, амьдарч буй тэр залуу үнэхээр сайхан буянтай үйл сэдэж, зорьсоноо ажил хэрэг болгон амжуулж байгаа нь тун их таалагдсан шүү. Их ч юм уншиж судласан, өөдрөг сайхан сэтгэлгээтэй залуу байна лээ. Түүний нэрийг Ц.Батмөнх гэнэ. Тэрээр “Миний эх орон” сэдэвт зохиол бүтээлийн цуврал уралдааныг санаачлан Америкт байгаа монголчуудын дунд зохион байгуулж байгаа юм билээ. Мэдээжийн хэрэг түүний энэ сайхан санал санаачилгыг дэмжиж, хамтран ажиллаж, ивээн тэтгэж байгаа газрууд:
http://www.mongolinternet.com/
http://www.medeelel.com/
http://www.baigal.com/
http://www.zamdaan.com/
http://www.mashbat-film.com/ зэрэг тун олон байгаа юм билээ.

Тэд анхны уралдаанаа "Эхийн хайр" хэмээн нэрлэж, Хараагийн баатар ван Насан-Очирын Наваан-Юндэнгийн (1908-1985) мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит болгон явуулсанд Америкт суугаа Монголчууд найман настай балчираас настан буурлуудаа хүртэл идэвхийлэн оролцжээ.

Ц.Батмөнх бид хоёр хэд хэдэн удаа майлаар харьцаж, http://www.bayanmongol.com/ сайтаас тэдний зохион байгуулж буй уралдааны явцыг анхааралтай ажиглаж байгаад дэмжихээр шийдсэн юм. “Зөвхөн Америкт байгаа монголчуудын дунд” хэмээн онцлон тодотгосон тул уралдаанд оролцохоосоо илүү уг уралдааныг ивээн тэтгэж, зохион байгуулж байгаа энэ буянтай хүмүүст урам хайрлая гэж бодоод Хараагийн Баатар ван Наваан-Юндэнгийн гэргийтэй /хатан/ уулзахаар зорьсон юм.
Хэд хоногийн өмнө охин Оюундарьтай нь холбоо барин зөвшөөрөл авсан тул Баатар вангийн хатантай төвөггүй уулзлаа. Н.Лхамсүрэн гэж сайхан буурай байна аа. Энэ жил 86-тай гэнэ. Насны эрхээр чих нь хатуурч, хөл нь жаахан муудсан болохоос биш ухаан санаа саруулхан, яриа хөөрөө сайтай эмээ юмаа.

Баатар вангийн хатны хуучилсныг зах зухаас нь сийрүүлбэл:

-Би гавьяат багш Намсрай гэдэг хүний ганц охин. Аав маань Төв аймгийн хүн л дээ. Сүүлд төвийн 10 жил нь аавын маань нэрэмжит болсон. Аав маань багш, захирал байсан. Би бага, дунд сургууль, Багшийн сургууль төгсөж багш болсон. III үлгэр жишээ бага сургууль, Y, YI дугаар сургууль, Хүн эмнэлгийн техникумд багшилж байсан даа.

-Аав маань МУИС-ын орлогч захирал болоод намайг Их сургуулийн бэлтгэлд оруулсан. Хоёр жилийн бэлтгэл төгсөөд АУДС-д орсон. Нэгдүгээр ангиа төгссөн 1950 оны 3 сард юмдаг. Аавын маань найз Цогт-Очир, Пунцагбалжир нар манайд буусан. Тэд ер нь манайд ирдэг байсан юм л даа. Цогт-Очир гэдэг нь “Дүү маань шоронгоос гарч ирж байгаа юм” гэж байсан. Шоронгоос гардаг ямар хүн байдаг юм бол гэж би бас тэр дүүг нь сонирхож харж байсан.

-Сүүлд тэр дүү нь манайхаар ирсэн. Тэр хүн “Би Банзрагч гэдэг айлд байгаа” гэж байсан. Би 25-тай байв уу, манай талийгаач 43-тай байсан. Шоронгоос гарч ирээд байсан үе. Юу юу ч байхгүй. Манай өвгөн чинь 20 жилээр таслуулаад 12 жил 3 сар суугаад гарсан хүн. Нэг өдөр надаас “миний эхнэр болох уу?” гэхэд нь “мэдэхгүй л” гэлээ. Тэгээд л нийлчихсэн. Ааваасаа айна. Аав маань хөдөө, би хотод хашаандаа байсан үе. Нэг өдөр аав маань ирсэн. Тэгээд сууж сууж байгаад явахдаа “За та хоёр сайн байна” гэсэн. Тэгэхэд нь л сая дотор онгойсон шүү. Аав маань “Лхамсүрэнгийн сургууль тарахаар нутагт очиж зусна шүү” гэсэн. Гэрийг маань ачаад хөдөө аваачиж хажуудаа буулгасан.

