Saturday, June 27, 2009

Эрээнцавын найрагчийн эротик шүлэг


Саяхан эмнэлэгт хэвтэхдээ яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүйн “Хүмүүсийн тухай роман” хэмээх шинэхэн бүтээлийг зориуд авч хэвтсэн юм. “Хүмүүсийн тухай хөрөг нийтлэлүүд, уран бүтээлээр нь босгосон эргэцүүллүүд, дурсамж сэлтэс оршвой” гэх титэм үгээр тодотгосон эл ном “Газрын хүмүүс, Тэнгэрийн хүмүүс, Янжинлхамын үр сад, Гиппократын үр сад, Бас бус бурхад” гэсэн 5 бүлэгтэй.

Ардын зураач Д.Амгалан, “Азийн хар муур Чомбуу”/хөл бөмбөгийн од/, Захын ялгуусан хутагт, зураач, зохиолч Гүр.Нямдорж, орчуулагч Г.Аким, тагнуулч Ж.Хуяг, эрдэмтэн О.Намнандорж, эмч Н.Даш, яруу найрагч О.Дашбалбар, Б.Галсансүх зэрэг төрөл бүрийн ажил мэргэжил, төөрөг тавилантай 50 хүний хөргийг чухам л уран яруу үгийн увдисаар “сийлжээ”.

Сүүлийн хэдэн жил хүмүүний тухай хөрөг нийтлэлийн ийм сайхан ном уншаагүй шиг санагдана. Хэмнэл нь алдагдаад байсан зүрх минь илааршин сайжрахад эмчийн бичиж өгсөн эм тангаас илүү энэ ном нөлөөлсөн ч байж мэдэх юм. Тэрээр надад номоо дурсгахдаа “Хүн болж төрсний маань учир Хүмүүсийн тухай сайхан хууч л үлдээхсэн гэж бодох юм даа” гэж бичсэнийх нь учрыг уншиж дууссан хойноо л ойлгов.

Сонин содон хувь заяатай, домог мэт алдаршсан олон олон хүний хөргийг үгээр “зурж”, шинээр нээж өгсөн энэ сайхан номын тухай олныг өгүүлж болох боловч би энэ удаад тийм зорилго тавьсангүй ээ. Харин уг номоос олж мэдсэн нэгэн шүлгийн тухайд хэдэн үг хэлхэе.

“…Бидний ихэд сүслэн биширдэг Нямсүрэнгийн шүлгүүд дотор даанч сайхнаар нууцалсан эротик мөрүүд зөндөө байдгийг уншигчид анзаардаггүй. Тэр жил дөнгөж бичээд дууссан нэгэн шүлгийг нь би Дорнодын “Дөл” сонины 1991 оны зургадугаар сарын эхний өдрүүдийн нэгэн дугаарт гуйж байж тавьж билээ” гэсэн хэдэн мөр миний анхаарлыг гойд татав.

“Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч” хэмээх алдарын эзэн Данзангийн Нямсүрэнгийн “Хаврын урсгал”/1984/, “Сэтгэлийн байгаль”/1991/ гэсэн хоёр ном нь миний номын санд бий. “Хаврын урсгал”-ыг нь надад миний анд сэтгүүлч Ц.Ганхуяг “Монголын амьд байгаа эгэл хэрнээ ер бусын найрагч ахынхаа анхны номыг “Сэтгэлийн байгаль”-иа өөрийн гараар над өгсөн өрөөнд дурсган суугаадаа таатай байнам” гэж бичээд дурсгаж байж билээ. Харин “Сэтгэлийн байгаль”-ийг нь би өөрөө худалдаж авсан юмдаг. Энэ хоёр номонд нь цөөнгүй эротик мөрүүд байдгийг мэднэ л дээ. Жишээ нь:

Дэндүү уяхан хөлийг ойроос би харсан юм
Дэргэд нь усны хөх ванн байсан юм

Хэцэнд, юм өлгөж байсан юм
Хэтэрхий өндийсөн болуу гэж боддог юм
Салхи сэвэгнэхэд сандрах шиг болоод
Сүлбээрэн зүүгээр хормойгоо хатгаж байсан

Гэзгээ шууж, цагаан алчуур зангидаж байсан
Гэдийхэд нь өврөөс нь хоёр шувуу ниссэн

Түмпэн дотроос холбоотой хөөрхөн юм гаргаж өлгөсөн
Түрүүчийн ниссэн шувууны үүр байсан

Дэндүү уяхан хөлийг ойроос би харсан юм
Дэргэд нь усны хөх ванн байсан юм
гэх зартай шүлгийг нь Ц.Ганхуяг маань надад анх “нээж” өгч, согтуу хөлчүү, эрүүл саруул ямар ч үедээ тоогүй олон удаа давтан давтан уншдаг байсан даа… хөөрхий муу анд минь…

Гэтэл Ж.Нэргүй ахын бичсэнээр бол “даанч сайхнаар нууцалсан” эротик шүлэг бас байдаг ажээ. Уг шүлгийн анхны уншигч болох хувь тохиосон тэрээр “Дөл” сониндоо нийтлүүлж байсан байх юм. “Д.Нямсүрэнгийн шүлэгтэй тэр дугаараа үзүүлээч” гэвэл “За, хаана байгаа бол доо. Новшин дотроо үзэхээс” гэсэн хүн маань нэг хэсэг таг болчихлоо. Хүлээж цөхөөд тэсэлгүй залгав. “Та нөгөө Нямсүрэнгийн шүлэгтэй сониноо яасан бэ. Олдоггүй юу” гэвэл “Харин тиймээ. Бүүр эрээд ядчихлаа. Хөөш, чи надаас 18 жилийн өмнөх хуучин сонины дугаар нэхэж байгаагаа мэдэж байна уу, үгүй юу, аан” гэдэг юм байна. Намайг шалаад салахгүй болохоор залхсан уу, яасан хэд хоногийн дараа уулзахдаа их найрагчийн 2002 онд хэвлүүлсэн “Аглагхан талаасаа” түүврийг нь барьсаар ирэв.

