Saturday, August 8, 2009

Халхын голын байлдааны медаль /1940, 1966/


1939 оны таваас есдүгээр сард БНМАУ-ын дархан хилд халдан довтолсон Японы эзлэн түрэмгийлэгчдийн довтолгооныг Монгол-Зөвлөлтийн армийн дайчид Халхын голын районд бутцохин баатарлаг ялалт байгуулсан билээ.

Халхын голын ялалтын дурсгалын тэмдэг гаргах тухай Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1940 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 44-р тогтоолын II зүйлд заахдаа: "Халхын голын байлдаанд эх орныхоо төлөө баатарлагаар тэмцэж Японы эзэрхэг түрэмгийчүүдийг бутцохих хэрэгт оролцон зүтгэж явсан бүх дарга, цэрэг, бусад ажилчдад тусгайлан олгох Халхын голын ялалтын тэмдэг гаргахыг Цэргийн явдлын яаманд даалгасугай" гэжээ.

БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1966 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн 181-р зарлигаар Халхын голын ялалтын тэмдгийг "Халхын голын байлдааны медаль" гэж нэрлэх болсон байна. Уг зарлигт зааснаар 1939 онд манай эх орны эрх чөлөө, тусгаар тогтнолд халдан довтолсон Японы түрэмгийлэгчдийг МАХЦэрэг, Зөвлөлтийн улаан армитай хамтран Халхын голын районд бутцохисон баатарлаг үйл явдлыг тохиолдуулан гаргасан дурсгалын тэмдгийг "Халхын голын байлдааны медаль" болгож, түүний анхны хэлбэр маягийг өөрчлөлгүй шинэчлэн гаргажээ. Энэ зарлигаар Халхын голын байлдааны медалийн дүрэм, тодорхойлолт гэж тусгай зүйл гаргаагүй боловч лент-торгон туузыг шинээр буй болгосон байна.

5 comments:

ganga said...

Ahmad daichdiin aldar gaviyag uguisgehgui. Gehdee Halh goliin daind ami aldsan hunii toogoos, dainaas omno japan tagnuul gej helmegduulsen seheeten, yazguur ugsaatai hunii too hol davdag ni gol gonsoilgodog.

Soronzon said...

Тэр тал дээр би ч таньтай санал нэг байна. Гэхдээ Халх голын ялалт, хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр... хоёр тусдаа асуудал болохоор жич ярих нь зөв болов уу даа?!

Ganga said...

