Thursday, December 31, 2009

Хүссэн бүхэн тань Биелэх болтугай!


Баяртай, хуучин он минь баяртай. Амьдралд минь олон олон өөрчлөлт авчирсан 2009 он чамд баярлалаа. Бас энэ жилийн турш Соронзон блогоор минь тухлан саатаж, надтай хамт нэгэн жилийг үдсэн газар газрын андууд та бүхэндээ баярлалаа.

Хэдхэн мөчийн дараа учран золгох 2010 он сайн байна уу? Ирж буй шинэ жил, шинэ он Та бүхний амьдралд аз жаргал бүхний дээдийг авчирч, хүссэн бүхэн тань биелэх болтугай!

Ханой хотын тэнгэр доор халууцаж яваа нагац ах болон эгчдээ, Сөүлийн сүмийн индэрт наманчлан зогсоо дүүдээ болон зээ нартаа түүнчлэн блог андууд Та бүхэндээ Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, шампанск буудуулсан Soronzon ёслов.

Tuesday, December 29, 2009

Тусгаар тогтнолын өдөрт


Өнөөдөр түүхэн өдөр. 1911 оны энэ өдөр Монголчууд Тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж монгол орон даяар өргөн дэлгэр их баяр болж байжээ. Манжийн дарлалд 220 гаруй жил дарлагдан зовсон монголчууд 98 жилийн өмнө үндэсний хувьсгал хийсний хүчинд энэ өдөр эрх чөлөөгөө олж авсаны их баяраа тэмдэглэсэн байна.

1912 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн жил бүр энэ түүхэн өдрийг Улсын баяр болгон тэмдэглэж байв. Харин 1922 оноос эхлэн Ардын Засгийн газрын шийдвэрээр Улсын баяр ёслолыг жил бүрийн 7 дугаар сарын 11-нд тэмдэглэх болсон байна. 1912-1922 он хүртэл Тусгаар тогтнолын их баяраа жил бүрийн 12 дугаар сарын 29-нд тэмдэглэж ирсэн монголчууд 1922 оноос эхлэн 7 дугаар сарын 11-нд баяр наадам тэмдэглэх болсон нь түүхийн нэгэн гажуудал юм даа. Өчигдөр түүхч эрдэмтэдтэй уулзсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав энэхүү түүхэн гажуудлыг хүлээн зөвшөөрч хачирхан гайхаж явдагаа илэрхийлснийг Та бүхэн “Цагийн хүрд”-ээр үзсэн бизээ.

1911 оны 12 дугаар сарын энэ өдөр Богд хаан анхны зарлигаа гаргаж Монгол түмэндээ сонордуулжээ. Уг зарлигт:
“...Би Өргөмжлөлийг хүлээж Монгол Улсын Хаан ширээнд суусан нь Бурхны шашныг буман нарны гэрэл мэт хиргүй мандуулан, Хаан төрийг Сүмбэр уул мэт бат болгож, олон мянган ардыг энх түвшний соёлд оруулахыг үргэлжид шамдан хичээхийн дээр хан, ван ноёдыг дараалан түмэн албат хүртэл төв шударга хичээнгүй үнэнийг сүсэглэн эрхэмлэж бүгд нэгэн сэтгэлээр шашин төрд сайнаар зүтгэхийг ухуулж хишиг тараана” хэмээжээ.

Туурга тусгаар улсыг байгуулахад хүчин зүтгэсэн олон хүнийг Богд хаан хөхүүлэн шагнасны дотор Да лам Цэрэнчимэдэд чин вангийн пүнлүү, чин ван Ханддоржид үе улиран захирах ханы зэрэг ба чин вангийн давхар пүнлүү, ногоон жууз, засаг бэйс Гомбосүрэн, улсын түшээ гүн Чагдаржав, засаг тэргүүн зэрэг тайж гүн Намсрай нарт тус бүр жүн вангийн хэргэм, түшмэл Хайсанд Түшээ гүнгийн хэргэм шагнажээ. Түүнчлэн 70-80 настан бүрийг гурван лан, 80-90 настан бүрийг зургаан лан, 90-100 настан бүрийг есөн лангаар хишиг тарааж урамшуулжээ. Зөвхөн Сэцэн хан аймгаас эр эм нийлсэн 5117 хүн шагнагдсаны дотор гурван ихэр хүүхэд төрүүлсэн хүүхэн Ханд, 103 настай чавганц Буян нар зарлигт хамрагдаж байжээ.