Уг номын дотор нүүрт “Анд сайн нөхөд яруу найрагч Ж.Нэргүй, Пүрэвсүрэн нартаа. Зөөлөн цагаан цас болон ирлээ. 2002.1.26 УБ хот. Д.Нямсүрэн чинь. Танай сайхан гэрт лам дүү Т.Содномнамжилын хамт ирлээ, явлаа, Эрээнцавруугаа…” гэж бичжээ.

“Аглагхан талаасаа” түүвэрт орсон “Арван хоёр үзэмж” шүлгийн хуулбарыг нь өгөхдөө найрагч ах маань надад ийн хэлж билээ:

-Монголын хуучны яруу найрагт янагийн учрал хэмээгч тэнгэрээс заяат мөч хормын тухай ямархан тансаг дүрсэлсэн байдаг гэж санана. Загас наадуулахын ариун үйл, заяа тавилангийн эрхэм үйлийг дүрслэн тодорхойлохдоо одоо цагийн асман банди нарын бичиж байгаа шиг модон үгээр мохоодоггүй байсан юмаа. Үүлэн борооны явдлыг үлгэр домогтоо оньслон шүлэглэдэг эртний уламжлалтай өвөг дээдсийн үр сад шүү дээ, бид чинь. Базаахгүй хэргээр хар гэрийн хаалга татсан эр хийсэн хэргийнхээ тухай “За даа, юу ч гэмээр юм бэ дээ. Цэцгийн мандал дотор 22-ийн түлхүүрээ унагачихсан юм” гэж далд утгаар нууцлан ярьдаг тийм л яруу тунгалаг тансаг хэлтэй хүмүүний үрс шүү дээ, бид. Нямсүрэн энэ шүлэгтээ салхин сарны явдлын тухай тун ч гайхалтай бичсэн. Чи өөрөө тайлж уншина биз гэж хэлээд доогтой нь аргагүй жуумалзсаар алхаж одсон доо

Уг шүлгийг нь уншлаа. Үнэндээ эхлээд ойлгосонгүй. Хоёрдахь, гуравдахиа уншиж байж уянга яруу, утгын гүн, шүлгийн айзам, шүтэн барилдлага, хэлбэр дор далдлан нуусан найрагчийн санааг цухасхан ч болов ойлгож эхэллээ. Яагаад энэ шүлгийн төгсгөл дээр Ж.Нэргүй ах “Агуу, агуу” хэмээн яаруу сандруу тэмдэглэсний учрыг та одоо тайлан уншина уу.


Зүүн гараас Д.Нямсүрэн, Ж.Нэргүй
МЗЭ-ийн 70 жилийн ойн баярын хурлын үеэр.
Төрийн ордон.1999.01.09


Д.Нямсүрэн

АРВАН ХОЁР ҮЗЭМЖ

Нэгээхэн бээр-тогос шувуу өд сөдөө үлэмжлүүлэн явах шиг
Нэгээхэн бээр-донж үзэсгэлэнт бүсгүй өмнө минь гарч ирлээ
Нэгээхэн бээр-нартай бороо гэрэлтэн орох шиг
Нэгээхэн бээр-найртай тэргүүлэгч цэцэг мандан бадарваа

Нэгээхэн бээр-хун шувуу уснаа хөвөх шиг
Нэгээхэн бээр-хусан лавай хасыг үзүүлэн чадаад
Нэгээхэн бээр-бусад цэцгүүд гөвөгдөх адил
Нэгээхэн бээр-бурамт хаврын анхилам мандарваа үнэртвээ

Нэгээхэн бээр-хөхөө шувуу донгодох үес
Нэгээхэн бээр-хөнгөн хурц чийрэг мээмийг нүднээ хавчуулаад
Нэгээхэн бээр-бор хул гэгээ гялбалзуулан
Нэгээхэн бээр-босоо, босоо хурц цэцэг дэлбээлвээ

Нэгээхэн бээр-богширго шувуу исгэрэх сонсдон
Нэгээхэн бээр-байван шүднээс инээд цахиваа
Нэгээхэн бээр-улаан шарангуй будгийг найруулан
Нэгээхэн бээр-улам гоё Цан цэцэг нэгэн жигд цоморлигоо дэлгэвээ

Нэгээхэн бээр-лам шувуу ум мани, ум мани гэх шиг
Нэгээхэн бээр-лавтай сэтгэлийн яриа бүдэг бадаг дуулдаваа
Нэгээхэн бээр-зүүн уулын хөндийгөөр салхи үлээх шиг
Нэгээхэн бээр-зүүдний улаан лянхуа үзэгдэвээ

Нэгээхэн бээр-зэс ягаан балын уруулд эрвээхий согтох шиг
Нэгээхэн бээр-зэргийн залуус хөгжилдөн түлхэлдэж шавиралдваа
Нэгээхэн бээр-шинийн саран тэнгэрт цухуйж
Нэгээхэн бээр-шилийн дөрвөн цаг дор жамъянмядаг цэцэглэвээ

Нэгээхэн бээр-намрын нууранд галуу гоог, гоог дуугараад
Нэгээхэн бээр-яламын модны навчин чимэгт ээмэг гялсхийвээ
Нэгээхэн бээр-намуун гоёмсог байдал ирж
Нэгээхэн бээр-наранцэцэг гурван зүйлийн өнгөөр чимвээ

Нэгээхэн бээр-цэн тогоруу явгалан гүйх шиг
Нэгээхэн бээр-цэнхэр үүлэн даашинз сөхөгдвөө
Нэгээхэн бээр-жихүүн амьсгаа ихэмсгээр ойртож
Нэгээхэн бээр-тэсвэрт удвал цэцэг өөдөөс тосвоо

Нэгээхэн бээр-цахлай шувуу элин халин нисэх шиг
Нэгээхэн бээр-цагаан яшил чээжийг ил гайхуулжээ
Нэгээхэн бээр-цасны ариг уснаас хүртэх мэт
Нэгээхэн бээр-цац модон бадма цэцэг ургаваа

