Tuesday, April 7, 2009

“Нийслэлээ Хархорумд нүүлгэе”


УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд “Эртний нийслэл Хархорумыг жишиг хот болгон хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэхээр тусгажээ. Олон жилийн турш яригдаж байгаа энэ асуудлыг эрхэм гишүүд хэрхэн яаж шийдэхийг харах л үлдлээ. Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж эхлэх энэ асуудлыг угтан нэгэн сонирхолтой түүх хүүрнэе.

Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргаар 1941-1946 онд ажиллаж байсан Ж.Дүгэрсүрэн гэж нэгэн сайхан эрдэмтэн байлаа. Монгол улсын анхны мэргэжлийн геологч, шинжлэх ухааны доктор энэ хүний мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Тэрбээр Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргаар ажиллаж байх үедээ нэг удаа маршал Чойбалсан дээр орж гэнэ.

-Маршал аа. Манай Улаанбаатар хотын газар нутаг, уух ундны ус юм юм нь яваандаа улсын нийслэл хотын хэрэгцээ шаардлагыг хангахгүй болно шүү. Тиймд эртнээс нүүлгэн шилжүүлэх арга чарга бодож үзвэл ямар вэ?
-Чи чинь галзуураа юу? Олон зуун жилийн үүх түүхтэй нийслэл Хүрээ, ардын хувьсгалын ялалтаар баталгаажсан Улаанбаатар хотыг нүүлгэнэ гэнээ? Тэгээд чиний бодлоор хааш нь нүүлгэх гэж?
-Миний бодлоор бол эртний түүхт Хархорум хотын зүг нүүлгэвэл зүгээр болов уу. Түүхэн уламжлалаа бодсон ч, яваандаа өсөн дэгжих, өрнөн тэлэх газар нутгийн хэмжээ дамжаа, цэвэр усны нөөц зэрэг олон талаас нь бодсон ч нийслэл хотоо Хархорум руу нүүлгэх нь зүйтэй мэт санагдах юм.
-Аа тийм үү? Яасан их юм санаархдаг юм бэ, чи. Одоохондоо бидэнд улсын нийслэлээ нүүлгэж байх эдийн засгийн боломж, хүн хүч, хөрөнгө мөнгө гээд юм юм алга. Байсан ч одоо бол цаг нь биш. Дэмий юм санаархаж явдагаа боль! гэжээ. Одоогоос 70-аад жилийн тэртээ ийм нэгэн яриа болсон тухай Ж.Дүгэрсүрэн гуайн хүү ЭТНН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Д.Билэгт хуучилсан юм. Мөн энэ тухай сэтгүүлч С.Цэрэндорж агсан “Аавын алтан судар” номдоо дурсан бичсэн удаатай ажээ.

Эх орныхоо бүх аймаг, сумдаар хөндлөн гулдгүй “тэнэж”, эрдэс баялаг, алтны уурхай, геологийн зураглал, нефтийн шинжилгээ зэргийн эрэлд бүхий л насаа зориулсан Ж.Дүгэрсүрэн гуай холын бодолтой, алсын хараатай хүн байжээ. Ирээдүйг урьдчилан харж, зөгнөн хэлж байсан түүний үгийг эдүгээ цагийн улс төрчдийн сонорт хүргэмээр санагдлаа.

Монголын анхны геологч, доктор Ж.Дүгэрсүрэнгийн “Нийслэл хотоо Хархорумд нүүлгэе” гэж ХХ зууны дөчөөд онд хэлж байсан үг XXI зууны эхэнд ахин цууриатаж байгаа нь санамсаргүй хэрэг биш болов уу?

8 comments:

Anonymous said...

Хархорумыг Silicon Valley болгох хэрэгтэй.

arsun said...

Нийслэлээ нүүлгэсэн жишээ их л байх юм. Хождог юм биш үү.

peakfinder said...

Bi bas nuusen n' zov gej boddogoo. Nuulee geed Ulaanbaatar hoosrohgui bolovch hun amiin boognorol tuuntei irdeg muu ur dagavar bagasaad saihan bolchih yum uu gej sanadag.

MW said...

Элбэгээ л нэг хэсэг Хархорумд очиж амьдарна. Сайхан болгоно гээд байсан, юу болсон юм бол доо зайлуул.

badrangui said...

101 хувь дэмжиж байна.. шинэ нутагт буух ямар сайхан билээ дээ... юм болгон шинэ...

badrangui said...

soronzon... ta ter Dygersyrengiin Bilegttei namaig taniltsuulj ugnu yy...

Daanjuur Ruujnaad said...

Sain baina uu. Tany bichseniig bayanmongold oruullaa shuu.

Soronzon said...

Үлмэдэхэд:
Дэмжиж байна аа.

Arsun;
Дэлхийн түүхээс харж байхад хожоод л байх шиг...

Peakfinder:
Манай талын хүн байна шүү, ккк.

MW:
Сонгуулийн сурталчилгааных нь үеэр л асуу даа, хө.

Бадрангуйд:
Ирэх 7 хоногт гадаадаас ирэхээр нь танилцуулж өгье өө.

Даанжуурт:
Тэгээ хө. Дүгэрсүрэн гуайн тухай энэ бичлэгийг ч авч болно шүү.