Saturday, January 30, 2010

“Зүсийг чинь шатааж, зүрхийг чинь иднэ”



Сүүлийн үед бараг уулзсан хүн бүрийн ярианаас нэгэн зүйлийг анзаарах боллоо. Энэ нь зөвхөн миний таньж мэдэх хүмүүсийн хүрээнд гэхэд бөө, удган, зайран шинээр мэндлэх болсон сонин үзэгдэл юм. Таньдаг мэддэг хүмүүстэйгээ үг сольж үзвэл бас л миний ажигласан зүйлийг анзаарчээ. Ах дүү амраг саднаас нь бөө, удган болоогүй, эсвэл түшээ /бөөгийн хэлмэрч/ болоогүй айл өрх үлдсэн юм уу гэж эргэлзмээр... Нэн ялангуяа энэ нь Хөвсгөл аймгаас гаралтай иргэдийн дунд бүр их хүчээ авсан байх ажээ.

Баримт 1. Удган Н.Насан:
-Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын харьяат. Одоо нас 47-той. 12-25 насны дөрвөн хүүхдийн эх. ТМС төгссөн тусгай дунд боловсролтой. Урьд өмнө нь цэргийн ангид диспетчер зэрэг хар бор ажил хийж явсан нэгэн. 2000 оноос амьдрал ахуй нь өөдлөхгүй өвчин зовлон ээрээд байхаар нь мэддэг чаддаг, мэргэн түргэн гэх баахан улсаар явжээ. Төдий л засралыг олохгүй байтал Хөвсгөлийн Мөнхөө удган үзээд “Язгуураас чинь ивээсэн олон үеийн догшид онгодоо нэхээд байна. Уриа дуудлагыг нь үргэлжлүүлэн сэргээж удган болвол амьдрал чинь дээшлэнэ” гэж айлджээ. Тэр цагаас хойш аав ээж, ах дүүгээсээ асууж сурсаар удам хөөвөл дөрөв дэх үеийн удган гэдгээ гэнэт мэдсэн гэх. Иймд гэр бүлээрээ хэлэлцэн ярилцаад удган болохоор шийдэж бүх зан үйлийг нь гүйцэтгэн 2002 оноос бөөлөх болсон аж. Гурван жил явган, хувцасаа өмсөөд гурван жил бөөлсний эцэст өнгөрсөн жилээс жинхэлсэн тэрээр онгод нь ирсэн үед юу ярьж, ямар үйл хийснээ мэддэггүй гэнэ. Түүний бөөлөхийг харсан хүмүүсийн яриагаар бол онгод нь сархдад нэн дуртай настай эмэгтэй хүн байдаг бөгөөд “буурай ээж нь” гэх үг байнга гардаг гэнэ. Сүүлийн үед түүн дээр зорин ирэх хүмүүсийн тоо нэмэгдсэн агаад ханийн, үрийн заяа гуйх, эр нөхрөө архинаас гаргаж өгөхийг хүссэн эмэгтэйчүүдийн хөл тасрахаа байсан ажээ...

Бөөгийн шашин нь шинэ чулуун зэвсгийн үеэс эхлэлтэй ба МЭӨ 209 онд Модун шаньюй Хүннү улсыг мандуулсан үед бөөгийн мөргөл нийгэмд тодорхой байр суурь эзлэх болсон төдийгүй Хүннү гүрний төрийн үзэл суртал нь бөө мөргөл байв. Бөө мөргөлийн хөгжлийн дараагийн үе шат нь МЭ II зууныг хүртэл үргэлжилж, эзэн тэнгэр, гурван ертөнц, сүнс сүлдний тухай ойлголтууд болон зан үйлийн тал нь сонгодог хэлбэрээ олжээ.

XIII зууны үеийн Монголчууд тэнгэр-эцэг, газар-эхэд бишрэн шүтэж, “Мөнх тэнгэрийн хүчээр оршин амьдарч, энэ тэнгэрийн доор оршигч газар орон иргэдийг эзлэн захирч байна” гэж ухаарч байсан тул төрийн бодлого үйл ажиллагаанд нь бөөгийн мөргөл томоохон үүрэг гүйцэтгэж байжээ. Энэ тухай “Монголын нууц товчоо” зохиолд дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг билээ. XY-XYII зууны үед бурханы шашинд байр сууриа алдаж, XX зууны эхэн болоход хэсэг бусаг, орон нутгийн шинжтэй шүтлэгийн үлдэгдэл болон хувирсан байна. 1930 онд явуулсан шашны тооллогоор 100 гаруй мянган лам байсан бол дөнгөж 200 бөө, удган бүртгэгдэж байсан тухай мэдээ бий.