-Өвгөн маань эхээс дөрвүүлээ. Цогт-Очир гэж эгчтэй, Чинбат, Догоосүрэн гэж хоёр дүүтэй байсан. Одоо нэг нь ч байхгүй ээ.
-Өвгөн маань онцгой хүн байсан даа. Боловсролтой, мэргэжилтэй, харин үг дуу цөөнтэй. Сайныг ч ярихгүй, мууг ч ярихгүй. Дөчөөд жил ханилан суугаад 77 хүрээд нас барлаа даа хэмээн хуучласан юм.

Тэднийд буй С.Наваан-Юндэн гуайтай холбоотой зарим ном сэлтийг үзэж байтал 1947-1956 онд хамт шоронд сууж байсан Саалуутын Соёлжав хэмээх өвөрмонгол хүний бичсэн дурсамж нь миний сонирхлыг татсан юм. Тэр хүн дурсахдаа:
-Баатар ван бол цээж уужуу. Хүний тухай мэдүүлэг өгч бариуллаа гэж дуулдаагүй. Уур цухал байхгүй. Хүн түүнийг юу ч гэж хэлж байсан байж л байдаг. Наваан-Юндэн гуайд шоронгийн дарга нар ч ширүүнээр ханддаггүй байсан. Бараг л гуайлдаг байсан. Олны хүндэтгэл их хүлээсэн хүн байв гэжээ.

Хорин гуравхан настай хонгор зүстэй залуухан бүсгүй, орон шоронд олон жил суусан, эрхэлсэн ажил төрөл, цалин мөнгөгүй өөрөөсөө 20 ах хар хүнтэй ханилан суусан хувь заяаг нь бодохоор өрөвдөж хайрламаар. Гэхдээ Лхамсүрэн гуай их сайхан үг хэлсэн шүү. “Би энэ хүнтэй учрах л тавилантай байсан юм билээ. Өвгөнтэйгөө эртний учир ерөөлөөр нийлсэн байх аа” гэж хэлээд нэг их сайхан мишээсэн шүү. Хуучин цагт сан бол хошуу ноёны хатан хэмээгдэн дээгүүр заларч, олон түмний хүндлэлийн дээдийг хүртэх ёстой энэ буурайтай ярилцаж суухад “ёстой л хүний сайхан хань юм даа” гэж өөрийн эрхгүй бодогдож байсан шүү. Хорвоод бас сайхан хүн олон байх юм аа.

Биднийг гарахад Н.Лхамсүрэн гуай “Би талийгчийнхаа хойноос буян үйлдэх санаатай дөрвөн ном гаргасан. Өвгөнийхөө 100 жилийн ойг ирэх 2009 оны 8 сарын 18-нд тэмдэглэнэ. Богд хааны зарлигтай юм гэнэ билээ. Тэр өдрийг нь тохиолдуулан нутаг усных нь ард олон, ах дүү, амраг садан нь тэмдэглэх санаатай одооноос бэлдэж сууна. Хүүхдүүд минь ирэх жил өвгөний минь 100 жилийн ойн баярт заавал ирж оролцоорой. Намайг урьж байна гэж өнөө Америкт байгаа хүүхдүүдэд ч хэлээрэй. Сэлэнгийн Түнхэлд болно шүү дээ. Еэ, насаа нэм, буянтай хүүхдүүд шүү” хэмээн хөл хөөрцөг болсоор үлдсэн дээ. Мөн Баатар ван Наваан-Юндэн гуайн том охин Хонгорзул нь баярласан сэтгэлээ илэрхийлэн та бүхэнд хандаж зурвас бичиж өгснийг хавсаргалаа.

“Миний эх орон” хэмээх сайхан нэртэй, сонин содон уралдаан зохион байгуулж, алс холын Америкт ажиллаж, сурч буй элэг нэгтнүүдийг минь эх оронтой нь аргамжиж, сэтгэлийн цангааг нь түр ч болов тайлж өгсөн, зохион байгуулагч, ивээн тэтгэгч, идэвхтэй оролцсон хүн бүрт баярлаж талархсанаа миний бие энэ ялдамд илэрхийлье.

Та бүхний санасан бүхэн сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж,
дараа дараачийн уралдаан тань хүрээгээ тэлж, таван тивийн энгээр тархан суусан монголчуудын дунд хүчээ авч хөгжин цэцэглэхийг ерөөе.
“Эхийн хайр” хэмээн нэрлэсэн энэ сайхан буянтай үйлсэд тань Эзэн богд Чингис хааны алтан ургийн сүүлчийн ноён угсаа залгамжилсан Баатар ван С.Наваан-Юндэнгийн хатан баярлаж байна лээ.

