Saturday, October 31, 2009

“ТУНГАЛАГ ТАМИР” романаас түүсэн шүр сувд-II


...Монгол хүн гэж ярихын тул монголын төлөө цохилох зүрхтэй байх хэрэгтэй.
265 тал

...Ногоорсон ургамал, өнгийн цэцгээр чимэглэгдсэн хорвоо хөхөөн дуу юутай сайхан бэ? Мандах наранд түмэн зүйлийн өнгө бадарсан урт амыг уруудан Хуягийн захирсан Хатанбаатарын магнайн тавин цэрэг цувран явлаа.
265 тал

...Өөртөө байхгүй нинжин сэтгэлийг бусдаас горьдсоны хэрэггүй.
269 тал

...Төмөр хэсэг дуугүй сууснаа:
-Би ядарсан хүнд тус болж байна гэж нам дуугаар хэлэв.
-Одоо үед таны тэр тус бол хор. Та өнөөдрийн аяга хоолыг залгуулж өгөөд, маргаашийн нь жаргалын хүсэл эрмэлзлийг мохоож байна. Хар тамхи татахад нэгэн үе бүх зовлонг умартаж, хоосон жаргалын хий мананд умбадаг боловч үнэндээ цогц бие нь ялзарч байдаг гэж Хуяг хэлэв.
270 тал

...-Та Долгорт дэндүү хатуу сэтгэл гаргасан бололтой гэж Сүхбаатар хэлэв.
-Намайг доромжилсон шүү дээ.
-Хатуу амьдрал, гэмт хэрэг ч хийлгэдэг юм шүү! Тэр хөөрхий эмэгтэйн буруу биш ч байж болно. Та сайн бодоорой гээд Сүхбаатар гарлаа.
273 тал

...Улааныхан дийлсэн гэнэ гэсэн үг Итгэлтийг анхандаа үлэмжхэн сандруулав. Учир нь улаан бол юмтай хүнийг үзэж чаддаггүй улс гэж хэлсэн Павловын үг санагдав. Чингээд алт, мөнгө мэтийн үнэтэй юмаа хадны хонгилд нууж харин малаа яах ч аргагүй байв.
316 тал

...Итгэлт, Итгэлтээ алдаагүй цагт хүслээ биелүүлж заавал чадна.
317 тал

..Итгэлт голомт сахих ганц хүүдээ хязгааргүй хайртай бөгөөд энэ хөрөнгийг түүний төлөө цуглуулсан. Эзэн нь зөвхөн Хонгор гэдгийг хүүдээ ойлгуулж, хөрөнгөндөө баясан бахархах сэтгэлийг зүрхэнд нь хадаж өгөхийг хичээдэг билээ.
318 тал

...Зовлонгийн цагт гардаг нулимс, баярын цагт бас гардаг болохоор учрал, уулзалтын гүн баярт умбасан эцэг хүүгийн аль алины нүдэнд баярын нулимс цэлгэнэн, дуугарч ч чадахгүй ширтэлцэн хэсэг зогслоо.
324 тал

...Итгэл шиг сайхан юм хаа байх вэ? Итгэлтэй цагт хүн ухаантай ч, хүчтэй ч байдаг. Итгэлээ алдсан хүн хий нь гарсан нойтон гүзээ шиг болдог.
327 тал

...Зовж гуньсан сэтгэлд хорвоо бүгчим, явцуу бөгөөд дээрэнгүй байдаг бол баяр жаргалаар дүүрсэн сэтгэлийг орчмын юм бүхэн чимж дэлгэр уужим болгодог билээ.
332 тал

…Өөрөөсөө дор гэж бодож явсан хүн дээр болоход зарим хүнд атаархах сэтгэл үүсэн гарч хайрлан үзэж байснаа дайсагнан үздэг удаа бишгүй байдаг. Ер нь ч хорвоогийн атаа жөтөө үүнээс үүсдэг билээ.
333 тал