Харин өнөөдрийн Монгол Улсын төр Тусгаар тогтнолын баяраа хэрхэн тэмдэглэж, түмэн олон ардынхаа төлөө юу хийх бол?

Monday, December 21, 2009

“Тэртээ ойгоос гацуурханыг гэртээ бид нар авчирлаа”


Нэлээд хэд хоногийн өмнө:

-Өвгөөн нэг яриа байна аа.
-За
-Охин маань таван нас хүрсэн юм чинь шинэ ёолк авбал ямар вэ?
-Чи л мэддэг шүү дээ.
-Тэгвэл би гадуур явж байхдаа ёолк харж явах уу?
-Тэгээ тэг.

Хоёр хоногийн дараа:

-Байна уу?
-За, чи хаана явж байна.
-Ёобо, би охиндоо ёолк авчихлаа. Миний өвгөн зурагтын доодох шүүгээгээ холдуулаад, тоосыг нь авчихаарай. Би удахгүй очно оо.
-За, тэгээд хэдээр ямархуу ёолк авав даа.
-Дэмий юм сонсож даралтаа ихэсгээд яахав ээ, хө. Гоё ёолк авсан. /утас тасрав-дид дид дид/

Өчигдөр:

-Наадах чинь далий байна шүү дээ. Оройг нь жаахан баруун тийшээ болгомоор байх юм.
-За одоохоон.
-Ээж ээ, би бас таньд тусалмаар байна ш дээ.
-Миний охин, аав шигээ ингээд томоотой сууж бай. Ээж нь өөрөө засчихна.
-Хүүе, ингэхэд энэ чинь хэний ёолк юм бэ? Миний охин ядахдаа ганц хоёр тоглоом өлгөг л дээ.
-Харин тийм, ээж өөрөө л бүх тоглоомоо тавиад байх юм.
-Энэ хүүхэд чинь тоглоомоо газар унагаад хагалчихвал яах юм бэ? Түмэн шилний хагархайг түүж барахгүй шүү дээ. Тэгээд гар хөлд нь орвол яах юм бэ? Аан.
-Сонин юмаа. За за, миний охин аавтайгаа томоотой сууж бай. Ээж нь ганцаараа л ёолкоо чимнэ биз. Уг нь энэ чинь миний охины ёолк биз дээ, тээ?
-Тийм. Ааваа би ёолкоо гоёмоор байна шүү дээ.
-За яах вэ, миний охин том болохоороо өөрөө ёолкоо засч чимэглээрэй. Тэр болтол ээж нь л засч өгч байя.
-Өө, за за. Миний охин дор хаяж 16 нас хүртлээ ёолкоо засч чадахгүй юм байна л даа.
-Аав гуай, битгий хүүхэд шордоод байгаарай.
-Аавын зөв. Би аавынхаа талд байна.

За нэг иймэрхүү явдлын дараа манай гэрт сүндэрлэн боссон сүлд модыг та бүхэн харж байна. Хэдийгээр зарим үед “улс төрийн байдал нэн хурцдаж, талууд өөрсдийн байр сууриа тууштай хамгаалж” байсан боловч эцсийн эцэст “эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурснаар” асуудал нааштай шийдэгдэн сүлд мод маань зохих байраа олон сүндэрлэж байгаа нь энэ ээ.

Хуучин сүлд модоо “нийгмийн эмзэг давхарга” болох дүүдээ шилжүүлэн өгөх тухай гэрийн эзэгтэйн гаргасан санал 100 хувь дэмжигдлээ. Харин сүлд мод чимэглэх ажилд дараа жилээс охиноо оролцуулж байх тухай өрхийн тэргүүний гаргасан санал олонхийн дэмжлэг хүлээв.

Жижигхэн гацуурхан
Өвөл хүйтэн байдаг даа
Тэртээ ойгоос гацуурханыг
Гэртээ бид нар авчирлаа…

Saturday, December 19, 2009

Strauss - Radetzky March - Karajan

"Бусдад мэдрүүлэхийн тулд өөрөө маш хүчтэй мэдрэх хэрэгтэй"
Никколо Паганини

Saturday, December 12, 2009

Харимаар байна аа...

