Thursday, November 5, 2009

Эр хар нулимс төмрийн үртэс мэт бутарнам


“ЗГМ” сонины 1997 оны наймдугаар сарын 29-ний дугаарт сайн анд Болдтойгоо хийсэн “Би зүүдээрээ зурдаг” ярилцлагадаа “Аав чоно” гэдэг зургийг нь хэвлүүлж билээ. “Эцэг чоно” гэхээ яасан юм бэ? гэхэд минь “Чи наадхынхаа гарыг нь хараач дээ” гэсэнсэн. Нээрээ л “эцэг” гэдэг үг дэндүү хуурай сонсогддогоос “Аав” гэсэн үгийг сонгож. “Эцэг” гэхээр өмнө нь “хойд” гэсэн үг хэзээний л хавчуулагдаад “Хойд эцэг” гэсэн бас л хуурай хөндий холбоо үг үүсгэчихдэг болохоор ч тэр юм уу.

Чухамхүү Аавын гар учраас л тэнгэр цөмөрсөн ч сэрэхээргүй амгалан унтаж буй бэлтрэгнийхээ биен дээр тийм зөөлхөн, тийм гүн хайртай, гүн энхрий тавиастай байгаа хэрэг. Харин чоно, хүн хоёрын аль нь араатан нь үл танигдах сөргөлдөөнт орчлонгийн шингэж буй хуучин сарны хурц хавирган үзүүр дор бэлтрэгнийхээ амгалан нойрыг манан, сэртэлзэн, сэрвэлзэн суугаа тэр аав чонын дүр төрх өөрийн эрхгүй Болдын минь дүр байсаан. “Энэ бол чи шүү дээ” гэж амьдад нь би хэлж зүрхлээгүй ээ. Эхийнх нь оролцоогүйгээр ганц хүүгээ өсгөн өндийлгөх гэж шар махтайгаа хатаж явсан гоонь эрд энэ үг яаж тусах байснаас жийрхсэн хэрэг. Гагцхүү өөрийгөө л зурж дээ гэдгийг би ойлгож явсан билээ л…

Нэг нь Болд минь, нөгөө нь чоно л болохоос биш гадна төрх нь ч. Арай илүү ухаантай нь л энэ хорвоог эзэгнэх учиртай гэсэн юм шиг. Болдын маань зурсан уран зураг дээр ч, зураасан зураг дээр ч, офортууд дээр ч дүр бүр нь дандаа өөртэй нь адилхан гардаг нь юуны учир вэ? Үүнийг судлаад, тайлбарлаад өгөх хүн байна уу, та минь ээ? Хөлийг нь бас хараач! Зөвхөн гишгэж яваа газар дэлхийгээсээ л амьдралын хүчээ олдог, эхийн хэвлийгээс чарлан унасан эх дэлхийгээсээ л амин дэмээ олдог юм гэсэн шиг тавхай нь хичнээн урт байгааг ажаач! Ер нь Болдын минь зурган дээр үлдсэн хүн ч, чоно ч, буг чөтгөр, сахиулсан тэнгэр ч ялгаагүй дандаа л ийм урт тавхайтай байдгийн учир шалтгааны ухаан харанхуй бүдүүлэг бидэнд юу шивнэнэм бэ?

Хэн ч төсөөлөмгүй, түүнээс өөр хэн ч зүүдэндээ үзээгүй там, диваажин хоёр зөвхөн түүний зургуудад л бараг иж бүрнээрээ тусгалаа олсон. Тэр бүхэндээ бас хэдэн шад шүлэг шигтгэдэг байсан. Энэ нь түүний сэтгэхүйн хязгааргүй орчил, бясалгалын туйлын дээд илрэл болон үлдлээ. Ерөөс бясалгалын туйлд хүрсэн хүн л амьдралын мөн чанарыг ойлгодог гэж дорнын гүн ухаан сургадаг гэнэ. Амьдралын мөн чанарыг ойлгосон хүн идэх, өмсөх, хэрэглэх, тансаглахыг хойш тавиад хүний сэтгэлийн гүн рүү улам гүнзгий нэвтрэхийг хичээж, чиглэсэн замаараа улайран зүтгэдэг ч юмуу даа.