...Ер нь хүн бүхэн уйлдаг бөгөөд Төмөр ч бас уйлдаг билээ. Гэвч энэ бол нулимсгүй битүү уйлалт. Хэрэв нулимстай уйлахад гуниг гашуудал гадагш гардаг бол нулимсгүй уйлахад гуниг гаслал нь зүрхэнд нь орон тарж шингэдэг юм. Энэ учраас хүчтэй сэтгэлийн битүү уйлалт бол хүнд ч, даацтай ч байдаг шүү дээ. Хөнгөн сэтгэлийн гуниг хөнгөн байдгийн адил, их сэтгэлийн гаслан их гүнзгий байдаг болохоор хүүгээ бодсон Төмөрийн зовлонг зөвхөн Төмөрийн зүрх сэтгэл л давж гардаг юм.
336 тал

...Салсан сарнисан улсын уулзалт шиг сайхан юм энэ орчлонд юу байх билээ. Энэ учрал нь хагацал гашуудлаар дүүрсэн Батын сэтгэлд баярын хур, жаргалын цэцэг буй болгов. Баярласан сэтгэл нь барьцгүй гуд татуулсан бөхийн гар шиг зүг бүхнээс тэмтэрч уйлах, инээх зэрэгцэн сарвалзана.
357 тал

...Хэн ч хазгай гишгэж болно. Гэвч юуны өмнө түүнийг татаж авахыг хичээдэг юм. Энэ бол хүний ёс. Гэтэл ах нь хазгай гишгэсэн эхнэрээ татаж авахын оронд түлхэж орхисон байв. Талд үлдсэн өнчин ишиг шиг хоцорсон Долгорын ганц найдлага болсон хүү нь бас түүнийг орхин алга болжээ. Энэ учраас Долгорын бүх зовлонгийн эзэн бол эцэг хүү хоёр гэж Төмөр бодож байлаа. Төмөр ингэж ч бодох эрхтэй хүн. Хэрэв хүний эхнэр болоод байсан Дулмааг түлхэж орхисон бол Дулмаа ч жаргахгүй. Төмөр ч жаргахгүй байсан. Харин Дулмаагийн аргагүйн эрхэнд хийсэн гэмийг уужим сэтгэлээр уучилж чадсанаар одоо тэр хоёр бие биеийн сэтгэлд гандашгүй цэцэг болон хамт яваа ажээ.
358 тал



/Үргэлжлэл бий/

2 comments:

Ганаа_бж said...

Ёстой гайхалтай байлаа. Ойрд уншаагүй болохоор сэтгэлд гэрэл цацрах шиг л боллоо. Энэ нээрээ ёстой мундаг зохиол шүү. Одоо хүртэл утга агуулга нь огт хуучрахгүй...
Нэвтрүүлгийн бичлэгийг үзээд, цааш нь бас яаж даварсан гээч... Ю-тюб-д оруулсан "Өглөө" киноны эхний хэсгийг үзэж, алтан үеийн жүжигчдийн залуу сайхан дүрийг харж бишгүй л биширлээ, хө. "Төрд хэрэгтэй зайран", "Хавчиг Луузан" гээд акулуудаас эхлээд Цэндээхүү гуай, Лхасүрэн гуай, Гантөмөр гуай, "Галзуу Бумаа" Цэвээнжав гуай, "Ягаан Гажид", "Сэлэм Тогмид" ... ямар гоё харагдаж байнаа... Сүхбаатар жанжныг Дашнамжил гуайгаар, Богд хааныг Нямын Цэгмид гуайгаар л төсөөлдөг байж шүү дээ...
"Тунгалаг Тамир" киноны гол дүрүүд амьд сэрүүн байгаа нь сайхан харагдаж байна шүү. Цэвэлсүрэн гуайгаас бусад нь үндсэндээ байх шив дээ...
Андад баярлалаа. Үргэлжлэлийг нь хүлээж байна шүү.

. said...

...Өөртөө байхгүй нинжин сэтгэлийг бусдаас горьдсоны хэрэггүй.
269 тал

gesen ni yamar unen buguud saihan ug ve