Нэг жилийн урд,
блог ертөнцөд дөнгөж мөлхөж эхэлж байхад минь нэг хүн тохойнооос минь дэмжин, суганаас минь тулж хөлд оруулж билээ. Гэвч тэр хүнийхээ зүсийг нь танихгүй, нэрийг нь мэдэхгүй нэг жил боллоо. Гэхдээ сэтгэлийн дэмийг нь би алхам тутамдаа мэдэрдэг билээ. Багшийн хийсэн клипийг саяхан нетээр үзээд тэсэлгүй блогтоо залллаа. Та бүхний таалалд нийцэх болтугай:



<

Thursday, December 10, 2009

Хөх туг мэндэлсэн түүх (Aрдчилсан хувьсгалын 20 жилийн ойд)


Хорьдугаар зуунд Монголд гарсан гурван хувьсгал өөр өөрийн туг далбаатай байжээ. 1911оны Үндэсний хувьсгал шаргал дэвсгэртэй улаан хүрээтэй тугтай, 1921 оны Ардын Хувьсгал улаан тугтай, 1990 оны Ардчилсан хувьсгал хөх тугтай.

Монгол оронд Ардчилсан хувьсгал өрнөсний 20 жилийн ойд зориулж 90 оны Ардчилсан хувьсгалын бэлэгдэл болсон Хөх тугны загварыг бүтээгч, өдгөө Их Британи улсад ажиллаж амьдарч буй, зураач Тодын Отгонбаяр гуайн 1996 онд “Хөх Толбо” сонинд өгсөн сонирхолтой ярилцлага болон тугийг бүтээхэд хандив өгч байсан иргэдийн нэрсийг толилуулж байна.
(Зураг дээр Т.Отгобаяр МоАХ-ны анхдугаар их хурлын өмнөх орой (1990 оны 2 сарын 17-нд) хурлын төлөөлөгчидөд тугны зохиомж утгыг тайлбарлаж буй нь)













Жагсагчид тугийг барин яваа нь








Тугийг бүтээхэд зориулан хөрөнгө Хандивлагчид:













Зураг мэдээллээр хангасан зураач Тодын Отгонбаяр, 1911, 1921 оны хувьсгалын тугны зургуудыг ирүүлсэн түүхийн ухааны Др О.Батсайхан нартаа гүнээ талархая!
Бэлтгэсэн Д.Цэрэнбат

Эх сурвалж: http://tserenbat.blogspot.com/2009/12/20.html#more

Жич: Энэ сонирхолтой түүхэн бичлэгийг авч ашиглах бололцоо олгосон Цэрэнбат анд болон эрхэм журмын дотно хүн, зураач Тодын Отгонбаяр ахдаа Ардчиллын баярын мэнд хүргэе!

Wednesday, December 9, 2009

Гэгээн хайрын мессеж


Надад хоёр гар утас байдаг. Нэг нь минийх, нөгөө нь диваажинд заларсан хадам ээжийн маань гар утас. Хоёр жилийн өмнө хадам аав, ээж хоёрынхоо хуримын ойд зориулан хөгшидөд гар утас хослуулан авч өгсөн юм. Мессеж хэрхэн бичихийг зааж өгсөн тул хоёр хөгшин маань хэдэн өдөр бие биендээ мессеж бичээд их л ажилтай байлаа.

Харамсалтай нь, өнгөрсөн гуравдугаар сард хадам ээж маань хорт хавдараар өвчилж, гэнэтхэн хорвоог орхин одсон тул ээжийн гар утсыг би хадгалан үлдсэн юм. Гэтэл нэг сарын өмнө аавыг гадагш гарсан үед ээжийн утсанд мессеж ирлээ. “Ханиа, би шөнийн ээлжинд ажиллах тул хүүхдүүдтэйгээ хоолоо идээд сайхан амраарай” гэжээ.

Тэр мөчид би маш их гайхлаа. Ээжийг нас барсанаас болоод аав маань сэтгэлийн цочролд орсон юм болов уу, эсвэл зөнөж байгаа юм болов уу хэмээн санаа зовж эхлэв. Тэр орой ээжийн утсанд дахин мессеж ирлээ. “Ханиа, гадаа их хүйтэн байна. Дулаахан хөнжил нөмөрч унтаарай” гэжээ. Нөхөртэйгөө хамт тэр мессежийг уншаад бид мэгшин уйллаа. Тэгээд “хэсэг хугацаанд ажиглаж байя” хэмээн ярилцан тохирлоо.