Нэгээхэн бээр-мөнгөн ногтруу өвснөөс дэрхийн одох шиг
Нэгээхэн бээр-мөрөн дээгүүрээ бошинзоо бүсгүй мулталваа
Нэгээхэн бээр-мөөмөн ургамлын салаа биенээ хүрч
Нэгээхэн бээр-мөсний цагаан-уул цэцэг дэлгэрвээ

Нэгээхэн бээр-цэцэрлэгийн дотор бөднө шувуу буйлах шиг
Нэгээхэн бээр-цэвцгэр пансан хөшиг туналзваа
Нэгээхэн бээр-сэмжин цагаан манан нүүрэнд шивэрч
Нэгээхэн бээр-сэрүүн цэцэг усны чулуун дунд хонолоо

Нэгээхэн бээр-алтан гургалдай тоосны үзүүрт дуулахуй
Нэгээхэн бээр-агт морьд торгоны замд сульдаваа
Нэгээхэн бээр-үс гэзгээ самнасан мэт үүлэн борооны үйл өнгөрч
Нэгээхэн бээр-үзэмж арван хоёр дахь нь цахирмаа цэцэг болов оо

1991-03-14

Friday, June 26, 2009

Дэлгэцийн урлагийн шүтээн “дээр хөхрөгчид заларлаа”


Монголын кино урлагийн гайхамшигтай нэгэн тод од тэнгэрийн мандалд цагаан туяа татуулан харван одлоо гэсэн харамсалтай мэдээг сонсоод зүрх шимшрэв.

Алтан үеийн авьяастнуудын залгамжлагч, кино урлагийн бамбарыг хойч үедээ өртөөлөн өвлүүлэгч байгалиас заяасан хосгүй авьяастай энэ хүн Монголын дэлгэцийн урлагийн шүтээн байлаа.

Гучаад жилийн тэртээ анх “Үер” киноны Молом зангийн дүрийг бүтээж байсан тэрээр өнгөрсөн он жилүүдэд “Өглөө” киноны хачиг Луузан, “Хүргэн хүү”-гийн Хайдав, “Ичээнд нь” киноны Тянь Жан, “Хөдөөгийн баясгалан” киноны Рагчаа, “Сахиус уу сахиул уу” киноны үсчин, “Би чамд хайртай” киноны багш, “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” киноны япон хурандаа, “Мандхай цэцэн хатан” киноны Исмэл сайд зэрэг Монголын дэлгэцийн урлагт мөнхөрсөн олон сайхан дүрийг бүтээн амьдруулсан их мастер байсан юм.

Түүнчлэн манай эстрадын урлагийн анхдагчийн нэгэн түүний дуулсан, үзэгч сонсогч түмний сэтгэл зүрхэнд мөнхрөн хоногшсон олон сайхан дуу нь монголын ард түмний өв болон үлдлээ.
Монголын дэлгэцийн урлагийн шүтээн “дээр хөхрөгчид заларлаа”. Ум сайн амгалан болтугай.

Wednesday, June 24, 2009

“Рерих ба би” үзэсгэлэн


Уржигдар ийм нэгэн урилга ирсэн юм. Оросын алдарт зураач, дорно дахины судлаач Н.Рерихийн музей байгуулагдаж байгаатай холбогдуулан зарласан “Рерих ба би” уран бүтээлийн уралдаанд ирсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан ажээ. Дүрслэх урлагийн мэргэжлийн багш, оюутнуудын дунд зарласан уран зургийн уралдаанд ирсэн нийт 50 гаруй хүний 70-аад бүтээлийг үзэсгэлэнд дэлгэн тавьсан гэнэ. Харамсалтай нь би эрүүл мэндийн байдлаас болоод нээлтэн дээр нь очиж чадаагүй. Урилга ирүүлсэн Монголын Рерихийн нийгэмлэгийн тэргүүн, академич Ш.Бира, ОУМСХолбооны ажилтнуудад талархаж байна.

Манай зураачдын Рерихийн тухай сэдвээр зурсан шинэ бүтээлийн үзэсгэлэнг үзэж амжаагүй байгаа ч гэсэн блогтоо хэдэн зураг оруулъя гэж бодлоо. Алдарт зураач Н.Рерих монголын тухай сэдвээр нийт 107 зураг зурсан гэдэг. Хамгийн алдартай бүтээл нь “Шамбалын хаан Рэгдэндагва” буюу “Их морьтон”. Монголын урлагийн хосгүй үнэт бүтээлд бүртгэлтэй энэ зураг нь одоо Дүрслэх урлагийн музейд бий. Ингээд Н.Рерихийн монголын тухай цувралаас сонгон хэдэн зураг блогтоо тавьж байна. Та бүхний таалалд нийцэх болтугай.

Урилга:

Эрхэм блогчид, та бүхнийг 7 сарын 1 хүртэл ХААН банкны Арт галерейд өдөр бүр үнэ төлбөргүй гарах уг үзэсгэлэнг морилон очиж үзэхийг урьж байна.




Монгол цам.1928 он






Чингис хаан.1937 он








Монголын цуврал.1938 он








Монгол гэр.1940 он

Tuesday, June 23, 2009

Pingu



Охины минь үзэх дуртай хүүхэлдэйн кино "Pingu". Саяхан ээж нь нэг DVD авч өгснөөс хойш киногоо үзнэ гээд намайг хөөж босгоод байдаг болсон. Сүүлдээ аав охин хоёрын харилцаа ширүүсч хэрүүл, уруул болтол ээж нь "энхийг сахиулахаар" зохицуулалт хийж компьютер дээр ээлжилж сууж бай гэж "үүрэгдэж" байна. Охин маань киногоо үзэх завсар хооронд аав гуай блогтоо бичлэг оруулах юм байна л даа, явж явж.

"Ингэхэд энэ чинь хэний компьютер юм бэ?" гэж зарга хийвэл авч хэлэлцэх хүн даанч алга аа. "Та ядраад байдаг юм чинь унтаж байхгүй юу" гэж байгаа юм даа, ямрав?