Баримт 2. ДУДС-ийн уран дархны ангийн багш, дархан Д.Энхдаваагийн яриа:
-Би бас гайхаад л суугаа юм. Сүүлийн хэдэн жил бөөгийн толь хийж өгөөч гэсэн захиалга их ирэх болсон. Элдэв хараал зүхэл, онгодын халдлагаас бөөг хамгаалах хэрэгсэл нь толь болон явдаг гэсэн эртний шүтлэгтэй юм байна л даа. Зайран, удган нар толийг бас мэргэ төлгөнд ашигладаг гэнэ билээ. Хүрэл, гуулиар л голчлон хийлгэдэг юм. Хийх арга нь бас их учир жанцантай эд билээ. Онгод сахиуснаасаа шалтгаалаад элдэв амьтны дүрс сийлүүлдэг юм. Орж ирж байгаа захиалгаас харахад Улаанбаатарын гудамж болгон нэг бөөтэй болсон юм биш үү? Тэр ч байтугай сүүлийн үед урлаг соёлын одууд, манай зураач урчуудаас хүртэл ийм захиалга ирээд байх болсон. Харин нэг нэгнээсээ түүнийгээ их нууцалдаг нь сонин шүү гэж гайхан сууна.

1930-аад оноос хойш Монгол нутагт бөөлөхийг бүрэн хориглож ард түмнийг мухар сүсгийн замд уруу татлаа хэмээн чанд хатуу харгалзах болсноос нуугдмал байдалд шилжсэн бөгөөд харин 1990 оны ардчилсан хувьсгалаар дахин сэргэжээ. Анхандаа удам дамжсан онгоноо нууцаар тахин шүтэж ирсэн цөөн тоотой хэдхэн хүний үр хүүхэд л онгод тэнгэрээ шүтэж уул ус, лус савдагаа тахиж байв. Харин зах зээлд шилжих тусам бөө мөргөл унаган төрхөө гээж, мөнгө олох хэрэгсэл болж хувирсан нь нууц биш. Сүүлдээ бүүр удам дамжаагүй байсан ч мөнгөтэй л бол хэнийг ч хамаагүй бөө болгон “тодруулдаг” хачин үзэгдэл газар авах хандлагатай. Саяхан л дунд сургуулийн багш, төрөх газрын сувилагч, ардын армийн офицер, автын инженер байсан хүмүүс нэг нартай өдөр бөө, зайран удганаар “тодрон”,
Ар бие минь даарч явна
Өвөр бие минь өлсөж явна
Зам хотлоор чинь хүлээе
Зүрхний халуун цусыг чинь соръё!
Сээрийг чинь сэглэе
Сэмжийг чинь дэлгэе
Бөөрийг чинь бөгтөрье
Бөлдгийг чинь сугалъя!
гэж амнаасаа цагаан хөөс сахруулан цамнаж байхыг үзээд та хэрхэхсэн бол?

Баримт 3. “Мөнх амь” цуглааны пастор Ч.Баярмаагийн яриа:
-Увсын хотон, Хөвсгөлийн дархад, Дорнодын барга гээд Монгол нутгийн зах хязгаар нутагт амьдран байгаа хүмүүс дээр очиж Ертөнцийн Эзний тухай сайн мэдээг түгээн, авралын зар тарааж явахад “бөө мөргөл хүчээ авлаа” гэсэн яриа олонтаа сонссон. Тэгээд бас хүмүүсийн ярианаас ажиж байхад голцуу “Танай гэр бүлээс нэг хүнд гай зовлон учрах гээд байна. Тэдэн төгрөг өгвөл бөө, зайран болгож өгье, авралдаа багтаая” гэж хэлдэг гэнэ. Тийм хар муу ёрын үг сонссон хүмүүс чинь сэтгэл санааны шоконд ордог юм байна л даа. Тэгээд ам бүлийнхээ нэг гишүүнийг гайтуулахгүй гэсэндээ байдагаа барьж гүйнэ биз дээ? Эхлээд яг дээрх шиг санал тавьж байсан бөө сүүлдээ мөнгөнийхөө тоог нэмж, өгөхгүй бол голомтоор чинь сүйрүүлнэ, “зүсийг чинь шатааж, зүрхийг чинь иднэ” гэж дарамтлах болсон тухай манай цуглаанд шинээр ирсэн хүн ярьж байсан. Хэдийгээр би Xристийг шүтдэг ч гэсэн гол төлөв хэн нэгний захиалгаар хараал жатга хийх асман бөө нар арав таван цаас олохын төлөө амьтны толгой эргүүлдэг болоо юу даа гэж харамсдаг юм.

