Thursday, November 12, 2009

"Цэнхэр дээлээ өмсөөд цэцэрлэгтээ очно доо..."


Өнөө өглөө охин маань босч ирмэгцээ ингэж хэлж байнаа.

-Аав аа, би хэзээ цэцэрлэгтээ явах юм бэ?
-Миний охион, танай цэцэрлэг ажиллахгүй байгаа шүү дээ.
-Яагаад?
-Ханиад томуу гараад цэцэрлэгийг чинь хаасан. Тэгээд танай ангийн хүүхдүүд бүгдээрээ чам шиг гэртээ байгаа шүү дээ.
-Манай ангийн Билгүүн, Марлаа, Оюун-Эрдэнэ, Анарбат, Номин эд нар чинь явж л байлаа шүү дээ. Зурагтаар гарч байна лээ.
-Тэр чинь танай ангийн хүүхдүүдийн зургийг бүүр урьд нь авснаа гаргаж байгаа байхгүй юу.
-Би гэртээ байгаад байхаар чинь өвлийн өвгөн аав ирээд надад бэлэг өгөхгүй явчихвал яах юм бэ?
-Тэгэхгүй, миний охион. Удахгүй энэ ханиад томуу дарагдахаар шинэ жил болно. Тэгээд танай цэцэрлэгт өвлийн өвгөн аав ирээд миний охинд бас ангийнх нь хүүхдүүдэд бүгдэд нь бэлэг өгнө шүү дээ...

Энэ муу ёрын ханиад томуунаас болоод охин маань хөл хоригдон цэцэрлэгтээ явж чадахгүй болоод байна. Найз нартайгаа тоглож наадаж чадахгүй болохоор их л бухимдуу байх шиг. Энэ цэцэрлэг гэдэг чинь буянтай сайхан газар юм байна шүү. Ажиллахаа болихоор нь л ач тусыг нь ойлгож сууна. Ингэхэд цэцэрлэг гээч зүйл Монгол оронд хэдийд үүссэн юм бол оо?

...1929 онд Улаанбаатар хотноо Эрүүлийг хамгаалах газрын дэргэд байгуулагдсан “Багачуудыг асран хүмүүжүүлэх газар” юм. /оросоор детский сад/ Үүний анхны эрхлэгч нь Монголын ууган их эмч Дашийн Сэржмядаг гэдэг/оросоор Дашеев гэдэг байсан/ буриад эмэгтэй байв. Энэ газрыг 6 орон тоотой, цалин /3377 төг/, бичгийн хэрэглэл /110 төг/, гэрэл түлш /2564 төг/, хогшил /516 төг/, элдэв зардал /3903 төг/ бүгд 10460 төгрөгийн төсөвтэй байгуулжээ. /1929 оны сүүлийн хагасын төсөв/

Анхны ажилчид нь Карма /сургагч сувилагч/, Сударченко /эмнэлгийн сувилагч/, Сэвжидмаа, Норов, Ханджав асрагч, Надмид /угаагч цэвэрлэгч/, Гэндэн /галч манаач/ нар байжээ гэж “Эрүүлийг хамгаалахын домогт сайд. УБ.2008/ номд дурьдсан байх юм.
Тэгвэл энэ жил чинь манай оронд цэцэрлэг хэмээх байгуулага үүсч байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байгаа юм байна шүү дээ.
Эцэг эх бидний нуруун дээрх ачааг хөнгөлөгч
Ясли цэцэрлэгийн яруу алдар бадрах болтугай!

...Монгол шуудангийн түүхэнд хүүхдийн зурагтай хэвлэгдсэн захидлын дугтуй, картмаксимум, ил захидал тун олон бөгөөд түүний нэгийг дээр толилуулав. 1961 онд фото эвлүүлгийн аргаар хийсэн хар цагаан уг ил захидлын нэр нь “Баясгалант хүүхдүүд”. Манай орны хүүхэд багачуудын өмсөж зүүж байсан хувцас хунар, үс гэзэгний засалт, тоглож наадаж байсан тоглоом наадгай зэрэг нь дөчөөд жилийн тэртээ ямархуу байсныг дээрх ил захидлаас харж болно.

Маамуу нааш ир
Манайд хоёулаа тоглоё
Аав ээж хоёрын
Авчирсан тоглоом бий шүү гэх буюу,

Тогоруу янзын хүүхэлдэй
Тоодог бяцхан ангаахай
Ойн хүрэн баавгай
Олон янзын шувуунууд гэдэг ч юм уу эсвэл,

Цэнхэр дээлээ өмсөөд
Цэцэрлэгтээ очно доо
Баавгайтай чихрээ аваад
Бамбарууштайгаа хуваана даа гээд л цангинуулж байсан байх даа, эдгээр жаалууд. За би ч дутах юу байхав. Охинтойгоо нийлээд хангинуулж өгнө өө. Цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн ажлыг “сайн дураараа” хийхээр шийдсэн аав гуай блогтоо хэдэн дуу орууллаа. Алив бүгдээрээ нэг цэнгэн хөгжилдийл дөө. Анд нар минь, хүүхэдтэйгээ хамт наашаа дөхөөд сууцгаа.
Амны хаалт цаашаа, ая дуу наашаа!



3 comments:

бж said...

Сайн уу, дуу хөгжмийн багш аа, хэхэ.
Гарын доорхи материал гээд Ю-тюбдэж хичээлээ зааж байгаа юм уу? Аль цэцэрлэгт байхдаа л сурч байсан дуунууд мартагдахгүй юм даа.
Цэцэрлэг үүсч хөгжсөн үүх түүхий нь бас олоод биччихдэг сүрхий багш шүү.
Тэр 60-аад оны хүүхдүүд хөгжилтэй харагдаж байна. Сонирхуулахад, манай ээжийн 3-4 настайдаа хотод анх ирээд байх үеийн зураг гэж үнэн панк зураг байдаг юм. Ээж маань халзан, яг тэр зурган дээрх хүү шиг урдаа хэдэн үстэй... Тэр үс чинь бас нэртэй байхаа, юу гэдэг билүү, санахгүй байна... Ээж биднээс өөр хүнд бол өөрийнхөө зураг гэж хэлдэггүй юм. Гэхдээ төрхөөрөө шууд танигдана л даа... ккк.
Муухай томуу бушуухан дарагдаж охин нь цэцэрлэгтээ явах болтугай. Хүүхдүүд уйдаж байгаа, аргагүй... Гэснээс цэцэрлэг чинь хүүхдэд маш хэрэгтэй, манай найзын хоёр хүүхэд гэртээ эмээ өвөөтэйгээ өссөн, сургуульд ороод нэг хэсэг амаргүй байсан гэсэн...

Namjilsuren Nyamsuren said...

http://www.youtube.com/watch?v=MD6Swon5z0w

Namjilsuren Nyamsuren said...

яг л манай 3н зулзага шиг харагдаж байна. Одоо сайхан өвөө эмээ нар болоо байлгүй дээ.
хөдөө бол ийм юм байгаагүй гэсэн ихэнх айлууд их ядуу хүүхдүүд нь зуны цагт шалдан шахуу, намар нилээд орой болсон хойно гутландаа ордог байсан гэдэг.