Monday, June 22, 2009

“Хэн ч, юу ч мартаагүй”


1941 оны зургадугаар сарын энэ өдөр фашистын Герман ЗХУ-д халдан довтолсон хар өдөр. Улмаар уг дайнд 61 улс орон татагдан оролцож, 62 сая хүн буюу дэлхийн нийт хүн амын 2.5 % нь нас барсан гэдэг.

Би дайн дажингүй цагт өсч торнисон азтай хүн. Дайны аюул үзээгүй энх цагийн “ургамал”. Хорвоод хүн болж төрснийх тоотой насаа өвчин зовлонгүй элээж, өөрт оногдсон хувь тавилангаар нүд аних юмсан гэж хүсч явдаг нэгэн.

Бас миний охин болон түүний үе тэнгийн сая сая хүүхэд багачууд дайн дажины аюул хөнөөл бүү үзээсэй гэж залбирч явдаг эгэл жирийн аав.

Ирээдүй хойч үе минь энх тайван цагт, аз жаргалтай амьдраасай гэж орой болгон тэнгэр бурхандаа даатгадаг монгол эр.

Тийм ч учраас би ОХУ-ын хот, тосгодын энгэрт орших нэргүй цэргийн булшин дээр сийлсэн “Хэн ч, юу ч мартаагүй” гэдэг үгийг энэ өдөр давтан хэлэхийг хүсч байна.

Sunday, June 21, 2009

Доголон Төмөр хааны нууц


-Төмөр, Тимур, Тамерлан, Тимерлинг /1336-1405/. 1370-1405 онд Цагаадайн улсын Эмир. Самаркандад төвтэй хаант улсыг үндэслэгч. Цэргийн гарамгай жанжин.

Монголын Барлас аймгийн бек Тарлагайн хүү. Ер бусын авьяас, цэрэг улс төрийн зохион байгуулах уран арга чадвараараа цэргийн язгууртан залуусын дунд алдаршин, Чингисийн алтан ургийн бүсгүй Өлзий Турхан-Агатай гэрлэж байв.

1361 онд Моголстаны хан Туглегтэй хамтран овгоо нэгтгэж, тун удалгүй Туглегийг Самаркандын захирагч Хусейнтэй хүч хавсран бут цохижээ. 1362 онд тулалдаанд баруун гар, хөлдөө шарх авснаас хойш доголон Төмөр гэж алдаршсан.

1370 онд Эмир Хусейны эсрэг далдуур явуулга хийсээр Самаркандыг эзлэн эзэн суусан.

1372 онд Хорезм, 1378 онд Иран, 1392 онд Кавказын Армен, Гүрж, 1391, 1395 онд Алтан Ордны эсрэг 3 удаагийн аян дайн явуулан нийслэл Сарайг, мөн Иран, Энэтхэг рүү 3 удаа аян дайн хийж, 1398 онд Дели хотыг эзлэн, 1401 оны нэгдүгээр сард Сирийн нийслэл Дамскийг, 1402 оны зургаадугаар сард Туркийн нийслэл Анкара хотыг бүслэн авч, Туркийн Баязид султаны цэргийг бутцохиж байв. Тэрээр насан туршийн мөрөөдлөө биелүүлэхээр 1405 онд Хятадын Мин улсын эсрэг хийх аян дайнд бэлтгэж байгаад нас баржээ.

-Төмөр хаан нас барахдаа “Би тал нутгийн монгол хүн. Намайг үхсэний дараа миний шарил дээр монгол нутгийн чулуу тавиарай” гэж захиж хэлж байсан гэдэг.

-Оросын
нэрт зураач Василий Верещагины 1875 онд зурсан “Төмөр хааны өргөөний үүдэнд” гэж сайхан зураг бий

-Оросын академич М.Герамисов түүнийг гавлын ясыг судлаж хөрөг баримлийг нь сэргээн босгосон бөгөөд эл баримлаас жинхэнэ монгол хүний дүр төрх илрэн харагддаг. Уг баримлын зургийг дээр тавьсан болно.

-1941 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн өглөө Зөвлөлтийн эрдэмтэд Самарканд дахь түүний бунханыг хөндөхөд нэгэн бичиг гарсан гэх бөгөөд уг бичигт “Хэрвээ миний шарилыг хөндөх аваас танай улс руу хүчирхэг дайсан халдах болно” хэмээн бичсэн байсан гэдэг яриа бий. Тэгээд ч 1941 оны 6 дугаар сарын 22-ны өглөө фашистын Германы арми ЗХУ-руу халдсан түүхтэй. "Төмөр хааны хараал" хүрсэн гэх энэ сэдвээр Оросын эрдэмтэн судлаачид олон янзын таамаг дэвшүүлэн бичиж байсан бөгөөд тун сонирхолтой нэгэн баримтат киног дор хавсаргав. Таван цуврал уг киног бүгдийг нь үзвэл та Доголон Төмөр хааны тухай нууцыг мэдэх болно.

Saturday, June 20, 2009

“Хөх манхан тэнгэрийг эзэгнэгч”


Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 80 насны ойд зориулсан яруу найргийн наадам энэ өдрүүдэд Завханд болж байна. Наадамд хүрэлцэн ирсэн яруу найрагчдийг Богд Очирваань уулын лус савдаг цас, бороо, мөндөр холилдсон хураар “баясан угтсан” тухай “ТВ-5”-ийн мэдээгээр гарч байх юм.

Эгэлгүй их авъяастай энэ найрагч М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд 1954-1959 онд суралцаж төгссөн билээ. Дэлхийд алдартай утга зохиолын дээд сургуульд суралцаж байх хугацаандаа олон шилдэг бүтээлээ туурвисан түүний тухай Болгарын утга зохиол судлаач Цветанка Тафаржийска “Монголын орчин үеийн уянгын яруу найргийн өвөг эцэг” хэмээн өндөр үнэлсэн байдаг.