Интернет хурдацтай хөгжиж, нано технологи хүчээ авч байгаа даяарчлагдсан нийгэмд өвөг дээдсийн минь шүтэж ирсэн эртний түүхт шашин сэргэн мандаж байгаа нь сайшаалтай ч аливаа зүйл хэрээсээ хэтэрвэл хор болдог билээ. Хөх Монголын нутагт “хулхи” бөө олширсноор онгон тэнгэрийн нэр хүндийг унагаж байна. Хатуухан хэлбэл бөөгийн шашныг “өмчилсөн” цөөн тоотой хүмүүсийн цэвэр бизнес явж байна. Хүмүүсийн сэтгэхүйгээр тоглон, өвчин зовлон дээр нь дөрөөлж баяжих гэсэн хүйтэн цэвдэг сэтгэлтэй зарим нэг башир аргатнууд XXI зууны Монголын өрх бүрт бөө, удган, зайран төрүүлэхээр санаархаж байна. Уг нь нэн эрт цагаас угшилтай бөөгийн шашин анх үүсэхдээ ард түмнийхээ амьдралыг мөнх тэнгэртээ даатган,
Алгын чинээ оронд нь
Айх аюулгүй болгож хайрла
Адуу малд нь гарах гарзгүй болгож хайрла
Хүний есөн хүслийг гүйцээж хайрла
Бий бүх цагаан тэнгэр
Хан аав хатан ээжүүд өршөөж хайрла
Хүний үйлс явдлыг цөм бүтээж хайрла!
гэж залбирч байсан сайхан уламжлал түүхтэй билээ л...

Хөх Монголын нутагт хэтийдсэн хулхи бөө нарыг хэрхэхээ
МӨНХ ТЭНГЭР мэдтүгэй!

6 comments:

бж said...

За ёстой эмзэг асуудлыг хөндсөн чухал бичлэг байна даа. Миний амьдралд муу муухай ул мөр үлдээсэн удган гэгддэг хэд гурван эмэгтэйчүүд бийг энэ бичлэгийг уншаад гэнэт санадаг байна шүү. Гэхдээ би тэднийг шүтдэггүй л дээ, ээжийн минь итгэмтгий сэтгэл дээр тоглож, багагүй мөнгө төгрөг салгаж, үр хүүхэд бидэнтэй хүртэл эвдрэлцүүлсэн муухай хүмүүс байдаг болохоор аль болохоор бодохгүй, мартахыг хичээдэг юм.
Хүмүүс яагаад итгээд байдгийг ердөө ойлгодоггүй юм...

bluefire said...

Эрдэм Мэдлэг мухар сүсгээс хүчтэй болох цаг ирнээ.

Ирж Яваа Цаг

Oogiinoo said...

Sonirxon unshlaa

Namjilsuren Nyamsuren said...

би бас нээх шүтлэгтэй хүн биш л л дээ.
энэ зун хөвсгөлд бүр ринченлхүмбэ суманд амьдардаг нэг бөө дээр очсон.
тэгсэн чинь жинхэнэ хүүрхэн өгүүлдиймдаа.
Сонин л юм билээ.
3 дотны найзуудтайгаа явсын за та нарт нэг нэгнээсээ нууж хаах юм байхгүй биддээ гээл шууд бүгдийг хэлэх юм билээ.
Нөгөө бөөтэй баахан архи уулаа согтохгүй байга лээ шүү.
Ер би үнэн чадалтай мэддэг чаддаг хүн байдаг гэдэгт итгэх болсондоо

Б.Баясгалан said...

harin ee, bur neg ulger domogt gardag shig l uil yavdluud amidralaar neg bolj dee...

peakfinder said...

Ogt ugui gej uguisgeh haishaa harin orchin uyed huuramch boo olon bolchihson yum uu gej sanagddag. Ene bas manaihnii muhar susegtei holbootoi baih l daa. Yur n' chadaltai meddeg hun baisan ch gesen bi ochihgui l gej boddog. Ooriinhoo bodsonoor haramsahgui amidarval zorilgo biyellee l gesen ug.