Дараа бас нэг мессеж ирлээ. “Ханиа, бороо орж байна. Хэдэн цагт ирэх вэ. Шүхэр аваад тосож очьё. Үгүй ээ. Би солиорч байх шиг байна. Санаж байна шүү...”

Энэ мессежнээс хойш хэсэг хугацаанд чимээгүй байж байгаад дахин мессеж ирлээ. “Миний охион, өнөөдөр цалин бууна. Захих юм байна уу, аваад очьё” гэжээ. Би хариуд нь “Аав аа, хоёр ширхэг загас аваад ирээрэй” гэж бичив.

Тэр орой аавын авчирсан загасаар сайхан шөл хийгээд гэр бүлээрээ хамтдаа хооллов. Хоолны дараа нэг хундага архи уучихаад аав маань “Одоо хирнээ, хаалга онгойгоод ээж чинь ороод ирэх юм шиг л санагдаад байх юм аа. Урьдынх шигээ мессеж явуулсан чинь хариу ирэхгүй байна лээ. Одоо л түүнийгээ нас барсан гэдэгт итгэж байна. Та нар намайг гайхан ажиглаад байгаа хирнээ юу ч хэлж чадахгүй байгааг чинь мэднээ, уучлаарай” гэж билээ.

Тэр цагаас хойш аав маань ээжийн утас руу ахиж мессеж бичсэнгүй. Харин би одоо аавд мессеж бичдэг. “Аав аа, юм угаах гэсэн юм. Та дотуур хувцасаа хаана далд хийчихсэн юм бэ?”

(Орчуулга)

Жич: Бид өндөр настай аав, ээжийгээ хэрхэн ганцаардаж байгааг тэр болгон анзаарч мэдэхгүй, өдөр тутмын ажилдаа дарагдан тэднийгээ мартчихдаг гэмтэй. Тэдэнд маань ӨНӨӨДӨР хайр халамж, анхаарал, урмын үг, энэрэл хайрын мессеж хэрэгтэй байна. Таныг энэ хорвоод төрүүлж өсгөн хүн болгосон эмгэн буурал ижий, азай буурал аав руугаа ЯГ ОДОО УТАСДАН мэнд амарыг нь асууж, тэдэндээ ХАЙРТАЙ гэдгээ хэлээрэй!

Эх сурвалж: http://blog.daum.net/mongollove

Friday, December 4, 2009

С.Есенин Монголоор “дуулж байна”


Энэ зуны наадмаар л юмдаг. 7 сарын 10-ны өдөр байсан байх аа. Ж.Нэргүй ах утасдаж байна. “Лагерь дээр байна. Сергей Есениний шүлгийн түүвэр орчуул гэж Баясгалан багш үүрэг өглөө. Нухаад сууж байна. Энд ном хэвлэл хамаг юмнаасаа хол болохоор гарын доор юм юм байхгүй хэцүүдэж байна аа. Есениний “Москва Кабацкая” гэдэг шүлгийн түүврийн тухай материал интернет дээр юу байгааг хараад өгөөч” гэнэ. Мань эрийн хувьд Есениний шүлгүүдийг орчуулаад “юун наадам, юун цагаан сар” л байгаа бололтой. Инээд ч хүрэх шиг.

Наадмын дараа, нэг ярьтал “Орчуулаад дуусчихсаан. Яг арван өдөр, арван шөнө яс суулаа. Янзтай болсоон” гэдэг юм байна. “Үгүй, тэгээд хэдэн хэвлэлийн хуудас шүлгийг арван өдөр, шөнийн дотор багтаагаад туучихдаг хүн бэ дээ, та” гэвэл “Найман хэвлэлийн хуудас л болох болов уу даа” гэдэг юм. Эгдүү ч хүрэх шиг.