Явуу найрагч дэлхийд ганц утга зохиолын их өргөөнөөс эрдмийн охь шимийг хүртэх хугацаандаа олон олон шилдэг бүтээлээ туурвисан бөгөөд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
хэмээн “тунхаглаж” байсан билээ. Хожим хөгжмийн зохиолч Б.Шараа ая хийж дуу болон нийтэд түгсэн эл шүлгийг нь БНМАУ-ын төрийн шагнал олгох тухай тогтоолд нэр цохон дурьдсан байдаг.

Утга зохиолын их өргөөнөө “заларч” увидас шидээ урин залж байсан Явуу найрагчид хандан 1956 онд бичсэн нэгэн ил захидлыг сонирхуулъя. Тэр үед ГИТИС буюу Театр урлагийн дээд сургуульд сурч байсан найруулагч Раднаагаас илгээсэн уг ил захидлыг Явуу найрагчид хаяглажээ. 50 жилийн тэртээх энэ ил захидлын ард “Явуухуланд. Сайн уу. Энэ ирэх 24-ний орой 6 цагт консерваторид/Лувсаншаравын/ өрөөнд бэлэн бай. Радна” хэмээн бичжээ. Монголын соёл урлагийн зүтгэлтнүүдийн харилцаа холбооны нэгэн гэрч болсон энэ ил захидал өдгөө филателист Д.Чимэд-Очирын цуглуулгад хадгалагдаж байна.

Friday, June 19, 2009

Дипломоо авлаа


Өчигдөр диплом, ромбоо авлаа. Уг нь сар хагасын өмнө авах ёстой байсан боловч эмнэлэгт хэвтэж байсан тул авч чадаагүй юм. Бас нэгдэх өдөр "дипломоо ирж ав, албан ёсоор гардуулж өгье" гэхэд нь зүрхээр хатгаж өвдөөд байсан тул очиж чадаагүй юм.
Билэг дэмбэрэл бодож шинэ Ерөнхийлөгч тангаргаа өргөсөн өдрийг сонгож өчигдөр очив. Сургуулийн зааланд ганцаархнаа дипломоо гардаж авлаа. Ганцаараа ч биш юмаа. Яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүй ахыгаа дагуулж очсон юм байна. Миний Монголын энэ цагийн авьяаслаг дуун хөрвүүлэгч, хөрөг нийтлэлийн мастер энэ хүнийг хань татаж дагуулж очсон минь наддаа нэр төрийн хэрэг байсан шүү.

Сургуулиасаа гараад, хуурай дүү Галаагаа дуудаж дипломоо "угаалаа". Нэгэн цагт Монголын яруу найргийн их асрын өмнө торгон жолоо өргүүлнэ гэж итгэж найдан хүлээж суудаг "Авьяасын хүүдий" андтайгаа сархдын ширээний дэргэд сөн түшиж суух нь жаргал байв.
"Хашийн шим мэт тунгалаг архийг гуравхан хундага" ууж байхдаа багш нартаа баярлаж суулаа. Эрдэм заасан багш нарынхаа ачийг мартахгүй ээ. Та нартаа Их Баярлалаа.
Харин ангийн минь хүүхдүүд альхан талдаа дуулж явдаг юм бол доо?


Нэг ангийнхан

Хаврын бүлээн бороонд надтай цуг норсон
Хайрын анхны зурвас бэх нь урсаж бүдгэрсэн
Ширээний ард сийлсэн үг бүхэн түүх өгүүлж
Чиний тухай бодол хайрын дуу болж эгшиглэнэ

Урь дуудсан хавар сургуулийн хаалгыг хааж
Уянга болсон дуугаа ангиараа дуулж суусан
Бие биенээ түшин далд гунигаа мартацгааж
Нэг ангийн хүүхдүүд тоотойхон үлдлээ

Он цагийг хамт туулсан ангийн охидууд
Орон зайг хамт элээсэн ангийн хөвгүүд
Нар угтаж гүйсэн үе тэнгийн найзууд минь
Насан туршдаа нэг ангийнхан

Дурсамж зургаа татуулахад сэтгэл минь уймран догдолж
Төгсөх өдрийн урд шөнө нойр минь хулжин холдсон
Маргааш бидний гунигийн бас баярын минь өдөр
Миний л мэдэх ангийнхан чиний мэдэх найзууд

Он цагийг хамт туулсан ангийн охидууд
Орон зайг хамт элээсэн ангийн хөвгүүд
Нар угтаж гүйсэн үе тэнгийн найзууд минь
Насан туршдаа нэг ангийнхан

Tuesday, June 16, 2009

Хүрээ хийцийн ундааны этикетик



Энэ бол одоогоос бараг 100 жилийн өмнө Нийслэл Хүрээнд хийж байсан ундааны этикетик. Тодруулбал, 1914 онд Австри улсын иргэн Генрих гэгч Оросын нэг офицертой хувь нийлүүлж амтат ундааны үйлдвэр Хүрээнд байгуулсан байна. Түүний байгуулсан амтат ундааны үйлдвэр нь тухайн үеийн Бишрэлт гүнгийн хорооны нутаг дэвсгэр буюу одоогийн 23 дугаар дунд сургууль, Барилгачдын талбай хавьцаа оршиж байсан ажээ. Уг үйлдвэрт хийж байсан нимбэгний ундааны этикетик энэ болой.

Saturday, June 13, 2009

“Ханхүү хайж байна”


“Удахгүй таван нас хүрэх гүнждээ таарч тохирох ханхүү хайж байна” гэсэн зарлал энд тэнд харагдвал та бүү гайхаарай. Би бичиж хувилаад шуудангийн салбарууд, “Шуурхай зар” сонин, оюутны дотуур байр, ОСМО-гийн лавлах, баар рестораны хаалга, байрны орц үүд, автобусны буудал, Ард кино театр зэрэг газраар тарааж, цавуудаж нааж, нийтлүүлж хэвлүүлсэн хүн шүү. Юуны учир ийм зар түгээх болсон учир шалтгаанаа одоо тайлбарлая.