Болд минь яг л тийм хүн байж дээ. Там, диваажин хоёрын харгалдаан, хар, цагаан хоёрын өрсөлдөөн, буян, нүгэл хоёрын сөргөлдөөн, буруу, зөв хоёрын шүргэлцээн Болдын минь хулдаасан хийгээд төмөр барын зургууд, тосон будгийн бүтээлүүдэд нэвт шингэн үлджээ. Тэр минь өөрийгөө ч үл хайхран олонхи зургаа найз нөхөддөө бэлэглэчихсэн. “Салсан ч гэсэн амраг минь юм шүү дээ” гээд хөлчүү нулимсаа унаган байж “Үнэний хорвоо-1”, “Үнэний хорвоо-2” үзэсгэлэнгүүдээрээ борлуулсан зарим зурагныхаа үнийг эхнэр нь байсан бүсгүйдээ өгөөд л явуулчихна. Дорнодод цэргийн алба хашиж байхдаа л авч суусан, салаа замын жолоогоо алдан салан одсон, миний ч сайн танил, сайхан бүсгүй Долгормаа нь хариуд нь нь уйлан хайлах нь холгүй “Чи өөрөө ганц аятайхан костюм аваад өмсчихөөч дээ” гэхээр бараг л уурлах нь холгүй хөөгөөд явуулчихна. Тэгээд л үлдсэнийг нь хэдэн зураач, найрагч нөхөддөө архины мөнгө гээд тараачихна. Эсвэл оргиналь эхээр нь хэдэн зургуудаа бэлэглэчихнэ. Нэг нь л тавь, жаран ногоон хүрнэ байх. Одоо харин төмөр хэв нь аав, хүү, дүү нарт нь олдвол заяа.

Аль наяад оны эхээр Дорнодын хилийн цэрэгт байхаасаа л нөхөрлөж, анхны минь шүлгийн “Ялалтын симфони” номын хавтасны зургийг зурж өгснийхөө дурсгал болгож “Аав чоно”, “Шөвгийн дөрөв” төмөр барын зургуудаа жинхэнэ эхээр нь надад хадгалуулсан нь гэрээ, түрээсийн, алба, амины мөн ч олон байр солиход хананаас минь огт салсангүй. Эцсийн эцэст нэг юм өөрийн гэсэн байртай болоход минь “Үдшийн хөөрөлдөөн” хэмээх уран зургаа дурсгасан нь одоо ч намайг шоолох мэт түүн дээрх хоёр бүсгүй гэрийнхээ сүүдэрт аальгүйтэн, аяга ёроолдох нь харагдана.

Болд шиг минь хар багаасаа төмөр барын /офортын/ уран бүтээлд амьдралаа тэр чигээр нь зориулж, амь биеэ золиослосон хүн Монголд гараагүй л байна. Офорт шиг биед хортой, нарийн технологитой, офорт шиг чимхлүүр зургийн төрөл байхгүй. “Шөвгийн дөрөв” зэрэг агуу зураг нь бүр өнгөтэй гээч. Офорт зургийг өнгөтэй бүтээдэг хүн дэлхий дээр байдаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд, лав л Монголд байхгүй. Офорт шиг хортой, офорт шиг гайхалтай чимхлүүр уран бүтээлдээ бүхий л амьдралаа зориулаад, эцсийн амьсгалаа ч урландаа хураачихаж. Ердөө л хоёрхон сарын өмнө “Үнэний хорвоо-2”-оо гаргаж монголын уран зургийн ертөнцийг донсолгож явсан хайран сайхан нөхөр минь. Хоёр гар нь хэвлэлийн будагтай чигээрээ… 39-хөн насандаа… Зураг сийлсэн цинкэн хавтангаа идүүлдэг чанамал жимсний шилтэй азотны хүчил хажууд нь таг нь онгорхой чигээрээ үлдэж. Ажилдаа улайрсаар хүчлийн ууршилтанд хордчихсон бололтой гэнэ. Хайран сайхан уран бүтээлч нөхөр минь. Яая гэхэв, одод тэнгэртээ л харван, тэнгэртээ л замхарч, янгирын тэх цохион дээрээ л мөнхөрдөг гэнэм. Болд минь өөрөө ч бас л янгирын тэхтэй адилхан сүрлэг сайхан, өндөр янхигар эр байсансан…