Мань эрийн аагтай омголон занг би уг нь мэднэ л дээ. Ихэс дээдэс гэж хэн хүнээс айж ширвээтээд, налигнаад байхгүй, хэлэх гэсэн үгээ хэнд ч, хэзээ ч, хаана ч хэлэхээс сийхгүй, баргийн эрд хувиа тавихгүй, аархуу шазруун энэ найрагчийг “Юун ч том дуугардаг юм бэ дээ” гэж тэрхэн үедээ бодож явлаа. Гэтэл Оросын ард түмний сэтгэл зүрхний дууч болсон Сергей Есениний сонгомол 100 шүлгийг цөс ихтэй монгол найрагч аялгуу сайхан эх хэлээрээ буулгасныг үзээд аргагүй л биширлээ. Урьд нь Э.Оюун, Б.Явуухулан, М.Цэдэндорж, С.Баясгалан зэрэг манай нэртэй гүүш нар С.Есенинг “амлан авч” шүлэг найргаас нь монголчилж байсан ч ингэж нэгэн бүтэн түүвэр болгон гаргаж байгаагүй аж. Харин орчуулагч Ж.Нэргүй онгодын хүлгээ эмээллэж, Янжинлхамын ивээл доор яруу найргийн хур буулгалаа. Түүний буянаар С.Есенин өнөөдрөөс эхлэн монголоор “дуулж байна”.

Түүний орчуулсан “С.Есениний сонгомол шүлгүүд”-ийг хоёр өдөр уншлаа. Мань эр урьд насандаа Есенинтэй андлан уушийн газрын ширээ тохойлдож, бал бурмын амтат тансаг шүлгээр бие биесээ дайлж явсан байх аа. Хорвоод дөнгөж 30-хан насалсан хэдий ч эх болсон Орос орноо, тэнүүн уудам тал нутгаа, тосгоны захад хангинах хөөрөгт хөгжим, цагаахан хус модоо, цэнхэр нүдэн бүсгүйчүүдийн тухай дуулан дуулсаар “жаргасан” Орос найрагчийн сэтгэлийн эгшиглэнг одоо л би дөнгөж ойлгож эхэлж байх шиг ээ...

Энэ ном дөрвөн хэсэгтэй.
-Амин булаг буюу Балчир насны шүлгүүд
-Цэнхэрхэн үдэш буюу Идэр насны шүлгүүд
-Перс аялгуу буюу Төгс насны шүлгүүд
-Цасан хөндий буюу Насан эцсийн шүлгүүд хэмээсэн хэсэг тус бүрээс нь нэг шүлэг сонгож блогтоо орууллаа. Энэ бол зөвхөн миний сонголт. Үүнээс илүү олон сонгодог сайхан шүлгүүдийг та бүхэн номтой нь танилцаж уншаарай.

***

Дуучин өвөл гуугална
Дуулган ой хүүглэнэ
Нарсан төгөл шуугина

Бөөн уйтгарт умбана
Бөмбийх үүлс умбарна
Бөртийх алс руу шуударна

Явган шуурга товилзоно
Ямбуу даавуу шиг гүвэлзэнэ
Яасан ч хүйтэн юм бэ дээ

Сөрөвгөр хэдэн бор шувуу
Шоовдор хүүхэд шиг бөөвийлдөн
Цонхны шилэнд бүртэлзэнэ

Бээрсэн хэдэн бялзуухайн
Бор ходоод нь хоосорчээ
Бөөрөө нийлүүлэн шахцалдана

Цонхны хавтас дэрчигнэнэ
Цасан шуурга тэлчигнэнэ
Цочмог цочмог ширүүснэ

Хөөрхий хэдэн бялзуухай
Хүүглэх шуургыг мартаад
Хөлөө атийгаад зүүрмэглэнэ

Усгал наран мишээж
Урин хавар ирлээ гэж
Унтах нойрондоо зүүдэлнэ.

1910

***

Нохойн тухай дууль

Үүрийн гэгээ улбартан цайж
Сийрсэн дээвэр шаргалтан байхад
Хөөрхий гичий гөлөглөжээ.
Хөөрхөн, долоон шар гөлөг гаргажээ.

Долоохон гөлөгнийхөө нойтон үсийг
Долоон долоосоор үдэш болгожээ.
Халуухан хэвлийнх нь илчинд уяраад
Хайлсан цас урсаж байжээ.

Бээрүү тахиа пийшинд наалддаг
Бүрий барай нөмрөн буухад
Догшин царайлсан эзэн нь ирээд
Долоон гөлгийг шуудайлан үүрчээ.