Саяхан охинд маань ээж нь буддаг ном авчирч өгсөн юм. “Coloring book” хэмээн бичсэн ийм ном байлаа. Өнгө ялган будсан наалттай жижиг зургийг нь дууриалган будаж зурж их л завгүй өнжсөн охин маань уржигдар,
-Аав аа, чи надад ханхүү олж өг! гэдэг юм байна. Учрыг нь олоогүй би гайхаад,
-Юун ханхүү билээ миний охион гэвэл
-Энэ номон дээр байгаа шиг гоё ханхүү олж өг. Би бас бүжиглэмээр байна гэнэ. Ёооё…

Сүүлийн үед биеэ чагнан байнга хэвтэж байдаг шинэ ажилтай болсон аавд нь бэлэн зэхээний ханхүү хаана байх вэ дээ? Тэгээд бодож бодож нэг арга оллоо.
-Миний охион, энэ ханхүү чинь холын холд, бүр мааш их холд байдаг юм шүү дээ. Аав нь дараа утсаар ярьж байгаад дуудаад ирье. Одоо аав нь ханхүү болчихьё. Тэгэх үү?
-Ханхүү чинь залуухан бас генерал хувцастай байдаг байхгүй юу. Чамд генерал хувцас байгаа юм уу?
-Ммм. Аавд нь генерал хувцас байхгүй л дээ. Аав нь Метроmall-аас худалдаад авчихья.
-Аав аа, чи ханхүү болж чадахгүй ээ. Чиний зүрх чинь дандаа өвддөг болохоор бүжиглэж чадахгүй ш дээ. Тэгээд бас чи хөгшин…

За иймэрхүү харилцан ярианы дараа аавын ханхүү болох гэсэн мөрөөдөл, оролдлого “будаа болов”. Нарны эрт, насны залуу дээр өөр арга бодохгүй бол болохгүй нь ээ. Дараагийн шатны “Ы” операци зохиож хэрэгжүүлэхээр шийдээд гар утсаа авлаа.

-Байна уу, аан ханхүү юу? Тийм. Би Аминаагийн аав байна аа. Тийм тийм. Манай охин өөртэй чинь танилцаж тоглоё, бас бүжиглэе гэнээ. Та манайд хэзээ ирж чадах вэ? Юу, өнөө орой юу. Болно болно. За тэгээрэй. Баярлалаа, баяртай.

-За сонсов уу? Аав нь ханхүүтэй ярьчихлаа. Чамайг хичээлээ сайн хийгээд зургаа цэвэрхэн зурвал саяны ярьдаг ханхүү өнөө орой манайд ирье гэж байна. Аа харин хичээлээ хийхгүй залхуурч, ядарч байна гээд байвал ирэхгүй гэж байна шүү гэлээ.

Энэ үгийг сонссон охины минь зан ааш уян дөлгөөн болсон гэж юухэв. Барагтай л бол хичээлээ хийхгүй хойш сууж, намайгаа элэг бариад эрхэлж нялуураад байдаг хүн маань төрөл арилжчих шиг л боллоо. Намираад л байх нь тэр. Тэр их идэвхийг нь харсан би сүүлдээ худлаа хэлсэндээ санаа зовчихлоо.
-Одоо миний хүү ядрана. Боль боль, амар гэвэл
-Үгүй ээ, би хичээлээ хийнэ. Орой манайд ханхүү ирж надтай бүжиглэнэ гэсэн гээд ширээнээс ховхордоггүй шүү. “Хүүхдэдээ худлаа ярьж болохгүй” гэсэн сурган хүмүүжүүлэх ухааны алтан дүрмийг аав гуай зөрчснөөс болж асуудал үүсвээ, хөөрхий. Тэрхэн зуур худлаа хэлээд охиноо аргалаад өнгөрөөх гэсэн биш ийм ноцтой байдалд хүрэх юм чинээ санаагүй тэнэг толгой өөрийгөө баахан харааж зүхлээ дээ.

Ингэсээр байтал цаг талийж орой боллоо. Үлгэрийн ханхүү байдаггүй ээ. Өдөржингөө үлгэрийн ханхүүг хүсч мөрөөдөн хичээлээ идэвхтэй хийсэн охин минь унтах болоход,
-Ханхүү ирэхгүй юм байна даа гэж гомдолтой нь аргагүй өгүүлээд аавдаа ч үнсүүлэлгүй буруу харан хэвтлээ. “Би юу хийчихвээ?”

Хуруун чинээ жаахан охин ингэж гүнзгий тусгаж авах юм гэж би яаж санах билээ. “Бурханы элч”-ийг гомдоодог би мөн ч нүгэлтэй амьтан юм даа. Одоо яаж нүгэлээ наминчилж гэмээ цайруулдаг юм билээ. Өчигдөр бас л номоо будаж өнжсөн охин маань үлгэрийн ханхүү ирж өөртэй нь бүжиглэнэ гэж итгэсээр л байгаа бололтой.
-Аав аа, ханхүү яагаад ирэхгүй байна аа гэж асуусаар...

“Ийм залуухан царайлаг, бас сайхан бүжиглэдэг ханхүү үлгэрт л гардаг юм” гээд хэлчихвэл миний муу шар гүнж насан туршдаа надад гомдох ч юм бил үү? Хэлээ тас хазлаа. Тэгж муу амлан охиноо гомдоосноос газар доогуур орсон нь арай дээр биз гэж бодоод ханхүүгийн эрэлд мордсон юм.

Ийм л учраас би энд тэндхийн сонин хэвлэл, сайт дээр “Удахгүй таван нас хүрэх
гүнждээ таарч тохирох ханхүү хайж байна” гэсэн зар тавиад байгаа юм. Юмыг яаж мэдэхэв одоо энэ мөрийг уншиж суугаа эрхэм блогчин таны дэргэд миний охинтой нас чацуу, нуруу ижил ханхүү байвал холбоо барина уу. Миний бяцхан гүнж, таны сайхан ханхүү хоёр хэн хэндээ таалагдаад хэзээ нэгэн цагт ингэж бүжиглэж явах ч юм билүү. Тэгээд аз жаргалтай амьдран амар сайхандаа жаргах ч юм бил үү, хэн мэдлээ.