11 comments:

Daanjuur Ruujnaad said...

Bayarlalaa Soronzoon,
Bi mash ih huch avav. Hichneen ih huch, tsag urj baij geech.
Ene hun minii ah bish, ene hun minii hamaatan bish, gevch ene hun mongol tumnii huu baijee. Tiimees ch bi ene hunii helterhii gej uuriigee tuseelen bodno.

bluefire said...

Uneheer saihan yumaa. Sain uils delgereh boltugai. Daanjuur taa amjilt husye.

Tsoomii said...

uneheer saihan bichleg unshaad setgel sergej saihan bolchihloo, neg l zolbootoi bolod yavchihlaa.

Anonymous said...

za unuudur tanai blogoor ergeldej unjinuu. Bi urd ni eruusuu orj irj baigaagui yum shig bna

Soronzon said...

daanjuur:
Та гэгээн сайхан үйлс сэдэж санаачилсан шүү. "Буянтай хүнд Бурхан бөхийнө" гэж үг бий дээ. Баатар вангийн хатны баярлаж хөөрч байгааг нь та харсан ч болоосой. Тэр үед л би таны зорьсон ажил, хийж буй үйл хэргийг тань бахдан баярлаж суулаа.

blue fire:
Би саяхан таны блогоос олон сайхан уран зураг шимтэн үзлээ, баярласан шүү.

tsoomii:
Магадгүй, хэзээ ч уулзахгүй байж мэдэх үл таних нэгнийг гэнэтхэн баярлуулчихаад түүнээсээ сэтгэлийн таашаал эдлэж суух нь сайхан санагддаг юм.
"Ард түмний мисс" болсонд тань баяр хүргэе ээ.

Bumaad:
Би таныг уран бүтээлээр тань эртнээс мэднэ ээ. Шинэ номонд тань Д.Энхболд сайхан өмнөтгөл бичсэн байна лээ.
Бийрийн тань үзүүр хөнгөн, билиг авьяас тань ундарч байх болтугай.

Daanjuur Ruujnaad said...

Ogt tanihgui hunii umnees
Ogt hereggui uiliig sanagch
Ogt tanihgui and tanyg
Odoo l bi oilgoloo

Ogt demii orchlond amidaraagui
Ogt martsan ch olondoo tanil
Ogt uulzaagui erhem huniig
Ontsgoilj bi deedlen hundelnem

http://www.mongolinternet.com/famous/DendevChimedOsor.htm

http://www.mongolinternet.com/mongolnom/ancientbooks.htm

Galaa said...

Saihan niitlel bna.Tsahim yertuntsud ooriin duu hooloitoi tod od baigaarai.Blogchiddoo handaj yzguur ugsaatai erhem humuusee surtalchilmaar bna gej urialj baina.Sain uils delgereh boltugai

ganga said...

Сайхан үйл сэдэж байгаа тухай сонирхолтой бичлэг оруулжээ.


Жич:Хонгорзулд мэнд дамжуулаарай, зусланд хамт тоглодог байсан хүүхэд байна. Наваан-Юндэн гуайх Сонгины ам, Зүүн богинотын аманд зусдаг байлаа.

Anonymous said...

Soronzon ahaa, yavsio_99@yahoo.com hayagaar ta nadad ene hunii ohinii utsiig ogchih tegeh uu?... Bi Mongoliin radiod redaktor hiideg yumaa. *Buurluudaa uriya* geed horog nevtruulegtee hatantaniig urihiig mash ih husej baina... Saihan buurluudiinhaa tuhai oguuldeg radiogiin horog nevtruuleg l dee.... Tanaas hicheenguilen guisan B.Bayasgalan

Soronzon said...

Даанжуурт:
Тэр судар бичгүүд мөн ч сайхан эд байна шүү. Өвөг дээдэс маань "Ном дор мөргөм үү" хэмээн залбирдаг нь ямар үнэн үг вэ?

Галаад:
Баярлалаа хө. Таны уриалгыг дэмжин Тагтаа маань бас нэг сайхан үйл сэдэж байгааг бичсэн сэтгэгдлээс нь харав уу?

Гангад:
Таны мэндийг заавал уламжилна аа.

Тагтаад:
Захиа бичсэн, авсан уу?
Баатар вангийн охинтой холбогдож чадсан эсэх, ямар нэвтрүүлэг хийсэн тухайгаа мэдэгдвэл олон хүн баярлах байх шүү! Амжилт хүсье.

Soronzon said...

Tagtaad;
Баярлалаа.
Та бас өөр блог хөтөлдөг юм уу даа, эсвэл би андуурав уу?