Хөөрхий гичий түүний хойноос
Хунгар захлан даган гүйжээ...
Хөлдөж аниагүй цооногийн ус
Хэзээ хойно нь ч бургилсаар л байжээ...

Хөөрхий гичий гуйвлан хариад
Хөлөө долоон цагираглан хэвтэхэд
Дорноос мандсан өнчин саран
Долоон гөлөгнийх нь нэг шиг харагджээ.

Холдоо хөхрөх үдшийн тэнгэр лүү
Хоншоороо өргөөд гийнан улихад нь
Шинийн сарны хавирган мандал
Шилийн цаагуур шингээд орчихжээ.

“Хөөш гөлөөг май, май!” гээд
Хууран шидсэн чулуунд гомдох шиг
Хөөрхий жингэрийн халуухан нулимс
Хөр цас руу алтан од шиг унажээ.

1915

***

Сарнай цэцэг талын энгээр намуухан дохилзоно.
Саран мандаж, гүргэм ургадаг хязгаар ажээ.
Омар Хаямын нэгэн цагт зохиосон дууг
Амраг чи минь наддаан аялж өгөөч ээ.
Сарнай цэцэг талын энгээр намуухан дохилзоно.

Сарны туяанд Шираз нутаг аядуухан гэрэлтэнэ.
Сүрэг цох шиг оддын чуулган алсдаан эргэлдэнэ.
Охид хүүхнүүдээ перс харчуул гивлүүр дор нуух нь
Орчлон хорвоод зохисгүй юм аа, хонгор минь ээ.
Сарны туяанд Шираз нутаг аядуухан гэрэлтэнэ.

Зэсэн өнгөт, хүрэл биеэ далдлах нь юуных?
Эсэн бусын даавуугаар хулдаад хөшчихсөн юм уу?
Хүн бүхний хайрыг татах гээд аль эсвэл,
Халуун наранд нүүр нь борлохоос айдаг юм уу?
Зэсэн өнгөт хүрэл биеэ далдлах нь юуных?

Танхилхан чи минь ганцхан захиас цээжил.
Тас хар даавуугаар нүүрээн битгий далдла.
Амьдрал гэдэг даанч хэтрүү богинохон шүү дээ.
Амраглан жаргах нь дэндүү ахархан тавилан шүү дээ.
Танхилхан чи минь ганцхан захиас цээжил.

Үйлийн үрээр үзэмжгүй төрсөн хэн ч
Өөрийн гэсэн буян хишгээ дэлгэдэг ээ.
Охь болон туяарах гоо төгс хацраа
Орчлонгоос нуух нь нүгэл гэдэг юм шүү.
Орчлон өөрөө төрсөн эх нь юм шүү.

Сарнай цэцэг талын энгээр намуухан дохилзоно.
Сандчаа зүрх минь өөрийн сайхан нутгаа зүүдэлнэ.
Омар Хаямын зохиож чадаагүй нэгэн дууг
Амраг чамдаа би чинь өөрөө аялаж өгье өө.
Сарнай цэцэг талын энгээр намуухан дохилзоно.

1924

***

Үнсээч намайг аа, үнсээч хайрт минь!
Өвдтөл минь, цус шүүртэл минь шимэн үнсээч!
Цэвдэг хүйтэн чин зориг
Цусны халуун боргионд байхгүй ээ.

Халамцан хөгжилдөх олны ширээн дээр
Хажуулдан унасан аяга чи биднийх биш ээ.
Хорвоо дээр ганцхан удаа амьд явдгийг
Хонгор чи минь марталгүй санаж яв аа!

Ухаан ороод эргэн тойрноо нэг харчих.
Униар буданг нэвт шувт дахин харчих.
Саран цагаан авгай шиг шар хэрээ
Чанх дээгүүр минь эргэлдээд л байна уу даа.

Үнсээч намайг аа, үнсээч хайрт минь!
Эрлэгийн элч дуугий минь дуулчихсаан.
Тэнгэрт байдаг тэр бурхан аль хэдийн
Төгсгөлийг минь зөгнөөд л байгаа юм уу даа.

Гандах л тавилантай эрч хүч юм чинь
Гарцаагүй л үхэхээс хойш айхын хэрэг юун.
Халуун зүрх минь зогсох цагийг хүртэл
Хонгор чинийхээ л уруулыг озмоор байна аа.