Амьдад нь түүний агуу сууг мэдээгүй гэхэд хилсдэхгүй. Харин энэ орчлонгоос цаг бусаар халин одсон хойно нь “Монголын офорт Болдоор тасарлаа” гэж олон зураач харуусан үглэхийг нь сонсоод эр хар нулимс минь төмрийн үртэс шиг бутарнам зэ. Сод хүний агуу нь үхсэн хойно нь мэдэгдмой. Харин би “Монголын офорт 100 жилээр тасарлаа” гэж харуусан хашгирсаар, уусаар, уйлсаар… Эр хар нулимс минь төмрийн үртэс шиг бутарсаар…

Түүний маргашгүй авьяасыг амьдад нь үнэлэх хүн бас байсаан. Занабазарын музейн захирал агсан Даашка ах маань, анхных нь үзэсгэлэнг үзээд толгой сэгсрэн биширсэн “Ил товчоо”-ны Аким ах, Гүрж.Нямдорж минь байна. Өөрийн үзэсгэлэнгээ гаргах бүрий Болдын минь зургуудыг “чирэн очиж” француудыг бишрүүлдэг хавтгай зургийн сод бүтээлч Бадам бүсгүй байна. Даанчиг л бас цөөхөн санагднам зэ. Гэвч миний мэдэхгүй бишрэн шүтэгчид нь сонин хэвлэлээр дуугарах биз ээ. Цаг хугацаагаар шавхийн шавхуурдуулах тусам Болдын минь зургуудын гүн бясалгал, хурц тод хэллэг, нээлттэй цагаан сэтгэлийнх нь эмгэнэл мөнхийн бус амьдралын хорвоод нэгийг сануулнам бус уу!

Зураач агсан найз Жамсранжавын Болдынхоо хамгийн сүүлчийн бүтээлийг уншигч
авгай лугаа толилуулж байна. Анд минь “Шөвгийн дөрөв” хэмээх энэ төмөр барын өнгөт зурагтаа монгол бөхийн дотоод ертөнцийг барим тавим илчилж уран сайхны хэтрүүлгийг ёстой л нэг донжийг нь олон гаргаж дээ. Бараг л өнөө үеийн бөхчүүдийг нэрлээд хэлчихмээр байгаа биз?

Жич: Сэтгүүлч, орчуулагч Ж.Нэргүйгийн “Хүмүүсийн тухай роман” хэмээх номоос авлаа. Зохиогчоос нь албан ёсоор зөвшөөрөл авсан болно.

Энэхүү дурсамжийг уншин суугаа эрхэм таныг 11 сарын 13-ны өдөр ХААН банкны галерейд нээгдэх зураач Ж.Болд агсаны уран бүтээлийн үзэсгэлэнд морилон ирэхийг урьж байна.

4 comments:

Namjilsuren Nyamsuren said...

заавал очноо.
уран бүтээлч хүний уран бүтээл л үлддэг нь сайхан юмдаа.

tagtaa said...

zaaval ochnoo. nodnin usen l de. ene jil ahid uzehdee ahiad l bayartai baih bolno. J.Nergui guai mon l mundag hun shuu.

bluefire said...

er hunii nulims zangirch zangirch baij "tal" dusliig gav gashuunaar gardag baih daa. Sain ni ehleed yavdag l gene, busdad hairtai, uurtuu nairgui yavsaar tegdeg yum bolov uu?

respect said...

Mash saihan bichleg baina, saihan dursamj bichjee. Bayarlalaa.