1931 оны хавар Чжень Цзя Тун гэдэг газар ар арван найм, өмнө 49 хошуу ноёдын хуралдайд Манж-го улс байгуулах эсэх талаар санал асуулга болжээ. Буриадууд Октябрын хувьсгалаас болж төрлөх нутгаа орхисон, олон монголчууд лам нар чингисийн удмыг хөнөөж буй хэлмэгдүүлэлтээс зугтан Хөлөн буйрт ирсээр байсан үе тул Монголын сурвалжит язгууртнууд болон буриадууд хувьсгалчдаас цэрвэж, тэднээс болгоомжилж байв. Зарим нь атаман Семенов, Японы хөөргөдөж байсан бүх монголчуудыг нэгтгэн Их Монгол Улс байгуулах Нармай Монгол үзэлд итгэж байсан байж болох юм. Олон хүн цагаан оросууд, японуудын Панмонгол үзэл, монголчуудын эрх ашгийг хамгаалахаас илүү тэдний өөрсдийн атгаг зорилгод үйлчилж байгааг ойлгож байсан байх. Өргөн сонголт байгаагүй. Ямар ч байсан, үнэмлэхүй олон Манж-го улсыг байгуулахыг дэмжсэн санал илэрхийлсэн байна. Квантуны арми 1933 оноос Халх гол, Буйр нуурын орчим хилийн хэмжилт хийж эхэлжээ. Хилийн шугам зөрчих өдөөн хатгалга тогтмол гардаг болсон Манж-го БНМАУ-ын хооронд хилийн зөрчлийг зохицуулах үүднээс хилийн шугамыг тодотгох бага хурал товлон хуралдуулжээ. Энэхүү бага хурал хэдэн жилээр сунжирсан: Анхдугаар бага хурал 1935 онбы тавдугаар сард эхэлж завсарлагатай хагас жил үргэлжилжээ; хоёрдугаар бага хурал 1936 оны арван сард; гуравдугаар бага хурал 1937 оны найман сард тус тус хуралдсан байна. Хилийн шугам тодотгон шийдэх асуудал даруй Халхын голын дайны дараах дөрвөн талын (1940.08-1941.06) хэлэлцээгээр шийдэгдсэн юм.
Чухамдаа Манжуурт японууд ийнхүү идэвхжиж эхлэхтэй зэрэгцэн, Монголд тэргүүний хүмүүсийг хавчин хяхах ажиллагаа эхэлсэн билээ. Монголчууд 1932-1937 оныг цуст хэлмэгдүүлэлтийн он жилүүд гэж мэддэг. Японы тагнуул гэсэн нэр зүүлгэн сурвалжит гаралтай хүмүүсийг, эрдэм номтой том хэргэмтэй лам нарыг баривчилж, хүчээр хэрэг хүлээлгэн буудан алж, уламжлалт сэхээтнүүдийг устгав. Дараа нь шинээр төрж гарсан боловсролтой хүмүүсийг хэрэгт хамруулж, тэрч байтугай Герман, Францад суралцаж байсан оюутнуудаа эргэн татаж, шоронд суулган шийтгэв. Бүгдэд нь „японы тагнуул“, Нармай Монгол үзлийг талархагч „үндсэрхэг үзэлтэн“ гэсэн нэр хоч өгч байв. Нөгөө талд японууд бас хилийн бага хуралд оролцож байсан өөрсдийн төлөөлөгч Лин Шин, Хуалинтай нарыг монголчуудтай хуйвалдлаа, эх орноосоо урвалаа гэж цаазаар авч байв. Гэвч 1937 онд болсон МАХН-ын ТХ-ны III бүгд хурал хилийн хэлэлцээнд оролцсон төлөөлөгчөө бүх бүрэлдэхүүнээр нь буруутган шийтгэжээ . Хамгийн хөгийн нь ерөнхий сайд Гэндэнг Японы талын хилийн хэлэлцээний төлөөлөгчидтэй харилцаа байгуулж байсан мэтээр буруутгасан явдал байлаа. Яриа хэлэлцээр Монгол Манж-гогийн хооронд бус Зөвлөлт Холбоот Улс Япон хоёрын хооронд явагдаж байгаа тул хилийн бага хурал үр дүнд хүрэхгүй мухардалд орж байгаа. Монгол энэ хоёр орны дундах тоглоомын хөзөр гэж тэрээр өөрийн бие даасан үзэл бодлоо шулуухан хэлсэндээ л буруудсан юм. 1937 оны намар “Гэндэн Дэмид нарын хэрэг” гэгч зохиомол хэрэг үүсгэн төрийн албаны дээд тушаалын хүмүүс, ардын армийн том тушаалын офицеруудыг олноор баривчилах үйл ажиллагаа эхэлжээ.Халхын голын дайнд японууд ялагдаж, коммунистуудад элдэв хэрэг зохиомлоор үүсгэн өөрийн ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдэх шаардлагагүй болж, дайны төгсгөл хэлмэгдүүлэлтийг бас эцэс болгосон юм.


Цэдэндамбын Батбаяр “Монгол ба Япон ХХ зууны эхэн хагаст”, УБ, 1998,
Цэдэндамбын Батбаяр “Монгол, Манжгогийн хилийн хэлэлцээ”, УБ, 2004

Ganga said...

Uuchlaarai urtaas urt coment bolchihloo. Halh goliin daini tuhai bichsen iltgeliin hesgees oruullaa. Ts.Batbayarin deerh 2 nomoos ish tatsan zuil minii bichlegt bas baigaa tul nomiin neriig havsargav.

Soronzon said...

Манай түүхийн хар бараан зурвас үеийн тухай сонирхолтой сайхан лекц уншсан Ганга эгчдээ баярлалаа.
Ц.Батбаярын "Монгол ба Япон ХХ зууны эхэн хагаст" ном нь надад бий. Харин нөгөө ном нь байхгүй юм байна. Олж авч уншнаа.
Би удахгүй хэлмэгдүүлэлттэй холбоотой нэг бичлэг оруулна. Та уншаад санал бодлоо хэлвэл тун их талархах байна.