Хэн нэгнээс зовох ч үгүй, нуух ч үгүй
Хөх үдшээр халамцуухан зүүрмэглэж,
Моносны мөчрийн ялдамхан сэржигнээг даран
“Мойлхон минь, би чинийх шүү!”гэхийг сонсмоор байна аа.

Сархад мэлтэлзэх аяганы цагаан хөөсний
Сагасан туяа дандаа гэрэлтэж байг ээ.
Дуулаад бай, уугаад бай хонгорхон янаг минь
Дуулим хорвоод ганц л удаа амьд явна шүү дээ.

1925

Жич: Өөрийнхөө тухай нэгэнтээ “Хөдөө тосгоны сүүлчийн найрагч” хэмээн бичиж байсан С.Есенин 1925 оны арван хоёрдугаар сарын 25-ны шөнө амиа хорлосон гэдэг. Гэтэл өөр нэг хувилбараар бол тухайн үеийн КГБ-ын бууны ноход зориуд амийг нь хороосон гэх. Миний санаж байгаагаар өнгөрсөн жилийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн оролцогчдод С.Есениний нүүрний хэвийг үзүүлсэн. Уг нэвтрүүлэгт оролцсон Оросын зөн билигтнүүд С.Есенинийг өөрийн үхлээр үхээгүй, бусдын гарт амиа алдсан гэж хэлж байж билээ. 1925 оны намар бичсэн шүлгүүдийг нь уншиж байхад үхлийн хар хүчин, сүг сүүдэрийн хараал жатга хаа нэгтээгээс нь сүүмэлзээд байх шиг санагдсан шүү. Магадгүй, тийм ч учраас Орос найрагч маань “насан хутгийн тухай шуурган дунд хашгичин дуулсан” ч юм бил үү, хэн мэдлээ...

Wednesday, December 2, 2009

Сергей Есенинийг Монголд “урин заллаа”


Үдээс өмнө гадуур явж байтал Ж.Нэргүй ах хэд хэд утасджээ. Гар утсаа хүрэмнийхээ хармаанд хийгээд сонссонгүй л дээ. Гэртээ орж ирээд залгалаа.

-Хөөш, чи хаагуур юу хийгээд яваад байна аа.
-Охинтойгоо ёолкны мод хайж тэнэж яваад ирлээ.
-Одоо хаа байна?
-Гэртээ ирчихээд тань руу залгаж байна.
-Чи одоохон хүрээд ирээ. Есенин гарсан. Чамтай уулзаж ярих юм байна.
–За гээд 30 минутын дараа хэлсэн газар нь давхиад очлоо. Мань эр ажил ихтэй, амьсгаа өндөртэй тэвдүүхэн байгаа бололтой. “Есенин өнөөдөр гарсан. Хэвлэлтээс аваад явж байна. Тав дахь өдөр 16 цагаас номын нээлт хийнэ. Интерном дээр. За, чи бид хоёр урилга мурилга гээд яахав дээ. Шууд яваад очоорой. Би одоо явж Ш.Сүрэнжав гуайтай уулзахгүй бол болохгүй нь. Мань эр хөтлөх юм. Нарийн ширийн юмаа ярьж авахгүй бол цаг алга. Май, шинэ номын дээж шүү. Уншиж үзээд санаа оноогоо хэлээрэй. Баяртай” гээд Сергей Есениний сонгомол шүлгийн түүвэрт гарын үсэг зурж атгуулчихаад яваад өгдөг байгаа.

Гэртээ ирээд гараа угааж байгаад уг номын энд тэндээс ойлдож цойлдож харлаа. Мань эр Оросын нэрт яруу найрагч Сергей Есениний шүлгийг орчуулах гэж 40 жил “өвчилж” явсан гэнэ.
...Түүний зохиол бүтээлийг 1970-аад оны эхээр л цөөн хувиар хэвлэх болсныг нь, тэгсэн атлаа зөвхөн бүхэл бүтэн 10 килограмм хаягдал цаас тушаасан хүнд л аль нэг түүврийг нь худалдан авах эрхийн бичиг олгодог байсан үеийг туулаад өнгөрсөн, зуны амралт эхлүүт хамаг дэвтэр номоо өрөөндөө хаяад явчихдаг байсан орос, гадаадын хэнэггүй оюутнуудын “ачаар” хэд хэдэн тийм тасалбартай болж, Минскийн номын төв дэлгүүрийг дахин дахин эргэж байж олж авсан Есениний түүврүүдээ үнсэх нь холгүй тэврээд гүйж явсан, басхүү орос оюутнуудтай мөрий тавиад шүлгийг нь цээжээрээ уншилцаж явсан тухайгаа тэрээр дурсан бичжээ. Мөн түүний найз Ц.Жамбалгарав, С.Есенинийн хуучирсан жижгэвтэр хөрөг мань эрийн ширээн дээр залаастай мөн ч олон жил болсон тухай дурссан байх юм.