Monday, June 8, 2009

“Тэнгэрийн нохой”


Монголчууд чонын ил нэрийг цээрлэн “Тэнгэрийн нохой”, “Боохой”, “Хээрийн боохой”, “Жуухалдаг”, “Жийтгар”, “Жийхгар”, “Хэцүү нэрт”, “Хар амт”, “Уйлмаа” хэмээн нэрлэдэг. Би энэ удаа чонотой холбоотой баримтын цуглуулгаасаа цөөн хэдэн мөр зүйл тэрлэв. Та бүхэн чоно хэмээх амьтны тухай дуулж мэдсэн, уншсан харсанаа харамгүй хуваалцаж цуглуулгад минь нэмэрлэвэл гүнээ талархах байна.

Нэгэн зүйл. Өнөөгийн бидний чоно хэмээн ярьж, бичиж буй үгийг хуучин монгол бичгийн хэлэнд "чинуа"-/чиноа/ гэж бичдэг ажээ. Энэ үгийн үүсэл гарлын тухай эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуай бичихдээ:
...Ашина овгийн түргүүд манай эриний зургаа долдугаар зууны үед Азовын тэнгисээс Хянганы нурууг давтал аварга том гүрэн улс байгуулж хоёр гурван зууныг эзлэн сууж байсан цаг бий. Тэр үед "а+шина" буюу "ариун чоно" гэдэг овгийн түргүүд ихэд хүчирхэгжиж манджээ. "Шина" гэдэг нь чоно буюу монгол бичгээр "чинуа" хэмээн уламжлагдсан үг гэжээ.

Нэгэн зүйл. Монголчууд чоныг хийморьтой амьтан гэж хүндлэн “Ижил тэнгэртэйдээ харагдаж, илүү тэнгэртэйдээ яалгадаг“ гэх. Тэгээд ч нүүдэлчин монголчуудын өвөг дээдэс өөрсдийгөө талын хөх чонотой зүйрлэн хэлэлцэх дуртай байсан нь түүх шастирт мөнхрөн үлджээ. “Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-чино, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвгүүнийг төрүүлжээ” хэмээн “Монголын нууц товчоо” зохиол эхэлдэг билээ.

Нэгэн зүйл. Монгол ардын зүйр цэцэн үгийн сан хөмрөгт чонын тухай өгүүлэхдээ:

Чонын ам идсэн ч улаан
Эс идсэн ч улаан

Чоно харанхуйгаас
Чогчиго нүхнээс

Чоно зууснаан алдвал гуриатаж үхэх
Хүн зорьсноон алдвал төөрч одох

Чононд хонь хадгалуулах
Чомбод хүүхэн хадгалуулах хоёр адил

Чонын шагай
Морь буудаггүй

Чонын бэлтрэг хэзээ ч
Гэрийн нохой болдоггүй гэжээ.

Нэгэн зүйл. Миний уншиж үзсэн зохиолууд дотроос чонын тухай хамгийн
гайхалтай сэтгэл хөдлөм бичсэн зохиол бол Э.Сетон-Томпсоны “Лобо чоно”. Өнгөрсөн зууны хорь, гучаад оны үеийн манай улсын шилдэг сэхээтний нэг Дэмчигийн Буддарь хэмээх орчуулагч 1930-аад оны дундуур “Лобо нэртэй овт чоно” гэж монголчилсон эл зохиолыг хожим 1960-аад оны үед Э.Сетон-Томпсоны “Бор баавгай” хэмээх номд оруулан хэвлэсэн байдаг. Уран яруу найруулга бүхий эл зохиол нь Чононд зориулан үгээр босгосон хөшөө мэт санагддаг юм.

Нэгэн зүйл. Монголын зохиолчдоос чонын тухай олон жилийн туршид хамгийн олон удаа бичсэн хүн бол Бөхийн Бааст гуай билээ. “Бэлтрэг Дорж”, “Хангайн Бор”, “Хөвчийн Бор” зэрэг чонын тухай цуврал тууж бичиж байсан буурал зохиолч хамгийн сүүлд 2007 онд “Гэрийн, хээрийн хоёр хар амт” хэмээх дан чонын тухай өгүүлсэн түүвэр зохиолоо эмхтгэн гаргасан.

Нэгэн зүйл. Төрийн хошой шагналт зохиолч Д.Намдаг гуайн “Хөгшин чоно ульсан нь” гэж бас нэг сайхан тууж бий. Намдаг гуай эл туужаа анх 1965 онд бичсэн боловч үзэл суртлын хүлээснээс болоод хэвлүүлж чадалгүй байсаар бурхан болсон. Харин түүний эл зохиолыг хожим 1988 онд 3 боть зохиолын түүвэрт нь багтаан анх удаа хэвлэсэн түүхтэй. Түүнчлэн түүний урын санд "Сүрэг чоно" жүжиг/1938 он/, "Уулын хөх чоно" өгүүллэг/1950 он/ зэрэг бүтээл бий.

Нэгэн зүйл. Монгол ардын оньсого тааварт чонын тухай өгүүлсэн нь олон бий. Жишээлбэл:

Намайг хэн ч танина
Би нэг ч хүнийг танихгүй

Олсон бие гуйранч
Оносон санаа хулгайч
Очдог газар там
Одоо яадаг билээ?

Шун шун гүйдэлтэй
Шулмас мангасын царайтай
Гал шар нүдтэй
Ганцаар явах зоригтой гэсэн нь бүгд чонын тухай билээ.

Нэгэн зүйл. Чоно дагнаж зурдаг зураач ч бий. Нэгэн үе “Залуучуудын Үнэн” сонинд ажиллаж байсан зураач С.Чулуун гэж дандаа чоно зурдаг, найз нөхдийнхөө дунд “Чоно Чулуун” гэж алдаршсан зураач байв.

Нэгэн зүйл. Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар” Би-талын хөх чоно” шүлэгтээ бичсэн нь:

Би-талын хөх чоно!
Сур шиг сунаж,
Сухай шиг улайж,
Эрчит дөрвөн хөлөөрөө
Ээрэм талыг гаталж
Агт сайн морьдын туурайг сульдааж
Анч сайхан эрсийн хорхойг хөдөлгөж
Арван халтар нохойг замд нь цувуулж
Агшин бүрдээ үхэлтэй тэрсэлсэн
Би-талын хөх чоно!

