Thursday, October 30, 2008

ХО гэгээрүүлэгчийн хамт

Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгаар БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Минь Чиет өнөөдөр манай оронд төрийн айлчлал хийж байна. Уг айлчлалтай холбогдуулан нэгэн ховор гэрэл зургийн түүхийг хүүрнэе.

1955 оны 7 дугаар сард БНАВУ-ын Ерөнхийлөгч Хо Ши Мин Монгол улсад айлчилсан бол 1959 оны 12 дугаар сард МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал Вьетнам улсад албан ёсны айлчлал хийжээ. Уг айлчлалын бүрэлдэхүүнд оролцон Вьетнам улсыг зорьсон ахмад сэтгүүлч Э.Түмэнжаргал агсан эл гэрэл зургийн тухай:

“1959 онд Ю.Цэдэнбал даргыг дагаж Вьетнам, Энэтхэг улсад сурвалжлах ажлаар очихдоо Хо Ши Мин гуайтай уулзсан. Тун жирийн хүн байна билээ. Тэрбээр манай төлөөлөгчдийг Ерөнхийлөгчийнхөө ордонд хүлээн авсан.

Жирийн даавуун цагаан цамц, угалдаг резин шаахай өмссөн, шингэн урт цагаан сахалтай, инээд алдсан, нүдэнд дулаахан энэ хүн яриа хөөрөө нь цэгцтэй, тун энгийн байдалтай харагдсан. “Танай орон мал аж ахуйн орон. 35 мянган адуу манайд өгөх талаар ярьж
байгаад бид баяртай байна. Гэвч зуун мянгыг өгөх арга байхгүй юу? Тэгвэл мөн сайн сан” гээд инээмсэглэж билээ.

Хо Ши Мин гуай төрийн ордон руугаа “Москвич” машинаар ирдэг юм билээ. Ерөнхийлөгчийн хашаан дотор хэсэг франц залуус Хо Ши Мин гуайг тойроод зогсчихсон, хоорондоо францаар чанга чанга ярьж, ямар нэг хөгжилтэй түүх хуучилж байгаа бололтой, ойр орчмын хүмүүсийн анхаарлыг татахаар хөхрөлдөн инээлдэж байлаа. Зарим нь Хо Ши Мин гуайтай үеийн юм шиг тэвэрч аваад үнсч байх юм. Тэгэхэд яасан хээгүй сайхан хүн бэ? гэж бодогдсон. Франц хэл мэддэг бол их л сонин юм ярьж байсан байхдаа...” гэж “Гурван
эзний зарц гэв үү?” хэмээх дурсамжийн номдоо бичжээ.

“Үнэн” сонины утга зохиолын ажилтнаас “Новости Монголии”, “Современная Монголия” сонин, сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, Монголын радио, телевизийн Москва дахь анхны сурвалжлагчаас МОНЦАМЭ агентлагийн ерөнхий редактор хүртэлх алба хашиж явсан ахмад үеийн нэрт сэтгүүлч Э.Түмэнжаргал гуайн хувийн архивт хадгалагдан буй эл түүхэн гэрэл зургийг өгч тусласан охин Т.Энхээд нь баярлалаа.

Вьетнамчууд Хо Ши Мин удирдагчаа “Хо гэгээрүүлэгч” хэмээн нэрлэж ихэд хүндлэн дээдлэдэг юм гэсэн. Тэгвэл Хо гэгээрүүлэгчийн хөргийг мөнхөлсөн, хагас зуун жилийн өмнөх Монгол-Вьетнам улсын түүхэн харилцааны гэрч болсон энэ нэгэн гэрэл зургийг харахад “Хамаг бүхэн бороо мэт арилж, Харин гэрэл зураг шороо мэт үлдьюу” хэмээн яруу найрагч Д.Цоодол гуайн хэлсэн үг эрхгүй санаанд ургах юм даа.

Зургийн тайлбар:
Өвөр эгнээнд /зүүнээс/ МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал/төлөөлөгчдийн тэргүүн/, БНАВУ-ын Ерөнхийлөгч Хо Ши Мин, МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч Б.Хурметбек, Монголын Ардын Цэргийн хэрэг эрхлэх яамны сайд, дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн,
II эгнээнд: МОНЦАМЭ агентлагийн орлогч захирал Э.Түмэнжаргал, Вьетнамын талын орчуулагч, ...?, манай ГЯЯ-ны сайд П.Шагдарсүрэн, Элчин сайд асан Д.Шарав нар. 1959 оны 12 сард. Ханой хот.

5 comments:

bluefire said...

Gerel zurag l ulddeg gedeg unen shuu.

бж said...

Sonin tuuh, hovor zurag bainaa.
Tsedenbal guai setgeld dotno haragddag yum shuu. Har bagaasaa zurag bolon zuragtaar harsaar sain hun geed bodchihson l yavj shdee...

Soronzon said...

blue fire:
Тиймээ. Санал нэг байна. Гэрэл зураг л үлдэх юм даа.

Ганаад:
Надад таалагдсан ч эс таалагдсан ч энэ хүн Монгол улсын түүхэнд дэндүү тод мөрөө үлдээсэн учраас би хүндэлж явдаг юм аа.

Ш. Баатар said...

Тун сайхан дурсгалтай зураг байна аа. Нөгөөг хоёр шил коньяк туучихаад одоо Төв хороон дээр хуралтай үнэртэнэ гэдэг эр чинь энэ Хурматбек гуай мөн үү? "Вьетнам бол Японыг удахгүй гүйцэж хөгжинө, тийм учираас бид тэнд асар их хөрөнгө оруулж байна" гэж Мицубиши компанийн нэг тасгийн дарга 16 жилийн өмнө тендерийн орчуулгын завсарт надад хэлж билээ. Яагаад ч юм тэр үг гэнэт санаанд оров.

Soronzon said...

Хурматбек гуай сүүлд Намын дээд сургуулийн захирал болсон доо./буугаад/
Би удахгүй Вьетнамтай холбоотой нэг сонин бичлэг оруулж магадгүй. Тэгвэл танд хэл хүргэнэ ээ.