Уг номыг ариутган шүүсэн нэрт нийтлэлч, орчуулагч Содовын Баясгалан багш “...Мэргэн дүү Нэргүй маань орос нутгийн нам дор газрын удамт тариачны ухаан, сэтгэлээр хөглөгдсөн Есенин хэмээх нэгэн бээрийн утга яруу эгшгийг агь тааны үнэр сэнхийсэн монгол яруу найрагтай золгуулах тун ч буянтай үйлийг бүтээжээ”, “...Урьд өмнө нь Ш.Цэндгомбо, М.Цэдэндорж, бас миний ч бие зах зухаас нь бөмбөчүүлж, Монголдоо түүнийг урин залах гэж оролдож байсан удаатай. Гэхдээ Нэргүй дүү шиг зориглон барьж аваад бүхэл бүтэн, яруу тансаг ном болгон гаргаж байсан удаа ер үгүй. Орчин үеийн залуус, оюутан шавь нарт маань ямар их хэрэг болохыг хэлэвч баршгүй” гэж “яаран мэгдэн” дуулгасан бол,

номын бас нэг редактор, монголч эрдэмтэн Юрий Кручкин “...Алтан шаргал үстэй, цэлмэг тэнгэр шиг цэнхэр нүдтэй, сэргэлэн дүртэй, хурцхан “хулигаан” зантай Есенинийг монголчууд Э.Оюун, Б.Явуухулан, М.Цэдэндорж, С.Баясгалан нарын орчуулгаар мэднэ. Гэвч таны өмнө дэлгээтэй байгаа энэ түүвэр шиг хамгийн том нь анх удаагийнх байна. Александр Пушкины хэлсэнчлэн, “Яруу найргийн зохиолыг орчуулдаг хүн яруу найрагчтай нь өрсөлдөх болно”! Одоо бол Есениний өвөрмөц шүлэг, хүн бүхний, ялангуяа залуухан охидын дурыг булаасан дөлгөөн уянгалаг, илбэт яруухан үг хэлний тэнгэрлэг өрсөлдөөний оролцогчоор миний дотны найз Нэргүй орчуулагч шалгарсан болно” гэж дуу алджээ.

За, оршил дууслаа. Одоо явж охиндоо хоол хийж өгье. Орой “дайсны цэргүүдийг” унтуулж байгаад тухтайхан шиг уншина аа. Тэгээд өөрийн сэтгэгдэлээ бичимз. Сергей Есениний сонгомол шүлгүүдийг Жигжидсүрэнгийн Нэргүй хэрхэн монголчилсон тухай өөрийн мэдэхийг болон таалагдсан шүлгээ сонгож Та бүхнийг дайлахаа амлаж байна.

Tuesday, December 1, 2009

Хайран Охин


Хар цагаанаар ялгаран наадсан алаг нvд
Харах зєєлхєн урьхан харцыг тохируулжээ

Хайран охинд халдварт євчин хvйтэн тусаад
Харах нvдний харцыг сvйтгэжээ

Харанхуйн дотор сэтгэл нь бухимдаж
Хасын царай нь єдєр тутам доройтжээ

Ертєнцийн сайхныг таалах гэж горьдовч
Ийм зовлондоо уйлан гаслан гунихарна

Орчмын гоёмсгийг vзье гэж бодовч
Осол цалгараа санан санан гутна

Айл аймаг ах дvv нараар айлчилъя гэвч
Арга барагдан, таяг барьж, хашаа хатгана

Адгийн муу нохойд ааглуулж айвч
Аюулхай зvрх дэлдэж зовлонд тєєрнє

1935 он