Нэгэн зүйл. Даян дээрхийн дуудлагад:
Бөгтөр чонын бөгтөргөөр ирдэг
Халтар чонын хадаргаар ирдэг
Хан хүчит тэнгэр минь гэж гардаг билээ.

Нэгэн зүйл. Чонын шагай эр хүний хийморьт сайн хэмээн бэлгэшээж түлхүүрийн оосронд зүүх, гар утсандаа гангараа болгох моод сүүлийн жилүүдэд эрс өссөн.


Нэгэн зүйл. “Өлөн чоно үмх маханд үл цадна” гэж анчид ярьдаг...

Friday, June 5, 2009

Eagles - Hotel California



On a dark desert highway, cool wind in my hair
Warm smell of colitas, rising up through the air
Up ahead in the distance, I saw a shimmering light
My head grew heavy and my sight grew dim
I had to stop for the night
There she stood in the doorway;
I heard the mission bell
And I was thinking to myself,
this could be heaven or this could be hell
Then she lit up a candle and she showed me the way
There were voices down the corridor,
I thought I heard them say...

Welcome to the hotel california
Such a lovely place
Such a lovely face
Plenty of room at the hotel california
Any time of year, you can find it here

Her mind is tiffany-twisted, she got the mercedes bends
She got a lot of pretty, pretty boys, that she calls friends
How they dance in the courtyard, sweet summer sweat.
Some dance to remember, some dance to forget

So I called up the captain,
please bring me my wine
He said, we havent had that spirit here since nineteen sixty nine
And still those voices are calling from far away,
Wake you up in the middle of the night
Just to hear them say...

Welcome to the hotel california
Such a lovely place
Such a lovely face
They livin it up at the hotel california
What a nice surprise, bring your alibis

Mirrors on the ceiling,
The pink champagne on ice
And she said we are all just prisoners here, of our own device
And in the masters chambers,
They gathered for the feast
The stab it with their steely knives,
But they just cant kill the beast

Last thing I remember, I was
Running for the door
I had to find the passage back
To the place I was before
relax, said the night man,
We are programmed to receive.
You can checkout any time you like,
But you can never leave!

Monday, June 1, 2009

“Хар морь ногоон ногттой”


Энэ зурган дээрх монгол гутал бол Оросын ШУА-ийн угсаатны судлалын музейд хадгалагдаж байгаа эд. Тайлбарт нь хүүхдийн гутал хэмээн тодотгосон аж. Хэдий үед ямар хүний үр өмсөж эдлэж явсан гутал хилийн дээс даван харь орны музейд залран байдаг юм бол доо, зайлуул…

Намайг бага байхад ах маань оньсого цээжлүүлж таалгадаг байсан юм. Одоо ихэнхийг нь мартжээ. Харин санаанд минь үлдсэн оньсого гэвэл энэ байна. “Хар морь ногоон ногттой” тэр юу вэ?
-Монгол гутал.

“Монгол хэлнээ ямар нэг амьтны мөчний арьсыг год буюу годулсун гэдэг бөгөөд одоо ч бид “арьсны год”, “хурганы год” гэж ярьсаар байна. Ер нь ямар нэг амьтны хөл шилбийг хучсан арьсыг год гэж хэлдэг бөгөөд хүний хөлийг байгаль орчны нөлөөнөөс хязгаарладаг, хамгаалах үүрэгтэй амьтны годоор хийсэн эдлэлийг год, годулсун, годол, гутал гэж үе улиран нэрлэж бичиж иржээ. Гутал хэмээх үгийн гарал нь годулсун хэмээх үг гэж байсан болов уу” гэж эрдэмтэн Х.Лувсанбалдан гуай бичсэн байдагсан.

Түүнчлэн “Монгол малгай, дээл, цамц тэргүүтэн нь бүгд ам нь доошоо харсан сав мэт зүйл ажээ. Тийм учир дотор нь орсон зүйлийг асгаж гээх учиртай гэнэ. Гэтэл үүнийг асгуулахгүй, эл хувцас өмссөн хүн хишиг буянаа барахгүй байх аргыг хүн сүвэгчилж, тэр нь юу вэ гэвэл тэрхүү дээл малгай мэт дээд биеийн хувцаснаас асгах бүгдийг дороос нь тосох хишгийн сав болгосон гутал оймс болно. Оймс гутал хоёрын ам нь өөдөө харах тул түүнд орсон юм барагдах учиргүй бөгөөд эдгээр нь өмссөн эзнийхээ хишиг буяныг хурааж явдаг” гэж угсаатан судлаач Х.Нямбуу гуай бичсэн байдаг билээ.

Иймийн учир эрт дээр цагаас өвөг дээдэс маань хөлд углах эдийг “Түших төрийн гутал” гэж хүндэтгэн нэрлэж ирсэн болов уу.

Монгол ардын зүйр цэцэн үгэнд:

Гутал муут гурвын хойно
Гуниг эр гучийн хойно

Гуталдаан хавчигдсан хөл хөөрхий
Эхнэртээн хавчигдсан эр хөөрхий гэдэг нь нэгийг сануулж нөгөөг өгүүлнэ бус уу?

Эцэст нь сонирхуулахад Гутал хэмээх үгийг

Оросоор –обувь
Чехээр-Обув
Польшоор-Обувнэ

Англиар-Шоес
Германаар –Штоффе

Францаар –Тиссис
Испанаар-Тэсидос
Италаар-Тессути

Араваар-Ахдиьга
Унгараар-Лаббели
Хятадаар-Сюесе
Энэтхэгээр-Жүтэ гэдэг хэмээнэ. Энэ зөв үү? Хэрвээ буруу зөрүү бичсэн байвал блог Андууд минь засаж залруулна уу! Мөн мэддэг хэлээрээ нэмэн бичиж арвижуулна уу!

Michael Jackson Heal the World