Saturday, February 21, 2009

Чихинү чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл


Өнөөдөр үндэсний эх хэлээ тэмдэглэх өдөр. ЮНЕСКО-гоос энэ өдрийг үндэсний эх хэлний баярын өдөр болгон ёслож ирсэн уламжлалтай бөгөөд манай улс гурав дахь жилдээ тэмдэглэж байна.
Монгол нутгийн хөрсөн дээр хөх толботой хүмүүний үр болж төрснөөрөө омогшин бахархдаг билээ, би. Хүлэг морьдынхоо туурайгаар дэлхийн талыг тамгалж явсан буурал дээдсийн хойчийг залгамжлагч, ач гучийн хувьд эх түүх, эх соёлоо бишрэн магтаж, сөгдөн мөргөмүү.
“Монголын түүх, соёлын аль эрхэмсэг сайхан, сүр жавхланг төлөөлсөн албан бус элч” хэмээн Энэтхэгийн монголч эрдэмтэн, профессор Раху Вирагийн өндрөөр үнэлж байсан билгүүн номч Бямбын Ринчен абугайн “Монгол хэл” шүлгээр хань татаж энэ өдрийг мялаая.

Монгол хэл

Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригий минь сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!

Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь!

Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан
Өдөр бүр үгсийн эрдэний чинь баярлан түүнэм
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдий чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм!

Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд
Сэлбэлгүй сэцэн оюутан, хэл юүгээн энхрийлэн хөгжүүлье хэмээн
Сэтгэл урмас бадран бахдамуу, үсэн буурал өтгөс би!

Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авьяаст хөвүүд дүү нар, халуун элэгтэн хотлоор,
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдлэж
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан!

Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Б.Ринчен

8 comments:

Arsun said...

Mongol bichgeeree unshihad neg l saihan. Baigaliasaa yum shig.

Өнөржаргал said...

Ийм өдөр байдаг хэрэг үү, сонсож байгаагүй юм байна. Монгол бичгээ хэзээ нэгэн цагт нэг сайхан сурна даа хэхэ

Soronzon said...

Арсланд:
Хэлээд юухэв. Ухаан суухын хэрээр эх хэлээ улам илүү хайрлах юм даа.

Өнөржаргалд:
Өнгөт ертөнцөд сайхан газар олон бий
Өлгий нутгаас минь сайхан газар үгүй
Эрдэм сурахад хэл бүхэн сайхан бий
Эх хэлий минь гүйцэх сайхан хэл байхгүй гэж Ринчен гуай дуу алдсан удаатай шүү, хө.
Насны залууд монгол бичгээ сураад аваарай. Нартын амьдралд тань мөн ч их хэрэг болно доо!
Чамайг амархаан сурч дөнгөнө гэж итгэж байна.

peakfinder said...

Ene neeree saihan shuleg shuu. Surguulid baihdaa ceejilj baisan sanagdana. Buren eheer n' yaj oloyo doo gej baital end baina. Mash ih bayarlalaa.

Arsun said...

Сар шинэдээ шинэлээрэй. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг дэвшүүлье!

Arsun said...

Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг дэвшүүлье!

Unknown said...

За сайхан шинэлэв үү?
Ийм өдөр гэж бас байдаг аа? Мэдсэн бол ч... яах байсан юм бол доо.

Soronzon said...

Peakfinder:
:~)

Арсланд:
Баярлалаа,хө. Сайхан шинэллээ. Сайхан шинэлж, засал номоо хийлгэсэн биз дээ?

Э.Баярсайханд:
Сайхан шинэллээ, сайхан шинэлэв үү?
Мэдсэн бол яах байсан бэ?